Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 01124

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 16 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01124                                    Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1961 онд төрсөн, 57 настай, эрэгтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Задгайн 01 дүгээр гудамжны 03 тоотод оршин суух, Гурван баатар овгийн Батжаргалын Бямбаагийн /регистрийн дугаар ГН61031812/ хүсэлттэй ажиллаж байсан байдлаа сэргээн огтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Бямбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Бямбаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б. Бямбаа 1979 онд 06.01-нээс 1992.05.15 хүртэл Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйд Хонгор толгойн 3-р бригадад троктарчнаар ажиллаж байсан хөдөлмөрийн хуулийн дагуу хүнд хортой нөхцөлөөр тэтгэвэрт орох болсон тул тэтгэвэрт гарах бүх материалаа бүрдүүсэн боловч 1996 онд сангийн аж ахуйн арив шатсан учир миний 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ажлаас халагдсан тушаал шатсан учир шүүхээр шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Бямбаа нь 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав Сангийн аж ахуйн Хонгортолгойн 3 дугаар бригдад тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.1987 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт “1979 оны 06 дугаар сарын 01-ны өдөр Курс төгсөж ирсэн тул Хонгортолгойн 3 дугаар бригадад тракторчноор авч ажиллуулав, 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хонгортолгойн тасгийн тракторчноос чөлөөлөв” гэжээ.

2.Булган аймгийн Магсаржав сангийн аж ахуйн даргын 1979 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 66 дугаар тракторын жолооч нарыг хуваарилах ба цалин олгох тухай тушаалын хавсралтад Хонгортолгойн тасагт Батжаргалын Бямбаа” гэжээ.

3.Гэрч З.Баатар шүүхэд мэдүүлэхдээ: “Б.Бямбаа 1979-1992 он хүртэл Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйд трактор комбайны жолоочоор миний удирдлаган доор ажиллаж байсан. Би 1960 оноос Магсаржав сангийн аж ахуйн Хонгортолгой бригадад механикаар ажиллаж байсан ” гэжээ.

4.Гэрч Б.Хишигжаргал шүүхэд мэдүүлэхдээ: “Намайг 1984 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав Сангийн аж ахуйн Хонгортолгой бригадад үтрэмний нормчноор ажилд ороход Бямбаа ах Хонгортолгой бригадад трактор комбайны жолоочоор ажиллаж байсан. 1992 онд Магсаржав сангийн аж ахуй тараад Магсаржав Хувьцаат компани болсон. Б.Бямбаа ах 1992 онд ажлаасаа гараад хувиараа мал маллаж эхэлсэн. Би 1995 он хүртэл ажиллаж байгаад ажлаасаа гарсан” гэжээ.

5.Гэрч Б.Хишигжаргалын хөдөлмөрийн дэвтэрт “1984 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хонгорын үтрэмд нормчноор, 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Магсаржаь Сангийн аж ахуйн Хонгорын үтрэмийн нормчноос чөлөөлөв” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Бямбаа нь 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав Сангийн аж ахуйн Хонгортолгойн 3 дугаар бригдад тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчид 1987 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Булган аймгийн Магсаржав сангийн аж ахуйн даргын 1979 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 66 дугаар тракторын жолооч нарыг хуваарилах ба цалин олгох тухай тушаал, гэрч З.Баатар, Б.Хишигжаргал нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр З.Баатар, Б.Хишигжаргал нарыг гэрчээр асуусан ба гэрч З.Баатар нь 1972-1992, он хүртэл, гэрч Б.Хишигжаргал 1984-1992 он хүртэл Б.Бямбааатай хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав Сангийн аж ахуйн Хонгортолгойн 3 дугаар бригдад ажиллаж байсан нь З.Баатарын фото зураг, гэрч Б.Хишигжаргалын хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байх тул гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын ач холбогдолтойд тооцож үнэлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Б.Бямбаагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Хүнхэр Гурван баатар овгийн Батжаргалын Бямбааг 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав Сангийн аж ахуйн Хонгортолгойн 3 дугаар бригдад тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Бямбаагаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Р.ҮҮРИЙНТУЯА