| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0715/Э |
| Дугаар | 719 |
| Огноо | 2019-05-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 719
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
улсын яллагч Г.Цэрэнжамц,
хохирогч Ш.Бодьханд,
шүүгдэгч Ж.П /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.П-д холбогдох эрүүгийн 1906 01401 0628 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ж.П, 1969 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорь 1-5 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Ж.П нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорийн 1-5 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий төрсөн эх болох Ц.Бодьхандыг төмөр шанагаар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Ж.П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2019 оны 02 дугаар сарын 20-нд гэртээ архи уучихсан согтуу байж байгаад ээжийг төмөр шанагаар нүүрэн тус газар нь цохиод гараад явсан. Маргааш нь цагдаа ирээд аваад явсан...” гэв.
Хохирогч Ш.Бодьханд шүүхийн хэлэлцүүлэгт: Би Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрхийн дагуу өөрийн хүүгийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Ш.Бодьханд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай хүү П 50 настай байнга архи уудаг агсам согтуу тавьдаг. 2019 оны 02 дугаар сарын 20-ны шөнө согтуу ирээд агсам тавиад, шөнөжин үглээд байхаар нь унтаж амар гээд аргадахад баруун талын орон дээр хэвтэж байгаад тавиур дээр байсан шанага аваад толгой руу нэг удаа цохисон. Тэгээд би 103 дуудаад, 103 намайг Гэмтлийн эмнэлэгт авч ирсэн...Тархинд доргилт байна гэсэн баруун гар шууны хэсгээрээ атгаж болохгүй байгаа, зүүн гар нь булчин мөрний доод хэсэгт хөхөрсөн байна...Өнгөрсөн жил нэг удаа зодож байсан. Өөрөөр зодож байгаагүй...” гэх мэдүүлэг. /хх 6-8/,
Гэрч Ж.Отгонжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай ах уг нь дуугүй мөрөөрөө хүн. Архи байнга уудаг. Архи уухаараа уг нь агсам согтуу тавиад байдаггүй. Би ээжийг шанагаар цохисон гэдгийг нь дараа нь л мэдсэн. Уг нь тийм зан чанартай хүн бол биш байгаа юм. Мөрөөрөө л архи уугаад явж байдаг. Манай ах П нь өмнө ээжид агсам тавьж, зодож цохиж байгаагүй...” гэх мэдүүлэг. /хх 17/,
Яллагдагч Ж.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” /хх 28/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2587 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч Ж.П нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорийн 1-5 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий төрсөн эх болох Ц.Бодьхандыг төмөр шанагаар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Ж.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ж.П хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ч.П нь шүүгдэгчид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ж.П-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.П-г 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоохыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.П нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ж.П цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ж.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР