Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/0429

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:       Л.Атарцэцэг

П.Соёл-Эрдэнэ

Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг    

Нэхэмжлэлийн шаардлага: “Хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд геологи хайгуулын судалгааны ажил гүйцэтгүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж буй хууль бус үйлдэхүйг зогсоож, XV-020*** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгуулах”

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 09 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0400 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхжаргал,

Хариуцагч М.Өнөржаргал, хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва нарыг оролцуулж,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 38 дугаар зүйлийн 38.1.2, Газрын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан “Б” ХХК-ийн “2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0400 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, тус компанийн 2017 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөг зохих журмын дагуу хянаж, батлахыг Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргад даалгасан байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол     

3. “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0400 дугаартай магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн дээрх магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж дүгнэсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлүүдээр гомдол гаргаж байна.

5. Нэгт. Нэхэмжлэгч компанийн зүгээс урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байгаа талаар нотлох баримтуудыг буруу үнэлж, дүгнэн, хуульд нийцэхгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

6. Тодруулбал хэрэгт авагдсан баримтаар ч тэр, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбараар ч тэр 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан хүсэлтэд боломжгүй гэх хариуг мөн оны 10 дугаар сарын 20-ны өдөр бичгээр өгсөн боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.1.1-т “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж тус тус заасны зөрчиж буюу энэ хуульд заасны дагуу дээд шатны Засаг даргад хандаж гомдлоо гаргаагүй хирнээ шууд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

7. Харин дараа нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дээд шатны Засаг дарга болох аймгийн Засаг даргад гомдлоо гаргаж, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хариу авсан зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхад давж заалдах шатны шүүхээс огт дүгнэлт хийгээгүйн зэрэгцээ Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулах хүргүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан хугацааг хэтрүүлсэн боловч энэ нь хайгуулын үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэх ..." ямар ч хамааралгүй, маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

8. Түүнчлэн нэхэмжлэгч компанийн зүгээс хуульд заасан хугацаанд урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргасан эсэх талаар болон шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлснийг шүүхээр сэргээлгэсэн талаарх баримтууд хэрэгт байхгүй байгааг анхаарч үзээгүй бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуг аваад дээд шатны Засаг даргад гомдлоо гаргаагүй хирнээ мөн хуульд зааснаар хариу авснаас хойш 30 хоногийн дотор яагаад шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй талаар огт дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

9. Хоёрт. Нэхэмжлэгч нь 2017 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэж маргаж байх боловч уг төлөвлөгөөгөө Сантмаргаз сумын Засаг даргад гаргасан гэдэг үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй бөгөөд 2016 онд өгч байсан төлөвлөгөөгөө баталж өгөөч гэж 2017 онд хандсан үйл баримт хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогддог.

10. Эндээс үзэхэд хариуцагчийн зүгээс 2017 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар гаргаж өгөөгүй хирнээ баталсангүй, хууль бус эс үйлдэхүй гаргалаа гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байхад давж заалдах шатны шүүхийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.1.6-д зааснаар батлаагүй нь хууль бус талаар дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

11. Хэрэгт авагдсан байгаа 2017 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө бол нэхэмжлэгчээс өөрсдөө энэ асуудал хөндөгдөх үед 2016 оны төлөвлөгөөгөө засаж гарган шүүхэд өгсөн баримт бөгөөд 2017 оны 10 сард өгөх гээд авч очсон гэх тайлбарыг гаргадаг боловч түүнийг нь нотолсон баримт байхгүй /бүртгэл, албан бичиг, хяналтын карт гэх мэт/ байхад хариуцагчийг 2017 оны төлөвлөгөөг батлах үүргээ биелүүлээгүй гэж буруутгаж байгаа үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн энэ дүгнэлт ч мөн адил хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

12. Гуравт. Маргаж байгаа талбай нь 2014 онд Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авагдсан бусдын эзэмшил газартай давхцалтай, мөн соёлын өвд албан ёсоор бүртгэлтэй хиргисүүрүүд байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ үндэслэлүүдээр хариуцагчийн зүгээс зөвшөөрөхгүй байгаа үндэслэлүүдээ тайлбарлан маргасанд давж заалдах шатны шүүхээс огт дүгнэлт хийгээгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах” гэж заасныг буруу тайлбарлан, хариуцагчийн хувьд хуульд заасан боломжийг нь хязгаарласан шийдвэр болсон байна.

13. Мөн нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө хуульд заасан хугацаанаас хэтрүүлж батлуулахаас татгалзсаныг зөвтгөж, батлахаас татгалзах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд хуульд зааснаар 30 хоногийн дотор батлуулахаар заасан байхад 6 сарын дараа батлуулахаар хандаж байгаа нь энэ хугацаанд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгүйгээр, хяналтгүйгээр байгаль орчныг хэрхэн бохирдуулсан зэрэг нь хамаагүй мэтээр дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа асуудал гэж үзэх үндэслэлтэй.

14. Дөрөвт. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн зүгээс “...2017 оны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгуулах тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд зохих журмын дагуу батлуулах тухай нэхэмжлэл гаргаагүй, өөрөөр хэлбэл батлах ёстой учраас батлахыг даалгуулахыг хүссэн болохоос зохих журмын дагуу дахин шалгаад батлуулъя гэж хүсээгүй байхад нэхэмжлэл гаргаагүй асуудлаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчиж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасныг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

15. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0400 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

16. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасантай нийцсэн байна.

17. Нэхэмжлэгчээс “Манай компани нь XV-020*** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 116 тоот шийдвэрээр авсан. ...2016 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2016 оны 09 дүгээр сарын 04-нд очсон боловч...сумын Засаг дарга ...батлахаас татгалзсан...2017 оны 10 дугаар сарын 19-нд мөн очсон боловч....сумын Засаг дарга Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариу өгсөн...улмаар манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлагдах нөхцөл бүрдээд байна” гэж, хариуцагч “...“Б” ХХК-д 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр XV-0203*** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д заасны дагуу тухайн талбай байрших сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын саналыг авалгүй олгосон...Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан хугацаанд төлөвлөгөөг сумын Засаг даргатай харилцан зөвшилцөж боловсруулаагүй, мөн хуулийн 38.1.8-д заасан мөнгөн хөрөнгийг байршуулаагүй, мөн хуулийн 21.1.8-д заасны дагуу хаваржаа эзэмшигч нараас зөвшөөрөл аваагүй” гэж тус тус маргажээ.  

18. Нэхэмжлэгч “Б” ХХК-д Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 116 тоот шийдвэрийн дагуу XV-020*** дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд уг тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай 30 хоногийн дотор зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулахдаа баримтлах Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна.

19. Ийнхүү байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар хугацаа хэтрүүлэн хариуцагчид хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн хайгуулын үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

20. Нэгэнт эрх бүхий байгууллагаас олгосон хайгуулын тусгай зөвшөөрөл хүчинтэй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.2-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасны дагуу хариуцагч хянан батлах үүрэгтэй, төлөвлөгөөнд эвдэгдсэн газрыг булах тэгшлэх, ургамалжуулах замаар нийтийн хэрэгцээнд ашиглах, нөхөн сэргээх орон нутгийн иргэдийн өвөлжөөний газартай хамааралтай асуудлыг тусгах эрх хариуцагчид хуулиар нээлттэй байхад үндэслэлгүйгээр татгалзсан нь хууль бус болжээ.  

21. Ашигт малтмалын тухай хуулийн 401, 402 дугаар зүйлүүдэд Соёлын өвийг хамгаалах асуудлыг тусгайлан зохицуулсан, энэ нь төлөвлөгөөг батлахаас татгалзах үндэслэлд хамааралгүй байх тул “...соёлын өвд албан ёсоор бүртгэлтэй хиргисүүрүүд байгаа” гэсэн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

22. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж,  хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.        

Захирганы хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0400 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

 

                        ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН