Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 207/МА2024/00049

 

2024 05 20 207/МА2024/00049

 

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Э ТӨҮГ-т

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, шүүгч Б.О, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2024/00383 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ТӨҮГ-т холбогдох,

Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/..... дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Т, С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-, нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Д-ын О нь Э ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын мониторинг инженерийн албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/..... тоот тушаалаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг дотоод сүлжээгээр танилцуулсан ба тухайн тушаалтай танилцаад үндэслэлгүй арга хэмжээ авсан гэж үзэж, уг тушаалыг

хүчингүй болгож өгнө үү гэх гомдлыг тус маргаан таслах комисст гаргасан. Тус маргаан таслах комиссоос ойлгомжгүй хариу өгснийг О аймгийн Б сумын Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан ба хариуг 2023 оны 09 дүгээр сарын 27-нд өгсөн тул шүүхэд хандаж байна. Намайг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр удирдлагаас өгсөн ажил үүргийг биелүүлээгүй, хяналтыг зохих ёсоор тавиагүй, хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр зөрчил гаргасан гэж дээрх тушаал арга хэмжээ авсан. Тухайн өдөр үйлдвэрийн ил уурхай дээр зөрчил гарлаа, анхаарал тавь гэсэн үүрэг авсан. Ингээд өгсөн үүрэг даалгаварын дагуу Ил уурхайн ХАБЭА-н товчоон дарга С.Г-тай 757-..... дугаарт холбогдож,очих хүсэлтийг илэрхийлэн, унаа гаргаж өгөөч гэхэд манай товчооноос нэг хүн ажиллаж байна, унаа гаргах боломжгүй байна. Энэ ажлын талаар Д.М дарга руу удахгүй илтгэнэ гэсэн. Үйл явдлын талаар Д.М даргад илтгэх гэтэл Авилагтай тэмцэх газраас сургалттай гээд өрөөндөө байгаагүй. Эргээд би С.Г-тай холбогдоод очих хүсэлтээ илэрхийлэхэд манай хяналтын инженер Н.М ажиллаж байна. Үйл явдлын талаар Д.М даргад өөрөө хэлэх гээд өрөөнд нь сая очлоо, байхгүй байна. Ил уурхайн карьер явах унаа байхгүй, таныг хүргүүлэх боломжгүй байна гэсэн. Ийм л үйл явдал болсон ба зөвшөөрөлгүй миний бие Ил уурхайн хэсэгт орох боломжгүй болсон. Гэтэл намайг даалгавар биелүүлээгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй байна. Надад унаа гаргаж өгхөөс илт татгалзаж байсан ажилтны үйлдэлд намайг буруутгаж сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул гомдолтой байна. Иймд Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/..... тоот тушаалаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М- шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд хянагдаж буй Д.О-ийн нэхэмжлэлтэй, "Э ТӨҮГ-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөшөөрөхгүй байна. Үүнд: Д.О-ийн шүүхэд гаргасан тайлбарт удирдлагаас өгсөн хяналт шалгалттай холбоотой үүргийг гүйцэтгэхэд Ил уурхайн ХАБЭА-н товчооны дарга С.Г- унаа гаргаж өгөөгүй, зөвшөөрөлгүй ил уурхайн хэсэг орох боломжгүй болсон гэжээ. Гэтэл Э ТӨҮГ-ийн дуудлагын авто машин ашиглах түр журмын 4.1.1-д зааснаар Авто тээврийн цехийн ээлжийн диспетчерт холбогдон унаа захиалах ёстой ба энэ үйлдлийг Д.О- нь хэрэгжүүлээгүй байна. Түүнчлэн ХАБ-ын хэлтсийн албан хэрэгцээнд 2 авто машин хэрэглэгддэг ба эдгээр авто машиныг хэрэглээгүй байна. Мөн Ил уурхайн хэсэг зөвшөөрөлгүй орох боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй үндэслэлгүй юм. Учир нь ХАБ хэлтсийн хяналт шалгалтын чиг үүрэг хэрэгжүүлж байгаа ажилтан нь үйлдвэрийн газрын аль ч хэсэгт зорчиж, ажил үүргээ гүйцэтгэх бүрэн боломжтой. Иймд түүний гаргаж байгаа тайлбар нь үндэслэлгүй бөгөөд ерөнхий захирлын Б/..... тоот тушаалд заасан Ажил үүргээ биелүүлээгүй, хяналтыг зохих ёсоор тавиагүй, хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн дотоод журмын 8.15.6-д заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулийн дагуу тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2024/00383 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О-д 2023 оны 05 сараас эхлэн цалинг 3 сарын хугацаагаар бууруулж сахилгын шийтгэл ногдуулсан Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/..... дугаар тушаалыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжаар 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Шүүхийн шийдвэрийн 3 дахь тал 56 хэсгийн 2 дахь догол мөрөнд ...Д.О-д хэлтсийн дарга Д.М 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 06 цаг 10 минут орчимд Ил уурхайн уулын тэсэлгээний хэсэгт гарсан гэмтэлтэй холбогдуулан товчооны дарга С.Г-тай уулзаж газар дээр нь очиж нөхцөл байдлыг шалгах, шалтгаан нөхцлийг олох үүргийг даалгасан... гэж нөхцөл байдлыг зөв тодорхойлсон боловч Шүүхийн шийдвэрийн 4 дэх тал 5-д хэсэгт Д.О- нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх зорилгоор холбогдох албан тушаалтан С.Г-тай холбогдсон байх тул өгсөн үүрэг даалгаврыг огт биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч үүрэг даалгаврын дагуу тодорхой үйлдэл хийж, зохих хүчин чармайлт гаргасан байна" гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй алдаатай дүгнэлт болжээ. Учир нь Д.О-д газар дээр нь очиж нөхцөл байдлыг шалгах, шалтгаан нөхцлийг олох үүргийг өгсөн бөгөөд энэ үүрэг огт биелэгдээгүй байхад утсаар ярьсан нь хангалттай хүчин чармайлт гэж үзсэн нь ойлгомжгүй юм. Түүнчлэн Д.О-д оногдуулсан Хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн үндэслэл болсон Э ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.15.6 дахь хэсэгт ажил үүргээ биелүүлээгүй, хяналтыг зохих ёсоор тавиагүй, хариуцлагагүй хандсан байх нөхцлийг шаардсан бөгөөд түүний биечлэн очиж шалгах үүргээ биелүүлээгүй үйлдэл нь хяналтыг зохих ёсоор тавиагүй болон хариуцлагагүй хандсан гэх нөхцлүүдийг бүрэн хангаж байна. Мөн шийдвэрийн 5-д хэсэгт хариуцагчаас Д.О- нь холбогдох журмын дагуу унаа захиалаагүй, ил уурхайн хэсэгт нэвтрэх бүрэн боломжтой байсан гэж тайлбарлаж байгаа ч энэ талаар баримтыг хэрэгт хавсаргаагүй, татгалзлаа нотлоогүй гэж буруу дүгнэлт хийсэн. Учир нь хариуцагч талаас хэрэгт нотлох баримтаар Э ТӨҮГ-ын дуудлагын авто машин ашиглах түр журмыг хүргүүлсэн бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад /асуулт хариултын шатанд/ Д.О- нь унаа захиалахаар диспетчерт дуудлага өгөөгүй, дуудлагын авто машин ашиглах журам байдаг талаар мэдэхгүй гэдгээ хангалттай тодорхой илэрхийлсэн болно. Ийнхүү нэхэмжлэгч талыг маргаагүй, хүлээн зөвшөөрсөн үйл баримтыг нотлогдохгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Түүнчлэн шүүхийн шийдвэрт тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй бүрдэл дутуу байна. Ийнхүү О аймгийн иргэний хэргийн

анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дугаар 142/ШШ2024/00383 тоот шийдвэр нь хэргийн гол үйл баримтад буруу үнэлэлт дүгнэлт өгч, процессын алдаа гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлзж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч Э ТӨҮГ-т холбогдуулан Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/..... дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8., 158 дугаар зүйлийн 158.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О-д 2023 оны 05 сараас эхлэн цалинг 3 сарын хугацаагаар бууруулж сахилгын шийтгэл ногдуулсан Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/..... дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ .

2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 06 цаг 10 минутын орчимд ил уурхайн 1175 метрийн түвшинд уулын ажлын хэсгийн ЭКГ-12К маркийн 27 экскаваторын ажлын мөргөцгөөс хөлдүүс унаж экскаваторын зүүн урд хэсгийн напорын талбайн трансформаторын суурь цохигдон гулзайсан гэмтэл гарч, машинчийг мөргөцөгт ажиллах технологийн заавар болон мөргөцгийн паспортын дагуу ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчил гаргаагүй гэж үзсэн байх бөгөөд уг гэмтэл, зөрчлийг хянах, шалгах үүргийг инженер Д.О-д өгчээ.

Нэхэмжлэгч Д.О-ийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Э ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын мониторинг инженерийн албан тушаалд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, зохигчдын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.

Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/..... дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд : Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3 дахь заалт, Э ТӨҮГ-ын дотоод журмын 8.15.6 дахь заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 03 ны өдрийн 107/154 дугаар албан бичиг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн инженер Д.О-ийн ажил байдлын талаар 2023 оны 05 дугаар сарын 01 ний өдөр хуралдсан 02 дугаар хурлын тэмдэглэл, ажилтан Д.О-ийн тайлбар зэргийг үндэслэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдлын мониторингийн инженерийн Д.О-д 2023 оны 04 дүгээр сарын 26 ны өдөр удирдлагаас өгсөн ажил үүргийг биелүүлээгүй, хяналтыг зохих ёсоор тавиагүй, хариуцлагагүй хандсан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж 2023 оны 05 дугаар сараас эхлэн үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч Д.О- нь ажлын байрны тодорхойлолтод зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдлын шуурхай мониторингийн хяналт шалгалтыг явуулах, үйлдвэрийн газарт эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт, зааварчилгааг баталсан журмын дагуу чанартай зохион байгуулах ажилд хяналт тавих, оролцох, хэлтсийн удирдлагаас өгсөн үүргийн дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаанд оролцож ажиллахаас гадна байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа баримтлан ажиллах үүрэг хүлээсэн байна.

Э ТӨҮГ-ын дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.15.6.-д ...ажил үүргээ биелүүлээгүй, хяналтыг зохих ёсоор тавиагүй, хариуцлагагүй хандсан... гэсэн 3 зөрчлийн шинжийг заасан байх ба аль үндэслэлээр нь нэхэмжлэгч Д.О-д сахилгын шийтгэл ногдуулсан тодорхойгүй, дуудлагын автомашин дуудаж зөрчил гарсан газарт очиж нөхцөл байдлыг шалгах, шалтгаан нөхцөлийг олох үүргийг хэрэгжүүлээгүй гэж буруутгасан боловч энэ үндэслэлээ тушаал дээрээ нотолж чадаагүй байх тул Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/..... дугаар тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/..... дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М- нь тамга, тэмдэг дарж баталгаажуулаагүй шүүхийн шийдвэр гардуулж өгсөн гэж шүүхэд давж заалдсан гомдол гаргасан боловч хавтаст хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрт тамга дарагдсан байх ба давж заалдсан гомдлын бусад үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2024/00383 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ийн шүүхэд гарасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ШҮҮГЧ Б.О

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б