| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01126/И |
| Дугаар | 01045 |
| Огноо | 2016-08-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 01045
2016 оны 08 сарын 19 өдөр Дугаар 142/ШШ2016/01045 Орхон аймаг
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: “Булган мээж” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: “Бэрх Оньс” ХХК-нд холбогдох 1 875 159 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Булган Мээж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ “Бэрх Оньс” ХХК-ийн захирал З.Базарсад нь 2016 оны 02 дугаар сард манай байгууллагаас 1 875 159 төгрөгийн үнэ бүхий 40,3 тонн нүүрсийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор нүүрсний үнийг төлж барагдуулна хэмээн тохиролцож авсан. З.Базарсад нь тухайн тохиролцсон хугацаанд нүүрсний үнийг төлөөгүй бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр манай байгууллага дээр ирж 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор мөнгөө төлж барагдуулах тухай бичгээр баталгаа гаргаж өгсөн. Ийнхүү .Базарсад нь гаргаж өгсөн хугацаандаа нүүрсний үнэ болох 1 875 159 төгрөгийг төлж барагдуулаагүй тул тус мөнгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч “Бэрх Оньс” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай компани нь Булган аймгийн Дулаан ус хангамж НАА-н Булган Мээж ХХК-нд нүүрсний үнэ 1 875 159 төгрөгний өр төлбөртэй нь үнэн ба дээрх мөнгөнөөс 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 300 000 төгрөгийг төлж одоо 1 575 159 төгрөгний үлдэгдэлтэй байгаа ба дээрх мөнгийг 2016 оны 09, 10 дугаар сард дулааны борлуулалтын мөнгө орж ирэхээр бүрэн төлж дуусгана” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Булган мээж” ХХК нь хариуцагч “Бэрх оньс” ХХК-нд холбогдуулан 1 875 159 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1 875 159 төгрөгөөс 300 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, үлдэгдэл 1 589 159 төгрөгийг 2016 оны 09, 10 дугаар саруудад хувааж төлөхийг зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 44953 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 20188 төгрөг, төрийн сангаас 20188 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Булган мээж” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Бэрх оньс” ХХК холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагаас 300 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1589 159 төгрөгийг 2016 оны 09, 10 дугаар саруудад төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 44953 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 20188 төгрөг, төрийн сангаас 20188 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА