Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 01118

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 15 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01118                                    Орхон аймаг

 

Зохигчид эвлэрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгохтухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: 1962 онд төрсөн, 54 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-19-60 тоотод оршин суух Боржгон овгийн Санжмятавын Бат-Эрдэмийн /регистрийн дугаар ФД62070115/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1963 онд төрсөн, 53 настай эрэгтэй Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Хапитатын 168 тоотод оршин суух Монгол овгийн Самандлхүндэвийн Батсуурьт /регистрийн дугаар ФД63050612/ холбогдох 4 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Бат-Эрдэм шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2015 оны 12 дугаар сард иргэн Батсуурьд зарж өгнө гэхээр нь эртний 2 ширхэг, 1 ширхэг хэт хутганы хамт өгсөн. Хэсэг хугацааны дараа буюу 2016 оны цагаан сарын дараа нэлээн нэхэл болж 2 ширхэг хөөргөө авсан. Харин хэт хутгаа зарсан мөнгийг нь удаахгүй өгнө гэсээр өдийг хүрлээ. Энэ хооронд худал хэлсээр энэ оны 04 дүгээр сард хэт хутгыг чинь алдсан. 07 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө мөнгийг нь цувуулж өгөөд дуусгая гэсэн боловч юу ч өгөөгүй өнөөг хүрлээ. Мөн цагдаад хэлж нэхүүлсэн боловч үл тоон, улмаар намайг олон юм яривал төхөөрч янзална гэж заналхийлж дарамталсан учир иргэн Батсууриас хэт хутганы үндсэн үнэ болох 4 500 000 төгрөгийг нэхэмжилж өргөдөл гаргав” гэжээ.

Хариуцагч Ц.Батсуурь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Бат-Эрдэмээс хэт хутга зарах гэж аваад алдсан учраас өөрөө төлөөд хохиролгүй болгож өгье гэсэн, 2,5 сая төгрөгөөр авсан хэт хутгыг нь алдаад хэлж чадахгүй удаасан учраас анх зараад өгье гэж тохирсон 4 000 000 төгрөгийг нь төлж өгнө гэсэн. Би төлөхгүй, чадахгүй гэж тайлбар яриагүй  надад аваад өгөх бэлэн мөнгө байхгүй учраас хашаа байшин юм уу, газраа зараад төлье гэсэн боловч зарагдахгүй өдий хүрсэн. Би энэ хугацаанд төлөхгүй гэж маргалдаж байгаагүй, намайг өргөдөл дээрээ заналхийлсэн гэж бичсэн байсан, харин өөрөө утсаар мессэжээр дарамталж байсан. Саяхан мөнгөө хөөцөлдөөд явж байхад олон хүний нүдэн дээр над руу дайрч давшилсан” гэжээ.

Нэхэмжлэгч С.Бат-Эрдэм шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Батсууриас 4 500 000 нэхэмжилсэн. Өөрийнх нь саналын дагуу 500 000 төгрөгнөөс татгалаж, одоо 4 000 000 төгрөг гаргуулж авахыг зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Бат-Эрдэм нь хариуцагч Ц.Батсууриас 4 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 500 000 төгрөгнөөс татгалзаж 4 000 000 төгрөг болгосныг хариуцагч Ц.Батсуурь төлөхийг зөвшөөрч зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгч С.Бат-Эрдэмийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 86950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,  төрийн сангаас 39475 төгрөг, хариуцагчаас 39475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч С.Бат-Эрдэмийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Батсуурьд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 500 000 төгрөгнөөс татгалзаж, 4 000 000 төгрөг болгож бууруулсныг хариуцагч төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 86950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,  хариуцагчаас 39475 төгрөг, төрийн сангаас 39475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                    Р.ҮҮРИЙНТУЯА