Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 207/МА2024/00047

 

 

 

 

 

 

 

2024     05         20                                           207/МА2024/00047

       

 

    Ж.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч

   О

   газарт холбогдох иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч Б.О, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2024/00135 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О газарт холбогдох,

Дутуу бодож олгосон нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгө 5.950.891 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П-, нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Г- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 1983 онд Багшийн дээд сургууль А, О аймгийн Ерөнхий Бололвсролын сургуулиудад багшилж байгаад 2023 оны 7 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарсан. Төрийн албанаас тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тусламж олгоход мөрдөх журмыг Засгийн газар батлана гэж хуульчилсан байдаг. Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор төрийн албанд ажилласан хугацаа гэж Төрийн албаны тухай хуулийн 11-14 дүгээр зүйлд заасан албан тушаалд ажилласан хугацааг хэлнэ. Боловсролын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт зааснаар ...Боловсролын сургалтын байгууллага төрийн, орон нутгийн, хувийн болон холимог өмчийн хэлбэртэй байна...,\ Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.9 дэх хэсэгт ...Гадаад улсын болон олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг ерөнхий боловсролын сургууль нь хөтөлбөр хэрэгжилтийн явц, үр дүнгийн мэдээллийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн бус өмчийн сургалтын байгууллагыг албан ёсоор төлөөлөх байгууллага, мэргэжлийн холбоо, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид тайлагнана..., Мөн сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт ...Ерөнхий боловсролын сургууль нь дунд ангиас математик, байгалийн ухаан, техник-технологи, хэл, урлаг, спортын зэрэг чиглэлээр суралцагчийн авьяас, чадварыг хөгжүүлэх төрөлжсөн сургалт зохион байгуулж болно..., мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэгт Ахлах сургууль нь сургалтын хөтөлбөрийн онцлогоос хамааран төрөлжиж болно гэж хуульчилсан байхад гадаад улсаас хөтөлбөр хэрэгжүүлж Монгол улс, Т улсын хамтарсан өмчийн холимог хэлбэртэй сургуульд ажилласан хугацааг хасаж нэг удаагийн буцалтгүй тусламжийг дутуу бодсон нь хууль зөрсөн үйлдэл байх тул гарсан алдааг засварлаж миний нэхэмжилж байгаа мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Ж.Г-ын төрийн албанд ажилласан нийт 35 жилээс М сургууль болох Ерөнхий боловсролын О ХХК-д ажилласан 05 жилийг хасаж албанд ажилласан жилийг тодорхойлж өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгосон. Энэ нь Боловсролын ерөнхий хуулийн 13.3.4 Төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтанд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход Төрийн албаны тухай хуульд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгох, Төрийн болон орон нутгийн тухай хууль, Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын 4.2 Боловсролын тухай хуулийн 43.1.4, 43.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т тус тус заасан төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээг энэ журмын 2.1, 2.2, 2.3-т дагуу тогтоох бөгөөд тэдгээрийн ажилласан хугацаанд Боловсролын тухай хуулийн 3.1.15, 43.1.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан хугацаа болон энэ журмын 3.1-д заасан хугацааг оруулан тооцно. Мөнгөн тэтгэмжийг энэ журмын 4.2, 4.3, 5.1-5.5-д заасныг баримтлан олгоно гэж дагуу Ерөнхий боловсролын О сургууль нь төрийн болон орон нутгийн шинжтэй байгууллага биш учир төрийн албанд ажилласан гэж үзэхгүй гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2024/00135 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Боловсролын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.4, 18.9, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-д заасныг баримтлан хариуцагч О аймгийн Засаг даргын дэргэдэх Б газраас 5.950.891 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Г-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.164 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б газраас 55.082 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Г-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхээс хэргийг хянаад шийдвэр гаргахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг ноцтой зөрчлөө. Учир нь нэхэмжлэгч Ж.Г- нь 2009.09.01-ний өдрөөс 2015.06.09-ний өдрийг хүртэл М сургуульд математикийн багшаар ажилласан 5 жилийг хасаж тооцон төрөөс олгох ёстой нэг удаагийн тусламжийг дутуу бодож олгосон гэж маргасан. Боловсролын ерөнхий хуулийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Нэхэмжлэгч нь 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл математикийн багшаар О Э сургуульд ажилласан. Тиймээс 2002 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 “Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгах” гэж хуульчилсан. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 34-т "төсвийн байгууллага" гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг” гэж заасан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1.5 “үүсгэн байгуулах баримт бичиг" гэж эрх бүхий этгээдээс гаргасан хуулийн этгээд байгуулах шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, хуульд заасан тохиолдолд үүсгэн байгуулах гэрээг" гэж заасан бөгөөд Компанийн тухай хуулийн 3.1-д “Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ” гэж заасан. М сургууль нь нэг үүсгэн байгуулагчтай хязгаарлагдмал хувьцаат компанийн хэлбэрээр Улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд ашгийн төлөө хуулийн этгээд болно. Төрийн албаны тухай хуулийн 3.1.1-д "төрийн алба" гэж төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг” хэлнэ гээд мөн хуулийн 3.1.2-т "төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг хэлнэ гэж заасан. Ж.Г- нь 2009.09.01-ний өдрөөс 2015.06.09-ний өдрийг хүртэл М сургуульд математикийн багшаар ажилласан бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдаагүй болохыг дурдах нь зүйтэй. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын 4.2-т “Боловсролын тухай хуулийн 43.1.4, 43.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т тус тус заасан төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээг энэ журмын 2.1, 2.2, 2.3-т заасны дагуу тогтоох бөгөөд тэдгээрийн ажилласан хугацаанд Боловсролын тухай хуулийн 3.1.15, 43.1.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан хугацаа болон энэ журмын 3.1-д заасан хугацааг оруулан тооцно. Мөнгөн тэтгэмжийг энэ журмын 4.2, 4.3, 5.1-5.5-д заасныг баримтлан олгоно”, Боловсролын ерөнхий хуулийн 13.3.4-т төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтанд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход Төрийн албаны тухай хуульд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгох” гэж тус тус зохицуулсан. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлд төрийн үйлчилгээний албан тушаалыг зааж өгсөн. Тухайлбал: 14.1.1-т “төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал” 14.1.2-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэгт төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” 14.1.3-т “яам, агентлагийн харьяа болон түүний дэргэд ажилладаг, төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж нарийвчлан зааж өгсөн. М сургууль нь төсвөөс санхүүждэггүй, төрийн байгууллага биш, ашгийн төлөө хуулийн этгээд юм. Анхан шатны шүүхээс Боловсролын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т “Боловсролын сургалтын байгууллага төрийн, орон нутгийн, хувийн болон холимог өмчийн хэлбэртэй байна” гэж заасныг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Боловсролын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т тухайн сургалтын байгууллагын өмчийн хэлбэрийг хуульчилсан бөгөөд хувийн сургуулийг төсвөөс санхүүждэг, түүнд ажиллаж байгаа багш, ажилчдыг төрийн үйлчилгээний албан хаагч гэж хуулийг ноцтой зөрчиж дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2024/00135 тоот дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч Ж.Г- нь О аймгийн ............... газарт холбогдуулан дутуу бодож олгосон тэтгэмжийн зөрүү 5.950.891 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хариуцагч О аймгийн ............... газар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар татгалзсан үндэслэлээ О Э сургууль нь Төрийн болон орон нутгийн шинжтэй байгууллага биш учир төрийн албанд ажилласан гэж үзэхгүй. Т сургуульд 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд математикийн багшаар ажилласан 5 жилийг хасаж тэтгэмж олгосон гэсэн тайлбарт үндэслэн тодорхойлсон.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч Ж.Г- нь 1983 онд Улсын багшийн дээд сургууль төгсөж А, О аймгийн ерөнхий боловсролын сургуульд математикийн багшаар нийт 30 жил ажиллаад 2023 оны 07 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарсан, хариуцагч ............... газар нь нэхэмжлэгч Ж.Г-т О аймгийн О Э Т сургуульд математикийн багшаар ажилласан 5 жилийн хугацааг төрийн албанд ажилласан хугацаанаас хасаж тооцон төрөөс олгох нэг удаагийн тэтгэмжийг олгосон зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх төрийн албанаас тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тусламж олгох журмыг Засгийн газар батална гэж хуульчилсны дагуу Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоол гарсан байна. Дээрх тогтоолд зааснаар төрийн албанд ажилласан хугацаа гэж Төрийн албаны тухай хуулийн 11-14 дүгээр зүйлд заасан албан тушаалд ажилласан хугацааг хэлнэ гэж зааснаар болон сургуулийн өмнөх насны болон Ерөнхий боловсролын тухай хуульд заасанчлан гадаад улсаас хэрэгжүүлсэн Монгол улс Т улсын хамтарсан өмчийн холимог хэлбэртэй сургуульд ажилласан хугацааг хасаж нэг удаагийн буцалтгүй тусламжийг дутуу бодсон нь буруу гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Монгол У   лсын боловсролын ерөнхий хууль, Боловсролын тухай хуульд нийцжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч байгууллагын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П-ын шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2024/00135 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П-ын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.164 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.Б

                                                              ШҮҮГЧИД                                     Б.О

                                                                                                                         С.У