Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 207/МА2024/00046

 

 

 

 

 

 

 

 

2024 05 02 207/МА2024/00046

 

 

Н.Н-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Э ТӨҮГ-т

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хаалттай хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2024/00315 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ТӨҮГ-т холбогдох,

Э ТӨҮГ-ын Авто тээврийн хэлтэст хүнд машин механизмын жолоочийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин ...229.137 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Н- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н.Н- би "Э"ТӨҮГ-т 2020 оны 01-р сараас хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд 3 жил тасралтгүй ажиллаж ирсэн. Энэ ажиллах хугацаандаа өөрийн мэргэжлийн зэргээ ахиулсаар ирсэн. Би 2022 оны 11 дүгээр сарын 11-ний орой ажлаасаа буугаад гэртээ машин авсан болохоо тэмдэглээд найзуудтайгаа жаахан ууцгааж байгаад амарцгаасан. Маргааш нь буюу 12-нд амралтын өдөр байсан учир гэртээ амарч байгаад эхнэр хүүхдүүдийн хамт орой 17 цагийн үед гэрийнхээ ард байдаг дэлгүүрт орж хүнсний зүйл аваад гараад машиндаа суух гэтэл энгийн хувцастай 40 эргэм насны хүн ирээд би Б аймгийн Цагдаагийн газрын ажилтан байна гээд цагдаагийн үнэмлэх харуулаад чи согтуу байна наанаа байж бай гээд цагдаа дуудсанаар замын цагдаа А гэх залуу ирээд миний согтолтын зэргийг шалгаад явах гэхэд нөгөө хүн наад хүнийхээ эрхийг хасахгүй бол чиний ажилтай ярина шүү гээд миний жолооны үнэмлэхний зургийг гар утсаараа аваад явсан. Маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө ажилдаа очиход Б.Г дарга машин дээр гаргаагүй бөгөөд чиний эрхийг хассан тухай тавиагүй ч эрх чинь хасагдчихсан байгаа учир чи машин барьж болохгүй гээд гараж дээр цэвэрлэгээ хийлгэж өнжөөсөн. Энэ мэтээр би цэвэрлэгээ хийсээр 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал ажиллаад Э ТӨҮГ-ийн ерөнхий захирал Л.Ё-ийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/.. дугаартай тушаалаар ажлаас халагдсан. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/-ын 123-р зүйлийн 123.4-т: Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэжээ. Би өөрийгөө хариуцсан хэсгийн дарга Б.Гт машин жолоодох эрхээ хасуулсан тухай 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө хэлсэн. Э ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журам, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт зэргүүдэд зааснаар намайг хариуцсан надад ажил өгдөг албан тушаалтан бол Хүнд машин механизмын хэсгийн дарга Б.Г шүү дээ. Хөдөлмөрийн тухай 2021 оны хуулийн 123-р зүйлийн 4-т зааснаар бол надад хөдөлмөрийн сахилгыг 2022 оны 12 дугаар сарын 14-ний дотор ногдуулах учиртай байтал 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр намайг машин жолоодох эрхээ хасуулсан болохыг мэдсэн атлаа хуулийн дээрх заалтыг зөрчиж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцаллаа. 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртлэх хугацааг тооцвол 52 хоног болж байгаа юм. Аливаа тушаал шийдвэр хууль зүйн дагуу гарах учиртай билээ. Жич: Э ТӨҮГ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны 02 дугаартай тэмдэглэлийг хавсаргав. Иймд: Э ТӨҮГ-ын ерөнхий захирал Л.Ё-ийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/.. дугаартай Н.Н- надтай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг хүчингүй болгож Н.Н- намайг хуучин хийж байсан ажилд маань эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Э ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Н.Н-ын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: 1. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсон үндэслэлийн талаар: Н.Н- нь Э ТӨҮГ-ын Автотээврийн цехийн Хүнд машин механизмын хэсгийн уурхайн технологийн зориулалттай 7.1 тонноос дээш хүнд даацын автомашины жолоочоор ажиллаж байсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /4 хувийн согтолттой/ хувийн тээврийн хэрэгслээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх заалтын дагуу нэг жилийн хугацаагаар хассан байна. Н.Н- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үйлдэл нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлахаар тусгайлан заасан ноцтой зөрчил болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /2 ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлах талаар заасан байх бөгөөд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.3.18 дахь заалтад Ажил үүргээ гүйцэтгэхэд шаардагдах аливаа тусгай зөвшөөрөл, эрх /жолооны үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх гэх мэт/ нь цуцлагдсан тохиолдолд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасанд тооцон, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар, мөн Э ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.17.14-т Ажил үүргээ гүйцэтгэхэд шаардагдах аливаа тусгай зөвшөөрөл, эрх (жолооны үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх г.м) нь цуцлагдсан тохиолдолд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар тус тус заасан байна. Иймд Н.Н- нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалтууд, Автотээврийн цехийн даргын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 20/..., 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 20/01 дугээр албан бичгүүд, Э ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.17.14 дэх заалт, ажилтантай байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 20/20/84 дугаартай хөдөлмөрийн гэрээний 6.3.18 дахь заалт, жолоодох эрх хассан баримт зэргийг үндэслэн тус үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/.. дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нь дуусгавар болгож, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болно. 2. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тушаал гарахтай холбогдсон хөөн хэлэлцэх хугацааны талаар: Н.Н- нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасанаас хойш 11 дүгээр сарын 21-25-ныг дуустал хугацаанд цалингүй чөлөөтэй, 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 06-ны өдрийг дуустал эмчид үзүүлсэн шалтгаанаар эмнэлгийн магадлагаатай, 12 дугаар сарын 07-13-ны өдрийг дуустал, мөн 12 дугаар сарын 22-27-ныг дуустал эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн шалтгаанаар эмнэлгийн хуудас авсан байна. Өөрөөр хэлбэл тэрээр зөрчил гаргаснаас хойш ажлаас халах тушаал гарах хүртэл хуанлийн 29 өдөрт нь эмнэлгийн хуудас, эмнэлгийн магадлагаатай, хувийн чөлөөтэй байсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д Энэ хуулийн 123.4, 123.5-д заасан хугацаа нь эмнэлгийн магадлагаатай, ээлжийн амралттай, хувийн чөлөөтэй байх, эсхүл сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий бусад байгууллагаас шалгах хугацаанд тасалдана гэж заасан байх тул сахилгын шийтгэлийг хугацаа хэтрүүлэн ногдуулсан гэдэг нь үндэслэлгүй болж байна. Мөн Уурхайн технологийн зориулалттай хүнд даацын автомашины жолоочийн ажлын байрны тодорхойлолтын 4 дэх хэсэгт ажлын байранд тавигдах шаардлагыг тусгасан байх бөгөөд жолоодох эрхийн С ангилалтай, мэргэшсэн жолооч байхаар тусгасан байдаг. Нэгэнт жолоодох эрхээ хасуулсан хүнийг урьд эрхэлж байсан ажилд нь буюу Уурхайн технологийн зориулалттай хүнд даацын автомашины жолоочоор эгүүлэн ажиллуулах хууль зүйн хувьд ямар ч боломжгүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг үндэслэн Н.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Нэхэмжлэгч Н.Н- тус шүүхэд хандаж Э ТӨҮГ-т хариуцагдах хуучин хийж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг гаргасан. Тухайн үедээ ажилгүй байсан хугацааныхаа нөхөн олговрыг шаардаагүй учир ажилгүй байсан хугацааныхаа нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа болно. Нэхэмжлэгч Н.Н- 2023-1-05-ны өдөр ажлаасаа халагдсан. Энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 10 сар 15 хонож байна. Н.Н-ын нэг сарын цалин нь 2.658...1 төгрөг үүнийг 10 сар 15 хоногоор тооцвол 2.658...1*10 сар 15 хоног=27.912.475=50 төгрөг болж байна. Иймд: Э ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрт 27.912.475=50 төгрөг гаргуулан Н.Н-т олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа:

Иргэн Н.Н-ын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: 1. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсон үндэслэлийн талаар: Н.Н- нь Э ТӨҮГ-ын Автотээврийн цехийн Хүнд машин механизмын хэсгийн уурхайн технологийн зориулалттай 7.1 тонноос дээш хүнд даацын автомашины жолоочоор ажиллаж байсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /4 хувийн согтолттой/ хувийн тээврийн хэрэгсэлээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх заалтын дагуу нэг жилийн хугацаагаар хассан байна. Н.Н- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үйлдэл нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлахаар тусгайлан заасан ноцтой зөрчил болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /2 ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлах талаар заасан байх бөгөөд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.3.18 дахь заалтад Ажил үүргээ гүйцэтгэхэд шаардагдах аливаа тусгай зөвшөөрөл, эрх /жолооны үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх гэх мэт/ нь цуцлагдсан тохиолдолд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасанд тооцон, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар, мөн Э ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.17.14-т Ажил үүргээ гүйцэтгэхэд шаардагдах аливаа тусгай зөвшөөрөл, эрх (жолооны үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх г.м) нь цуцлагдсан тохиолдолд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар тус тус заасан байна. Иймд Н.Н- нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалтууд, Автотээврийн цехийн даргын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 20/..., 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 20/01 дүгээр албан бичгүүд, Э ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.17.14 дэх заалт, ажилтантай байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 20/20/84 дугаартай хөдөлмөрийн гэрээний 6.3.18 дахь заалт, жолоодох эрх хассан баримт зэргийг үндэслэн тус үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/.. дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нь дуусгавар болгож, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болно. 2. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тушаал гарахтай холбогдсон хөөн хэлэлцэх хугацааны талаар: Н.Н- нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргаснаас хойш 11 дүгээр сарын 21-25-ныг дуустал хугацаанд цалингүй чөлөөтэй, 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 06-ны өдрийг дуустал эмчид үзүүлсэн шалтгаанаар эмнэлгийн магадлагаатай, 12 дугаар сарын 07-13-ны өдрийг дуустал, мөн 12 дугаар сарын 22-27-ныг дуустал эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн шалтгаанаар эмнэлгийн хуудас авсан байна. Өөрөөр хэлбэл тэрээр зөрчил гаргаснаас хойш ажлаас халах тушаал гарах хүртэл хуанлийн 29 өдөрт нь эмнэлгийн хуудас, эмнэлгийн магадлагаатай, хувийн чөлөөтэй байсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д Энэ хуулийн 123.4, 123.5-д заасан хугацаа нь эмнэлгийн магадлагаатай, ээлжийн амралттай, хувийн чөлөөтэй байх, эсхүл сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий бусад байгууллагаас шалгах хугацаанд тасалдана гэж заасан байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр тоолно гэж заасан байх тул сахилгын шийтгэлийг хугацаа хэтрүүлэн ногдуулсан гэдэг нь үндэслэлгүй юм. Мөн Уурхайн технологийн зориулалттай хүнд даацын автомашины жолоочийн ажлын байрны тодорхойлолтын 4 дэх хэсэгт ажлын байранд тавигдах шаардлагыг тусгасан байх бөгөөд жолоодох эрхийн С ангилалтай, мэргэшсэн жолооч байхаар тусгасан байдаг. Нэгэнт жолоодох эрхээ хасуулсан хүнийг урьд эрхэлж байсан ажилд нь буюу буюу Уурхайн технологийн зориулалттай хүнд даацын автомашины жолоочоор эгүүлэн ажиллуулах хууль зүйн хувьд ямар ч боломжгүй болно. Дээр дурдсанаас гадна Н.Н- нь нэхэмжлэлдээ Э ТӨҮГ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын шийдвэрийг хавсаргасан байх боловч Б сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор шийдвэрлүүлсэн гэх нотлох баримт, хорооны шийдвэрийг өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхэд ирүүлээгүй байна. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д Энэ хуулийн 154.5-д заасан хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч аль нэг тал хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандана, 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх хуульд заасан журмыг зөрчсөн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг үндэслэн Н.Н-ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Нэхэмжлэгч Н.Н- тус шүүхэд хандаж Э" ТӨҮГ-т хариуцагдах хуучин хийж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг гаргасан. Тухайн үедээ ажилгүй байсан хугацааныхаа нөхөн олговрыг шаардаагүй учир ажилгүй байсан хугацааныхаа нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 2023-11-20-ны өдрөөр нэмэгдүүлж байсан боловч хурал хойшлох болон өөр бусад байдлаар явсаар 2 сарын хугацаа өнгөрчээ. Нэхэмжлэгч Н.Н- 2023-01-05-ны өдөр ажлаасаа халагдсан. Энэ өдрөөс хойш 2023-11-20-ны өдрийг хүртлэх хугацаанд ажилгүй байсан хугацааг нь 10 сар 15 хоногоор тооцож нэхэмжлэгч Н.Н-ын нэг сарын цалингийн дундажийг 2.658...1 төгрөгөөр тооцож 27.912.475 төгрөг шаардаж байсан. 2023-11-20-ны өдрөөс 2024-01-20-ны өдрийн хооронд ажилгүй байсан хугацаа нь 2 сар нийт хугацаа 12 сар 15 хоног /2.658...1*12 сар 15 хоног=...229.137 төгрөг болж байна/. Хоёр сарын хугацааны олговрыг тооцвол 5.316.662 төгрөг болж байгаа учраас энэ олговроо Хөдөлмөрийн тухай хуулийн 127-р зүйлийн 127.1 дэх хэсгийг үндэслэн шаардаж байна. Иймд: "Э" ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрт 27.912.475 төгрөг гаргуулахаар шаардаж байсан шаардлагаа 5.316.662 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа учир дээрх олговрыг нэхэмжлэгч Н.Н-т олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан дараах тайлбарыг хүргүүлж байна. Э ТӨҮГ-ын зүгээс нэхэмжлэгч Н.Н-ын ажлаас үндэслэлгүй халагдсан болон ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийг нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Мөн нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/... дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмыг баримтлан тооцоолоход 2.114.850 төгрөг болохыг тодорхойлсон баримтыг өмнө шүүхэд хүргүүлсэн болно. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2024/00315 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нь Э ТӨҮГ-т холбогдох Э ТӨҮГ-ын Авто тээврийн хэлтэст Хүнд машин механизмын жолоочийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд ...229.137 төгрөг гаргуулах тухай Н.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Н- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Шүүх 2024-02-19-ний өдрийн хурлаараа Н.Н-ын нэхэмжлэлтэй "Э"ТӨҮГ"-т хариуцагдах ерөнхий захирлын 2023-1-05-ны өдрийн Б/.. дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулж, хуучин хийж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг сахилгын шийтгэлийг хугацаа хэтрүүлж ногдуулсан" гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо ИХШХШТХ-ийн 40-р зүйлийн 40.1-д заасан "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", мөн хуулийн 40.2-т заасан "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэсэн заалтуудыг зөрчсөний дээр Хөдөлмөрийн тухай болон Иргэний хуулийн холбогдох зүйл заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэлээ гэж үзэж байна. Үүнд:1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-т "Э ТӨҮГ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2023-02-14-ний өдрийн 2 дугаартай тэмдэглэлээр гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шийдвэрлэжээ гэсэн дүгнэлтийг хийсэн. Гэтэл энэхүү хурлын тэмдэглэлийн 7-ын 2-т Н.Н-ын жолоодох эрхээ хасуулсныг ажил олгогч 2022-12-05-ны өдөр илрүүлсэн байна гэсэн дүгнэлтийг хийж гомдлыг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд шүүх хурал дээр нэхэмжлэгчийн хэсгийн дарга Б.Г мэдүүлэхдээ 2022-11-14-ний өглөө Н.Н- эрхээ хасуулсан тухайгаа хэлсэн, 14,15-ны өдрүүдэд машин дээр нь гаргаад 2022-11-16-ны өглөөний шуурхай дээр Н.Н-ын машин жолоодох эрх нь хасагдсан тухай мэдээлэл хийгдсэн гэж хууль сануулж мэдүүлсэн байхад юуны учир нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийсэнгүй вэ? 2. Нэхэмжлэгч гаргасан зөрчил дээрээ маргаагүй бөгөөд хариуцагч нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар маргасан байхад маргааны зүйлийг ойлгохгүй огт маргаагүй харилцаанд дүгнэлт хийж байгаа явдал нь хэт нэг талыг барьсан нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлтийг хийсэн байна. 3. Хүнд машин механизмын хэсгийн дарга Б.Г 2022-12-05-ны өдрийн .. дугаартай хүсэлтийг "Э ТӨҮГ-ын Авто тээврийн цехийн дарга Я.Д-д Н.Н-ын талаар хүсэлт гаргаж, Я.Д- 2022-12-19-ний өдрийн 20/... дугаартай тоотоороо чиглэл хүссэн хүсэлтийг "Э ТӨҮГ-т илгээснээр ерөнхий захирлын 2023-1-05-ны өдрийн Б/.. дугаартай тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна гэжээ. Шүүх үйл явдлуудын хугацааг ингэж тодорхойлохдоо нэгэнт нэхэмжлэгч хугацаан дээр маргаж байхад юуны учир хугацааг огтхон ч тооцохгүй байна вэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 123-р зүйлийн 123.4-т "Сахилгын зөрчил гарсан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гарсан сүүлийн өдрөөс хойш 6 сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна" гэсэн байхад шүүх өчүүхэн төдий ч дүгнэлт хийсэнгүй. Гэрч буюу нэхэмжлэгчийн шууд удирдлага болох Б.Гийн 2022-12-05-ны өдрийн .. дугаартай Я.Д-ид илгээсэн хүсэлтийн хугацааг нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон өдөр хоёрын хоорондох хугацааг тооцвол /2022-12-05-ны өдрөөс 2023-01-05-ны өдрийн хоорондох хугацаа календарийн хоногоор тооцход 31 өдөр болж байхад үүнд ч шүүх дүгнэлт хийсэнгүй. Хөдөлмөрийн тухай хуулиар бол нэг сарын дотор гэсэн байхад нэг сарыг 30 хоногоор тооцдог байхад 31 хоногоос харахад 2 хоног хэтэрсэн байгаа юм. Хамгийн гол нь хууль тогтоогч нэг сарын дотор гэсэн байгаа шүү дээ. 4. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 123.4-т заасан хугацааг хэтрүүлсэн явдал нь мөн хуулийн 123.6-г зөрчөөгүй байна гээд Иргэний хуулийн 79-р зүйлийн 79.4-т заасан "Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр тоолно" гэсэн байх тул сахилгын шийтгэлийг хугацаа хэтрүүлж ногдуулсан байна гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ. Иргэний хуулийн 79-р зүйлийн 79.4-т "Энэ хуулийн 79.3-т заасан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг шинээр эхлэн тоолох боловч талуудын аль нэг нь хэрэг шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэхээр бол шаардлага гаргасны нэгэн адил үзэж хөөн хэлэлцэх хугацаа дахин тасалдана" гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харвал 2022-11-14-ны өдөр нэхэмжлэгчид зөрчлийн хэрэг үүсгээд мөн өдрөө машин жолоодох эрхийг нь хасаад хэрэг хаагдсан байдаг. Өөр ямар нэгэн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ажиллагаа огт хийгдээгүй байхад юуны учир Иргэний хуулийн 79-р зүйлийн 79.4 дэх заалтыг хэрэглэнэ вэ. Эндээс харахад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохын тулд аргаа барж аргацаасан байдлыг бий болгожээ. Иймд О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024-02-19-ний өдрийн 142/ШШ2024/00315 дугаар шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү. ЖИЧ: Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасан заалтын дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж байгаа болно гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Н.Н- нь хариуцагч Э ТӨҮГ-т холбогдуулан Э ТӨҮГ-ын Авто тээврийн хэлтэст хүнд машин механизмын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин ...229.137 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2.-т заасныг баримтлан нь Э ТӨҮГ-т холбогдох Э ТӨҮГ-ын Авто тээврийн хэлтэст Хүнд машин механизмын жолоочийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд ...229.137 төгрөг гаргуулах тухай Н.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Н- нь 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн Э ТӨҮГ-ын Авто тээврийн цехийн хүнд машин механизмын хэсгийн уурхайн технологийн зориулалттай хүнд даацын автомашины жолоочийн ажилд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ.

Нэхэмжлэгч Н.Н-ыг Э ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/.. дугаар тушаалаар Авто тээврийн цехийн хүнд машин механизмын хэсгийн уурхайн технологийн зориулалттай хүнд даацын автомашины жолоочийн ажил үүрэг гүйцэтгэхэд шаардагдах жолооны үнэмлэхийн эрх нь цуцлагдсан, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 1 дүгээр сарын 05 ны өдрөөр дуусгавар болгожээ.

Э ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/.. дугаар тушаалд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9. дэх заалт, 80 дугаар зүйлийн 80.1.4. дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.2.5. дахь заалт, Автотээврийн цехийн даргын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 20/... дугаар, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 20/01 дугаар албан бичгүүд, Э ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 8.17.14 дэх заалт, ажилтантай байгуулсан 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 20/2..4 дугаар хөдөлмөрийн гэрээний 6.3.18 дахь заалт, жолоодох эрх хассан баримт, ажилтан Н.Н-ын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгч Н.Н-ын хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Нэхэмжлэгч Н.Н- нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн Э ТӨҮГ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргаж, Маргаан таслах комисс нь 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж, гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шийдвэрлэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан / хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, Э ТӨҮГ-ын ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.3.18.-д ажил үүргээ гүйцэтгэхэд шаардагдах аливаа тусгай зөвшөөрөл, эрх, жолооны үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх г.м цуцлагдсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

Нэхэмжлэгч Н.Н- нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр приус маркийн 50-.. ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.3.1. дэх заалтыг зөрчиж жолоодох эрхээ 1 жилийн хугацаатай хасуулсан байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж Э ТӨҮГ-ын Авто тээврийн хэлтэст Хүнд машин механизмын жолоочийн ажилд эргүүлэн тогтоолгох, 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин дунджаар 2.658...1 төгрөг гэж үзэж нийт ...229.137 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцжээ.

Э ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/.. дугаар тушаал нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н-ийн О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024-02-19-ний өдрийн 142/ШШ2024/00315 дугаар шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 394.296 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2024/00315 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 394.296 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.