| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01143/И |
| Дугаар | 01115 |
| Огноо | 2016-09-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 01115
2016 оны 09 сарын 14 өдөр Дугаар 142/ШШ2016/01115 Орхон аймаг
Зохигчид эвлэрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгохтухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Төв төмөр” ХХК-нд холбогдох 7 638 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус сангаас “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/140 дугаар тушаалаар олгосон хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгт хариуцагч “Төв төмөр” ХХК нь хамрагдан 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “ЭМААХДХ-2012/1/10 тоот зээлийн гэрээг байгуулан 10 000 000 төгрөгийг жилийн 2,4%-ийн хүүтэй, 5 жилийн хугацаатай авсан байна. Хариуцагч нь зээлийн хуваарьт төлбөрөөс үндсэн зээл 4 000 000 төгрөг, хүү 432 000 төгрөг, нийт 4 432 000 төгрөгийг тус сангийн төрийн сангийн 900019044 тоот дансанд төлсөн. Үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд зээлийн гэрээний 4.1.1 дэх заалтад заасны дагуу гэрээг цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд нэхэмжлэлийн үндсэн дүн 6 000 000 төгрөг, хүү 288 000 төгрөг, алданги 1 350 000 төгрөг бүгд 7 638 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч нь “ЭМААХДХ-2012/1/10 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гэрчилгээний дугаар 0033092-тай эзэмшилийн газрыг барьцаалсан байх тул уг хөрөнгийг худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү ” гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ “Мал хамгаалах сан нэхэмжлэлийн шаардлага болох 7 638 000 төгрөгийг 350 000 төгрөгөөр багасгаж 7 288 000 төгрөг болгон багасгаж, үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрч, энэ мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2 430 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2 430 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2 430 000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцов” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мал хамгаалах сан нь хариуцагч “Төв төмөр” ХХК-иас 7 638 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 350 000 төгрөгнөөс татгалзаж 7 288 000 төгрөг болгож бууруулсныг хариуцагч “Төв төмөр” ХХК-ийн захирал Р.Гэрэлчимэг төлөхийг зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2 430 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2 430 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2 430 000 төгрөгийг тус тус төлөхөөр зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч Мал хамгаалах сан нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж хариуцагч “Төв төмөр” ХХК-иас 131 558 төгрөг гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Төв төмөр” ХХК-нд холбогдох 7 638 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 350 000 төгрөгнөөс татгалзаж 7 288 000 төгрөг болгож, хариуцагч “Төв төмөр” ХХК уг мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2 430 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2 430 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2 430 000 төгрөгийг тус тус төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сан нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж хариуцагч “Төв төмөр” ХХК-иас 131 558 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА