Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/123

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Э.Идэрбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М-д холбогдох 1921001810085 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ........ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Г.М. /РД: ........../

 

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 19-13Б тоотод оршин суух С.Долгоржавын гэрт нэвтэрч, “Фунай” маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Г.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр зах орж зүс таних хүнтэй таарч ганц шил архи уусан. Дахин архи авч уугаад айл руу орж зурагтыг нь хулгайлсан. Тэгээд удалгүй цагдаад баригдсан...гэв.

 

            Хохирогч Энхжаргалын Төгсжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 00 цагийн орчим Дашбалбар сумаас аймгийн төвд ирээд Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 19-13Б тоотод байх гэртээ очиход гэрийн хаалганы цоожийг цоожлоогүй өлгөөд орхисон. ...гэрийн хойд талд тавиур дээр байсан 32 инчийн хар өнгийн “Funai” маркийн зурагт байхгүй байхаар нь өөрийн төрсөн ээж С.Долгоржав руу залган зурагт хаана байгаа талаар асуухад гэрт байгаа гэхээр нь гэрт хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн. ...Би Г.М гэх хүнийг танихгүй өмнө нь харж байгаагүй. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй би хулгайд алдсан хар өнгийн 32 инчийн “Фунай” маркийн зурагтаа бүрэн бүтэн хүлээж авсан. ...Шүүх хуралд оролцохгүй...” гэжээ. /хх-ийн 18-19 тал/

 

            Гэрч С.Долгоржав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн орчим шиг санаж байна гэрээсээ Мартын 8-ны баяр тэмдэглэхээр гарахдаа гэрийнхээ хаалгыг гаднаас нь шар өнгийн цоожоор цоожлоод түлхүүрээ коридорынхоо банзан дээр тавиад гарсан. Улмаар тус өдрийн 22 цагийн орчим намайг хамаатныхаа Мөөгий гэх залуугийн гэрт байж байхад манай хүү Э.Төгсжаргал өөрийнхөө утсаар миний гар утас руу залгаад “Ээжээ би гэртээ сая орж ирсэн чинь манай зурагт байхгүй байна. Яасан юм бэ, хулгайд алдагдсан юм бишүү” гэж ярихаар нь би эхэндээ үнэмшихгүй байж байгаад хамаатныхаа Мөөгий гэх залуугийн гэрээс гараад өөрийн гэр рүүгээ очоод гэрийн зүүн хойд талын буланд байх хул шар өнгийн шилэн тавиур дээр байсан 32 инчийн зурагт алга болсон байсныг мэдсэн. ...манай гэрээс алдагдсан зурагт 32 инчийн хар өнгийн “Funai” маркийн зурагт бөгөөд тус зурагт нь удирдлагагүй алдагдсан юм...” гэжээ. /хх-ийн 20 тал/

 

            Гэрч М.Энхцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн өглөөний 09 цагийн орчимд манай нөхөр Г.М босоод цай, хоолоо идээд 10 цагийн орчим “Би гараад ирье” гээд гэрээсээ гарсан бөгөөд надад хаашаа, ямар зорилгоор гарах гэж байгаагаа хэлээгүй. Тэгээд би тус өдрийн орой охин Э.Ариунзулыг сургуулиас нь аваад гэртээ ирээд удаагүй байхад буюу 17 цагийн орчим манай нөхөр хавтгай дэлгэцтэй хар өнгийн зурагт тэврээд согтуу орж ирж байсан. ...Харин надад тус зурагтыг хаанаас, хэнийх гэдэг айлаас авсанаа хэлээгүй. ...Цэнхэр өнгийн ажлын өмд, хар куртик, доод хэсгээрээ шаргал өнгийн, дээд хэсгээрээ хар, цахилгаантай пүүзтэй гарсан...” гэжээ. /хх-ийн 23-25 тал/

            - Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10 тал/

            - Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13 тал/

            - Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 15 тал/

            - Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 90 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 30-32 тал/

            - Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 39 тал/

            - Г.М-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Эд мөрийн баримтаар: 1 /нэг/ хос пүүзэн гутлыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 19-13Б тоотод оршин суух хохирогч С.Долгоржавын гэрт нэвтэрч, “Funai” маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч Э.Төгсжаргал, гэрч С.Долгоржав, М.Энхцэцэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 90 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч Г.М-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Г.М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Г.М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

Шүүгдэгч Г.М-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.М-н үйлдлийн улмаас хохирогч Э.Төгсжаргалд 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “өөрт учирсан хохирлыг шүүгдэгчээс авсан тул нэхэмжлэх зүйлгүй” талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ хос пүүзэн гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.М-д буцаан олгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Г.М-н .................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.М-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.М-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Г.М-н ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй. 

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ хос пүүзэн гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.М-д буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.БАТЖАРГАЛ