Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 0045

 

                             

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одончимэг     

Улсын яллагч Т.Ганзориг

Хохирогч Т.Кебек  

Шүүгдэгч нарын өмгөөлөгч З.Баттулга  

Шүүгдэгч О.Д, Б.Б, Д.Мнарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Д, Б.Б, Д.Мнарт холбогдох эрүүгийн 1825007720507 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1.Боржигин овгийн Б.Б, Монгол Улсын иргэн,

 

2.Боржигон овгийн Д.М,

 

3.Боржигон овгийн О.Д,

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.Мөнхцэцэг, О.Д, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 11 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн

 

 

 

 

 

 

 

 

 

2-За тоотод оршин суух Т.Кебекийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч хүний

халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан, шүүгдэгч О.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 11 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 2-За тоотод Т.Кебекийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мөнхцэцэг, О.Д, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч О.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ммэдүүлэхдээ “Би Серекболтой маргалдаагүй тухайн үед эмнэлэгт хэвтэж байсан. Тэр хооронд манай нөхөр Кебекийнд очиж 3 хоног архи уусан.  Хүүхдүүд гэртээ хоол ундгүй байсан болохоор тэднийд нөхрөө авах гэж очтол ийм зүйл болсон. Эхлээд хаалгыг нь тогштол байж бай гээд цаашаа гүйгээд орсон.  Би өрөө цонхыг нь буулгаад гэрт ортол Кебек миний багалзуурыг шахсан. Ороход хохирогчийн эхнэр энэ 3 шал согтуу байсан.” гэв.

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй” гэв. 

Шүүгдэгч О.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.  

Хохирогч Т.Кебек мэдүүлэхдээ “Эдгээр хүмүүсийн мэдүүлэгт зарим зөрүүтэй зүйл байна. Манай эхнэр архи уугаагүй эрүүл байсан. Баасанхүүд хаалга тайлж өгөөгүй. Эхнэр нь тайлж өгсөн. Энэ хүмүүсээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Т.Кебебийн ... “Манай хамаатан Серикбол бага зэрэг архи уучихсан орж ирсэн. Манай эхнэр Серикболыг оруулахгуй гэхээр нь харанхуй шөнө яах гээд байгаа юм оруулчих гээд Серикбол манайд хоносон. Маргааш нь 11 цагийн үед Серикболын эхнэр охинтойгоо. хүргэнээ дагуулчихсан манай хашааны гадаа  ирсэн. Гэтэл Серикбол наад хэдээ битгий оруул намайг цагдад бариад өгчихнө гээд байхаар нь би гэрийнхээ хаалгыг онгойлгоогүй. Гэтэл Мөнхцэцэг байшингийн хаалгыг нүдээд байсан. Серикбол манай унтлагын өрөөнд орсон. Энэ үед өмнө нь цонхны шил хагараад цаанаас нь юм түшуүлчихсэн байсан чинь Мөнхцэцэг тэрийг авч тавьчихаад охин хүргэн хоёртойгоо цонхоор ороод ирсэн. Гэтэл Серикбол манай унтлагын өрөөний хаалгыг дарж суучихаад онгойлгохгүй байсан чинь цаанаас нь Мөнхцэцэг, Дуламсүрэн 2 хаалга түлхээд ороод ирэхээр нь би та нар манайхаас гарч байгаад учраа ол гээд түлхсэн. Тэгтэл Дуламсүрэн манай ээжийг зодлоо гээд ээжийнхээ толгой дээгүүр гар нь гарч ирээд миний нүүрийг маажчихсан чинь миний хөмсөгнөөс цус гараад тогтохгүй байхаар нь эхнэрээрээ цусаа тогтоолгож байтал хүргэн манай эхнэр 2 цагдаа дуудсан. Удалгүй хүргэн нь манай хаалгыг онгойлгоод цагдаа ирж байна гэтэл Мөнхцэцэг бичлэг хийж байгаад хана налаад ухаан алдсан юм шиг доошоо суучихсан. Ингээд цагдаа орж ирээд Серикбол бид 2-ыг аваад явсан. Мөнхцэцэгийг хаалга эвдчих гээд байхаар нь цаашаа бай гээд цээж рүү нь түлхсэн чинь Дуламсүрэн ээжийнхээ толгой дээгүүр нь гар нь орж ирээд намайг маажсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/ ....Би эдгээр хүмүүсийг гэртээ орохыг зөвшөөрөөгүй.  Д.Мөнхцэцэгийн нөхөр Серикбол надад “чи наад хүмүүсээ битгий гэртээ оруул аягүй бол танай гэрт хэрүүл маргаан болж магадгүй, мөн намайг цагдаад өгч магадгүй гэхээр нь би үүдээ тайлж өгөөгүй. Гэтэл 3 хүн байшингийн цонхоор орж ирсэн. Манай байшин баригдаад удаж байна. Энэ хүмүүсийн орсон цонх хагарч цуураад дулаан алдаад байсан солих гээд боломж гарахгүй байхаар нь гадна талд нь давхар скочоор наасан байсан. Гэтэл энэ 3 хүн гадна талын цонхыг нь салгаж тавиад орж ирсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-12-р хуудас/

 

2.Гэрч С.Баян-Эрдэний ...“2018 оны 11 сарын 03-ны өдөр манай нөхрийн хамаатан Серикбол бага зэрэг архи уучихсан эхнэртэйгээ маргалдаад гэж ирсэн. Ингээд манайд хоносон ба өглөө нь эхнэр Мөнхцэцэг нь залгасан чинь Серикбол утсаа аваагүй юм. Би хоол хийж байтал Серикболын эхнэр нь хүүхэдтэйгээ мөн хүргэнтэйгээ 3-уулаа хашааны хаалга онгойлгоод ороод ирсэн ба Серикбол “эхнэрээсээ айгаад байна битгий хаалгаа тайлж өгөөрэй” гэж хэлчихээд манай унтлагын өрөө рүү орсон. Гэтэл эхнэр хүүхэд нь манай гэрийн хаалга нүдэж байснаа манай гал тогооны цонхоор орж ирсэн. Манай гал тогооны цонх 6 хоногийн өмнө хагарчихсан, шилээ цонхны раам түшүүлээд тавьцан байсан чинь түшүүлчихсэн цонхыг нь аваад Мөнхцэцэг эхлээд орж ирээд дараа нь Дуламсүрэн, хүргэн 2 нь орж ирсэн. Энэ үед Серикбол манай унтлагын өрөөнд орчихоод хаалга дарчихаад байгаад байсан. Гэтэл цаанаас нь Мөнхцэцэг, Дуламсүрэн хүргэн 3 нь хаалга эвдэх гээд байсан. Манай нөхөр Кебек Мөнхцэцэгийг одоо хаалгаа онгойлголоо гэтэл Мөнхцэцэг хаалганы цаанаас дайраад Кебек Мөнхцэцэгийн нүүр рүү нь цааш нь түлхсэн. Гэтэл охин нь Мөнхцэцэгийн толгой дээгүүр гараа орууж ирээд Кебекийн нүүрийг нь маажсан. Кебекийн нүүрнээс нь цус гарсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-р хуудас/

 

3. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 773 дугаартай” Т.Кебекийн биед духанд шалбарч урагдсан шарх  тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт.

 

4.Шүүгдэгч О.Дгийн ... “Цагдааг хэсэг хүлээж байгаад Серикболыг цонхоор гаргаад явуулчих байх гэж айгаад цонхон дээр нь очоод Т.Кебекийн байшингийн цонхыг ээж татсан чинь байшингийн цонхны гадна талд түшүүлж тавьсан зүйл нь унасан бөгөөд тэдний байшингийн цонх хагархай байсан. Тэгсэн манай ээж тэр цонхны хагархайгаар байшин руу орсон. Цаад талаас нь Т.Кебек гарч ирээд манай ээжийн хоолой руу шахаад түлхсэн. Тэгэхээр нь би араас нь цонхоор ороод та яаж байгаа юм бэ гээд зөрүүлээд самардсан чинь Т.Кебекийн духнаас цус гарсан. Тэр үед Т.Кебекийн эхнэр нь бид нарыг салгасан” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 43-44-р хуудас/

 

5.Шүүгдэгч Б.Бгийн ... “Би тэр хэдийг салгачихаад байж байсан чинь Т.Кебек та нарыг ална шүү гээд архины шил аваад дайрах гээд байхаар нь би болиулаад сандалд суулгасан. Тэгээд би Т.Кебекийн гэрээс гарсан. Тухайн үед цагдаа дуудсан байсан бөгөөд цагдааг хүлээж байхад цагдаа ирсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 46-47-р хуудас/

 

6.Шүүгдэгч Д.Мөнхцэцэгийн ... “Кебекийн байшингийн цонхыг цохисон чинь гадна талаас нь скочоор давхар шил наасан байхаар нь түүнийг салгаж аваад хагархай цонхоор нь би түрүүлж орсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг судлав.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой үзэв.

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Мөнхцэцэг, О.Д, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 11 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 2-За тоотод Т.Кебекийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан, шүүгдэгч О.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 11 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 2-За тоотод Т.Кебекийн нүүрэн тус газарт маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч нарын гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч  нар гэм буруугаа хүлээж байгаа тул ял шийтгэл оногдуулах үндэстэй. Д.Мөнхцэцэг, О.Д, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, О.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож уг ялыг нэмж нэгтгэн нийт 1150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Баттулга шүүх хуралдаанд гаргасан саналдаа “Мөнхцэцэг нөхрөө л авах гэж очсон. Тэгвэл нөхрийг явуулахгүй яасан юм. Очиход нь архи уусан байсан. Хохирогчийн буруутайд үйлдэл бас харагдаж байгаа. Хаалгаа түгжээд оруулаагүйгээс ийм байдал үүсч байгаа. Энэ үйлдэл дээр аргагүй хамгаалалт гэхгүй яах юм. Боломжийнхоо хэрээр л хамгаалах эрхтэй юм байгаа биз дээ. Улсын яллагчийн орон байрны халдашгүй байдал нь хуулиар хамгаалагдсан эрх гэж байна. Өөрсдөө буруугаа хүлээж байгаа. Уучлалт гуйж байгаа. Нөгөө талаас харахад уучлаарай гээд хэлэхэд орон байранд халдсан эрх нь сэргээгдэж байгаа. Мөн анхны саналаа дэмжиж байна. Дуламсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож байгаа нь илүүдэж байна.  Энэ бол аргагүй хамгаалалт. Баасанхүүгийн хувьд 13.6 дугаар зүйлд заасан гэдэг асуудал огт байхгүй. Мөнхцэцэг, Дуламсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хүмүүсийг эрүүгийн хариуцлагын асуудлыг ярих ёстой. Улсын яллагчийн ялын саналыг сонслоо. Эдгээр хүмүүст торгуулийн ялыг оногдуулах нь хүндрэлтэй байна. Нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү.“ гэв. 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримтад дараах хууль зүйн дүгнэлт хийв. Үүнд:

 

1.Шүүгдэгч Д.Мөнхцэцэг, О.Д, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 11 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 2-За тоотод Т.Кебекийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзлээ.

 

2.Шүүгдэгч О.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 11 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 2-За тоотод Т.Кебекийн нүүрэн тус газарт маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй байна. Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарт ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч З.Баттулга шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “шүүгдэгч Б.Б нь хохирогч Т.Кебекийн орон байранд зөвшөөрөлгүй нэвтэрсэн хэрэгт оролцоогүй, түүнд эхнэр нь хаалга тайлж өгсөн” гэж мэтгэлцсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирогч Т.Кебек нь шүүгдэгч нарыг гэртээ орохыг зөвшөөрөөгүй бөгөөд шүүгдэгч Б.Б нь Д.Мөнхцэцэг, О.Д нарыг хохирогчийн гэрийн цонхоор ороход хамт байсан, мөн тэдний үйлдлийг зогсоогоогүй, түүнд эхнэр нь хохирогчийн хаалгыг онгойлгож өгч оруулсан зэргээс үзэхэд Б.Бг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэстэй байна.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, бүлэглэж гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Хохирогч Т.Кебек нь хохирогч нараас гэм хорын хохирол нэхэмжлээгүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овгийн Б.Б, Боржигон овгийн Д.М, Боржигон овгийн О.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овгийн О.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Д.Мөнхцэцэг, О.Д нарыг тус бүр 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 480 цагийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар тогтоож, ялыг биелүүлэхээс зайлсхийсэн бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Д.Мөнхцэцэг, О.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС