Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 715

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,                            

улсын яллагч Ч.Батбаяр,

шүүгдэгч Б.О /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 02077 0884 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.О, 1995 оны 10 дугаар сарын 25-ны Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа “Да хүрээ” зах дээр автомашин засдаг ажилтай, ам бүл 4, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 1016ё тоотод оршин суух хаягтай, одоо эхнэр хүүхдүүдийн хамтаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэрийн 01-02 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 216 тоотод өөрийн төрсөн дүүгээ өмөөрч, хохирогч Д.Мөнххуягийг гараараа толгойн тус газар нь 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд “тархи доргилт, дух, шанаа, зүүн чихний ар хэсгээр цус хуралт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ”Би 03 дугаар сарын 09-ны орой гэртээ байж байтал манай дүү надлуу яриад Мөнгөнхуяг зодоод байна гэхээр нь гэрт нь очиход дүү байхгүй харин Мөнгөнхуяг байхаар нь дүү яасан юм бэ гэхэд урдаас янз бүрийн юм яриад уурлаад байхаар нь цохьчихсон юм” гэв.

Хохирогч Д.Мөнгөнхуяг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 19 цагийн үед найз Тулгаатай хамт 549 дүгээр худгийн хажууд 2.5 литрийн пиво 1 ширхгийг хувааж уусан. Тэгээд 20 цагийн үед гэртээ ороод унтсан. 22 цагийн үед манай эхнэр Хонгорзулын төрсөн ах болох О орж ирээд “манай дүү хаана байна” гэхээр нь би “байхгүй хаана байгааг нь мэдэхгүй” гэж хэлсэн чинь “чи яахаараа мэдэхгүй юм, олоод ир” гээд хэрүүл маргаан болсон. Тэгээд О миний толгой хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд хамт орж ирсэн 40 орчим насны ах хүү Очирсүх бид хоёрыг салгасан. Намайг О л зодсон. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

Гэрч Ц.Дагвадорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 23 цагийн үед ажлын газрын дүү болох О над руу залгаад “манай охин дүү над руу залгаад нөхөр зодоод байна гэж хэлээд хоёулаа очоод ирье” гэсэн. Тэгэхээр нь би машинаа унаад Очирсүхийг 22 товчоон дннр байдаг гэрээс нь очиж авсан. Тэгээд О-ийн охин дүү нь 16-гийн автобусны буудал дээр байна гэхээр нь О  бид хоёр 16 руу явсан. 01 цагийн үед 16-д ирээд дүү рүү залгахад нь утас нь холбогдох боломжгүй байсан болохоор дүүгийнх нь гэрт нь очсон. Гэрт нь ороход дүүгийнх нь нөхөр гэх 30 орчим насны залуу унтаж байсан. О тэр залуугаас “дүү хаана байна, хаашаа хөөж явуулсан” гэхэд тэр залуу согтуу босч ирээд “би яаж мэддэг юм, хайгаад олохгүй юу” гэж хараагаад тэр хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд О уурлаад баруун гараараа дүүгийнхээ найз залууг цохисон. Тэгээд би О-ийг аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

Яллагдагч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн энэ ялыг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчи Д.Мөнгөнхуягийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 216 тоотод төрсөн дүү болох Хонгорзулыг өмөөрч түүний нөхөр болох хохирогч Мөнгөнхуягтай маргалдаад, тэгээд би хохирогч Мөнгөнхуягийн толгойн хэсэгт баруун гараараа 2-3 удаа цохиж гэмтээсэн. Би хохирогч Д.Мөнгөнхуягтай ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3207 дугаартай дүгнэлт:

  1. Д.Мөнгөнхуягийн биед тархи доргилт, дух, шанаа, зүүн чихний ар хэсгээр цус хуралт зулгарал тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байж болно.
  3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй/хх-ийн 23/ иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 19/, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 20/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 216 тоотод өөрийн төрсөн дүүгээ өмөөрч, хохирогч Д.Мөнххуягийг гараараа толгойн тус газар нь 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд “тархи доргилт, дух, шанаа, зүүн чихний ар хэсгээр цус хуралт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Д.Мөнгөнхуягийн: “...2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 19 цагийн үед найз Тулгаатай хамт 549 дүгээр худгийн хажууд 2.5 литрийн пиво 1 ширхгийг хувааж уусан. Тэгээд 20 цагийн үед гэртээ ороод унтсан. 22 цагийн үед манай эхнэр Хонгорзулын төрсөн ах болох О орж ирээд “манай дүү хаана байна” гэхээр нь би “байхгүй хаана байгааг нь мэдэхгүй” гэж хэлсэн чинь “чи яахаараа мэдэхгүй юм, олоод ир” гээд хэрүүл маргаан болсон. Тэгээд О миний толгой хэсэгт гараараа 2-3 удаа цохисон.” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.О-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.О-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.О нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР