| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 101/2016/04609/И |
| Дугаар | 01126 |
| Огноо | 2016-09-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 01126
2016 оны 09 сарын 16 өдөр Дугаар 142/ШШ2016/01126 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1983 онд төрсөн, 33 настай эрэгтэй, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 17 дугаар хороо, Дамбадаржаагийн гудамж 893 тоотод оршин суух Сартуул овгийн Доржжүгдэрийн Норолхоогийн /регистрийн дугаар ИЭ83112911/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1965 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-25-10 тоотод оршин суух, Жавхлант овгийн Нацагнямын Дамдинбазар /регистрийн дугаар ИЭ65041617/,
Хариуцагч: 1967 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-25-10 тоотод оршин суух, Хотгойд овгийн Дамбийгийн Анхманлай /регистрийн дугаар ИЭ67063009/ нарт холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 21 075 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянмөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Энх, хариуцагч, хариуцагч Д.Анхманлайгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дамдинбазар, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Норолхоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Д.Норолхоо миний бие хамт ажиллаж байсан иргэн Н.Дамдинбазарын гуйлтаар, мөн түүний эхнэр Д.Анхманлайгийн хүсэлтээр тус тус:
1. 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Н.Дамдинбазартай зээлийн гэрээ байгуулан 14 хоногийн хугацаатайгаар 500 000 (таван зуун мянган) төгрөгийг зээлдүүлсэн.
2. 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Н.Дамдинбазартай зээлийн гэрээ байгуулан, 1 сарын хугацаатайгаар нэмж 1 000 000 (нэг сая) төгрөг зээлдүүлсэн.
3. 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Н.Дамдинбазар нь өөрйн эхнэр Д.Анхманлай хамт ирж хүүгийн хурим болох гээд байгаа тул өмнөх мөнгөтэй хамтруулан төлье гэж гуйгаад энэ дагуу Д.Энхманлайтай зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн 8 000 000 (найман сая) төгрөгийг 3 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн.
4. 2014 оны 2 дугаар сарын 08-ны өдөр охины сургалтын төлбөр нэхэгдээд байна гэж гуйснаар нь энэ дагуу Н.Дамдинбазарт 3 000 000 (гурван сая) төгрөгийг тус тус зээлдүүлсэн ба эдгээр зээлүүдийн нийлбэр дүнгээр нийт 12 500 000 (арван хоёр сая таван зуун мянга)-н төгрөгийг зээлдүүлсэн ба зээлдэгч нар эдгээр зээлээс ямар нэг төлбөр хийгээгүй болно.
Иргэн Д.Норолхоо миний бие зээлдүүлсэн мөнгөө авч чадаагүй байхад ажлаасаа гарч
зээлдэгч нар нь зээлээ төлөхгүй, оршин суух хаяг нь олдохгүй болсон тул иргэний үнэмлэхийн хаягаар нь харьяаллын дагуу 2014 оны 08 дугаар сард Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2дугаар шүүхэд хандаж анх нэхэмжлэл гаргасан юм. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн боловч хариуцагч нар нь дурьдсан хаягт амьдардаггүй нь тогтоогдсон гэх үндэслэлээр 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 13006 дугаар шүүхийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгч нь өөрийн харьяа шүүхдээ хандаж эрэн сурвалжлуулах нь зүйтэй гэсэн тул дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд тэдгээр иргэдийг эрэн сурважлуулах тухай нэхэмжлэл гаргасанаар тус шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 4106 дугаар шийдвэр гарч Дамбийгийн Анхманлай /РД: ИЭ67063009/, Нацагнямын Дамдинбазар /РД: ИЭ65041617/ нарыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоосугай гэж заасны дагуу тахарын ерөнхий газрын мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газар ажиллагаа явуулсан. Ингээд 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 243 тоот албан бичгээр дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн тамгын газрын дарга Э.Батмөнх танаа “ ... 4106 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Д.Анхманлай, Н.Дамдинбазар нарыг эрэн сурвалжлахад Хан-Уул дүүргийн 11-р хороо, 44-р байрны 28 тоотод оршин суудаг болох нь тогтоогдлоо” гэсэн бичгийг ирүүлсэн ба тогтоогдсон гэх хаягаар харьяаллын дагуу дүүргийн иргэний хэргийн 2 дугаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргахад 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар 102/Ш32014/18106 шүүгчийн захирамж гарч тус хаягт оршин суудаггүй болохыг тодорхойлон гээд, шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул тахарын ерөнхий газрын мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт гомдол гарган хаягийг бодитойгоор тогтоож өгөхийг хүссэн ч хүлээн аваагүй юм. Иймээс дахин шүүхэд нэхэмжлэл гарган эрэн сурвалжлуулахаар хандсан ба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн игэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 сарын 09-ны өдрийн 4882 дугаар шийдвэр гарч, энэ дагуу ажиллагаа явуулсан тахарын ерөнхий газарын мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын 2016 оны 4 сарын 06-ны өдрийн 5/1125 тоотоор тэдгээрийн хаягийг тогтоосон талаар мэдэгдсэний дагуу тогтоогдсон гэх хаягаар нэхэмжлэлийг гаргаж байна.
Иргэн Нацагням овогтой Дамдинбазараас зээлийн гэрээний дагуу болон харилцан итгэлцлээр олгосон үндсэн зээлийн 4 500 000 (дөрвөн сая таван зуун мянга)-н төгрөг, зээлийн хүү 150 000 (нэг зуун тавин мянга)-н төгрөг, хугацаа хэтэрүүлсэний алданги 2 325 000 (хоёр сая гурван зуун хорин таван мянга)-н төгрөг, нийт 6 975 000 (зургаан сая есөн зуун далан таван мянга)-н төгрөгийг, түүний эхнэр болох иргэн Дамбий овогтой Анхманлайгаас Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 8 000 000 (найман сая) төгрөгийг, зээлийн хүү 1 400 000 (нэг сая дөрвөн зуун мянга)-н төгрөг, алданги 4 700 000 (дөрвөн сая долоон зуун мянга)-н төгрөг, нийт 14 100 000 (арван дөрвөн сая нэг зуун мянга)-н төгрөгийг, эдгээрийн нийлбэр дүнгээр нийт 21 075 000 (хорин нэгэн сая далан таван мянга)-н төгрөгийг гаргуулан Д.Норолхоо надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“Иргэн Норолхоо нь анх Н.Дамдинбазарын гуйлтаар 500 000 төгрөг зээлсэн. 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 1 000 000 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 8 00 000 төгрөгийг тус тус зээлийн гэрээтэй, 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 3 000 000 төгрөг зээлийн гэрээгүйгээр зээлсэн. Ингээд Д.Анхманлайд зээлүүлсэн мөнгө 14 100 000 төгрөг, нийт 21 075 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Н.Дамдинбазарт өгсөн 3 000 000 төгрөг гэрээгүй учраас 3 000 000 төгрөгнөөсөө татгалзаж байна, дараа нь жич нэхэмжилнэ. Одоо 18 075 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.
Хариуцагч Д.Анхманлай, Н.Дамдинбазар нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Нацагнямын Дамдинбазар нь хамт ажилладаг. Цалингийн виза карт барьцаалан зээл олгодог Д.Норолхоогоос бусдын адил виза картаа барьцаалж 10% хүүтэй зээл авсан. Үүнд: 2013 4-р сарын 25-нд 500 000 /таван зуун мянган/ төгрөгийг 10% хүүтэй зээлж авахадаа зээлийн гэрээ хийж авсан ба хүү болох 50 000 /тавин мянган/ төгрөгийг шууд суутгуулж бэлэн 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөг авсан ба дараа зээлсэн мөнгөө өгөхдөө шууд үндсэн мөнгөө өгөхөөр
- 2013 оны 5-р сард 1 000 000 /нэг сая/ төгрөг зээлэхдээ урьд нь авсан 500 000 /таван зуун мянган/ төгрөгөө суутгуулж үлдэгдэл үлдэгдэл мөнгөний өр авлаггүй болж, 1 000 000 /нэг сая/ төгрөгийг мөн л урьдын адил 10% хүүтэй зээлж авсан ба бэлэн 500 000 /таван зуун мянган/ төгрөг бэлэнээр авсан минь туйлын үнэн болно. Ингэхдээ энэ авсан 1 000 000 /нэг сая/ төгрөгнийхөө хүүг сар бүр өгч байсан 2013 оны 6-р сараас 2014 оны 1-р сар хүртэл хүү болох нийт 800 000 төгрөг төлсөэ. Голомт банкны цалингийн виза карт Норолхоод байсан тул шууд виза картнаас мөнгө аваад, үлдэгдэл мөнгийн авчирч өгдөг байсан. Миний санахад Норолхоод 800 000 /найман зуугаад/ төгрөгний үлдэгдэл болсон байсан. Норолхоод цалингийн карт байдаг байсан болохоор 2014 оны 2-р сард санагдаж байна өмнөх оны болох 790 000 /долоон зуун ерэн мянган/ төгрөгийг суутгаж авсаныхаа дараа Норолхоогоос өр авлаггүй болоод л виза картаа эргүүлэн авч байсан.
- Миний бие Дамбийн Анхманлай би 2013 оны 8-р сард Норолхоогоос 5% хүүтэй 4 сарын хугацаатай 8 000 000 /найман сая/ төгрөг хүү болох 1 570 000 /нэг сая таван зуун далан мянган/ төгрөгийг 2013.12.31 нд Д.Норолхоогийн өөрийн эзэмшлийн ХААН банкны 5089040079 дансанд хийсэн. Ийм учир би Д.Норолхоогийн нэхэмжилсэн хүү болох 1 400 000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөг, алданги болох 4 700 000 /дөрвөн сая долоон зуун мянган/ төгрөгийн нийт 6 100 000 /зургаан сая нэг зуун мянган/ төгрөгийг төлөх үндэслэлгүй болно. Иргэн Д.Анхманлай би Д.Норолхоогоос авсан 8 000 000 /найман сая/ төгрөгөө өөрийн байраа зарж төлж барагдуулна. Урьд өмнө нь ч Д.Норолхоод энэ үгээ хэлж, ярьж байсан. Байр 6-р сард ордер нь гарч ирэх болсон таатай мэдээтэй байгаа. Байр хувьчлалыг хүлээсээр жаахан удсан.
- 2014 онд иргэн Н.Дамдинбазар би Д.Норолхоогоос ямар ч мөнгө зээлж аваагүй. 2013 онд авсан мөнгөө 2014 онд дуусаж байгаа болохоор би 2014 оны 2-р сард Норолхоогоос 3 000 000 /гурван сая/ төгрөг аваагүй, эхнэрийн урьдах авсан их мөнгөө өгч чадахгүй байхад юун ахиж мөнгө авах, мөн Норолхоо нь санаатайгаар мөнгө төгрөгөө өгч дууссан баримтыг ахин ашиглаж Дамдинбазар надаас дахин мөнгө нэхэж байгаад туйлын харамсаж байна.
- Д.Норолхоод манай гэр бүл Н.Дамдинбазар ба Д.Анхманлай нар нь нийт 8 000 000 /найман сая/ төгрөгнөөс өөр өр зээлний асуудал байхгүй.Д.Норолхоод урьдны зээлийн гэрээг дахин ашиглаж дахин дахин мөнгө нэхэмжилж байгаад туйлын харамсалтай байгаагаа дахин дахин илэрхийлэе. Н.Дамдинбазар би Норолхоогийн нэхэмжилж байгаа 6 975 000 /зургаан сая есөн зуун далан таван мянган/ төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Хариуцагч Н.Дамдинбазар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би анх Норолхоогоос 500 000 төгрөг зээлж авсан. Дараа нь 1 000 000 төгрөг авахдаа энэ мөнгөө хүүг нь тооцож өгөөд ах нь цалин буухаар өгнө гэсэн. Дараа нь 3 000 000 төгрөг авсан. Дараа нь 5 000 000 төгрөг авсан. Энэ хоёрыг нийлүүлээд 8 000 000 төгрөг авсан. Гэтэл 3 000 000 төгрөгийг илүү бичсэн байгаа. Би өөрийнхөө авсан 1 500 000 төгрөгийг өөрийн цалин амралтын мөнгийг өгөөд дууссан гэж бодож байна. Одоо 8 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, би нийт 12 500 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна, бусдыг нь зөвшөөрөхгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Норолхоо нь 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн хариуцагч Н.Дамдинбазараас 500 000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн 1 000 000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулахгүйгээр зээлдүүлсэн 3 000 000 төгрөг, нийт үндсэн зээл 4 500 000 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн алданги 2 325 000 төгрөг, нийт 6 975 000 төгрөгийг,
-2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн хариуцагч Д.Анхманлайгаас үндсэн зээл 8 000 000 төгрөг, зээлийн хүү 1 400 000 төгрөг, алданги 4 700 000 төгрөг, нийт 14 100 000 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хариуцагч Н.Дамдинбазараас нэхэмжилсэн 6 975 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 3 000 төгрөгнөөс татгалзаж 3 975 000 болгож, нийт нэхэмжлэлийн шаардлага 21 075 000 байсныг 18 075 000 болгож бууруулсан.
Хариуцагч Н.Дамдинбазар шүүх хуралдаанд “...Н.Дамдинбазар болон Д.Анхманлайгаас нэхэмжилж байгаа 21 075 000 төгрөгнөөс 3 000 000 төгрөгийг аваагүй, нийт 12 500 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө.Надаас нэхэмжилж байгаа мөнгийг төлж барагдуулсан тул миний хувьд Д.Норолхоод төлөх төлбөр байхгүй” гэсэн тайлбар гаргасан.
Нэхэмжлэгч Д.Норолхоо нь хариуцагч Н.Дамдинбазараас 6 975 000 төгрөг, хариуцагч Д.Анхманлайгаас 14 100 000 төгрөг, нийт 2 хариуцагчаас 21 075 000 төгрөг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргаснаас шүүх хуралдааны явцад Н.Дамдинбазараас нэхэмжилсэн 6 975 000 төгрөгнөөс 3 000 000 төгрөгийг бууруулсан тул Н.Дамдинбазараас нэхэмжилсэн үнийн дүнг 3 975 000 төгрөг, нийт нэхэмжлэлийн шаардлагыг 18 075 000 төгрөг гэж тодорхойлох үндэстэй байна.
1.Хариуцагч Н.Дамдинбазар нэхэмжлэгч Д.Норолхоотой 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 500 000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, 50 000 төгрөгийн хүүтэй, зээлийг эгүүлэн төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5% алданги төлөхөөр, мөн 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1 000 000 төгрөгийг 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд 10 хувийн хүүтэй, зээлийг эгүүлэн төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5% алданги төлөхөөр тохиролцон зээлж авсан болох нь зохигчдын тайлбар, 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн, мөн 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээнүүдээр тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.Тиймээс дээрхи зээлийн гэрээнүүдийг үндэслэн хариуцагчаас зээл, хүү, алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүснэ.
Хариуцагч Н.Дамдинбазар шүүх хуралдаанд “...2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу авсан 500 000 төгрөгийг, мөн 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу авсан 1 000 000 төгрөгийг Д.Норолхоод төлж дуусгасан.2013 оны 09 дүгээр сараас 2014 оны 02 дугаар сарын хооронд миний цалингийн виза карт Д.Норолхоод байсан. Энэ хугацаанд Д.Норолхоо миний цалинг зээлэндээ суутган авсан” гэсэн тайлбар гаргасан боловч тэрээр энэ тайлбартайгаа холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөөр гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, 232 дугаар зүйлийн 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заасан ба нэхэмжлэгч хуульд зааснаар үндсэн зээлийг гэрээгээр тохирсон бол тохирсон хугацааны хүү, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээний алданги шаардах эрхтэй.
Хариуцагч Н.Дамдинбазар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлж тайлбартайгаа холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, түүний нэхэмжлэгчид мөнгө шилжүүлсэн нь тогтоогдохгүй байх тул хариуцагч Н.Дамдинбазараас 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу авсан 500 000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацааны хүү 50 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээний алданги 275 000 төгрөг, нийт 825 000 төгрөг,
2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу авсан 1 000 000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацааны буюу 28 хоногийн хүү 93 333 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээний алданги 546 667 төгрөг, нийт 1 640 000 төгрөг,
нийт дээрхи 2 зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 2 465 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Норолхоод олгож, нэхэмжлэгчийн алдангид илүү тооцож нэхэмжилсэн 1 510 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.
2. Хариуцагч Д.Анхманлай нэхэмжлэгч Д.Норолхоотой 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 8 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5% хүүтэй, зээлийг эгүүлэн төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5% алданги төлөхөөр тохиролцон зээлж авсан болох нь зохигчдын тайлбар, 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээгээр тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.Тиймээс дээрхи зээлийн гэрээг үндэслэн хариуцагчаас зээл, хүү, алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүснэ.
Хариуцагч Д.Анхманлайгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дамдинбазар шүүх хуралдаанд “...Эхнэр Д.Анхманлайгийн Д.Норолхоогоос авсан 8 000 000 төгрөгийн хүү болох 1 570 000 төгрөгийг төлсөн учраас алданги төлөхгүй” гэж маргаж байгаа боловч талууд зээлийн гэрээндээ зээлийг эгүүлэн төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5% алданги төлөхөөр тохиролцсон, талуудын тохиролцсон алдангийн хэмжээ хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй байх тул хариуцагч Д.Анхманлайгаас үндсэн зээл 8 000 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээний алданги 3 815 000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Тодруулбал талууд гэрээндээ үндсэн зээл 8 000 000 төгрөгийг сарын 5% хүүтэй, 3 сарын хугацааны хүүтэй авч, өгөхөөр тохиролцсон байх ба хариуцагч Д.Анхманлай 1 570 000 төгрөг төлсөн нь Хаан банкны орлогын мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийг 1 200 000 төгрөгийн хүү төлөх ёстойгоос 1 570 000 төгрөг төлсөн тул түүний илүү төлсөн 370 000 төгрөгийг үндсэн зээл 8 000 000 төгрөгнөөс хасч 7 630 000 төгрөгнөөс алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож, нийт хариуцагч Д.Анхманлайгаас гаргуулах төлбөрийг 11 445 000 гэж тогтоож, нэхэмжлэгчийн хариуцагч Д.Анхманлайгаас нэхэмжилсэн 14 100 000 төгрөгнөөс нэхэмжлэгчийн хүү, алдангид илүү тооцож нэхэмжилсэн 2 655 000 төгрөгийг, нийт 2 хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 4 165 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Н.Дамдинбазар Д.Норолхоод зээл төлсөн гэдгээ нотлох баримт болгож өөрийн Голомт банкны дансны хуулгыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн боловч уг баримт нь Н.Дамдинбазар Д.Норолхоод мөнгө шилжүүлснийг нотлох баримт болохгүй юм.
Дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263 700 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Анхманлайгаас 198 070 төгрөг, хариуцагч Н.Дамдинбазараас 54 390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч Н.Дамдинбазараас 2 465 000 төгрөг, хариуцагч Д.Анхманлайгаас 11 445 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Норолхоод олгож, хариуцагч Н.Дамдинбазарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 1 510 000 төгрөг, Д.Анхманлайд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 2 655 000 төгрөг, нийт 4 165 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 3 000 000 төгрөгөөс татгалзсаныг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА