| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0680/Э |
| Дугаар | 704 |
| Огноо | 2019-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 704
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга М.Баярмаа,
улсын яллагч Г.Цэрэнжамц,
шүүгдэгч Г.Т /өөрөө өөрийгөө өмгөөлж/,
шүүгдэгч Б.Л /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Т, Б.Л нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 05912 0775 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Г.Т, 1992 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь Цогтцэций сум Тавантолгой ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 50-350 тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Монгол улсын иргэн Б.Л, 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникийн техникч мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ус 15 дугаар гудамж, 2 дугаар байр 29 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Г.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ө.Хүнийхүүг нүүрэн тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Т-г эхнэрээ зодлоо гэх шалтгаанаар толгойн тус газар нь чулуугаар 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Г.Тшүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан” гэв.
Шүүгдэгч Б.Л шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2018 оны 07 дугаар сарын 12-нд манай найз эхнэртэйгээ орж ирсэн. Баярын өдөр гээд ганц шил юм аваад манай гэрт ууж сууж байгаад, хүүхдүүдээ гэртээ үлдээсэн, гэр рүүгээ орлоо хүүхдүүд хэцүүдчихлээ гэхээр нь эхнэртэйгээ гаргаж өгөх гээд 4 үүлээ доошоо явсан. Орохоос чинь өмнө орцны үүдэнд ганц тамхи татчихъя гээд тамхи татаад сууж байсан чинь Нисдэг гээд манай дүүгийн найз хүрч ирээд тамхи гуйсан. Тэгээд тамхи асааж өгчихөөд явах гэж байхаар нь ахын дүү юу хийж байна гээд ардаас нь цохиод авсан чинь манай энэ Т зодох гэж байна гэж бодоод хүрээд ирсэн. Энэ манай дүүгийн найз ах нь зүгээр юм яриад зогсож байгаа юмаа гэсэн. Зодолдох гээд өөдөөс хүрч ирээд байхаар нь манай авгай цохисон юм шиг байгаа юм. Тэгэхээр нь би газарт байсан чулуугаар цохисон юм” гэв.
Хохирогч Ө.Хүнийхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би яах гээд байгаа юм бэ гээд нэг жижиг бор биетэй залууг нь түлхсэн чинь гартаа барьж байсан чулуугаар миний баруун талын нүдний хавьцаа цохиод би газар унасан. Ганцхан Т гэдэг залуу л намайг члуугаар цохисон. Өөр хүн цохиж зодоогүй. Анхнаасаа Т намайг цохисон болохоор нь би зууралдаж байгаад алдчихсан…” гэх мэдүүлэг /хх 19-22/,
Хохирогч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би халамцуу байсан. Надтай маргалдсан хүмүүсийг би цохиж зодсон асуудал байхгүй. Тухайн үед нэг хүүхнийг би түлхээд газар унагаасан. Учир нь тэр эмэгтэй миний хацар руу 4-5 удаа алгадхаар нь би муу архичин чинь цаашаа бай гэж хэлээд түлхсэн чинь махлаг залуу миний толгойн тус газар чи миний эхнэрийг зодлоо гэж хэлээд чулуугаар цохисон юм. Шинжээчийн дүгнэлттэй бүрэн танилцлаа. Энэ гэмтлийг Хүнийхүү гэдэг эмэгтэйн нөхөр учруулсан...” гэх мэдүүлэг. /хх 13-14, 17/,
Гэрч Т.Эрдэнэбулган мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Цээж нүцгэн залуу нь Л руу дайраад зууралдаад эхнэр Хүнийхүү дундуур нь ороод салгах гээд орто түүнийг нөгөө залуу нь цохиод унагаачихсан. Тэгэхээр нь би тэр залууг зугтаах гэхээр нь барьж авах гэтэл намайг толгой руу гартаа барьж байсан чулуугаар цохичихоод зугтаасан. Би араас нь хөөгөөд гүйцээгүй. Толгойн орой хэсэгт жижиг газар хагарсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 23/,
Гэрч Ю.Русланова мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Л-тай маргалдаад барилцаад автал Хүнийхүү салгах гээд дундуур нь ортол Хүнийхүүг нөгөө залуу нь цохиод Хүнийхүү газар унаад нүүр нь цус болсон. Тухайн үед нөхөр Эрдэнэбулган яагаад эмэгтэй хүн цохиж байгаа юм бэ гээд очиход ба Эрдэнэбулганы толгой руу нь цохиод бас цус гараад нөгөө залуучууд зугтааж яваад би нөхрөө дагуулаад гэр рүүгээ орсон...” гэх мэдүүлэг /хх 27/,
Гэрч Б.Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай эхнэр Хүнийхүү нэг залууг та нар больцгоо яв гээд түлхсэн чинь тэр залуу нь манай эхнэрийн нүүрэн тус газар нь цохисон. Маргааш нь тэр Тэмүүжин гэх залуу ирж уулзаад та нар намайг бас зодсон байна толгой хагарсан байна гээд байсан...” гэх мэдүүлэг /хх 29-31/,
Гэрч Т.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Шоогоо ахтай хамт эхнэр нь болох Хүнийхүү гэх эмэгтэй бас танихгүй залуу байсан. Тэд нар хоорондоо маргалдаад дайрцгаагаад зодолдсон хэн нь хэнийгээ цохисныг бол анзаараагүй. Т бол Шоогоо ахтай зодолдсон тэгэхдээ гэмтсэн байхаа. Хүнийхүүг бол Т цохичихсон гээд Шоогоо надад хэлсэн. Т бол надтай хамт Хужирбулангаас гэрээсээ Ботаник очсон болохоор өмнө нь зодолдсон бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Шоогоо бид хоёрыг яриад зогсож байхад ирэхдээ бэртэж гэмтээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 32-33, 34-35/,
Яллагдагч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хүнийхүүг гараараа нүүрэн тус газар нь алгадаж 2 удаа цохисон. Тэгээд нөхөр нь болох Л ирээд бариад авахаар би босоод гэр рүүгээ гүйсэн...“ гэх мэдүүлэг /хх 30/,
Яллагдагч Б.Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хүнийхүү ирээд салгах гэтэл Т гэх залуу эхнэр Хүнийхүүгийн нүүрэн тус газар нүд орчим нь цохиж унагаасан. Би Т гэх залууг манай эхнэрийг цохичихлоо гэж уурлаад газраас чулуу аваад толгой руу нь цохьсон...” гэх мэдүүлэг /хх 86/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8659 тоот дүгнэлтэд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8873 тоот дүгнэлтэд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ө.Хүнийхүүг нүүрэн тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Ө.Хүнийхүүгийн: “...Би яах гээд байгаа юм бэ гээд нэг жижиг бор биетэй залууг нь түлхсэн чинь гартаа барьж байсан чулуугаар миний баруун талын нүдний хавьцаа цохиод би газар унасан. Ганцхан Т гэдэг залуу л намайг члуугаар цохисон. Өөр хүн цохиж зодоогүй. Анхнаасаа Т намайг цохисон болохоор нь би зууралдаж байгаад алдчихсан…” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Л-ы: “...Манай эхнэр Хүнийхүү нэг залууг та нар больцгоо яв гээд түлхсэн чинь тэр залуу нь манай эхнэрийн нүүрэн тус газар нь цохисон. Маргааш нь тэр Т гэх залуу ирж уулзаад та нар намайг бас зодсон байна толгой хагарсан байна гээд байсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Т эхнэрээ зодлоо гэх шалтгаанаар толгойн тус газар нь чулуугаар 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол болох нь,
Хохирогч Г.Т-ийн: “...Би халамцуу байсан. Надтай маргалдсан хүмүүсийг би цохиж зодсон асуудал байхгүй. Тухайн үед нэг хүүхнийг би түлхээд газар унагаасан. Учир нь тэр эмэгтэй миний хацар руу 4-5 удаа алгадхаар нь би муу архичин чинь цаашаа бай гэж хэлээд түлхсэн чинь махлаг залуу миний толгойн тус газар чи миний эхнэрийг зодлоо гэж хэлээд чулуугаар цохисон юм. Шинжээчийн дүгнэлттэй бүрэн танилцлаа. Энэ гэмтлийг Хүнийхүү гэдэг эмэгтэйн нөхөр учруулсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Т.Бат-Эрдэнийн: “...Шоогоо ахтай хамт эхнэр нь болох Хүнийхүү гэх эмэгтэй бас танихгүй залуу байсан. Тэд нар хоорондоо маргалдаад дайрцгаагаад зодолдсон хэн нь хэнийгээ цохисныг бол анзаараагүй. Т бол Шоогоо ахтай зодолдсон тэгэхдээ гэмтсэн байхаа. Хүнийхүүг бол Т цохичихсон гээд Шоогоо надад хэлсэн. Т бол надтай хамт Хужирбулангаас гэрээсээ Ботаник очсон болохоор өмнө нь зодолдсон бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Шоогоо бид хоёрыг яриад зогсож байхад ирэхдээ бэртэж гэмтээгүй байсан...” гэх мэдүүлэг...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Г.Т, Б.Л нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Т, Б.Л нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Г.Т, Ө.Хүнийхүү нар нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурьдав.
Шүүгдэгч Г.Т, Б.Л нарт хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Т, Б.Л нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг,
- Б.Л-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Г.Т, Б.Л нарыг тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Т, Б.Л нар нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Т, Б.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Т, Б.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР