| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0112/Э |
| Дугаар | 115 |
| Огноо | 2019-04-30 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 115
2019 04 30 2019/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Б.Догмиддорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч Л.А нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт Л.Ат холбогдох эрүүгийн 1921001360066 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1975 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, ................................оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, .................. регистрийн дугаартай, Бодонгууд овогт Л.А.
Шүүгдэгч Л.А нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Буянт-Өндөр” гэх газарт иргэн Л.Батжаргалын хоттой хониноос мал хулгайлахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч Л.Батжаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Эгч бид хоёр хөдөө гэртээ ирээд арц утлагаар гэрээ утаад байж байхад 02 цагийн орчимд гадаа машин дуугарах шиг болохоор нь би гэрээс гараад харахад гэрэл гэгээ харагдахгүй мөн машины дуу сонсогдохгүй болохоор нь буцаад гэрт ороод байж байхад 20 орчим минутын дараа манай нохой хуцсан, тэгэхээр нь би гэрээс гарахад манай хонь хашаандаа үргэж байсан. Тэгээд хонины хашааны үүд хавиас нэг хүн гараад цааш гүйсэн, тэгэхээр нь би тэр хүнд хандаж хөөе зогс гэж хашгирсан. Тэгэхэд зогсохгүй гүйхээр нь би гэр рүү орж өөрийнхөө “сайга” маркийн бууг авч гараад дээш нэг удаа буудаж дуу гаргасан. Тэгээд гэр рүү орж хувцсаа өмсөж байхдаа чимээ чагнахад машины дуу гарсан, тэгээд машин хойшоо гэрэл асаалгүй яваад байсан. ...би ганцаараа тэр машин явж байгаа зүгт чимээг нь сонсоод мотоциклтой дагаж явахад гар утасны сүлжээ орох газарт нөгөө машин цасанд суусан бололтой өндөр хааз гаргаж дуугараад байхаар нь эхнэр Эрдэнэтуяа руу залгаж цагдаа дууд гэж хэлээд нөгөө машинаа алсаас манаад байж байхад цагдаа нар ирэхээр нь тэр машин руу очиход машин нь цасанд суусан байдалтай байсан машинаас манай дүү Отгоны нөхөр Л.А, Алтансэлэм нар гарч ирсэн. Би тэр машины дууг сонсоогүй, мөн гэрээс гараагүй бол Л.А, Алтансэлэм нар хулгай хийх байсан байх. Манайхаас мал дутаагүй. ...Миний хувьд гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/
Гэрч Г.Алтансэлэм мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Л.А /Амгалан гэж дууддаг гэх/ ах бид хоёр авсан архиа хувааж ууж байхдаа би “дүүгийнх нь эхнэр төрөх гээд аймаг явсан байгаа, дүүд нь шөлний хонины хэрэг байна, та хонь олоод өгчих” гэсэн чинь Л.А ах “ахынх нь хэдэн юм байгаа хоёулаа тийшээ очъё ах нь чамд аваад өгье” гэсэн. Ингээд Л.А ах бид хоёр баруун тийш яваад хөдөө нэг айлын ойролцоо очиход Л.А ах “одоо ингээд зогсчих ах нь явган очоод ирье” гэхээр нь би машинаа айлын зүүн хойд талд 200-300 орчим метрийн зайд зогсооход Л.А ах ганцаараа машинаас буугаад явсан тэгээд нээх удаагүй буцаад гүйж ирээд “Батжаргал ах дээгүүр буудаж байна” гэж хэлсэн. Тэгээд би машинаа асаагаад шууд хойшоо давхисан, ингээд засмал замын ойролцоо машин хунгар цасанд ороод суусан. Л.А ах бид хоёр машинаа гаргах гээд ноцолдож байхад цагдаагийнхан ирж бид хоёрыг барьсан. Л.А ах хонь авч өгнө гээд явсан, яг хаанаас хонь авах гээд байгааг нь мэдээгүй. Л.А ах хадмынхаасаа авна гэж яриагүй. Би Л.А ахыг айлын ойролцоо очиж зогсоод ганцаараа яваад буун дуу гарлаа гэхэд нь хулгай хийх гэж байна гэж мэдсэн, түүнээс өмнө хулгай хийх гэж байгааг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8/
-Гэрч Л.Отгоны мэдүүлэг /хх-ийн 12/
-Шүүгдэгч Л.Аын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Л.А нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Буянт-Өндөр” гэх газарт оршин суух хохирогч Л.Батжаргалын хашаатай хониноос хонь хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Л.Аын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Алтансэлэмийг дагуулж хадам ах Батжаргалын гэрийн ойролцоо очоод Алтансэлэмийг машинаа унтраа гэж хэлээд би ганцаараа явган алхаж хадам ах Батжаргалын хашаатай байсан хонинд очоод байж байхад хадам ах Батжаргал гарч ирээд хөөе гэж дуудахаар нь би буцаад гүйж явахад Батжаргал ах буун дуу гаргахаар нь би машинд очиж суугаад цааш хөдлөөд явж байгаад замын хунгар цасанд машин сууж машинаа гаргах гээд байхад цагдаа нар ирж Алтансэлэм бид хоёрыг барьсан...” гэж /хх-ийн 23-24/, түүнийг давхар нотолсон хохирогч Л.Батжаргалын өгсөн: “... хонины хашааны үүд хавиас нэг хүн гараад цааш гүйсэн, тэгэхээр нь би тэр хүнд хандаж хөөе зогс гэж хашгирсан. Тэгэхэд зогсохгүй гүйхээр нь би гэр рүү орж өөрийнхөө “сайга” маркийн бууг авч гараад дээш нэг удаа буудаж дуу гаргасан. ... Би тэр машины дууг сонсоогүй, мөн гэрээс гараагүй бол Л.А ... хулгай хийх байсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/, гэрч Г.Алтансэлэмийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.А ах хонь авч өгнө гээд явсан, яг хаанаас хонь авах гээд байгааг нь мэдээгүй. Л.А ах хадмынхаасаа авна гэж яриагүй. Би Л.А ахыг айлын ойролцоо очиж зогсоод ганцаараа яваад буун дуу гарлаа гэхэд нь хулгай хийх гэж байна гэж мэдсэн, түүнээс өмнө хулгай хийх гэж байгааг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэжээ.
Шүүгдэгч Л.А нь бусдын хашаатай хониноос хонь хулгайлахаар шууд чиглэсэн санаатай үйлдэл хийсэн боловч хохирогчийн “хөөе зогс” гэж бахирч, хий буун дуу гаргаснаар шүүгдэгч Л.Аын үйлдэл таслан зогсоогдсон болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Л.Ат холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокуророос зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэхийг завдсан болон түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдвал зохино.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Л.Аын .................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бодонгууд овогт Л.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Л.Ат тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Л.Ат мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгчид авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Л.Аын ................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР