| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0123/э |
| Дугаар | 0123 |
| Огноо | 2019-04-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Оюунтяуа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 0123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг
Улсын яллагч Л.Оюунтуяа
Шүүгдэгч С.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Нд холбогдох эрүүгийн 1925001770122 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Буянт Дайрий овогт С.Н, Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Завхан аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, баяжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт
Шүүгдэгч С.Н нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Казино баарны гадна Б.Сод-Эрдэний толгойн тус газарт пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүүлэгт шүүгдэгч С.Н мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Хохирогч Б.Сод-Эрдэнэ нь “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Хохирогч Б.Сод-Эрдэний ... 2019 оны 03 сарын 08-
ны орой найзууд болох Алтанзул, Амарзаяа, Маажинжүүдэн нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Казино бааранд суусан юм. Манай ажлын эгч Алтанзул Солонгос явах гэж байгаа учир гаргаж өгч байна гэж бааранд суусан. Ингээд бааранд ороод нэг нэг лаазтай пиво захиалж уугаад бүжиглэсэн. Тэгээд баар хаах болоод би баарнаас түрүүлж гараад баарны үүдэнд сууж байхад манай найзууд гарч ирсэн бөгөөд Амарзаяа эгч гарч ирээгүй үлдсэн. Ингээд бид нар баарны үүдэнд хэсэг сууж байгаад Алтанзул, Маажинжүүдэн хоёр түрүүлээд баарны хашаанаас гараад явсан. Би араас нь 2-3 минутын дараа гараад ирсэн чинь тэр хоёр танихгүй 2 хүүхэнтэй хэрэлдээд зогсож байсан. Тэгэхээр нь би хэрэлдэхээ боль гэсэн чинь салж өгөхгүй хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би алив боль гээд тэр гурвыг түлхсэн чинь хар пальто өмссөн хүүхэн шууд нэг юмаар толгойн дух хэсэг рүү цохисон бөгөөд нэг шил хагарсан. Тэгээд миний дух хэсгээс цус гарч, эмнэлэг орж 2 оёдол тавиулсан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 6-7-р хуудас/
2.Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын сарын 11-ний өдрийн 210 дугаартай дүгнэлтийн “Б.Сод-Эрдэний биед 1 тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 14-р хуудас/
3.Гэрч О.Алтанзулын ... “Би баарны хашаанаас түрүүлж гараад явсан бөгөөд хашааны гадаа зогсож байхад гурван хүүхэн хажуугаар өнгөрөхдөө Маажинжүүдэн бид хоёрыг шүргээд хэрүүл хийж эхэлсэн. Тэгээд хоорондоо яаж байгаа юм гээд хэрүүл хийгээд байж байхад араас Сод-Эрдэнэ ирээд юу болоод байгаа юм гэж дундуур орж ирсэн. Хар пальто өмсөн хүүхэн ууж явсан архины шилээр Сод-Эрдэний толгой руу цохисон”...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8-р хуудас/
4.Гэрч Э.Уянгын ...“Баарны хашаанаас гарах гээд явж байхад хаалганы хажууд 3 хүүхэн зогсож байсан. Тэгсэн Ариунтунгалаг эгч хажуугаар чинь гарчих уу гэсэн чинь тэг тэг гэж хэлсэн. Тэгсэн хамт зогсож байсан нэг хүүхэн нь юу гээд байгаа гичий вэ гэж хэлсэн. Тэгээд та одоо юу гээд байгаа юм бэ гээд хоорондоо жаахан маргалдсан. Маргаад зогсож байхад Нямгэрэл араас гартаа шилтэй пиво барьчихсан ирсэн. Тэгээд юу болоод байгаа юм бэ больцгоо гэсэн чинь нөгөө хүүхнүүд хэрүүл гуйгаад байсан. Тэгсэн чинь Сод-Эрдэнэ Нямгэрэлийг түлхсэн бөгөөд Нямгэрэл уурлаад шилээрээ толгойн тус газар нь цохиод авсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Сод-Эрдэний мэдүүлэг, гэрч О.Алтанзул, Э.Уянга нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч С.Н нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Казино баарны гадна Б.Сод-Эрдэний толгойн тус газарт пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Нийг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял шийтгэж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Буянт Дайрий овогт С.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС