Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 404

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл би, Б.Ууганцэцэгээс Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Алтанчимэгийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн а/26 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоон, уг тушаалын нэгдүгээр хавсралтын 30 дугаарт бичигдсэн Б.Ууганцэцэгт холбогдох хэсгийг хүчингүйд тооцон, үндэслэлгүйгээр ажлаас халагдсан болохыг тогтоож, өмнө нь ажиллаж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг нөхөн олгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, зохих бичилт хийлгэхийг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэргийг хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ууганцэцэгээс шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:  “ ... тус шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргаж Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн холбогдуулан захиргааны хэрэг үүссэн. Уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч болох Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн  даатгалын хэлтсийн дарга Ш.Алтанчимэгийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Б.Ууганцэцэгийг ажилд томилох тухай” Б/23 дугаар тушаал гарч миний бие ажилдаа эргэн орсон. 

Энэ нь хариуцагч тал, миний зүгээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч ажилд эгүүлэн томилсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч миний бие нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. 

Иймд тус хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 47 дугаар зүйлийн 47.6, 50 дугаар зүйлийн 50.4-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсныг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”; 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах...”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзаж болно.”, 66.2-т “Нэхэмжлэгч ньнэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...”, 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй.”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид ... гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж тус тус заажээ.  

Нэхэмжлэгч Б.Ууганцэцэг нь Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь  татгалзаж буйгаа шүүхэд бичгээр гаргаж, нэхэмжлэлээсээ татгалзснаас гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Алтанчимэгийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн а/26 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоон, уг тушаалын нэгдүгээр хавсралтын 30 дугаарт бичигдсэн Б.Ууганцэцэгт холбогдох хэсгийг хүчингүйд тооцон, үндэслэлгүйгээр ажлаас халагдсан болохыг тогтоож, өмнө нь ажиллаж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг нөхөн олгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, зохих бичилт хийлгэхийг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Б.Ууганцэцэг бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.6, 50 дугаар зүйлийн 50.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь энэхүү захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                        А.САРАНГЭРЭЛ