Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 207/ма2024/00048

 

2024   05          20                                                                       207/МА2024/00048
    

    С.Д-ын нэхэмжлэлтэй, 
хариуцагч Г.Ц, С.И 
нарт холбогдох иргэний 
хэргийн тухай

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч Б.О, шүүгчС.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2024/00491 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: С.Д-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Ц, С.И нарт холбогдох, 
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг, 
Хариуцагч С.Игийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгчС.Уийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв. 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагч С.И, хариуцагчийн өмгөөлөгч М.Б, С.Д, нарийн бичгийн дарга Г.О нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Д-а шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
С.Д-а би Г.Цгийн хүсэлтээр ....... ОРБ улсын дугаартай цагаан өнгөтэй Р автомашиныг 13.000.000 төгрөгөөр худалдахаар болж Г.Цгийн нэр дээр шилжүүлж 1 сарын хугацаагаар зээлдүүлэхээр болсон. 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр миний данс болох Хаан банкны 5094................ тоот дансанд 5.000.000 төгрөг шилжүүлж хийсэн. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрч одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Иймд Г.Цгээс худалдах, худалдан авах гэрээний төлбөр болох 8.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Ц шүүхэд гаргасан тайлбартаа:
Г.Ц би С.Д-аас П маркийн автомашиныг худалдан авсан ба 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр С.Д-ын дансанд 5.000.000 төгрөг шилжүүлснээр төлбөр тооцоо дууссан. Нэхэмжилж буй 8.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 
Г.Ц нь С.Д-аас П маркийн автомашиныг 13.000.000 төгрөгөөр худалдан авсан нь үнэн бөгөөд, уг төлбөрөөс 5.000.000 төгрөгийг С.Д-ад дансаар шилжүүлж, үлдэгдэл төлбөр 8.000.000 төгрөгийг төлж дуусгаагүй байна. Одоогоор Г.Ц нь санхүүгийн боломжгүй байгаа тул график гаргаад боломжоороо төлж дуусгах болно гэжээ.
Хариуцагч С.И шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 
Миний бие С.И нь нэхэмжлэгч С.Д-ын нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэг эмэгтэй миний ................ дугаарын утсаар холбогдож машин барьцаанд тавьж зээл авах гэсэн юмаа гэж хэлсэн. За тэгээд нарийн ширийн асуудлыг ярилцахаар уулзахад Г.Ц гэх эмэгтэй өөр автомашины эзэн болон өөрийн нөхөр 2 эрэгтэй хүнтэй ирсэн. Тэгээд машин барьцаалж зээл авах гэсэн юмаа. Машинаа зарах гэтэл ББСБ-т зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болохоор яаралтай мөнгө хэрэгтэй байна. Машинаа зарахаар тохирсон тул удаахгүй мөнгөө өгөөд машинаа авна гэх утга агуулга бүхий зүйл ярьж ирсэн. Ингээд бид аман хэлэлцээр хийж би автомашиныг нь барьцааны зүйл болгон хүлээн авч өөрийн гражид хийгээд Г.Цгийн Хаан банкин дахь ...................... тоот дансанд Машины зээл гэсэн гүйлгээний утгаар 6.000.000 (зургаан сая) төгрөгийг С.И миний Хаан банкин дахь .................. тоот данснаас шилжүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа гэдгийг яг сайн хэлж мэдэхгүй байна. Машины эзэн Г.Ц, нөхрийн хамт зээлийн төлбөрт төлөх мөнгөө бэлнээр нь авчраад төлбөр мөнгөө төлж, машинаа миний гражаас аваад явсан. Миний хувьд автомашиныг барьцааны зүйл болгож, 6 сая төгрөгийг зээлдүүлсэн. Зээлийн төлбөрөө төлсөн тул автомашиныг нь буцаан хүлээлгэж өгсөн л асуудал байгаа болохоос тухайн автомашиныг худалдаж авах ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй бөгөөд тухайн автомашиныг өөрийн нэр дээр огт шилжүүлж аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2024/00491 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Игаас 8.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Д-ад олгож, хариуцагч Г.Цд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Игаас улсын тэмдэгтийн хураамжинд 142.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 
Хариуцагч С.И шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
С.И миний бие С.Д-аас ....... ОРБ улсын дугаартай П маркын автомашиныг худалдан авах ямар нэгэн гэрээ байгуулаагүй буюу тийм ашиг сонирхол байгаагүй. Харин Г.Ц гэх эмэгтэй С.Д-аас ....... ОРБ улсын дугаартай П автомашиныг худалдан авахын тулд барьцаалж зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. ...Мөн С.Д-а шүүх хуралдааны хэлэлцүүлэгт И-д худалдаагүй Ц 10 хоногийн дараа үлдсэн мөнгийг өгнө гэж хэлээд авсан. тэрнээс хойш худлаа хэлж явсаар өдийг хүрсэн гэж тайлбарласан. Хариуцагч Г.Ц нь шүүхэд анх өгсөн тайлбартаа 8 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн, харин дахин нэмэлт тайлбар гаргахдаа С.Д-аас приус машиныг 13 сая төгрөгөөр худалдаж авсан нь үнэн. Үлдэгдэл 8 сая төгрөгийг төлөх санхүүгийн боломжгүй байсан тул төлж чадаагүй. Одоо график гарган төлнө хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Үйл баримт нэгэнт ил тодорхой байхад шүүх С.Д-аас машин худалдаж аваад түүнийгээ Г.Цд зарсан гэж илт хууль бус тодорхойлж байна. Миний хувьд эдгээр хүмүүстэй Худалдах худалдан авах гэрээ огт хийгээгүй. Нэхэмжпэгчийнөмгөөлөгч шүүх хуралдааны турш С.Д-а С.И нарын Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээгээр үүрэг хүлээх ёстой мэтээр тайлбарлаж зөвхөн өөрт ашигтай нэг талыг барьсан дүгнэлт хийсэн. Иргэний хуулийн 235 дугаар зүйлд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг заасан байдаг нь эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу “фидуц”-ийн гэрээ юм. Энэ гэрээгээр мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг тухайлбал автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн тухайлбал, зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нь эд хөрөнгийг түүнд буцаан өгөх харилцааг зохицуулдаг. Гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө үүрэг гүйцэтгүүлэгч захиран зарцуулсан бол үүргээ гүйцэтгэсэн үүрэг хүлээгч учирсан хохирлоо шаардах эрхтэй. Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авах буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно. Фидуцийн гэрээг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ашиглаж болдог. Энэ тохиолдолд автомашиныг зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлэн зээлдүүлэгч өмчлөгчөөр бүртгүүлэх шаардлага хуулиар тавьдаг. Гэтэл шүүх энэ маргааныг дүгнэхдээ тухайн автомашин нь Б ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй байсан. С.Д-а өөрийн эзэмшлийн автомашиныг С.Ид 13 сая төгрөгөөр худалдсан гэж хэтэрхий нэг талыг барьсан дүгнэлт хийсэн нь хууль зүйн хувьд ямар ч үндэслэлгүй байна С.Д-а бид хоёрын хооронд 13 сая төгрөгөөр худалдах саналын талаар ямар ч яриа болоогүйн дээр тухайн автомашиыг миний бие худалдан авах ямар хүсэл зориг илэрхийлээгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах худалдан авах гэрээний дагуу С.Д-а С.Игаас шаардэх эрх байхгүй. Шаардах эрх үүсэхийн тулд гэрээ байгуулагдсан байх ёстой буюу Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1. “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ”, 40 дүгээр зүйлд Хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байх” талаар заасан. Гэтэл гэрээний санал, түүнийг хүлээн зөвшөөрсөн хүсэл зоригийн илэрхийлэл, түүний саналыг нөгөө тал хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал огт болоогүй байна. Харин шүүхийн дүгнэлт С.Д-а, Г.Ц нарын хооронд Худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байгааг хуулийн дагуу тайлбарлан үндэслэлтэйгээр дүгнэх боломжтой байсан. Хариуцагч Г.Цгийн автомашиныг худалдаж авсан нь үнэн 5 сая төгрөг урьдчилж өгсөн үлдэгдэл 8 сая төгрөгийг төлнө гэсэн тайлбарт дүгнэлт хийгээгүй. Худалдах худалдан авах гэрээний ач холбогдол, түүнээс үүсэх үр дагаврыг үндэслэлгүй тайлбарлажээ. Хэдийгээр хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа өөрөө нотлох үүрэг хүлээх боловч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9. Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж зааснаар шийдвэрлэх боломжтой байсан. Шүүх хэтэрхий нэг талыг барьж, хэрэгт авагдсан нотлох баримтад бүрэн дүүрэн үнэлэлт хийгээгүй, бодит байдалд үндэслэл бүхий хандаж чадаагүй гэж үзэж байх тул тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 00491 дугаартай хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй, тул хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.
Нэхэмжлэгч С.Д-а нь хариуцагч С.И Г.Ц нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Г.Ц нь нэхэмжлэгч С.Д-ад 5.000.000 төгрөг шилжүүлж төлбөр тооцоо дууссан гэж эс зөвшөөрч тайлбар гаргасан бол хариуцагч С.И нэхэмжлэлийн шаардлагыг худалдах, худалдан авах гэрээ хэлцэл хийгээгүй гэж зөвшөөрөхгүй маргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч С.Д-а нь 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн ....... ОРБ улсын дугаартай цагаан өнгийн П автомашиныг 13.000.000 төгрөгөөр хариуцагч С.Ид худалдсан, тухайн машин Б” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй байсан, хариуцагч С.И нь өөрийн нэр дээр машиныг шилжүүлэх хүсэлтийг Б” ББСБ-д гаргаж, өмчлөх эрхээ шилжүүлж авсан, нэхэмжлэгч С.Д-а, хариуцагч С.И нарын хооронд авто машин худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн, нэхэмжлэгч С.Д-а гэрээний үүргээ биелүүлж С.Ид машиныг шилжүүлж, хариуцагч С.И нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч Г.Цгийн Хаан банкны дансанд 6.000.000 төгрөг шилжүүлсэн зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна. 
Харин хариуцагч С.И нь нэхэмжлэгч С.Д-аас машин худалдаж аваагүй, Г.Цгийн хүсэлтийн дагуу авто машиныг барьцаалж 6.000.000 төгрөгийн зээл өгсөн гэж маргасан тайлбар гаргаж буй боловч энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, өөрийн нэхэмжлэлийн шаардлагын талаар татгалзал, тайлбарын үндэслэлээ нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан үүргээ биелүүлээгүй байна.
Анхан шатны шүүхийн талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч С.Д-а нь гэрээнд заасан хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч үнийг төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн дүгнэлт хийж хариуцагч С.Игаас 8.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, хариуцагч Г.Цд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул нэхэмжлэгч С.Д-ын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2024/00491 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Игийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч С.Игийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Б.Б

                                                              ШҮҮГЧИД                 Б.О

                                                                  С.У