Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 207/МА2024/00042

 

 

 

 

 

\

 

    М.Н-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч 
   “Э” ТӨҮГ-т холбогдох 
иргэний хэргийн тухай

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Х, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 10...дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 
О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ20234/00... дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: М.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:ЭТӨҮГ-т холбогдох, 
Ажилгүй байсан хугацааны цалин 17.042.491 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийгЭТӨҮГ-т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг, 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, Ц.О нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв. 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, Ц.О, нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 
Э ТӨҮГ-т холбогдох М.Н миний нэхэмжлэлтэй иргэний хэрэг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар эцэслэгдэн шийдвэрлэгдэх хүртэл буюу түүнээс хойш 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Б/..... дугаартай тушаал гарах хүртэл хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 48.2 дахь заалтын дагуу 2019 оноос хойш 2023 оны 08 сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж хувийн зайлшгүй шаардлагатай хоногууддаа цалингүй чөлөө авч байсан хэдий ч 2023 оны 04 сарын 05-ны өдрийн үйлдвэрийн газрын Барилга засварын цехийн даргын албан бичиг ирэх хүртэл хугацаанд цалин хөлсөө авч ирсэн юм. Гэвч 2023 оны 04 сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 сарын 29-ний өдрийг хүртэл цалин хөлс зогсоож, ажил олгогчийн зүгээс ажлаар хангах үүргээ биелүүлээгүй ялгаварлан гадуурхалтыг бий болгосон. Энэхүү хугацаанд миний бие 2023 оны 06 сард 5 өдрийн буюу 40 цагийн цалингүй чөлөө авч 128 цаг, 2023 оны 0...сард 3 өдрийн буюу 24 цагийн цалингүй чөлөө авч 104 цаг, 2023 оны 08 сарын 29-ний өдрийг хүртэлх 160 цагийн цалин хөлс буюу 2023 оны 04, 05, 06, 0...саруудын 2023 оны 08 сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг минь үндэслэлгүйгээр олголгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 104.1-д Цалин хөлсийг сард 2-оос доошгүй удаа тогтсон өдөр олгоно гэсэн заалтыг зөрчсөн болно. Улмаар 2023 оны 04 сард 2023 оны 3 сарын ур чадварын нэмэгдэл, 2023 оны 05 сард Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 05 сарын 30-ны өдрийн А/... дугаар Ажилтнуудад нэмэгдэл олгох тухай тушаалаар нийт ажилтнуудад олгогдсон урамшуулал орж нийгмийн болон эрүүл мэндийн даатгал шимтгэл тухайн урамшууллуудаас төлөгдсөн байдаг төдийгүй 2023 оны 04, 05, 06, 07, 08 саруудад ногдох цалин хөлс олгогдоогүй учраас Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тасарч, надад ихээхэн хэмжээний сэтгэл санааны болон эдийн засгийн хохирол үүссэн ба энэ тухайгаа ажил олгогчид 2023 оны 04 сар, 2023 оны 06 сард чөлөө авахдаа мэдэгдэж, өргөдөлдөө дурдаж үйлдвэрийн газрын Дотоод хяналт мониторингийн хэлтсийн даргад амаар мэдэгдэж байсан ч шийдвэрлээгүй юм. Энэхүү удаан хугацаанд үргэлжилсэн үйлдлүүд нь үйлдвэрийн газрын ажилтан надад ихээхэн хэмжээний ажлын байрны дарамт шахалтыг бий болгоод зогсохгүй, ялгаварлан гадуурхсан үйлдэл нь урт хугацаанд үргэлжилсэн шүүхийн маргаан гэх мэт асуудлуудаас үүдэлтэй үйлдвэрийн Хуулийн хэлтэс, Хүний нөөцийн хэлтсийн удирдлагуудын хувийн үзэл санаанаас үүссэн гэж үзэж байгаа юм. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу М.Н- ажилд томилсон Б/..... дугаар тушаалыг Ерөнхий захирлын 2022 оны 11 сарын 17-ны өдрийн Б/.... дугаар тушаалаар хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэрийн дагуу М.Н- ажилд томилсон Б/..... дугаар тушаал хүчингүй болж, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан тул Цалин хөлс олговрын тухай журам-ын 4.2.11 дэх заалтад ажилтны ажил, албан тушаал өөрчлөгдөх тохиолдолд ажилтныг ажилд гаргахгүй бөгөөд цалин хөлс тооцогдохгүй гэж заасны дагуу цалин хөлсийг нь зогсоосон гэж тайлбарлаж байгаа төдийгүй үйлдвэрийн газрын зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэн М.Нд өөрт сул байгаа, адил чанарын ажлын байранд ажиллах саналыг удаа дараа хүргүүлсэн боловч М.Н уг саналыг хүлээн зөвшөөрөөгүй 5 сар болж улмаар ерөнхий захирлын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/..... дугаар тушаалаар түүнийг БЗЦ-ийн хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулахаар шийдвэрлэсэн. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48.2 Хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй., 48.3. Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэсэн хуулийн заалтаас давсан журмын заалт хэрэгжих ёсгүй юм. Иймд надад учруулсан 2023 оны 4, 5, 6, 7, 8 саруудын цалин хөлсний хохирол болох 16,045,969 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 124.1-д заасны дагуу надад олгогдох ёстой байсан цалин хөлсний алданги болох 996,521 төгрөг, нийт 17,042,491 төгрөгийг гаргуулан олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тасарсан болон бүрэн төлөгдөөгүй саруудад ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 207/МА2022/0000...дугаартай магадлал хэзээ яаж биелэгдэв гэдэг дээр дүгнэлт өгөх шаардлагатай байх. Энэ магадлал нь Э ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/..... дугаартай өөр ажилд ажиллуулах тухай тушаалаар биелэгдсэн гэдгийг асуулт хариултын шатанд хариуцагч тал 100 хувь хүлээн зөвшөөрлөө. Мөн сая хавтаст хэрэгт нотлох баримтаар шинжлэн судалсан Э ТӨҮГ-ын 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 117/... дугаартай хариу хүргүүлэх тухай хуулийн хэлтсийн дарга Х.Б-ын албан бичгээр тогтоогдож байна. Тус албан бичиг дээр магадлалын биелэлт бүрэн хангагдаж, нэхэмжлэгч М.Н- адил чанарын ажил албан тушаал болох Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн энэ баримтаар тогтоогдож байна. Энэ баримт дээрээс анхаарал татаж байгаа 2 гол чухал зүйл нь 1 дүгээрт магадлал бүрэн хангагдаж биелэгдсэн гэдгээ тодорхойлж өгсөн байна, 2 дугаарт М.Н- адил чанарын ажил албан тушаал болох Барилга засварын цехийн хүний нөөцийн товчоонд хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон гэдэг нь тогтоогдож байна. Хариуцагч тал 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Б/..... дугаартай Э ТӨҮГ-ын ерөнхий захирлын тушаалаар М.Н- өөр ажилд ажиллуулах тухай тушаал албан ёсоор гаргасан. Энэ тушаалын үндэслэх хэсэгт анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүгдийг нь биелүүлж байгаа гэдгээ дурдаад ажилд томилсон. Ажил олгогч магадлалыг яагаад түргэн шуурхай хугацаанд биелүүлсэнгүй вэ гэдэг ийм шалтгаан гарч байгаа. Энэ тушаалынхаа хэрэгжилтийг хангаад 3,106,500 төгрөгийн цалинтай, хүний нөөцийн товчоонд хүний нөөцийн мэргэжилтэн гэдэг ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээг байгуулсан байна. Энэ хөдөлмөрийн гэрээ, тушаал нь 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 117/... гэсэн хариу албан бичгээр магадлалыг бүрэн биелүүлж ирүүлж, хариуцагч тал М.Н- адил чанарын адил нөхцөл бүхий ажлын байран дээр томилжээ гэдэг ийм үйл баримт маргаангүй тогтоогдож байна. Үүнтэй холбогдуулаад яагаад магадлалыг ингэж их сунжруулж биелүүлэхгүй, 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл энэ хүнийг ингэж тарчлаан зовоов гэдэг шалтгаан нөхцөл, асуудал яригдана. Хавтаст хэрэгт авагдсан хэд хэдэн баримтууд гарч ирж байна. Э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн дарга М.Т-ийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 40/141 дугаартай Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.О-т явуулсан албан бичиг байна. Уг албан бичигт ажлын багаж, техник хэрэгсэл, үйл ажиллагааг нь хүлээлцэхгүй, Цалин хөлс олгох тухай журмын 4 дүгээр зүйлийн 4.2.11-ийг дурдаад, ажлыг нь хийлгэхгүй байх бүх талын арга хэмжээ авах талаар явуулсан байсан. Хариуцагч тал 2023 оны 4 дүгээр сараас эхлээд М.Н- ажлын байран дээр ажил үүргээ зохих ёсоор биелүүлэх боломж нөхцөлийг бүх талаар нь хааж хязгаарласан байна. Э ТӨҮГ-ын Цалин хөлс олговрын тухай журмын 4 дүгээр зүйлийн 4.2.11 дэхь заалтыг барьж бие бие рүүгээ яг ийм байдлаар албан тоотуудыг явуулаад ажилтны ажиллах, эрх үүргээ хэрэгжүүлэх боломжийг нь хязгаарласан ийм үйл баримт саяны дурдсан нотлох баримтуудаар хөдөлгөөнгүй тогтоогдож байна. Тэгэхээр цалин хөлсийг нь олгохгүй, ажиллах нөхцөлөөр нь хангаагүй, бүх талаар нь хязгаарласан ийм буруутай үйлдэл нь хэний буруутай үйлдэл юм?, М.Н-ийн буруутай үйлдэл гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Ажил олгогч үүнд буруутай ийм үйл баримт тогтоож байна. Нөгөө талдаа ажил үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болчихсон нөхцөл байдлын зэрэгцээ харин ч эсрэгээрээ М.Н нь бүх нөхцөлийг нь хязгаарласан байхад хүртэл ажил үүргээ хийж гүйцэтгэх, өөрийнхөө хэмжээнд боломжит бүх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ийм үйлдэл баримтууд нь нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Инженер техникийн ажилтны өдөр тутмын ирцийн бүртгэл дээр 4 дүгээр сарын 6-ны өдрөөс ирцээ бүртгүүлээд явж байсан гэдэг нь харагдаж байна. Хариуцагч тал дотроо бие бие рүүгээ албан бичиг явуулж хөдөлмөрлөх нөхцөлийг бүгдийг нь хязгаарласан ч гэсэн ч ажил дээрээ ирээд бүртгэлээ хийлгүүлээд явж байсан ийм үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл баримтыг хариуцагч тал үгүйсгэн няцаасан нэг ч нотлох баримт гаргаж өгсөнгүй. Э ТӨҮГ-ын 2023 оны 0...дугаар сарын 07-ны өдрийн 117/... дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгээр 2023 оны 5 дугаар сарын цалингийн хуудасны хүснэгтэд нийт олгогдох урамшуулал 2,848,781 төгрөгөөс суутгагдаад 2,058,131 төгрөгийг олгочихсон байна гэж нэхэмжлэгчид албан тоотоор ирүүлсэн. Өөрөөр хэлбэл 5 дугаар сард цалин ороогүй. Гэтэл 5 дугаар сард урамшуулал олгосон. Ажил олгогч ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж байсныг хүлээн зөвшөөрөөд урамшуулал олгоод явж байсан нь хөдөлгөөнгүй тогтоогдож байна. Ийм баримтууд тогтоогдсоор байтал М.Н өөрөө сайн дураараа ирээд ажлын байран дээрээ байгаад байсан мэт үндэслэлгүй тайлбар хэлж байгааг шүүх хүлээн авах боломжгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй тайлбар байна гэж хариуцагчийн тайлбарыг үгүйсгэн няцааж байна. Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн НДШ төлөлтийн талаар тодорхойлолтыг шинжлэн судлагдлаа. Энэ баримт дээр хэд хэдэн сарын НДШ-ийг төлсөн, хэд хэдэн сараар төлөөгүй орхигдуулсан ийм үйл баримт байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу ажилтан ажил олгогчоос чөлөө авах хүсэлтээ гаргаад, түүнийх нь дагуу Барилга засварын цехийн дарга М.Т тодорхой цаг хугацаанд 3 тохиолдлоор чөлөө олгоод явж байсан үйл баримт байна. Энэ баримт дээр ямар ажлын байран дээр байгаа, хэнд, ямар чөлөө олгоод байгаа юм бэ? Гэдэг нь маш тодорхой дурдагдсан байна. Ажиллаж байгаа ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байгаа учраас чөлөө авахтай холбоотой хүсэлтийг нь хүлээж аваад шийдвэрлээд чөлөө олгоод явсан байна. Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил үүргээ гүйцэтгэж НДШ-ийг төлж байсан урамшуулал олгож байсан, цалин олгож байсан, чөлөө олгож байсан ийм үйл явдлуудаар бүхэлдээ тогтоогдож байна гэж үзэж байна. Маргааны гол нөхцөл байдал болоод байгаа зүйл буюу Цалин хөлс олгох тухай журмын 4 дүгээр зүйлийн 4.2.11-ийг барьж тайлбарлаж байна. Уг журамд үйлдвэрийн газрын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөх болон ажилтны ажил албан тушаал өөрчлөгдсөн тохиолдолд гэж байгаа. Өөрөөр хэлбэл ажилтны ажил албан тушаалд өөрчлөгдсөн тохиолдолд хэрэгжих заалт байхгүй юу?. М.Н-ийн ажил албан тушаалыг яаж өөрчилсөн юм, хэрхэн өөрчилсөн юм, магадлалыг ингэж бид нар бүрэн биелүүллээ гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн. Тэр магадлал нь 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр биелэгдсэн. Сая хариуцагч талаас асуулт хариултын шатанд нэхэмжлэгчийг ажил хуваарилагч, гэсэн албан тушаал дээр томилсон байгаа юм уу? Гэхээр ...үгүй гэж байна. Тушаал гаргаагүй байж хөдөлмөрийн гэрээ байгуулъя гэж шаардах ямар эрх зүйн үндэс байхгүй. Тушаал гаргаагүй байж яаж хөдөлмөрийн гэрээ байгуул гэж шаардах юм. Хариуцагч ойролцоо ажлын байр гэж яриад байгаа, ойролцоо ажлын байр гэж хаана ямар хуулийн заалт байдаг юм. Магадлалд ойролцоо ажлын байран дээр томил гэж байхгүй. Магадлалын агуулга, хуулийн заалтыг хариуцагч тал өөрсдийнхөө дураар тайлбарлаад, чи энэ ажил хуваарилагч дээр дуугүй амаа хамхиад ажиллавал ажил, ажиллахгүй бол боль гэсэн ийм л санал тавьж байсан. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогч, ажилтан хоёрын сайн дурын үндсэн дээр байгуулдаг. Адил албан тушаалыг санал болгоогүй учраас тэрийг эс зөвшөөрөөд хүний нөөцийн мэргэжилтнээр томилогдох ёстой гээд маргасан маргаан. Өмнөх тушаалыг хүчингүй болгосноос хойш ажлын байр санал болгоогүй. Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг яагаад түргэн шуурхай биелүүлж болоогүй юм. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн ийм дүгнэлт гаргаж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариуцагч талаас гаргасан тайлбартаа шүүхийн шийдвэр гарснаас хойш шүүхийн шийдвэр биелэгдэх хүртэл хугацаанд цалинг нь яагаад олгох боломжгүй байсан талаар тайлбарлахдаа хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ байгаагүй учраас цалин олох боломжгүй байсан гэдэг тайлбарыг хэлж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэсэн хуулийн заалт байдаг. Энэ хугацаанд М.Н ажил үүргээ гүйцэтгэж байсан байна гэдэг нь сая шинжлэн судлагдсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. 1 дүгээрт мөнгөн урамшуулал олгогдоод аваад явсан. 2 дугаарт нийгмийн даатгалын шимтгэл төлөлт 5 сар хүртэл төлөгдсөн. Мөн 6, ...дугаар саруудад чөлөө олгож байсан чөлөөний хуудаснууд байгаа. Мөн инженер техникийн ажилтнуудын ирцийн бүртгэл дээр М.Н өглөө, орой бүртгүүлээд ажлаа хийгээд явж байсан гэдэг нь нотлогдож байгаа. Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний зөвлөмж, дүгнэлт гаргах хуралд М.Н төлөөлөгчөөр оролцоод явж байсан гэдэг нь хангалттай тодорхой харагдаж байгаа. Ийм учраас хариуцагчийн татгалзал нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, Ц.О нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 
М.Н-ийн нэхэмжлэлтэй Э ТӨҮГ-т холбогдох Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/..... дугаартай тушаалыг хүчингүй болгож, хариуцагчаас баталсан хүчин төгөлдөр хуваарийн дагуу Э ТӨҮГ-ын Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргахыг даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ...дугаар магадлалаар Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 06 сарын 03-ны өдрийн Б/..... дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Н- адил чанарын өөр ажил, албан тушаалд томилохыг Э ТӨҮГ-т даалгасугай гэж шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу М.Н- ажилд томилсон Б/..... дугаар тушаалыг Ерөнхий захирлын 2022 оны 11 сарын 17-ны өдрийн Б/.... дугаар тушаалаар хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэрийн дагуу М.Н- ажилд томилсон Б/..... дугаар тушаал хүчингүй болж, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан тул Цалин хөлс олговрын тухай журам-ын 4.2.11 дэх заалтад ...ажилтны ажил, албан тушаал өөрчлөгдөх тохиолдолд ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулах ба хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй тохиолдолд ажилтныг ажилд гаргахгүй бөгөөд цалин хөлс тооцогдохгүй гэж заасны дагуу цалин хөлсийг нь зогсоосон. Үйлдвэрийн газрын зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэн М.Нд өөрт сул байгаа, адил чанарын ажлын байранд ажиллах саналыг удаа дараа хүргүүлсэн боловч М.Н уг саналыг хүлээн зөвшөөрөхгүй 5 сар болж улмаар Ерөнхий захирлын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/..... дугаар тушаалаар түүнийг Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулахаар шийдвэрлэсэн. Дээрх ажил олгогчоос санал болгосон ажлын байрны саналыг М.Н хүлээн аваагүй хугацаанд түүнтэй байгуулсан хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ байхгүй байсан тул түүний цалин хөлсийг ажил олгогчийн зүгээс олгох боломжгүй юм. Мөн М.Н-ийн гомдолдоо дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх заалтад заасан алданги нь ажил олгогчоос шалтгаалан цалин хөлсийг хугацаанд нь олгоогүйгээс үүсэн гарах нөхөн олговор бөгөөд дээрх тохиолдолд ажил олгогчоос шалтгаалсан зүйл байхгүй тул энэхүү алданги болон цалин хөлсийг олгох үндэслэлгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
Шүүхийн шийдвэрийн дагуу М.Н- ажилд томилсон Б/..... дугаар тушаал хүчингүй болж, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан тул Цалин хөлс олговрын тухай журмын 4.2.11 дэх заалтад ...ажилтны ажил, албан тушаал өөрчлөгдөх тохиолдолд ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулах ба хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй тохиолдолд ажилтныг ажилд гаргахгүй бөгөөд цалин хөлс тооцогдохгүй гэж заасны дагуу цалин хөлсийг нь зогсоосон. Үйлдвэрийн газрын зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэн М.Нд өөрт сул байгаа, адил чанарын ажлын байранд ажиллах саналыг удаа дараа хүргүүлсэн боловч М.Н уг саналыг хүлээн зөвшөөрөхгүй 5 сар болж улмаар ерөнхий захирлын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/..... дугаар тушаалаар түүнийг Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулахаар шийдвэрлэсэн. Дээрх ажил олгогчоос санал болгосон ажлын байрны саналыг М.Н хүлээн аваагүй хугацаанд түүнтэй байгуулсан хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ байхгүй байсан тул түүний цалин хөлсийг ажил олгогчийн зүгээс олгох боломжгүй юм. Мөн М.Н-ийн гомдолдоо дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан алданги нь ажил олгогчоос шалтгаалан цалин хөлсийг хугацаанд нь олгоогүйгээс үүсэн гарах нөхөн олговор бөгөөд дээрх тохиолдолд ажил олгогчоос шалтгаалсан зүйл байхгүй тул энэхүү алданги болон цалин хөлсийг олгох үндэслэлгүй байна. М.Н-ийн нэхэмжлэлийн шаардлага нь анхнаасаа хүний нөөцийн мэргэжилтнээр томилохыг даалгах байсан. Гэтэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр нь М.Нд адил чанарын өөр ажил албан тушаалд томилохыг Э ТӨҮГ-т даалгасан. Тэгээд Э ТӨҮГ нь энэ шийдвэрийн дагуу М.Нд адил чанарын албан тушаалыг удаа дараа санал болгосон. М.Н энэ хугацаанд өөрийнхөө төлөө явахгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байхад Э ТӨҮГ нь яаж энэ хүнд цалин хөлс олгох байсан юм. Энэ хугацаанд цалин хөлс олгох эрх зүйн үндэслэл байсан юм уу. Энэ нь Э ТӨҮГ-аас шалтгаалсан цалин хөлс олголт, зогсоосон зүйл биш. Яагаад гэвэл М.Н гэдэг хүн өөрийнхөө төлөө явахгүй, өөрөө шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан. М.Н- хүний нөөцийн мэргэжилтнээр ажилла гэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр өнөөдөр хаана байгаа юм, хаана ч байхгүй. М.Н нь ажил санал болгож байгаа албан бичгийг хүлээж авахгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас удаа дараа Э ТӨҮГ-ыг шүүхийн шийдвэрийг биелүүл гэсэн албан бичиг ирээд байсны дагуу М.Н-ийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүй, эрхийг нь зөрчихгүй, хохироохгүйн тулд Э ТӨҮГ удирдлагуудын түвшинд яриад арга зам хайж, олон судалгаа хийж байж өөртөө хохирол үүсгэж байж Барилга засварын цех 200 гаруй ажилтантай бүтцийн нэгжид 3 хүний нөөцийн мэргэжилтэний орон тоо гаргаж ажиллуулсан. Хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан хугацаанаас хойш Э ТӨҮГ нь нэг ч өдөр М.Н-ийн цалинг нь удаашруулсан, зогсоосон, хоцроосон тийм асуудал байхгүй. М.Н өөрөө хөдөлмөрийн гэрээгээ байгуулахгүй, тухайн ажлын саналыг хүлээж авахгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан учраас Э ТӨҮГ-аас яалт ч үгүй цалинг зогсоохоос өөр ямар ч арга байхгүй байсан. Дээрээс нь хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ байхгүй, хүчин төгөлдөр тушаал байхгүй, ажил үүрэг гүйцэтгэдэггүй ийм хүнд ямар хуулийн дагуу, ямар үндэслэлээр цалин хөлсийг нь тооцож олгох ёстой байсан юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
2019 оны 3 дугаар сард Засгийн газрын тогтоолоор Э ХХК-ийн статус өөрчлөгдөж Э ТӨҮГ болсон. Тухайн үеэс эхлүүлээд Р ХХК Барилга засварын цех болж, Э ТӨҮГ-ын нэг бүтцийн нэгж болсон. Р ХХК байх үед нь М.Н нь Захиргаа хүний нөөцийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан, үндсэн ажлын байран дээр ажиллаж байгаагүй. О аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн ...дугаар магадлалаар М.Н- Э ТӨҮГ-ын Барилга засварын цехэд адил чанарын өөр ажилд ажиллуул гэсэн шийдвэр гарсан. Үүний дагуу Э ТӨҮГ шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэж нэлээн явсан. Гэхдээ яагаад энэ хүнийг хүний нөөцийнх нь албанд ажиллуулав гэдэг нь учиртай. Бүх бүтцийн нэгжүүд бүтэц орон тооны хуваарьтай, хязгаартай байдаг. Хэчнээн хүн ажиллуулах вэ?, ямар хүмүүсийг ажиллуулах вэ? Гэх мэт шалгууртай. Барилга засварын цех дээр 2 хүний нөөцийн ажилтан ажиллуулахаар байсан. Энэ орон тоонд Ч, Б гээд 2 хүн ажиллаж байсан. Ингээд М.Н шүүхэд маргаан үүсгээд явсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалаас хойш М.Н бараг нэг ч ажил хийгээгүй. Яагаад гэхлээр би хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллах ёстой гэдэг гомдол маргааныг шүүхэд болон Э ТӨҮГ-ын удирдлагад гаргаж байсан. Ингээд ажил хуваарилагчийн ажил хий гэж манайх албан бичгээр 2 удаа, биеэр ч уулзаж санал тавьж байсан боловч хүний нөөцийн ажилтан гэсэн албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээ байгуулна гээд ажил хуваарилагч гэсэн албан тушаалын хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураагүй. Ийм маягаар бараг ажил хийхгүй 2-3 жил явсан. Харин тухайн үед ажил олгогчийн зүгээс цалинг нь олгосон, дээрээс нь юу ч хийгээгүй байхад нь үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалинг тус тус олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-д Гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг ажилтанд өгөх ёстой гэж заасан байдаг. Харин 1, 2, 3 дугаар сарын цалин хөлсийг олгоод явсан. 4, 5, 6, 7, 8 дугаар сард ажил үүрэг гүйцэтгээгүй байхад нь цалин хөлс олгох ямар ч үндэслэл байхгүй. М.Н нь хэл ам гаргаад ажил хийдэггүй, цалингаа аваад явж болдог юм байна гэсэн муу үлгэр дуурайллыг бусад ажилчдад үзүүлж байна. Барилга засварын цех 2 хүний нөөцийн орон тоотой байсныг одоо 3 орон тоотой болгосон. Энэ хүнд зүгээр цалин өгч байхаар ажил хийлгэж цалинг нь өгье гэдэг үүднээс хүний нөөцийн нэг орон тоо бий болгоод 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/..... дугаартай тушаалаар нөгөө хүсээд байсан ажлынх нь байрыг бий болгож томилсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т Ажил үүргээ биечлэн үнэнчээр өөрийгөө дайчлан зохих ёсоор гүйцэтгэх, 42.2.-т Ажлын цагаар гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах гэж байгаа. Нэхэмжлэгчид хийсэн ажлаа тайлагнах гэхээр хийсэн ажил байхгүй. Харин ч ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч гэсэн цалинг нь өгөөд явж байсан. Хуулийг буруугаар хэрэглэж, ажлаас нь үндэслэлгүй халаад ажилд нь эгүүлэн тогтоогоод цалин хөлс өгч байгаа бол хамаа алга. Ажил үүргээ гүйцэтгээгүй учир цалин хөлс нөхөж олгох үндэслэл байхгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлал дээр хүний нөөцийн мэргэжилтэн гэх нэг ч өгүүлбэр байхгүй байгааг та бүхэн сая харлаа. Нэхэмжлэгч талаас нотлох баримт судлуулах явцад хүний нөөцийн мэргэжилтэн гэдэг зүйлийг дандаа дурдуулж байна. Анх Р ХХК байх үед хүний нөөцийн мэргэжилтэн гэж явж байсан. Энэ нэршлээр программ дээр орсон байх. Анхнаасаа энэ мэргэжлээр ажиллаагүй, хүний оронд хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчийн ажил хийдэг байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2023/00... дугаар шийдвэрээр:
Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 12...дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагчЭТӨҮГ-аас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 15,532,500 /арван таван сая таван зуун гучин хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Нд олгож, уг цалин хөлснөөс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож төлөхийг хариуцагчЭТӨҮГ-т даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,509,991 /нэг сая таван зуун есөн мянга есөн зуун ерэн нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5...дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ...дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,052 /хоёр зуун дөчин таван мянга тавин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 235,612 /хоёр зуун гучин таван мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Нд олгож шийдвэрлэжээ. 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, Ц.О нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
“Э’’ ТӨҮГ нь О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 207/МА2022/0000...дугаар шийдвэрийн дагуу нэхэмжлэгч М.Нд өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалтай адил чанарын ажил, албан тушаалыг 2022 оны 08 болон 09 дүгээр саруудад санал болгож байсан. Гэтэл нэхэмжлэгч нь уг саналыг хүлээн аваагүй, ажлын байрандаа ирдэг боловч ажил, үүрэг гүйцэтгээгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1-д “ажил олгогчтой сайн дурын үндсэн дээр ходолмөрийп гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах”, 42.1.3-д “гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин холс авах”. 42.2.2-д “хөдөлмөрийн хууль тоггоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр. Хөдөлмөрийн гэрээ. Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагииг оаримтлах, ажлын цагииг гагцхүү ажил үүргээ гүицэтгэхэд зарцуулах” гэж заасан ба М.Н нь оороо ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажил үүрэг гүйцэтгээгүй тул түүний хөлсийг зохих хугацаанд олгоогүй болно. Хавтаст хэрэгт М.Н-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод ажил олгогчоос 2023 оны 04 дүгээр сард 231,818 төгрөг, 2023 оны 05 дугаар сард 2,848,781 төгрөг олгосон байхад анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сараас 08 дугаар сарыг дуустал хугацааны цалин хөлсийг бүрэн олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2024/00... дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу М.Н-ээс гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. 
Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4. дэх хэсэгт заасан үндэслэлээр хянав.
Нэхэмжлэгч М.Н нь хариуцагчЭТӨҮГ-т холбогдуулан 2023 оны 4-8 дугаар сарын хугацаанд олгогдох ёстой цалин 16.045.969 төгрөг алданги 996.521 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчЭТӨҮГ зөвшөөрөхгүй маргажээ.
Нэхэмжлэгч М.Н ньЭТӨҮГ-ын барилга засварын цехийн захиргаа хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байгаад тус үйлдвэрийн ерөнхий захирлын 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/..... дугаар тушаалаар тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөн ба тэрээр шүүхэдЭТӨҮГ-ын захирлын 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/..... дугаар тушаалыг хүчингүй болгож Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна. 
О аймгийн Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн ...дугаар магадлалаарЭТӨҮГ-ын захирлын 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/..... дугаартай тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгч М.Н- адил чанарын өөр ажил албан тушаалд томилохыгЭТӨҮГ-т даалгаж шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд хариуцагчЭТӨҮГ нь шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч М.Н- 2022 оны 8,9 дүгээр сард албан бичгээр Барилга засварын цехийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэсгийн ажил хуваарилагчийн ажил албан тушаалд ажиллахыг санал болгосон боловч нэхэмжлэгч М.Н нь өмнөх ажилтай адил чанарын ажил албан тушаал биш гэж хүлээн авахаас татгалзсан тул талуудын хооронд тохиролцоонд хүрээгүй учраас хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, тушаал шийдвэргүй ажиллаж цалин хөлс авч байсан ба 2023 оны 4 дүгээр сараас нэхэмжлэгч М.Нд олгож байсан цалин хөлсийг зогсоосон, хариуцагчЭТӨҮГ-ийн захирлын 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/..... дугаар тушаалаар М.Н- Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилж, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулснаар талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн зэрэг үйл баримт тогтоогджээ.
Нэхэмжлэгч М.Н нь хариуцагчЭТӨҮГ нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаанд ажилгүй, цалин хөлс аваагүй болох нь тогтоогдсон тул ажилгүй байсан хугацаанд хүний нөөцийн мэргэжилтний үндсэн цалин хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн тооцооны хуудсаар 3.106.500 төгрөг байх ба шүүх энэ үндсэн цалингаар тооцож ажилгүй байсан 4-8 дугаар сарын цалинг хариуцагчаас гаргуулж олгохоор шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 12...дугаар зүйлд “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эргүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно”, хариуцагч байгууллага нэхэмжлэгч М.Нд 2023 оны 4,5 дугаар сарын цалин олгосон байхад шүүх давхардуулан гаргасан гэсэн гомдол үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан тооцооны хуудсаар 4,5 дугаар сард олгосон мөнгө нь цалин биш урамшууллын хөлс /АҮД-ийн урамшуулал, А/... дугаар тушаал/ болох нь тогтоогдсон байна. 
Нэхэмжлэгч М.Н-ийн хариуцагчаас алданги гаргуулахаар шаардсан шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1. дэх заалтанд хамаарахгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй байна. 
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул хариуцагчЭТӨҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, Ц.О нарын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16...дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2023/00... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, Ц.О нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 235.312 төгрөгийг Төрийн сангийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16...дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119....дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.