| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0102/Э |
| Дугаар | 110 |
| Огноо | 2019-04-26 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 110
2019 04 26 2019/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат
Хохирогч Х.Нэргүй, иргэний нэхэмжлэгч Б.Энхтуяа нарын өмгөөлөгч Д.Урансувд
Хохирогч Ж.Лхамын хууль ёсны төлөөлөгч Б.Насантогтох
Хохирогч Х.Нэргүй
Иргэний нэхэмжлэгч Б.Энхтуяа, Ц.Мягмар, Б.Жаргал
Шүүгдэгч Б.Урандай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт Базаржавын Урандайд холбогдох эрүүгийн 1821002800364 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1953 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 66 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт амьдрах, тус аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багт оршин суух, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнагдсан, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ЖЛ53081317 регистрийн дугаартай, Бодонгууд овогт Базаржавын Урандай.
Шүүгдэгч Б.Урандай нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Долдой Толгой” гэх газар “Пробокс” маркийн 73-55 ДОА улсын дугаартай авто машиныг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас Х.Нэргүйн жолоодож явсан “Портер” маркийн 54-78 ДОА улсын дугаартай авто машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Х.Нэргүй, О.Чулуунбаатар, Ж.Лхам нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Энхтуяа, Ц.Мягмар нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Урандай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй. Би 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймгаас Цагаан Овоо руу машиндаа хүмүүс суулгаад замынхаа зүүн гар талын зам дагуу явж байсан. Нэг мэдэхэд хурц гэрэлтэй машин гарч ирээд мөргөсөн. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна ...” гэв.
Хохирогч Х.Нэргүй шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн орой машинтайгаа явж байхад өөдөөс машин гарч ирсэн. Би машинтайгаа дээрээс уруудаж явсан болохоор баруун гар талаа чөлөөлөөд зам тавьж өгсөн. Тухайн машиныг зөрөөд явах юм байх гэж бодож байтал өөдөөс ирээд мөргөсөн. Би ослын үеэр хаалганы бариулыг шанаа хэсгээрээ цохиод ухаан алдсан байсан. Тэр үед эхнэр машины хаалга онгойлгож намайг татаж гаргахад би сэргээд гайгүй болсон. Тэгээд хэргийн газарт хүргэнээ дуудаад осолд орсон машинаа гэрийн гадаа хүргүүлсэн. Хэрэг болсноос хойш 1 жил болж байна. Машин маань засагдаагүй тэр хэвээрээ байгаа. Би машинаа 2017 оны 04 дүгээр сард худалдаж авсан. Нэг жил бүтэн унаж чадаагүй байхад тийм зүйл болсон учир машиныхаа мөнгө болох 8 сая төгрөгнөөс хасаад 7500000 төгрөг нэхэмжилж байна. Ослын дараа миний хацрын яс цуурсан. Тэгээд энэ гэмтлээ эмчлүүлэхгүйгээр эм уусан гэв.
Хохирогч Ж.Лхамын хууль ёсны төлөөлөгч Б.Насантогтох шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний ээж болох Ж.Лхам нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Урандайтай хамт Дорнод аймгаас Цагаан-Овоо сум руу явах замдаа авто тээврийн осолд орсон. Над руу утсаар “ээж нь Цагаан-Овоо явлаа” гэж хэлсэн. Маргааш өдөр нь 14 цагийн орчим ээжийн маань утас холбогдохгүй байсан. Ээжийн дүү нь над руу утсаар яриад “бид нар аваарт орчихлоо. Ж.Лхам эгчийн бие муу байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та нар цагдаа дуудсан юм уу” гэж асуухад “одоо цагдаа дуудна” гэж хэлсэн. Тэгээд 30 орчим минутын дараа эгч рүүгээ залгахад “Ж.Лхам эгчийг аймаг руу яваад явлаа” гэсэн. Тэгэхээр нь би Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу ахынхаа хамт явсан. Энэ хэргийн улмаас 10250000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс гаргуулах саналыг гаргаж байна. Үүнд: Замын зардал болон эмчилгээ, эм тарианы мөнгө орсон. Би “Гурван уулын даваа” ХХК-нд борлуулалтын албанд менежерээр ажиллаж байсан. Ээжийгээ асарч ажилгүй байсан хугацааны цалин сарын болох нэг сарын 700000 төгрөгийг 5 сараар бодоод /2018 оын 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалин/ 3500000 төгрөгийг нэхэмжилнэ. Хэрэгт холбогдох баримтууд нь байгаа гэв.
Иргэний нэхэмжлэгч Б.Энхтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би машинтай мөргөлдсөнөөс хойш юм санахгүй болсон. Миний эрүүл мэнд хэвийн биш байгаа учир энэ хэргийн талаар сайн хэлж мэдэхгүй байна гэв.
Иргэний нэхэмжлэгч Ц.Мягмар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.
Иргэний нэхэмжлэгч Б.Жаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймгийн “Шүр” захаас Цагаан-Овоо сум руу явах унаанд суугаад явсан. Тэгээд замдаа явж байхад өөдөөс машин гарч ирэх үед хаагуур зөрөх гэж байгаа юм бол доо гэж бодоод байж байтал ирээд мөргөчихсөн. Ийм зүйл болно гэж бодоогүй. Тэгээд толгой болон хөлөө бариачид бариулсан. Дараа нь 5 дугаар сарын эхээр доошоо дээшээ бөөлжөөд байсан. Тэгэхээр нь сумынхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд биеийн байдал сайжрахгүй байсан тул Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. Очоод гэмтлийн эмнэлэгт хүзүү болон толгойн зураг авахуулахад хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Энэ тухай ар гэрийнхэндээ хэлэхэд “яарч хагалгаанд орох хэрэггүй” гэж хэлэхээр нь би сумандаа ирсэн. Тэрнээс хойш баримттай болон баримтгүй эмчилгээнүүд зөндөө хийлгэсэн. Саяхан 10 хоног 200000 төгрөгөөр физик эмчилгээ хийлгэсэн. Би сумандаа нөхөртэйгээ мал маллаад амьдрахын хажуугаар өрхийн хэрэглээгээр жижиг наймаа хийдэг байсан. Тэр мөнгөөрөө би сайн дурын даатгал төлдөг байсан. Одоогийн байдлаар би эмчилгээ хийлгээд наймаагаа хийж чадахгүй байна. Би Урандайгаас 1600000 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгч над руу холбоо барьж биеийн байдлыг асуусан зүйл байхгүй гэв.
Хохирогч О.Чулуунбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...өөдөөс бараг 1 км хэртээ зайнаас жижиг цагаан өнгийн машин ирж байгаа харагдсан. Тэгээд нилээн ойртож ирэх үед тэр өөдөөс ирж байсан цагаан өнгийн жижиг машин надад нэг л эвгүй яваад байгаа харагдсан, машин барьж чадахгүй хүн жолоодож байгаа юм шиг, 2 тийшээ даялаад ч байх шиг санагдахаар нь тэр үед жолооч Нэргүй ахад наад машин чинь нэг л эвгүй яваад байна даа, зам тавьж өгөөд гарга гэж хэлсэн. Тэгтэл Нэргүй ах замын баруун гар тал руу гарч өөдөөс ирж явсан машинд зам тавьж өгсөн. Тэгтэл өөдөөс шууд орж ирээд л миний сууж явсан машины жолоочийн урд талаас маш хүчтэй мөргөсөн. Хоёр машин мөргөлдсөний дараа миний чих шуугиад толгой эргээд яг юу болоод байгааг хэсэг ойлгоогүй, тэгээд арай гайгүй болоод хартал би толгойгоор урд талын салхины шил мөргөж, шил нь цуурчихсан байсан, тэгээд толгой цээж, хөл их өвдөж байсан. ...Гомдолтой байна, Улаанбаатар хотод эмчилгээ, хоол унааны зардалд 1300000 орчим төгрөг болсон, нааш цаашаа аймаг, сум руу явсан зардлаа тооцох юм бол 2000000 орчим төгрөг болсон. Би энэ осолд буруутай этгээдээс 2 сая төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-59/
Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 29 тоот дүгнэлтэд: 1. Пробокс маркийн 73-55 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Б.Урандай нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 8.5-д “Суурин газрын гаднах зам буюу 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно”, 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Жолооч Б.Урандай нь аюул саад бий болсон тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас осол гарах шалтгаан болсон гэж үзлээ. 3. Пробокс маркийн 73-55 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Портер маркийн 54-78 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд тоормосны мөр илрээгүй байх тул хурдыг тогтоох боломжгүй гэж үзлээ. 4. Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн жолоочийн цахим сангаас лавлагаа авахад /ЖЛ53081317/ регистрийн дугаартай Базаржав овогтой Урандай нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангиллын 582384 тоот үнэмлэхтэй байна. Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн цахим сангаас лавлагаа авахад ЖЛ64030819 регистрийн дугаартай Хишигт овогтой Нэргүй нь В ангиллын 589158 тоот үнэмлэхтэй байна. 5. Пробокс маркийн 73-55 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Портер маркийн 54-78 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслүүд нь техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж үзлээ” гэжээ. / 1-р хх-ийн 97/
Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 52 тоот дүгнэлтэд: “1. Техникийн шинжээч а/х Б.Ууганбаатарын 2018.05.06-ны өдрийн №29 тоот техникийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэж байна. 2. Пробокс маркийн 73-55 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Урандай нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1, 9.2, 8.5 гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Харин Портер маркийн 54-78 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Х.Нэргүй нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй гэж үзэж байна. 3. Жолооч Б.Урандай нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан жолооч аюул саад бий болсон үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 11.1-д заасан жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсоно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй /хөвөөгүй/ бол түүний зах руу аль болох шахаж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замд замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө гэсэн заалтыг зөрчсөнөөс осол гарах болсон шалтгаан болсон гэж үзлээ. 4. Тухайн хэргийн газрын үзлэг, схем зураглалд тоормосны мөр илрээгүй байх тул тээврийн хэрэгслүүдийн хурдыг тоормосны мөрөөр тогтоох аргачлалын дагуу хөдөлгөөний хурдыг тогтоох боломжгүй. 5. Хөдөө орон нутаг руу явдаг шороон гадаргуутай авто замууд дээр 5.1 гэсэн тэмдэг тавигддаггүй, харин 5.5 буюу суурин газрын эхлэл төгсгөл тэмдэг тавигддаг” гэжээ. /1-р хх-ийн 104-105/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 304 тоот дүгнэлтэд: “1. Ж.Лхамын биед баруун сүүжний кольцо дайрсан, умдаг суудал ясны хэсгийн хугарал, гадна бэлэг эрхтэн, баруун гуя, хэвлий, баруун зүүн ташааны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон баруун сүүжний кольцо дайрсан, умдаг суудал ясны хэсгийн хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /1-р хх-ийн 128/
Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5749 тоот дүгнэлтэд: “1. О.Чулуунбаатарын биед баруун өвдөг, шилбэнд зулгарал, зүүн 3,4-р хавирганы хугарал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ. /1-р хх-ийн 133/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 286 тоот дүгнэлтэд: “1. Х.Нэргүйн биед хуйханы зүүн зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт, цус хуралт, зүүн хацар ясны зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтлүүдийн зүүн хацар ясны зөрүүтэй хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь бүрдэл байдлаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /1-р хх-ийн 139/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 284 тоот дүгнэлтэд: “1. Ц.Мягмарын биед эрүүний цус хуралт, баруун гарын шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /1-р хх-ийн 148/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 673 тоот дүгнэлтэд: “1. 2. Б.Энхтуяагийн биед тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2018.04.10-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 6. Органик ойгүйдэлийн хам шинж өвчин нь тухайн гэмтэлтэй шалтгаант холбоогүй” гэжээ. /1-р хх-ийн 151/
Монгол Улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр хийсэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1146 тоот дүгнэлтэд: “1. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №673-ын 6.Органик ойгүйдэлийн хам шинж өвчин нь тухайн гэмтэлтэй шалтгаант холбоогүй гэснээс бусад нь үндэслэлтэй байна. 2. Б.Энхтуяад тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Мохоо зүйлийн буюу нүүрэнд цохигдох доргих үед үүснэ. 2018.04.10-нд үүссэн байна. 3. Энэ гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар, эрүүл мэндэд тогтонги нөлөөлөхгүй. 5. Органик ойгүйдэлийн хам шинж үгүй байна. Учир нь: 2018.05.02-нд УГТЭ-т хэвтэх үедээ болсон явдлаа сайн санаж үгүүлэмж өгчээ. Авто ослын улмаас үүсэхгүй, тухайн үед тархинд органик ойгүйдэлийн хам шинж үүсгэхээр гэмтэл үүсээгүй. /Med traum болон УГТЭ-ийн тархины дүрс оношилгоонд гэмтэл үгүй байна/ Б.Энхтуяа нь тархины артерийн судсанд цүлхэнтэй, тархины цагаан эд үхжин хатуурах эмгэгтэй байсан байна. Эдгээр эмгэгээс үүдэн органик ойгүйдэл үүсч болно. 6 Органик ойгүйдэл нь бүрэн эдгэрэх боломжтой. Эдгэрэх хугацаа нь тодорхой бус байдаг” гэжээ. /1-р хх-ийн 164-165/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 14-18/,
-Зам тээврийн осолд холбогдсон “Портер” маркийн 54-78 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 19-20, 40, 42/
-Зам тээврийн осолд холбогдсон “Пробокс” маркийн 73-55 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 21-22, 39, 41/
-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 34-36/
- Ослын нөхөн зураглал /1-р хх-ийн 37/
-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 38/
-Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 46-48/
-Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 51/
-“Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн “Пробокс” маркийн 73-55 ДОА улсын дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 85-86, 2-р хх-ийн 168-169/
-“Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн “Портер” маркийн 54-78 ДОА улсын дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 89-94, 2-р хх-ийн 172-175/
-“Пробокс” маркийн 73-55 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /1-р хх-ийн 185/
- Хохирогч Ж.Лхамын хохирол нэхэмжилсэн талаарх баримтууд /1-р хх-ийн 187-250, 2-р хх-ийн 1-18/
- Иргэний нэхэмжлэгч Б.Жаргалын хохирол нэхэмжилсэн талаарх баримтууд /1-р хх-ийн 24-31/
- Хохирогч О.Чулуунбаатарын хохирол нэхэмжилсэн талаарх баримтууд /1-р хх-ийн 33-54/
- Хохирогч Х.Нэргүй, иргэний нэхэмжлэгч Б.Энхтуяа нарын хохирол нэхэмжилсэн талаарх баримтууд /1-р хх-ийн 57-92, 2-р хх-ийн 171, 187-188, задгай 15 хуудас/
-Шүүгдэгч Б.Урандайгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 169/ зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Б.Урандай нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Долдой толгой” гэх газар “Пробокс” маркийн 73-55 ДОА улсын дугаартай авто машиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 11.1-д заасан “Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсоно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй /хөвөөгүй/ бол түүний зах руу аль болох шахаж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замд замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Х.Нэргүйн жолоодож явсан Портер маркийн 54-78 ДОА улсын дугаартай авто машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Х.Нэргүй, О.Чулуунбаатар, Ж.Лхам нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Энхтуяа, Ц.Мягмар нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Урандайгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Цагаан-Овоо сум дөхөөд Долдой толгой гэх даваа уруудаад явж байхад урдаас нэг тээврийн хэрэгсэл гарч ирсэн, тэгээд хурц гэрэлтэй гялбаанд орж сандарч машиныхаа рулийг буруу дарсны улмаас тэр машины урдуур орсон юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80/, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч Х.Нэргүйгийн өгсөн: “...Цагаан-Овоо сумын төвөөс зүүн урагш гарч замаар явж “Долдой толгой”-г даваад уруудаж явахад өөдөөс ирж явсан авто машин зүүн тал руугаа гэнэт дарж миний жолоодож явсан “Портер” маркийн 54-78 ДОА улсын дугаартай авто машины урдуур орж эргэхээр нь би баруун гар тал руугаа авто машиныхаа рулийг дарж тормозлосон боловч зогсож амжихгүйгээр Урандайн жолоодож явсан Пробокс маркийн авто машины жолооч талын урд гупер хэсэг рүү өөрийнхөө авто машины зүүн талын урд гупер хэсгээр мөргөж 2 авто машин баруун урд зүгт харж бөөрөөрөө нийлж зогссон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-54/, хохирогч О.Чулуунбаатарын өгсөн: “...өөдөөс бараг 1 км хэртээ зайнаас жижиг цагаан өнгийн машин ирж байгаа харагдсан. Тэгээд нилээн ойртож ирэх үед тэр өөдөөс ирж байсан цагаан өнгийн жижиг машин надад нэг л эвгүй яваад байгаа харагдсан, машин барьж чадахгүй хүн жолоодож байгаа юм шиг, 2 тийшээ даялаад ч байх шиг санагдаад яг тэр үед жолооч Нэргүй ахад наад машин чинь нэг л эвгүй яваад байна даа, зам тавьж өгөөд гарга гэж хэлсэн. Тэгтэл Нэргүй ах замын баруун гар тал руу гарч өөдөөс ирж явсан машинд зам тавьж өгсөн. Тэгтэл өөдөөс шууд орж ирээд л миний сууж явсан машины жолоочийн урд талаас маш хүчтэй мөргөсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-59/, хохирогч Ж.Лхам /1-р хх-ийн 61-62/, иргэний нэхэмжлэгч Ц.Мягмар /1-р хх-ийн 67-68/, иргэний нэхэмжлэгч Б.Энхтуяа /1-р хх-ийн 69/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 29 тоот дүгнэлт /1-р хх-ийн 97/, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 52 тоот дүгнэлт /1-р хх-ийн 104-105/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 304 тоот дүгнэлт /1-р хх-ийн 128/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5749 тоот дүгнэлт /1-р хх-ийн 133/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 286 тоот дүгнэлт /1-р хх-ийн 139/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 284 тоот дүгнэлт/1-р хх-ийн 139/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 673 тоот дүгнэлт /1-р хх-ийн 151/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1146 тоот дүгнэлт /1-р хх-ийн 164-166/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 14-18/, зам тээврийн осолд холбогдсон “Портер” маркийн 54-78 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 19-20, 40, 42/, зам тээврийн осолд холбогдсон “Пробокс” маркийн 73-55 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 21-22, 39, 41/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 34-36/, ослын нөхөн зураглал /1-р хх-ийн 37/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 38/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Х.Нэргүй, О.Чулуунбаатар, Ж.Лхам нарын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Энхтуяа, Ц.Мягмар нарын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.Урандайгийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1, 9.2 дахь заалтуудыг болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаан холбоотой байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Урандайд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан, шүүгдэгчийг гэм буруутай гэж үзсэн тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй гэж, мөн зүйлийн 1.2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж тус тус заасан бөгөөд энэ хэрэг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр үйлдэгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул шүүх хуралдаанаас шүүгдэгч Б.Урандайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч Ц.Мягмар нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд гаргаж өгсөн нэхэмжлэх үндэслэлтэй, нотлох баримтын шаардлага хангасан гэм хорын талаархи нотлох баримтуудыг нэг бүрчлэн хянаж, бодож тооцож үзээд шүүгдэгч Б.Урандайгаас гэм хорын хохиролд нийт 6267650 төгрөгийг гаргуулан хохирогч О.Чулуунбаатарт 270600 төгрөгийг, хохирогч Ж.Лхамд 2007823 төгрөгийг, хохирогч Х.Нэргүйд 1709600 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Жаргалд 378700 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Энхтуяад 1900927 төгрөгийг тус тус олгож, хохирогч О.Чулуунбаатарын нэхэмжлэлийн шаардлагаас хүнсний зүйл авсан үнэ 5268 төгрөгийг, хохирогч Ж.Лхамын нэхэмжлэлийн шаардлагаас тэтгэврийн зээл, хүнс болон ахуйн барааны үнэ, мөн зардлын баримт давхардсан нийт 5494133 төгрөгийг /гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй/, хохирогч Х.Нэргүйн нэхэмжлэлийн шаардлагаас малчны цалин /энэ нь иргэд хоорондын малчин ажиллуулах гэрээтэй байх тул энэ хэрэгтэй холбоогүй/ болон давхардсан эмийн баримтын үнэ нийт 1830500 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Энхтуяагийн нэхэмжлэлийн шаардлагаас давхардсан баримт 580000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч О.Чулуунбаатар нь 1724132 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Жаргал нь эмчилгээний зардал 1221300 төгрөгийн, хохирогч Ж.Лхамын хууль ёсны төлөөлөгч Б.Насантогтох нь ажилгүй байсан хугацааны 5 сарын цалин 3500000 төгрөгийн /цалингийн тодорхойлолтыг ирүүлсэн боловч бусад холбогдох баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлээгүй/, хохирогч Х.Нэргүй нь унааны зардал болон машины үнийн зөрүү нийт 6560200 төгрөгийн талаарх нотлох баримтаа тус тус бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт мэдэгдэх нь зүйтэй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгүүдийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийн “Бусдын эрүүл мэндэд гэр хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гаргасан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэх заалтад нийцнэ гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Урандай нь бусдад төлөх төлбөртэй байх тул шүүгдэгчийн эзэмшлээс “Пробокс” маркийн 73-55 ДОА улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдан ирсэн иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Бодонгууд овогт Базаржавын Урандайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Урандайгийн үйлдсэн гэмт хэргийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч Ц.Мягмар нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Урандайгаас гэм хорын хохирол нийт 6267650 /зургаан сая хоёр зуун жаран долоон мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулан хохирогч О.Чулуунбаатарт 270600 /хоёр зуун далан мянга зургаан зуу/ төгрөгийг, хохирогч Ж.Лхамд 2007823 /хоёр сая долоон мянга найман зуун хорин гурав/ төгрөгийг, хохирогч Х.Нэргүйд 1709600 /нэг сая долоон зуун есөн мянга зургаан зуу/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Жаргалд 378700 /гурван зуун далан найман мянга долоон зуу/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Энхтуяад 1900927 /нэг сая есөн зуун мянга есөн зуун хорин долоо/ төгрөгийг тус тус олгож, хохирогч О.Чулуунбаатарын нэхэмжлэлийн шаардлагаас хүнсний зүйл авсан үнэ 5268 /таван мянга хоёр зуун жаран найм/ төгрөгийг, хохирогч Ж.Лхамын нэхэмжлэлийн шаардлагаас тэтгэврийн зээл, хүнс болон ахуйн барааны үнэ, баримт давхардсан нийт 5494133 /таван сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга нэг зуун гучин гурав/ төгрөгийг, хохирогч Х.Нэргүйн нэхэмжлэлийн шаардлагаас малчин ажиллуулах гэрээний дагуу өгсөн цалин болон давхардсан эмийн баримтын үнэ нийт 1830500 /нэг сая найман зуун гучин мянга таван зуу/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Энхтуяагийн нэхэмжлэлийн шаардлагаас давхардсан баримтын үнэ 580000 /Таван зуун наян мянга/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч нь О.Чулуунбаатар нь 1724132 /нэг сая долоон зуун хорин дөрвөн мянга нэг зуун гучин хоёр/ төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Жаргал нь 1221300 /нэг сая хоёр зуун хорин нэгэн мянга гурван зуу/ төгрөгийн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Насантогтох нь 5 сарын цалин 3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн, хохирогч Х.Нэргүй нь унааны зардал болон машины үнийн зөрүү нийт 6560200 /зургаан сая таван зуун жаран мянга хоёр зуу/ төгрөгийн талаарх нотлох баримтаа тус тус бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг хохирогчид мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн эзэмшлээс Пробокс маркийн 73-55 ДОА улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдан ирсэн иргэний үнэмлэхийн лавлагааг шүүгдэгчид буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР