| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батдэлгэр |
| Хэргийн индекс | 1810027070748 |
| Дугаар | 03 |
| Огноо | 2021-12-22 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 03
Т.Б, О.Ө нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Ууганбаатар, хохирогч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, түүний өмгөөлөгч И.Золжаргал, хохирогч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, түүний өмгөөлөгч Ц.Сайнбат, шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Л.Нинжбат, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 540 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 920 дугаар магадлалтай, Т.Б, О.Ө нарт холбогдох эрүүгийн _____ дугаартай хэргийг хохирогч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-ын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол улсын иргэн, 1984 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, “М" ХХК-д сантехникийн инженер ажилтай, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 723 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан Б овогт О-ийн Ө,
2.Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, "А” ХХК-ний ерөнхий захирал ажилтай, ял шийтгэлгүй А овогт Т-ны Б.
Т.Б нь “М” ХХК-ийн сантехникийн инженерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралтын бохир усны даацын ф-200 маркийн 112 метр урттай бохир усны даацын шугам хоолойн 1 метрийн үнийг 126,000 төгрөгөөр буюу зах зээлийн ханшаас 6 дахин өндөр үнэлж О.Ө-тай бүлэглэн “Б" ХХК-иас худалдан авсан гэх хуурамч төлбөрийн баримт бүрдүүлж 82 метр хоолойг нийлүүлж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-д 15,540,000 төгрөгийн,
Т.Б нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ю” барилгын А-1205 тоотод "П" ХХК-ний захирал Ж.Б-тай авто гражийн металл дам нуруу бэлтгэн нийлүүлэх тухай 18/74 дугаартай гэрээг байгуулж 55,000,000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 31, 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд 27,500,000 төгрөгөөр тус тус 2 хувааж шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж уг компанид 55,000,000 төгрөгийн хохирол учруулан бусдад нийт 70,540,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 540 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан прокуророос Т.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,
О.Ө-ыг бүлэглэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Т.Б-ыг бүлэглэн болон үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
О.Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих, Т.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар О.Ө-тад оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг барилгын хуванцар хоолойг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б (“М” ХХК)-д олгож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Б-аас 64,309,520 төгрөгийг гаргуулан хохирогч С.Э-д 55,000,000 төгрөг, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б (“М” ХХК)-д 9,309,520 төгрөгийг тус тус олгож, О.Ө нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж,
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Э.О-ээс 1,620,880 төгрөгийг гаргуулан хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б (“М” ХХК)-д олгохоор шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэж 920 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Т.Б холбогдох “П" ХХК-ийг залилж 55 сая төгрөгийн хохирол учруулсан” хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, прокуророос Т.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар О.Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Т.Б-ыг мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар, О.Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.”,
2 дахь заалтыг “Т.Б-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг бүлэглэж, албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэг үйлдсэн, О.Ө-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг бүлэглэж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.”,
3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.5-д зааснаар О.Ө-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.",
4 дэх заалтыг “Т.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.",
5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б-т оногдуулсан 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.",
6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.",
8 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Б-аас 9,309,520 төгрөгийг гаргуулан “М” ХХК-д олгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Б-ын цагдан хоригдсон 118 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 1,770,000 төгрөгийг түүний эдлэх ялаас хасаж тооцсугай” гэсэн нэмэлт заалт оруулан бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Л.Нинжбат, шүүгдэгч О.Ө нарын гаргасан гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгч Т.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Т.Батбаярыг нэн даруй суллаж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогч “П” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э гаргасан гомдолдоо: "Миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.6-д “Шүүх, прокурор, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах”, 15.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн уг ажиллагааны оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээд нь шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гомдол гаргах эрхтэй” гэж заасны дагуу өөрийн эрхийнхээ хүрээнд давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт заасан Т.Б холбогдох “П” ХХК-ийг залилж 55,000,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхээр энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.
Тодруулбал: “П” ХХК нь “А" ХХК-ийн захирал Т.Б-тай Төв аймгийн Сэргэлэн сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 30*24 метрийн хэмжээтэй авто гражийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон. Ингэхдээ Т.Б нь манай “А" ХХК-тай гэрээ байгуулах гэхээр манай компани одоохондоо тусгай зөвшөөрөлгүй байгаа тул миний танил найзын компани дээр энэхүү гэрээ байгуулья хэмээн санал тавьсан. Уг саналын дагуу түүнд итгэн Т.Б-ын найзын “Б” ХХК-ийн нэрээр гэрээг байгуулсан. Тухайн гэрээг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр байгуулж гэрээнд заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 30 хувь болох 12,400,000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр, 10,000,000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрүүдэд тус тус төлж барагдуулсан.
Барилгын ажил явагдаж байх хугацаанд манай талаас дээврийн металл худалдаж авахаар судалж эхлэхэд нилээд өндөр үнэтэй байсан. Энэ үед “А" ХХК-ийн захирал Т.Б нь бидэнд хандан надад Бүгд Найрамдах Хятад Ард улсын Эрээн хотод таньдаг хүн байгаа би 55,000,000 төгрөгөнд багтаагаад та нарын хайгаад байгаа металл дам нурууг барилгын талбай дээр асуудалгүй авчирч өгч чадна хэмээн санал тавьсан. Бидний зүгээс зах зээлийн ханшаас багаар оруулж ирэх боломжтой гэсэн тул Т.Б-ын саналыг хүлээн авч, түүнд итгэн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулж 2018 оны 7 дугаар сарын 24-ны өдөр Т.Б нь 27,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг бидэнд илгээсний дагуу 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 27,500,000 төгрөгийг “А” ХХК-ийн дансанд мөн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 27,500,000 төгрөгийг дансаар шилжүүлж нийт 55,000,000 төгрөгийг өгсөн. Т.Б нь биднийг залилан мэхэлж 55,000,000 төгрөгийг авсан баримт хэргийн материалд хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр тусгагдсан байхад давж заалдах шатны шүүхээс гэмт хэргийн шинжгүй хэмээн үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хохирогчийн зүгээс давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй гарсан хэмээн үзэж байгаа бөгөөд хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг бүрэн дүүрэн үнэлээгүй, хэргийн материалд авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь өөр хоорондоо илт зөрүүтэй байна. Үүнд: хохирогч С.Э-ын (2 дугаар хавтас, 48-49 дэх тал) мэдүүлэгт: Анх Т.Б-аар авто граж бариулах гээд 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ байгуулсан. Гэрээг байгуулахдаа Т.Б нь манай “А" ХХК тусгай зөвшөөрөлгүй тул найзынхаа тусгай зөвшөөрөлтэй “Б" ХХК-тай гэрээ байгуулсан. Энэ үеэр дээврийн дам нурууг худалдаж авахаар судлахад нэлээд үнэтэй болоод байсан тул Т.Б “Бүгд Найрамдах Хятад Ард Улсад таньдаг хүн байгаа дам нурууг чинь 55,000,000 сая төгрөгөөр барилгын талбай дээр авчирья” гэж үнийн санал тавьсныг хүлээн зөвшөөрч 2018 оны 6 дугаар сарын 19-ны өдөр гэрээ байгуулан мөнгөө 2 хуваан өгсөн. Үүний дараа Т.Б нь ...2018 оны 10 сарын эхээр Бүгд Найрамдах Хятад Ард улс руу явлаа. Би яг одоо Эрээн рүү гарч байна, Эрээнээс одоо ачуулж байна. Замын-Үүд рүү гарчихлаа удахгүй ирнэ. Машиныхаа жолоочтой уулзаж чадахгүй байна машин эвдэрсэн, би өөрөө Замын-Үүдэд очиж машинаа хөдөлгөчхөөд ирлээ, жолоочтойгоо холбоо барьж чадахаа больсон би өөрөө очиж аваад Амгаланд айлын хашаанд тавьсан, өгсөн хаягаар нь очихоор олдохгүй, жолоочоосоо асуу гэхээр жолооч согтуу гэх зэргээр янз бүрийн шалтаг хэлж удаа дараа хууран мэхэлж маш их хугацаа алдаад байсан тул 2018 оны 11 дүгээр сард цагдаагийн байгууллагад хандсан. Үүний дараа Т.Б дам нуруу ирсэн, та нар мөнгөө удааж шилжүүлсэн, алданги төл гэхээр нь төлөөд дам нуруугаа авъя гэхэд Т.Б худал хэлж зугтаасан. Ийм байдалтай 1 сар гаруй хугацаа өнгөрсөн. Гэмт хэргийн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ю” барилгын А-1205 тоотод “П” ХХК-ийн захирал Ж.Б-тай авто гражийн металл дам нуруу бэлтгэн нийлүүлэх тухай 18/74 тоот гэрээг байгуулж, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 27,500,000 төгрөг, 9 дүгээр сарын 20-ны өдөр 27,500,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан атлаа дам нурууны мөнгийг бүрэн төлөлгүй хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж буюу төлбөрийн баримт гэх засвартай нэхэмжлэлийг ашиглан итгүүлж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч С.Э-д нийт 55,000,000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон.
Дээрх үйлдлүүд нь Т.Б нь хохирогч С.Э-ыг 55,000,000 төгрөгөөр хохироогоод байгаа залилангийн шинжтэй үйлдэл байхад давж заалдах шатны шүүх гэмт хэргийн шинжгүй хэмээн шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Хэдийгээр “П” ХХК-ийн зүгээс гэрээнд заасан хугацаанд төлбөрөө өгөөгүй боловч 55,000,000 төгрөгийг Т.Б-ын дансанд бүрэн шилжүүлсэн болох нь дансны хуулга болон Т.Б-ын мэдүүлгээр нотлогдож байна. Дээрх мөнгийг нь гэрээнд заасан хөрөнгийг авахад бүрэн зарцуулаагүй, авсан мөнгөний тодорхой хэсгийг гэрээний бус зүйлд зарцуулсан зэрэг нь нотлогдоод байхад хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байгаа юм. Т.Б нь металл дам нурууг хямд үнээр хурдан шуурхай авчирч өгнө хэмээн анхнаасаа худал хэлж, хуурч мэхэлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг (хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориуд бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсан) бүрэн дүүрэн агyулсан хэмээн үзэж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж анхан шатны шүүхээс Т.Б-ыг мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа худал мэдүүлж, “П” ХХК-ийн зүгээс 55,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт мөн Т.Б нь өөрийн найз Н.У-аар дамжуулан Хятадын талд захиалга өгөхдөө 2 өөр гэрээ байгуулж, өөрөөс нь илүү мөнгө авсан хэмээн мэдүүлсэн зэрэг нь бүрэн дүүрэн тогтоогдож байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийн хэрэгсэхгүй болгох, хэргийг хэрэгсэхгүй болгох” заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Т.Б-ын “П” ХХК-ийн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Бид хяналтын шатны шүүхэд давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Уг гомдлыг манай өмгөөлөгч хууль зүйн талаас нь тайлбарлаж өгнө гэв.
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-ын өмгөөлөгч И.Золжаргал хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Манай үйлчлүүлэгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байна. Анхан шатны шүүхээс Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн боловч давж заалдах шатны шүүх гэмт хэргийн шинжгүй иргэд хоорондын маргаан мэтээр тайлбарлаж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэ нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг үзэхэд Т.Б нь хэд хэдэн удаагийн тайлбар, мэдүүлэг өгсөн боловч өөр хоорондоо илт зөрүүтэй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Т.Б-т холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтууд нь гэм бурууг хөдөлбөргүй нотолж чадаагүй, урьдын харилцааны явцад бий болсон итгэл үнэмшлийг ашигласан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна гэж үздэг. Гэтэл Т.Б гэдэг хүн “П” ХХК-д Бүгд Найрамдах Хятад Ард улсад таньдаг хүн байгаа тухайн хүнээр дамжуулаад дээврийн төмөр, дам нурууг хямд үнээр авчирч өгнө гэж итгэл үнэмшил төрүүлэн гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр хүлээсэн үүргээ Т.Б-ын хувьд биелүүлэх боломжгүй болсноо мэдээд бусдын эд хөрөнгийг буцаан өгөхгүй гэсэн гэмт санаа зорилготойгоор итгэл үнэмшил төрүүлж, хуурч мэхлэх замаар төөрөгдүүлэх, итгэлийг эвдэх тодорхой үйлдлүүдийг хийсэн байдаг. Хэргийн материалд авагдсан мэдүүлгүүдээр “...2018 оны 10 сарын эхээр Бүгд Найрамдах Хятад Ард улс руу явна. Эрээн хот руу гараад явж байна Замын-Үүд рүү гарчихлаа удахгүй машин чинь ирнэ, машиных нь жолоочтой уулзаж чадахгүй байна. Тухайн машины жолооч согтуу болохоор дам нурууг авч чадахгүй байна” зэрэг тайлбар мэдүүлэг, үйлдлүүд нь өөрөө залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрэн дүүрэн агуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд заасан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй гарсан. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т зааснаар магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-ийн өмгөөлөгч Ц.Сайнбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж “М” ХХК-ийн зүгээс үзэж байгаа. Учир нь Т.Б гэдэг хүн нь компанийг зориудаар хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 1 метр нь 20,000 төгрөгийн үнэ бүхий хоолойг 126,000 төгрөг байдаг гэж өөрөө урьдчилаад бүх нөхцөл байдлыг судлан хуурамч бичиг баримт гаргаж өгч, газраа тодорхой болгож материал нийлүүлсэн гэж үзэж байна. Бодит байдал дээр нийт 80 метр хоолойг нийлүүлсэн. Хохирлын хувьд болохоор 10,930,400 төгрөгний хохирол учирсан. Барааны үнэ 2,574,000 төгрөгийг дээрээс нь НӨАТ шивсэн 1,350,000 төгрөгийг бид нар өөрт орж ирсэн орлого гэж үзээд нийт 13,854,400 төгрөг авснаас орлогоо хасаад 10,930,400 төгрөгийн хохирлыг бодитоор учруулсан гэж үзэж байна. Гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан гэв.
Шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Л.Нинжбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “М” ХХК-ийн тайлбараас эхлэхэд энэ компани Улсын дээд шүүхэд гомдол гаргаагүй гэж бодсон. Гаргасан бол надад гомдол танилцуулаагүй юм байна. Энэ компанид холбогдох үйлдлийг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлээр зүйлчлэн хөрөнгө завшсан гэж үзээд гэм буруутайд тооцон холбогдох эрүүгийн хариуцлагыг тооцчихсон байгаа. Гомдол гаргаагүй этгээдүүд тайлбар хэлж байгааг гайхаж байна. Гомдол гаргасан “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолтой холбоотой хууль зүйн үндэслэлийг хэлье. Уг гомдолд миний үйлчлүүлэгч Т.Б-ын “А" ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ буюу авто гражийн дам нуруу нийлүүлэх гэрээ байгуулсныг дурдсан байна. Мөн уг гомдолд давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсгийн “...шүүгдэгч Т.Б холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтууд нь түүний гэм бурууг хөдөлбөргүй нотолж чадаагүй, прокурорын яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд дурдсан хэргийн үйл баримт шүүгдэгчийн үйлдэл нь залилах гэмт хэргийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан гэх шинжийг агуулаагүй тул гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж хяналтын гомдолдоо дурджээ. Дээрх тайлбар ишлэлийг гомдолдоо дурдаад шийдвэр, магадлал нь хууль зүйн үндэслэлгүй хуульд нийцэхгүй байна зэргээр гомдсон байна. Давж заалдах шатны шүүх ямар хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн, үүнээс болоод ямар эрх зүйн үр дагавар гарсныг гомдолдоо дурдаагүй байгааг анхаарахыг хүсэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-д ямар тохиолдолд хяналтын журмаар гомдол гаргах талаар заасан. Энэ гурван үндэслэлийн алийг баримтлан гомдол гаргасныг гомдлоос нь тодорхойлох боломжгүйг дурдах нь зүйтэй. Би тайлбараа бичгээр өгчихсөн байгаа, та нар бүрэн танилцсан байх гэж найдаж байна. Тийм учраас товчлоод хууль зүйн гол үндэслэлээ тайлбарлая. “П” ХХК нь “А" ХХК-тай авто гражийн металл дам нурууг бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Энэ нь Улсын дээд шүүхийн 51 дүгээр тогтоолд заасан залилан мэхлэх гэмт хэргийн үндсэн шинж нөхцөлүүд байхгүй, оролцогч тал нөгөө талаа хохироох зорилготой анхнаасаа биелэгдэх боломжгүй гэрээ гэж үзээд байгаа хохирогчийн өмгөөлөгчтэй санал нийлэхгүй. Энэ гэрээ бол бодитоор байгуулагдаж, хэрэгжиж явсан байдлыг дараах цөөхөн хэдэн баримтаар тайлбарлая.
Нэгдүгээрт: Миний үйлчлүүлэгч “А" ХХК-ийн захирал Т.Б Бүгд Найрамдах Хятад Ард улсын Эрээн хотод ажлаар явсан өөрийн найз Н.У-д авто гражийн дам нуруу захиж, түүний эхнэр Ц.Т-ийн Хаан банкны дансанд 27,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үүнийг Н.У мөрдөн байцаалтын явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээрээ нотолдог. Гагцхүү Т.Б, Н.У нар өгсөн мөнгөний хэмжээн дээр зөрүүтэй мэдүүлдэг.
Хоёрдугаарт: Гэрч М.А-ын “...Э захирал намайг лавлаад ирээч гэсэн. Тэгээд гэрээнийх нь зургийг авч яваад захиалга өгсөн газарт нь очиж лавлахад дам нуруу захиалаад бэлэн болчихсон байсан. Гэтэл урьдчилгаа 23,400 юанийг төлөөд үлдэгдэл мөнгийг нь өгөөгүй” гээд Монгол улс руу ачуулаагүй үйлдвэр дээрээ байсан” гэсэн мэдүүлгээр гэрээний хэрэгжилт бодит байдал дээр хэрэгжиж байсан нь тогтоогддог. (хэргийн 2 дахь хавтас, 52 дахь тал)
Гуравдугаарт: Гэрээний хэрэгжилтийн талаар “П” ХХК болон “А” ХХК нарын санал, байр сууриа солилцож байсан албан бичгүүдээр тогтоогддог.
Дөрөвдүгээрт: Шүүх хуралдаанд гаргаж өгсөн Бүгд Найрамдах Хятад Ард улсын “Ф” ХХК болон Н.У нарын хооронд байгуулагдсан дам нуруу захиалсан 78,000 юаний худалдааны гэрээгээр мөн тогтоогдоно.
Энэ бүгдээс анхаарах хамгийн гол үйл баримт нь бол хохирогч гэгдэх “П” ХХК нь миний үйлчлүүлэгч Т.Б-ын Бүгд Найрамдах Хятад Ард улсын “Ф” ХХК-д урьдчилгааг нь төлж гэрээ байгуулж хийлгүүлсэн авто гражийн дам нурууг аваад өөрийн граждаа угсарсан байгаа явдал юм. Дээрх үйл баримтуудаас үзэхэд “А" ХХК буюу түүний захирал Т.Б нь авто гражийн дам нуруу нийлүүлэх гэрээ байгуулж түүнийгээ хэрэгжүүлээд явж байсан нь тогтоогддог. Магадгүй гэрээний хугацаа, барааг нийлүүлэх гэрээний үүргийн биелэлт зохих ёсоор гүйцэтгэгдээгүй байж болно. Тэгвэл энэ гэрээний зөрчил бөгөөд гэрээний 6.1 дэх заалтад “Энэхүү гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан түүнчлэн уг гэрээг зөрчих дуусгавар болгох, хүчингүй болгохтой холбоотой аливаа маргаантай асуудлыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрт Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн дагуу Монгол улсад эцэслэн шийдвэрлүүлнэ” гэж маш тодорхой зааж өгсөн заалтын дагуу Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитраар маргаанаа шийдвэрлүүлэхээр талууд тохиролцсон байна. Хэрэв иргэний эрх зүйн харилцаанд байнга, тогтмол хэрэглэгддэг энгийн бэлтгэн нийлүүлэх, ажил гүйцэтгэх, зээлийн гэрээнүүдийн талууд үүргээ гүйцэтгээгүй, эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүйг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх юм бол Монгол Улсын бизнес эрхлэгчдийн тэн хагасаас илүү нь шоронд хоригдох эрсдэл үүсэх юм. Эцэст нь та бүхнийг нэг зүйлд анхаарахыг хүсэж байна. Хэдийгээр миний үйлчлүүлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй ч гэсэн дараах зүйлийг анхаарч үзэхийг хүсэж байна. Тэрээр 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 148 хоног хоригдсоныг анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалд 118 хоног хоригдсон гэж ташаарсан байна. Иймд дээр дурдсан тайлбар, үндэслэлүүдээр “П” ХХК-ийн төлөөлөгч С.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолоор О.Ө-ыг бүлэглэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Т.Б-ыг бүлэглэн болон үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Б-аас 64,309,520 төгрөгийг гаргуулан хохирогч С.Э-д 55,000,000 төгрөг, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б (“М" ХХК)-д 9,309,520 төгрөгийг тус тус олгож, О.Ө нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Э.О-ээс 1,620,880 төгрөгийг гаргуулан хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б (“М” ХХК)-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.Б холбогдох хэргээс “П" ХХК-ийг залилж 55,000,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй ба шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. Шүүгдэгч Т.Б, О.Ө нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн боловч шүүгдэгч тус бүрт өөр өөр буюу О.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэсэн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан залилах, хөрөнгө завших гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн шилжүүлэн авч хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан шинжтэй байдгаараа өөр хоорондоо ижил төсөөтэй байдаг боловч объектив талын шинж болох гэмт санаа, зорилгоо хэрэгжүүлэхдээ урьдаас сонгон авсан арга, мөн тухайн эд юмс, түүний эрхийг гэмт этгээд ашиглах, захиран зарцуулах эрхтэй байсан эсэх, эдгээр нь хэний эзэмшил, өмчлөлд байсан зэргээрээ ялгагддаг билээ.
Тухайлбал, хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцэл зэргээр тогтоон олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд бусдын өмчийг итгэмжлэн хариуцах болон эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн этгээд уг эд хөрөнгө, түүний эрхийг өөртөө хууль бусаар авсан нь завших гэмт хэргийн үндсэн шинж байдаг бол залилах гэмт хэрэг нь өмчлөгч ба хууль ёсоор эзэмшигчийг хуурах эсхүл итгэлийг нь эвдэх замаар тэдгээрийг эзэмших, өмчлөлд байсан эд хөрөнгө, түүний эрхийг хууль бусаар өөрт авсан эсхүл бусдад шилжүүлсэн байдлаар үйлдэгддэг онцлогтой юм.
Өөрөөр хэлбэл, хууль ёсны өмчлөгчөөс тогтоосон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг хувьдаа авах, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлтэнд оруулах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх зэрэг нь завших гэмт хэрэгт тооцогдох бол дээрх үүргийг хүлээгээгүй этгээд өөрийн албаны чиг үүрэг, эрх мэдлийг ашиглан бусдын эд хөрөнгийг өөрийн ба бусдын мэдэлд шилжүүлснээс гадна түүнийг ирээдүйд захиран зарцуулах эрхийг олж авсан тохиолдолд залилах гэмт хэрэг гэж үзнэ.
Аливаа гэмт хэрэг нь хүний үйл ажиллагааны нэг төрөл болохын хувьд хүний бие махбодын ухамсарлагдсан, идэвхтэй үйл хөдлөлөөр илэрдэг билээ.
Түүнчлэн гэмт үйлдэл нь хүний бие эрхтний хөдөлгөөн төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг болно.
Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой билээ.
Гэмт этгээдээс өөрийн санаа зорилгыг хэрэгжүүлэх үүднээс сонгон авсан, Эрүүгийн хуульд заасан тодорхой үйлдлийн илрэх хэлбэр болох аргыг мөн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнд өөр өөрөөр хуульчилсан байдаг бөгөөд энэ нь гэмт хэргийн шинжийг болон түүний нийгмийн аюулын түвшинг тодорхойлох, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болдог тул үүнийг эргэлзээгүй хөдөлбөргүй тогтоосон байх ёстой.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан анхан шатны шүүх нь Т.Б-ыг “М” ХХК-д сантехникийн инженерээр ажиллаж байхдаа 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр барилгын засварын ажилд шаардлагатай бохир усны даацын шугам хоолойн 80 метр труба, муфт, цавуу зэргийг 2,574,000 төгрөгөөр худалдан авсан мөртлөө үнийг хэд дахин өсгөж 14,854,000 төгрөгөөр “Б” ХХК-иас худалдан авсан (хэргийн 1 дэх хавтас, 15-16 дахь тал) мэтээр хуурамч баримт бүрдүүлэн, эдгээрийн зөрүү мөнгийг ашигласан үйлдлийг залилах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үндэслэлтэй дүгнэсэн байна.
Учир нь Т.Б нь барааны бодит үнийг хуурамч баримт бичиг бүрдүүлэн өсгөж, зохиомол байдлыг бий болгох замаар хохирогчийг төөрөгдүүлэн түүний мөнгөн хөрөнгийг хууль бусаар өөртөө шилжүүлэн авч буй нь залилах гэмт хэргийн үндсэн нэг хэлбэр юм.
Түүнчлэн анхан шатны шүүх Т.Б-ын дээрх үйлдэл нь “албан тушаалын байдлаа ашигласан” шинжгүй болон шүүгдэгч О.Ө залилах гэмт хэрэгт хэдийд, хэрхэн, яаж хамтран оролцсон, түүний үйлдлийн нотлогдсон байдал, хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээний талаар хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Харин анхан шатны шүүх нь О.Ө-д Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 8 сар хорих ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуульд хамруулан мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болсон байна.
Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолдог ба О.Ө-ыг “...зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр тогтоосон мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Т.Б-тай бүлэглэн үйлдсэн гэж прокурор 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол (хэргийн 4 дэх хавтас, 172-176 дахь тал) гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасныг зөрчжээ.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.5-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн” бол яллагдагчаар татаж болохгүй гэж заасан бөгөөд уг хугацаа дууссан болон мөн зүйлийн 3-т заасан нөхцөл байдал үүсээгүй байхад прокурор О.Ө-ыг яллагдагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Иймд О.Ө холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.
Иргэний хуульд заасны дагуу гэрээ байгуулсан, түүний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст аливаа эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдлийг залилах гэмт хэрэгт тооцдоггүй билээ.
Харин өөрөөс нь үл шалтгаалах хүчин зүйл буюу нөхцөл байдал үүсээгүй байхад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар тодорхой арга хэмжээ аваагүй, үүнд чиглэсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй зэргээр гэрээний үүргээ биелүүлээгүй байж гэрээний харилцаагаар итгэмжлэн олгосон бусдын эд хөрөнгийг буцааж өгөлгүй ашиглах нь залилах гэмт хэргийн нэг хэлбэр юм.
Шүүгдэгч Т.Б нь “Б” ХХК-ийн нэрээр “П” ХХК-д авто гражийн барилгын металл дам нурууг бэлтгэн нийлүүлэх гэрээг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр уг компаний захирал Т.Б-тай байгуулж, гэрээний төлбөрт мөн оны 7 дугаар сарын 31, 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд тус тус 27,500,000 төгрөг, нийт 55,000,000 төгрөг авсан мөртлөө элдэв шалтаг заан уг гэрээний үүргээ биелүүлээгүй үйл баримтыг анхан шатны шүүх тогтоож, энэхүү үйлдлийг залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Т.Б нь дээрх барааг бэлтгэн нийлүүлэх гэрээг Н.У-аар дамжуулан хийж урьдчилгаа мөнгийг түүгээр төлүүлсэн, уг бараа нь үлдэгдэл мөнгийг төлөөгүйн улмаас Бүгд Найрамдах Хятад Ард улсын Эрээн хотод байгаа талаар гэрч Н.У, М.А нар мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад мэдүүлжээ.
Гэрээний төлбөрт 55,000,000 төгрөгийг бүрэн авсан мөртлөө Т.Б нь Н.У-аар урьдчилгаанд төлүүлсэн 10,000,000 төгрөгийг түүнд буцаан өгснөөс өөрөөр үлдэгдэл мөнгийг төлж, бэлэн болсон барааг гэрээний дагуу нийлүүлэх арга хэмжээ авч байсан боловч түүнээс үл шалтгаалах хүчин зүйл, нөхцөл байдлын улмаас тэрээр гэрээний үүргийг биелүүлэх боломжгүйд хүрсэн буюу эрсдэлд орсныг нотолсон ямар нэгэн баримт мэдээлэл хэрэгт авагдаагүй тул шүүгдэгчийн энэхүү үйлдлийг анхан шатны шүүхээс залилах гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэснийг үгүйсгэх эсхүл өөрчлөх үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх үзэв.
Шүүгдэгч Т.Б, О.Ө нарт холбогдох хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан болон нөхөн төлүүлэх хохирлын хэр хэмжээ, Т.Б оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.
Харин давж заалдах шатны шүүхээс Т.Б, О.Ө нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, Т.Б-ын зарим хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуульд заасан залилах болон завших гэмт хэргийн шинжүүдийн ялгааг зөв тодорхойлж чадаагүй, үүнтэй холбоотойгоор мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдийн зохих заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул энэ талаар хохирогч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгохоор тогтоов.
Хоёр шатны шүүх шүүгдэгч Т.Б-ын цагдан хоригдсон хоногийг дутуу тооцсон байх тул энэ талаарх өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 920 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.
2.Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 540 дүгээр шийтгэх тогтоолын О.Ө-ыг ял шийтгэсэн болон өршөөлд хамруулсан заалтуудыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх цагдан хоригдсон нийт 147 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
4. Шүүгдэгч Т.Б-ыг энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ