| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01121/И |
| Дугаар | 01050 |
| Огноо | 2016-08-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 01050
2016 оны 08 сарын 29 өдөр Дугаар 142/ШШ2016/01050 Орхон аймаг
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: “Хөх тэнгэрийн заяа” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: 1987 онд төрсөн, 29 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн 14б дугаар гудамжны 06 тоотод оршин суух Хангай овгийн Цэрэндоржийн Цэцэгмаад /регистрийн дугаар ИЖ87080307/ холбогдох 1 980 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хөх тэнгэрийн заяа” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хөх тэнгэр заяа ХХК-аас Ц.Цэцэгмаа нь барьцаат зээлийн гэрээ байгуулан 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг 60 хоногийн хугацаатай сарын 10% хүүтэй зээлж авсан. Зээлийн эргэн төлөлтийг зээл авснаас хойш өдөрт 30.000 төгрөгөөр төлж барагдуулахаар гэрээгээр тохиролцсон боловч 16 өдрийн зээлийн төлөлт 480.000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл үндсэн зээл зээлийн хүү болох 1.320.000 төгрөгийг төлөлгүй хохироож байна. Барьцаат зээлийн гэрээний 10-т зааснаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд 0,5% алданги бодхоор тохиролцсон байх тул гэрээг 2015.12.01-с 2016.01.30-ны хооронд байгуулсан ба түүнээс хойш өнөөдрийг хүртэл 168 хоног, өдрийн алданги 6600 төгрөг нийт 168*6600=1.108.800 төгрөг болж байна. гэвч Иргэний хуулийн 232.4-т заасныг удирдлага болгон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50% буюу 1.320.000-ын 50% болох 660.000 төгрөг болгон алдангийг тооцлоо. Иймд Ц.Цэцэгмаагаас зээлийн үндсэн үүрэг 1.320.000 төгрөг, алданги 660.000 төгрөг нийт 1.980.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ц.Цэцэгмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Хөх тэнгэрийн заяа ХХК-с барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авсан боловч тархины өвчний улмаас авсан зээлээ төлж чадаагүй, иймд нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хөх тэнгэрийн заяа” ХХК нь хариуцагч Ц.Цэцэгмаад холбогдуулан 1 980 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1 980 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46630 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 23315 төгрөг, төрийн сангаас 23315 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Хөх тэнгэрийн заяа” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Цэцэгмаад холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэгчийн шаардлага 1 980 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46630 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 23315 төгрөг, төрийн сангаас 23315 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА