Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 207/МА2024/00045

 

 

 

 

 

2024    05         02                                          207/МА2024/00045

       

 

    Б.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

   Э ТӨХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2024/00349 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ТӨХК-д холбогдох,

“Э” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн Б/... тоот “Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бий шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б /цахим/, нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Б.О- нь Э Төрийн өмчит Хувьцаат компанид Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд ажилладаг бөгөөд ажлын байрны тодорхойлолтыг албан тушаал бүр дээр шинэчлэх, ажилтны эрх үүрэг хариуцлагын тогтолцоог сайжруулах үүргийг бүрэн гүйцэт биелүүлээгүй, компанийн хүний нөөцийн бодлогын баримт бичгийг эрх зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлүүдээр сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Э ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/... тоот тушаалыг танилцуулсны дагуу Э ТӨХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан. Үүний дараа мөн О аймгийн Б сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах шийдвэр гарсны дагуу тус гурван талт хороонд хандсан. Тухайн хорооны хурлын шийдвэр 2023 оны 06 дугаар сарын 28-нд гарсан боловч гишүүд нь амарсан, гарын үсэг нь гүйцэд зурагдаагүй гэх шалтгаанаар 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гардан аваад шүүхэд хандаж байна. Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, хүний нөөцийн бодлогын бичиг баримтуудыг Хөдөлмөрийн хууль шинэчлэн баталсантай холбоотой боловсруулах асуудал 2022 онд хэлэлцэгдэж, тухайн бодлогыг боловсруулахаар Олон улсын мэргэжлийн хөгжлийн институт гэх байгууллага хийж гүйцэтгэхээр холбогдох хүмүүс гарын үсэг зурж, уг гэрээний дагуух ажиллагаа явагдаж байна гээд жил болж байна. ...Уг асуудлыг тухайн үед шийдээд надад ямар нэгэн сахилгын шийтгэл ногдуулаагүй атлаа 4 дүгээр сарын дараа гэнэт арга хэмжээ авсан нь үндэслэлгүй гэж үзэж байх тул Э ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/... тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд хянагдаж буй Э ТӨХК-т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөшөөрөхгүй байна. Үүнд: ЗУХ-ийн дарга Б.О- нь ажлын байрны тодорхойлолтын 2.2-д заасан “Компанийн хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээ, бусад дүрэм, журмуудыг хэрэгжүүлэхтэй холбогдсон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх...” гэсэн үүргээ хэрэгжүүлээгүй дараах зөрчлүүдийг гаргасан. Гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/... дүгээр тушаалаар өгсөн “...ажлын байрны тодорхойлолтыг албан тушаал бүр дээр шинэчлэх, ажилтнуудын эрх, үүрэг, хариуцлагын тогтолцоог сайжруулах...” үүргийг бүрэн гүйцэт биелүүлээгүй. Тус компанид нийт 655 ажилтантай ба төв компанид 230 ажилтан ажилладаг. Энэ ажилтнуудын албан тушаалын тодорхойлолтыг одоо болтол бүрэн гүйцэт шинэчлээгүй, гүйцэтгэх захирлын өгсөн үүрэг даалгавар бүрэн биелэгдээгүй. Гүйцэтгэх захирлын өгсөн үүрэг даалгавар болох Компанийн хүний нөөцийн бодлогын баримт бичиг боловсруулж батлуулаагүй. Хүний нөөцийн бодлогын баримт бичгийг шинэчилж батлуулах ажлыг 2022 оны 05 дугаар сарын нэгдсэн ажлын төлөвлөгөөнд тусгасан, мөн өглөөний шуурхай зөвлөгөөнөөр үүрэг даалгавар өгсөн боловч одоо болтол хийгдээгүй. Компанийн 2023 оны жилийн ажлын нэгдсэн төлөвлөгөөг байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.4-д “Салбар, хэлтэс, алба, ажилтан ажлаа сар, улирал, хагас жил, жилээр төлөвлөж ажиллана. Гүйцэтгэсэн ажлын үр дүнг хэлтэс, албаны дарга улирлаар тайланг авч дугнэж, биелэлтийг хангуулж хяналт тавьж ажиллана. Компанийн сарын болон жилийн ажлын төлөвлөгөөг нэгтгэж дараа сарын 3-ны өдрийн дотор батлуулах, төлөвлөгөөний биелэлтийг дээрх хугацаанд нэгтгэж гүйциэтгэх захиралд танилцуулах ажлыг Захиргаа удирдлагын хэлтсийн дарга хариуцан зохион байгуулна. Ажлын тайланг жилийн эцэст хамгаалуулж, ажлын гүйцэтгэл, чанар, ажлын үр дүнг үнэлнэ” гэж заасан хугацаанд гаргаж батлуулаагүй, удаа дараа шаардуулж байж хугацаа хоцорч буюу 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр батлуулсан. Удирдах ажилтны хувьд ажилтантай ёс зүйгүй харьцаж ёс зүйн зөрчил гаргасан нь компанийн ёс зүйн зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дүгнэлтээр тогтоогдож байгаа ба дүгнэлтийг тухайн үед өөрт нь танилцуулсан ба гомдол гаргаагүй нь ёс зүйн зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Дээрх үндэслэлүүдээр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3 дахь заалт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 13.3.3, 13.7.1, 13.7.5 дахь заалтыг тус тус үндэслэн сахилгын шийтгэл ногдулсан нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Б.О-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Уг хууль бус тушаалаар цалин хөлсийг 3 сараас 20 хувийг хассан бөгөөд 2023 оны 05 сарын цалинас 297,000 төгрөг, нийт 891,000 төгрөгийг хассан тул дээрх тушаалыг хүчингүй болгох үндсэн шаардлагыг нэмэгдүүлж, цалин хөлс болох 891,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2024/00349 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О-т үндсэн цалинг 3 сарын 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагч “Э” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/... дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, хариуцагчаас 891.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Э” ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамж 96.134 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Тус шүүхийн шийдвэрт “.... дээрх тушаалд ажлын байрны тодорхойлолтыг албан тушаал бүр дээр шинэчлэх гэсэн боловч хэдий хугацаанд хийж дуусгахыг үүрэг болгосон нъ тодорхойгүй, хариуцлагын тогтолцоог сайжруулах гэдэг нь хэт ерөнхий ойлгомжгүй, үр дүнг хэрхэн дүгнэж, үүргийг бүрэн гүйцэт биелүүлээгүй гэж дүгнэсэн болох нь батлагдахгүй байна. Түүнээс гадна, хэдэн хүний ажлын байрны тодорхойлолтыг хэдий хугацаанд шинэчлэх ёстойгоос хэдэн хүний тодорхойлолтыг шинэчилсэн, хэдэн хүнийхийг шинэчлээгүй хэвээр байгаа болох нь тогтоогдоогүй байна. Мөн компанийн хүний нөөцийн бодлогын баримт бичгийг боловсруулах үүргийг хэн хүлээсэн, бодлогын баримт бичиг гэдэгт юуг ойлгож байгаагаа хариуцагч нотолж тайлбарлаж чадахгүй байна. ...О нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. Ажилтны гаргасан гэх зарим сахилгын зөрчил тогтоогдоогүй, зарим зөрчилд шийтгэл оногдуулах хуульд заасан хугацаа өнгөрсөн...” гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заасны дагуу зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс зургаан сарын дотор сахилгын шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалттай. “Э” ТӨХК-ны гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/... дугаар тушаал нь Б.О-ийн үргэлжилсэн зөрчил хариуцлага оногдуулсан, хуулиар тогтоосон хугацааг зөрчөөгүй. Б.О- нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлсэн тухайгаа тайлбарлаагүй, шүүхээс холбогдох баримтуудад үзлэг хийлгүүлэх хүсэлтийг хангахаас татгалзан шийдвэрлэсэн бөгөөд албан тушаалын тодорхойлолтод 1 жилийн хугацаанд өөрчлөлт оруулаагүй, ёс зүйн болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг үргэлжилсэн үйлдлээр гаргасан болно. Мөн Б.О- нь “О” ХХК биелүүлэх ёстой үүрэг мэтээр тайлбарлаж, түүний үүргийг хөндлөнгийн компани биелүүлэх ёстой мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2024/00349 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасантай нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч Э ТӨХК-д холбогдуулан Э ТӨХК-ийн ерөнхий захирлын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/... дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цалингаас суутгасан 891.000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлжээ. Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Э ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/... дугаар тушаалд үндэслэн тодорхойлсон байна.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ байгууллагын 230 ажилтны албан тушаалын тодорхойлолтыг бүрэн гүйцэд шинэчлээгүй, хүний нөөцийн бодлогын баримт бичгийг боловсруулж батлуулаагүй, 2023 оны жилийн ажлын нэгдсэн төлөвлөгөөг хөдөлмөрийн дотоод журамд заасан хугацаанд батлуулаагүй, алба хаагчтай ёс зүйгүй харьцаж ёс зүйн зөрчил гаргасан тул цалинг 3 сар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн тайлбарт үндэслэсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.О- нь Э ТӨХК-д захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байхдаа компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 5 дугаар сарын ......................тушаалаар сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр цалинг 3 сар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн байна. Нэхэмжлэгч Б.О- нь сахилгын шийтгэлийг зөвшөөрөхгүй байгууллагын хөдөлмөрийн маргаан таслах комисс болон О аймгийн Б сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан ба шийдвэрийг зөвшөөрөхгүй шүүхэд ханджээ. Хариуцагч байгууллагын захирлын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/... дугаар тушаалаар захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.О-т “хүний нөөцтэй холбоотой дүрэм журмыг ил тод нээлттэй, тодорхой байлгах, ажлын байрны тодорхойлолтыг ажилтан бүр дээр шинэчлэх, ажилтнуудын эрх үүрэг хариуцлагын тогтолцоог сайжруулах, гарч буй тушаал шийдвэрийн үндэслэлийг зөв тодорхойлж, хэрэгжилтэнд хяналт тавьж алдаа гаргахгүй ажиллахыг үүрэг болгожээ.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.О-ийг албан тушаалын тодорхойлолтыг шинэчлээгүй гэж байгаа боловч 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн компанийн шуурхай хурлын тайланд нэхэмжлэгч Б.О-ийг хүний нөөцийн бодлогын баримт бичгийг боловсруулан 2 удаа хэлэлцүүлэг хийж Үйлдвэрчний Эвлэлийн Хороонд танилцуулсан, гүйцэтгэх захиралд танилцуулахаар албан тушаалын тодорхойлолтуудыг шинэчилж дууссан гэж тусгасан, хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.О-ийг буруутгаж байгаа асуудлаар сургалт хийх талаар Отэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байх ба тухайн гэрээний дагуу сургалт явагдаж хүний нөөцийн мэргэжилтнийг чадавхижуулсан эсэх нь тодорхойгүй, Компанийн бизнес төлөвлөгөөг батлуулсны дараа ажлын жилийн нэгдсэн төлөвлөгөөг батлуулдаг байх бөгөөд тухайн бизнес төлөвлөгөө нь 2023 оны 3 дугаар сарын сүүлээр батлагдсан тул 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 2023 оны жилийн ажлын нэгдсэн төлөвлөгөөг батлуулсан, нэхэмжлэгч Б.О-ийг байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 3.2.11 дэх заалтыг зөрчсөн гэж байгууллагын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар дүгнэж, дүгнэлтийг 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Б.О-т танилцуулсан, ёс зүйн хариуцлага ногдуулах арга хэмжээ авах талаар саналыг байгууллагын удирдлагад хүргүүлээгүй, ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор арга хэмжээ ногдуулаагүй /2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр илрүүлсэн/ 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан зэрэг үйл баримтууд тогтоогджээ.

Хариуцагч Э ТӨХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүргээ биелүүлээгүй, ажилтны гаргасан гэх зарим зөрчил нотлох баримтаар тогтоогдоогүй, зарим зөрчилд шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа өнгөрсөн гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна.

Ажилтны гаргасан зөрчил нотлох баримтуудаар нотлогдож түүнд тохирсон сахилгын шийтгэл оногдуулах нь хуульд нийцэх бөгөөд ажилтныг буруутгасан ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл нотлох баримтуудаар нотлогдоогүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2024/00349 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бий шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч байгууллагын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96.500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.Б

 

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.А

 

                                                                        ШҮҮГЧ                                     С.У