Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/01581

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 09 210/МА2024/01581

 

 

*******, Д.******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/02200 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******, Д.*******

Хариуцагч: ******* ХХК, *******

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ХХК, Б.Бат-Ирээдүй

Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2017/01 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, уг гэрээг үндэслэн гарсан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 17/734 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүрэг, *******, *******, ******* гудамж, *******, зоорийн давхар 213 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б., хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 *******, Д.******* бид 2003 онд гэр бүл болсноос хойш өнөөдрийг хүртэл хамт амьдарч байна. ******* нь 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ******* ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийн зээл авч, зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүрэг, *******, *******, ******* гудамж, *******, зоорийн давхар үйлчилгээний зориулалттай, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

Уг зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 21455 дугаар захирамжаар 45,786,750 төгрөгийг ******* төлөхөөр талууд эвлэрснийг баталсан.

1.2 Баянгол, Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 28728 дугаар албадан гүйцэтгэх тухай захирамж, 03045 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Ажиллагаа явагдаж байх үед шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд 22,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 23,000,000 төгрөгт нь Прадо /Prado/ автомашиныг шийдвэр гүйцэтгэгчийн хажууд авч ирж өгсөн боловч төлбөр авагч тал уг мөнгө болон эд хөрөнгийг аваагүй. Мөнгө нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд 3 сар байршиж байсан. Улмаар 28 м.кв талбайтай орон сууцыг 35,000,000 төгрөгт санал болгоход үнэ тохироогүй. Үүнээс үзэхэд төлбөр авагч нь манай үйлчилгээний үл хөдлөх эд хөрөнгийг л авах шууд шунаг санаатай байсан гэж үзэж байна.

1.3 ******* ХХК хуурч мэхлэн 2017 оны 06 дугаар сарын 06-ний өдөр 2017/01 дугаартай гэрээгээр гэр бүлийн дундын үл хөлдөх эд хөрөнгө болох дээрх үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн гишүүний зөвшөөрөлгүй, гэр бүлийн гишүүнд мэдэгдэлгүйгээр ******* ХХК-д шилжүүлэн авсан. Уг гэрээний дагуу барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч шилжүүлэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгаж, гэр бүлийн гишүүдэд маш их хохирол учруулсан. Уг үйлдэл нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.2, 128.3,128.4, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйл болон холбогдох бусад хуулийн заалтыг ноцтой зөрчиж байна.

Иймд ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2017/01 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон, уг гэрээг үндэслэн гарсан Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 17/734 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүрэг, *******, *******, ******* гудамж, *******, зоорийн давхар 213 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ******* нь ******* ХХК-тай 2014 онд зээлийн гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлж, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. ******* нь зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байсан учраас шүүхэд эвлэрүүлэн зуучлагчийн өргөдөл гаргаж, талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гарсан. ******* нь зээлийн төлбөрөө төлөөгүй учраас шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх гүйцэтгэх хуудас, захирамж гарсан.

2.2 Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж *******ын өмчлөлийн хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах дуудлага худалдаа удаа дараа зарлагдсан. Төлбөр авагч, төлбөр төлөгч нар 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулж, тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцож шилжүүлэх, мөн гэрээнд зааснаар шийдвэр гүйцэтгэлийн дансанд байгаа мөнгийг нь ******* буцааж авах, түүнтэй холбоотой ямар нэгэн зөрүү төлбөр нэхэмжлэх эрхгүй гэдэг байдлаар талууд гэрээ байгуулсан. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 21455 дугаар шийдвэрээр *******аас 45,786,750 төгрөгийг гаргуулж, ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч *******ад холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 15271663 дугаар тогтоолоор үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан.

3.2 Төлбөр төлөгч ******* шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 953 дугаар шийдвэрээр *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

3.3 Үл хөдлөх эд хөрөнгийг сайн дураар чөлөөлж өгөх тухай мэдэгдлийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 3/9565 дугаар албан бичгийг дахин хүргүүлж, төлбөр төлөгч ******* нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч ******* ХХК-д төлбөрт тооцон өгч, дээрх хөрөнгийг шилжүүлэн бүртгүүлэх хүсэлт гаргасан. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 2/16598 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг хүргүүлж, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 ХХК нь уг үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр ******* ХХК-аас худалдаж авсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ манай компанийн нэр дээр 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гарсан. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Б.Бат-Ирээдүйд 46,000,000 төгрөгөөр худалдсан.

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, мөн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Бат-Ирээдүйн тайлбар, татгалзлын агуулга:

5.1 Тус хэрэгт миний хууль ёсны эрх ашиг хөндөгдөхгүй гэж үзэж байгаа тул ажиллагаанд оролцохоос татгалзаж байна. Дахин шүүхэд ирэх боломжгүй гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

6.1 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8, 56.1.9-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдох *******, Д.******* нарын 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2017/01 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон, уг гэрээг үндэслэн гарсан 2017.06.07-ны өдрийн 17/734 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн *******, 21-р хороолол ******* гудамж *******ны зоорийн давхар буюу 213 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

7. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

7.1 Хэрэгт авагдсан баримтаар талууд 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 21455 дугаартай шүүгчийн захирамжаар 45,786,750 төгрөгийг төлөхөөр болсон. Харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах талаар ямар нэг эвлэрсэн зүйл байхгүй. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 45,786,750 төгрөгийг төлбөр авагчид авч өгөх байтал үүнээс үнэтэй үл хөдлөх хөрөнгийг авсан. Төлбөр авагч хууль зөрчиж шилжүүлэн авсан. Шүүх талуудын хооронд байгуулсан гэх 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1017/01 дугаартай гэрээг хүчинтэй эсэх асуудлаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй.

7.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн ба ямар хууль зүйн үндэслэлээр төлбөрийг хүлээн аваагүй, төлбөрийг ямар хууль зүйн үндэслэлээр буцаасан, буцаахдаа яагаад өөр этгээдийн дансанд буцаасан, буцаах шийдвэр нь хуульд нийцсэн эсэх асуудлыг тодруулах баримт шаардлагатай талаар хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй.

7.3 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийг заавал шүүх хуралд оролцуулж түүнээс асуулт асуух хүсэлт гаргасан боловч хангаагүй. Учир нь түүний хариултаас шалтгаалан нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөх, нэмэлт нотлох баримт цуглуулах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий олон ажиллагаа хийгдэх байсан.

7.4 Шүүх Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй.

7.5 Шүүх хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудлаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

8.1 Хэрэгт цугларсан баримтуудаар нэхэмжлэгч ******* 8,500,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогддог. Нэхэмжлэгч нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тухайн 8,500,000 төгрөгийг 5006709026 дугаартай данс руу шилжүүлэх хүсэлтийг нотариатаар гэрчлүүлэн гаргаж, төлсөн төлбөрөө буцаан шилжүүлэн авсан.

8.2 Анхан шатны шүүх нь улсын тэмдэгтийн хураамжийг зөв хуваарилсан.

8.3 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2 гуравдагч этгээд оролцсон. ******* ХХК нь тухайн барьцаа хөрөнгийг шилжүүлэн авч, 2018 онд ХХК-д худалдан борлуулсан. Гэвч 2021 онд ХХК-аас Б.Бат-Ирээдүйд худалдсан учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг оролцуулаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

8.4 Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зөвшөөрөлгүй шилжүүлсэн тохиолдолд Д.*******, гэр бүлийн гишүүн *******ад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хохирлыг *******аас нэхэмжлэх эрх нь нээлттэй. 2017 онд ******* нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн 100 хувийн өмчлөгч байсан. Мөн *******ын өөрийнх нь гаргасан хүсэлт, талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

9.1 Манай байгууллагын зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасны дагуу *******, Д.******* нарын гомдол гаргах хугацаа дууссан гэж үзэж байна гэжээ.

10. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

10.1 Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Хариуцагч нарын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарыг дэмжиж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 953 дугаар шийдвэрээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн гэжээ.

11. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Бат-Ирээдүй давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч *******, Д.******* нар нь хариуцагч *******, ******* ХХК-д холбогдуулан, ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2017/01 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгон, уг гэрээг үндэслэн гарсан Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 17/734 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүрэг, *******, *******, ******* гудамж, *******, зоорийн давхар 213 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.1 Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан. Төлбөр төлөгч ******* нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагч ******* ХХК-д төлбөрт тооцон өгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон гэж, хариуцагч ******* ХХК нь ...төлбөр авагч болон төлбөр төлөгч нар 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулж, тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцож шилжүүлсэн гэж тус тус үгүйсгэн маргажээ.

2.2 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК хариуцагчийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тайлбар гаргасан. Б.Бат-Ирээдүй ...миний хууль ёсны эрх ашиг хөндөгдөхгүй тул ажиллагаанд оролцохгүй гэж тайлбар гаргасан.

3. Нэхэмжлэгч нар нь шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 17/734 дугаартай тогтоолыг хүчингүй болгох шаардлагын үндэслэлээ ******* ХХК-тай байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2017/01 дугаартай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3 дахь хэсэгт, мөн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүний зөвшөөрөлгүй, мэдэгдэлгүйгээр ******* ХХК-д шилжүүлсэн нь мөн хуулийн 56 зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар тус тус хүчин төгөлдөр бус гэж тодорхойлсон.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зөв тодорхойлж, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

5. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон.

5.1 Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн БГ2014/06/01 дугаартай барьцааны гэрээгээр мөн өдрийн ЗГ2014/06/01 дугаартай зээлийн гэрээгээр, 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар зээлдэгч *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, *******, *******, ******* гудамж, *******ны зоорийн давхарт байрлах 213 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. /1хх 8, 11/

5.2 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШЗ2015/21455 дугаар захирамжаар *******аас 45,786,750 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ2014/06/01 дугаар зээлийн гэрээний үүрэгт гаргуулан ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр байна. /1хх 17/

5.3 Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсантай холбоотой *******ын нэхэмжлэлтэй, *******т холбогдох маргааныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00953 дугаар шийдвэрээр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаар магадлалаар тус тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /2хх 190-194, 196-200/ Уг шийдвэр хүчин төгөлдөр. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасны дагуу дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар дахин нотлох шаардлагагүй тул нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн Шүүх хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудлаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 16 дугаар зүйлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлийг заасан.

6.1 Төлбөр төлөгч ******* нь өөрийн өмчлөлийн, маргааны зүйл болж буй дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрт тооцон төлбөр авагч ******* ХХК-д шилжүүлэх хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч *******т гаргасан. /2хх 207/ Уг хүсэлтийг төлбөр авагч ******* ХХК нь зөвшөөрсөн талаарх хүсэлтийг мөн оны 06 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч *******т хүргүүлсэн. /2хх 208/

Дээрх хүсэлтийг үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 17/734 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь хэсгийг зөрчөөгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Иймд нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн ...Төлбөр авагч хууль зөрчиж шилжүүлэн авсан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6.2 Түүнчлэн, дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохтой холбоотой төлбөр төлөгч ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт төлсөн нийт 8,500,000 төгрөгийг буцаан гаргуулах хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч *******т гаргасан. /2хх 209/ Хариуцагч ******* нь мөн оны 06 дугаар сарын 06-ны өдөр төлбөр төлөгч *******ын хүсэлтэд дурдсан Хаан банк дахь 5006709026 дугаар дансанд дээрх 8,500,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн нь 2 дугаар хавтаст хэргийн 212 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ямар хууль зүйн үндэслэлээр төлбөрийг хүлээн аваагүй, төлбөрийг ямар хууль зүйн үндэслэлээр буцаасан, буцаахдаа яагаад өөр этгээдийн дансанд буцаасан, буцаах шийдвэр нь хуульд нийцсэн эсэх гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

7. ******* ХХК болон ******* нар 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 2017/01 дугаартай Гэрээ байгуулсан. Гэрээгээр төлбөр төлөгч ******* нь маргааны зүйл болох өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр авагч ******* ХХК-д шүүхийн шийдвэрт заасан төлбөрт тооцон шилжүүлэхээр заажээ. /2хх 206-207/ Тухайн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж үзэх, мөн зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тус тус баримтаар тогтоогдоогүй байна. Иймд анхан шатны шүүх уг хэлцлийг хүчин төгөлдөр гэж дүгнэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн ...Шүүх талуудын хооронд байгуулсан гэх 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1017/01 дугаартай гэрээг хүчинтэй эсэх асуудлаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

8. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна.

8.1 Нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрт заасан төлбөрт тооцон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч ******* ХХК-д шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар ...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй. Учир нь, тухайн эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* улсын бүртгэлд бүртгэлтэй байх тул уг үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

9. 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн зүгээс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг /2хх 84-88/ шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн ...тодруулах баримт шаардлагатай талаар хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

10. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Бат-Ирээдүй ...тус хэрэгт миний хууль ёсны эрх ашиг хөндөгдөхгүй гэж үзэж байгаа тул ажиллагаанд оролцохоос татгалзаж байна гэх тайлбарыг шүүхэд гаргасан. Түүнд нэхэмжлэлийн хувийг гардуулсан, хэргийн материал танилцуулсан байна. /2хх 234-236/ Иймд ...гуравдагч этгээдийг заавал шүүх хуралд оролцуулж түүнээс асуулт асуух хүсэлт гаргасан боловч хангаагүй гэх нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

11. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тэдний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нийцсэн байна. Иймд нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн ...Шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

12. Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 17/734 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг баримтлаагүй байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй.

13. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/02200 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН