Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 207/МА2024/00043

 

 

 

 

 

2024 04 25 207/МА2024/00043

 

 

ФХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч УХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Х, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2024/00172 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ФХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: УХХК-д холбогдох,

Барааны үлдэгдэл төлбөр 34.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А- /цахим/, нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ФХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Укомпанитай бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажилласан бөгөөд бид гэрээний дагуу бараа бүтээгдэхүүнээ нийлүүлсэн. Манай байгууллагад урьдчилгаа 20,000,000 шилжүүлсэн. Түүнээс хойш бид үлдэгдэл төлбөрөө нэхэж залгасан боловч захирал нягтлан нь утсаа авахгүй, оффис нь олдохгүй байна. Иймд УХХК-иас үлдэгдэл төлбөр болох 34,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч УХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Маргасан зүйлгүй, тооцоо нийлсэн актаар 242 сая м.куб байгаа, хариуцагч талаас 20.000.000 төлсөн, үлдэгдэл төлбөр байгаа. 270 м.куб үүний 49.642.000 төгрөгөөс 29.642.000 төгрөг төлөх ёстой гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2024/00172 дугаар шийдвэрээр:

Хариуцагч УХХК-иас гэрээний үүрэг 34.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ФХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч 327.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч УХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 327.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ФХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

2024.01.18-ны өдрийн шүүх хуралдаан дээрх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг үндэслэн УХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүх руу шилжүүлэх хүсэлт гаргасан боловч тус хэргийг хэргийн харьяаллын дагуу шилжүүлэхгүйгээр шийдвэрлэж байгаа нь тус хуулийг илт зөрчиж хариуцагчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий гарсан гэж үзэх боломжгүй. Шийдвэрийн 4-т ... гэдэг тайлбар зэргээр үгүйсгэгдэж байна гэжээ Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний талуудын хооронд байгуулагдсан 2023.08.18-ны өдрийн тооцоо нийлсэн актын дагуу төлөх төлбөрийг төлөх боломжтой талаар дурьдсан бөгөөд бидэнд нийлүүлээгүй хөөсөнцөр хавтанг аваагүй гэдгээ бид нотлох бүрэн боломжгүй байхад нотлох үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн буруутгаж байгаа нь шүүх нотлох баримтыг тал бүрээс бодитой үнэлж дүгнэх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй юм. Иймд өөрийн харьяалан шийдвэрлэх биш маргааныг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Давах гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд ... УДШ-ийн тогтоолд зааснаар баталгаат шуудангаар илгээсэн бол заасан хаягт хүргэгдсэн тухай шуудангийн дардаст тэмдэглэгдсэн өдрөөр хүргүүлсэн хугацааг тоолно хэмээн заасан байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг Монгол шуудангаас 2024.02.19-ний өдөр гардуулсан юм. Жич: шүүх хуралдаан дээр нэмэлт хууль зүйн үндэслэл бүхий тайлбар гаргах болно гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч ФХХК нь хариуцагч УХХК-д холбогдуулан Барааны үлдэгдэл төлбөр 34.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг хариуцагч УХХК-иас гэрээний үүрэг 34.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ФХХК-д олгож шийдвэрлэжээ.

2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч ФХХК нь хариуцагч УХХК-тай 270 м 3 хөөсөнцөр хавтан худалдах, худалдан авах гэрээ байгуулан 54.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, урьдчилгаанд 20.000.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр 270 м3 хөөсөнцөр хавтанг нэгж үнийг 200.000 төгрөгөөр тооцож нийлүүлэхээр тохиролцсон боловч 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тооцоо нийлсэн актаар 248.21 м3 хөөсөнцөр хавтанг нийлүүлсэн гэжээ.

Зохигчдын хооронд тооцоо нийлсэн актаар 270 м3 хөөсөнцөр хавтан нийлүүлэхээс 248.21 м3 хөөсөнцөр хавтанг нийлүүлсэн байх ба нийт үнэ 49.642.000 төгрөг болсноос урьдчилгаанд төлсөн 20.000.000 төгрөгийг хасахаар үлдэгдэл 29.642.000 төгрөгийг хариуцагч төлөхөөр байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул хүлээн авах боломжтой юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А- нь ...Иймд өөрийн харьяалан шийдвэрлэх биш маргааныг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү... гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч тухайн хэргийн шүүх хуралдаан 3 удаа товлон зарлагдсан боловч хойшилсон энэ хугацаанд хариуцагч талаас хэргийн харьяаллын талаар хүсэлт гаргаж байгаагүй, 2024 оны 01 дүгээр сарын 18 ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуультай нийцсэн байна .

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч УХХК-иас гэрээний үүрэгт 29.642.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ФХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.358.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 84.710 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2024/00172 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...хариуцагч УХХК-иас гэрээний үүрэг 34.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ФХХК-д олгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар хариуцагч УХХК-иас гэрээний үүрэгт 29.642.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ФХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.358.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ... гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч 327.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч УХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 327,950 төгрөг гаргуулсугай... гэснийг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч 327.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч УХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 306.160 төгрөг гаргуулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 84.710 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

 

ШҮҮГЧИД Л.Х

 

С.У