Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
Хэргийн индекс | 153/2023/00583/И |
Дугаар | 14 |
Огноо | 2024-07-31 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 14
2024 07 31 206/МА2024/00014
Г.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 153/ШШ2024/00191 дугаар шийдвэртэй,
Ховд аймаг, Жаргалант сум, *******, ******* ******* оршин суух, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,
Ховд аймаг, Жаргалант суманд байрлах, ******* ******* *******д холбогдох,
“Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* сургуулийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/29 дугаартай тушаалыг хүчингүй болгож, математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг (цахимаар) болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1 Миний бие нь 2022 оны 02 дугаар сарын 24-нд Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын ******* *******д математикийн багшийн ажилд томилогдсон. Ажилд орсон цагаасаа хойш ямар нэгэн зөрчил гаргаагүй, өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэн ажиллаж байсан. Захирал нь намайг өрөөнд дуудаад өөр сургуулиудад математикийн багшийн орон тоо зарлагдсан байна. Тэнд очоод шалгалт өгөөд үз гээд хэлсэн. Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* сургуулийн захирал нь надад мэдэгдэлгүйгээр тодорхой ямар нэгэн шалтгаангүйгээр намайг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажлаас халах тухай шийдвэр гаргасан. Иймд Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал ын 2023 оны 08 сарын 21-ны өдрийн Б/29 тоот тушаалыг хучингүй болгож, хуучин ажилд минь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:
2.1 Г.******* нь жирэмсний амралтаа авсан математикийн багш гийн орон тоонд 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр түр томилогдсон. 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс багшийн жирэмсний амралт дуусгавар болж ажилдаа эргэн томилогдоход математикийн багш Баярсайханы Солонгос улсын виз гарч багш 6 сарын чөлөөавахад математик, мэдээлэл зүйн багш о нь ы оронд ажиллаж Г.******* нь о багшийн оронд түр томилогдон ажилласан боловч о багшийн орон тоонд томилогдсон түр тушаал байхгүй ба ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй байна. 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр багш Г.*******тыг албан өрөөндөө дуудаж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан 8 дугаар сард математикийн багшийн сонгон шалгаруулалт явагдах тул шалгалтанд бэлтгэж эхлэхийг зөвлөсөн. 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр математикийн багшийн үндсэн 2 орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлаж 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгалийн ухааны менежер аар ахлуулсан ажпын хэсэг тухайн мэргэжлийн сонгон шалгаруулалт явуулсан. Г.******* нь сонгон шалгаруулалтад ирж оролцоогүй болно гэжээ.
3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 153/ШШ2024/00191 дугаар шийдвэрээр:
3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ын Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* сургуулийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/29 дугаартай тушаалыг хүчингүй болгож, математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
3.2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,
3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын агуулга:
4.1 Анхан шатны шүүх нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* сургуулийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/29 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, ажилтныг ажлаас чөлөөлөхдөө яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа гэдэг нь тодорхойгүй, ойлгомжгүй, хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.2 Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээгүй, нэхэмжлэгч Г.*******ын гаргаж өгсөн баримтыг хэрэгт цугларсан нотлох баримттай харьцуулан дүгнээгүй атлаа, хэт нэг талыг барьж, хариуцагч талын гаргаж өгсөн баримтуудыг үнэлж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргажээ. Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* сургуулийн нотлох баримтыг үндэслэж Шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн Шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* *******д холбогдуулан "Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* сургуулийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/29 дугаартай тушаалыг хүчингүй болгож, математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасныг хариуцагч тал “... Г.******* багш нь анх багшийн ажлын байранд түр томилогдсон, багшийн орон тоонд томилсон тушаал байхгүй, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тэрээр математикийн багшийн сонгон шалгаруулалтад оролцоогүй, сул орон тоонд багш авахаар зарласан сонгон шалгаруулалтад өөр багш тэнцсэн учраас түүнийг ажлаас чөлөөлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
5. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ын Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* сургуулийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/29 дугаартай тушаалыг хүчингүй болгож, математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
6. Харин нэхэмжлэгч Г.*******, түүний өмгөөлөгч нар нь “...Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* сургуулийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/29 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, Г.*******ыг ажлаас ямар үндэслэлээр чөлөөлж байгаа нь ойлгомжгүй байхад анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.
7. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
7.1 Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* сургуулийн багш нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс жирэмсний болон амаржсаны амралтаа авснаар тус *******д математикийн багшийн ажлын байрны түр орон тоо гарсан бөгөөд уг ажлын байранд Г.*******ыг багшаар түр томилсон, улмаар 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс багш ажилдаа эргэн орсон, тухайн үед тус сургуулийн Мэдээлэл зүйн багш чөлөө авсан байсан бөгөөд түүний чөлөөтэй байх хугацаанд багш ог математикийн багшаар түр томилж, уг математикийн багшийн ажлын байранд Г.*******ыг ажиллуулж байжээ. Харин Мэдээлэл зүйн багш өөрийн хүсэлтээр ажлаас бүрэн чөлөөлөгдсөн тул багш ог тухайн багшийн орон тоонд үргэлжлүүлэн ажиллуулж, математикийн багшийн сул орон тоонд сонгон шалгаруулалтад тэнцсэн багшийг томилж, багш Г.*******ыг ажлаас чөлөөлсөн байна. Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын тушаалаар ******* ******* цэцэрлэгийн багш, мэргэжлийн ажилтны сул орон тоонд ажиллах боловсон хүчний нөөцийг баталж, сонгон шалгаруулалт зарлаж, 2022-2023 оны хичээлийн жилд гарах түр болон бүр ажлын байранд дээрх тушаалын хавсралтаар баталсан ажилтны нөөцөөс сонгон авч ажилуулахыг өмчийн хэлбэрийн сургуулийн захирлуудад үүрэг болгосон бөгөөд дээрх хавсралтаар баталсан жагсаалтад Г.*******ын нэр байхгүй, Г.******* нь уг шалгаруулалтанд оролцсон боловч шалгалтанд тэнцээгүй, нөөцөд бүртгэгдээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
8. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах шаардлагатай болсон боловч Ховд аймгийн Жаргалант сумын хэмжээнд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй болох нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2/678 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
9. Нэхэмжлэгч Г.*******т нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа багш гийн орон тоонд ажиллаж байсан, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ажил олгогч ямар нэгэн тушаал гаргаагүй боловч тэрээр үргэлжлүүлэн ажиллах боломж олгож, ажилтан ажил олгогч нарын дунд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үргэлжилж байсан, мөн ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүдийг хуульчилсан бөгөөд жирэмсний болон амаржсан, хүүхэд асрах түр чөлөөтэй, түүнчлэн хувийн чөлөөтэй байгаа хүний оронд тухайн ажлын байранд түр томилогдон ажиллаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндсэн ажилтан ажилдаа эргэн орох болсон үндэслэлээр дуусгавар болгоход Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан ажил олгогчийн санаачилга шаардагдахгүй.
Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3, 60.1.12 дахь хэсэгт заасан “...жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй...”, “...хувийн чөлөөтэй байх хугацаанд ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах...” гэсэн ажил олгогчид үүрэг болгосон хуулийн заалтаар ажилтны хөдөлмөрлөх эрх хамгаалагдсан харилцааг зохицуулсан байна.
10. Түүнчлэн нэхэмжлэгч Г.Наранцацрлыг Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* сургуулийн математикийн багшийн түр орон тоонд ажиллаж байх хугацаанд тухайн *******д математикийн багшийн сул орон тоо гарсан, хуульд заасан журмын дагуу сул орон тоонд ажиллах боловсон хүчний нөөцийг бүрдүүлэхээр мэргэжлийн ажилтны сонгон шалгаруулалт явуулсан, тухайн сонгон шалгаруулалтад Г.******* оролцсон боловч тэнцээгүй, бүртгэгдээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Иймд Г.Наранцацарлыг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр хуульд нийцсэн байна.
11. Нэхэмжлэгч нь “ манай хуучин захирал шалгалт өгөөд эхний 5-д орсон багшийг үндсэн багшаар ажилд авна гэж хэлж байсан, мөн намайг сонгон шалгаруулалтанд ороод нөөцөд бүртгэлтэй байсан талаар мэдэж байгаа бөгөөд тэр хүнийг өнөөдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцоод өгөөч гэж гуйсан боловч Булган суманд ажилтай болоод ирж амжаагүй байна..., Би сонгон шалгаруулалтад оролцоод шалгалтыг 60 хувьтай, Ц.Энхтуяа 100 хувьтай, Э.Энхбаяр багш 63 хувьтай гүйцэтгэсэн байхад нөөцийн жагсаалтад Ц.Энхтуяагийн нэрийг бичээд миний нэрийг нөөцийн жагсаалтад бичээгүй байсан..., 60 аас дээш оноо авбал тэнцэнэ гэж бид нар ойлгож байсан. Ер нь материал дутуу бүрдүүлсэн гэж би бодож байна...” гэж мэтгэлцжээ..
11.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж заажээ.
Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын зарчим буюу зохигч тэгш эрхийн хүрээнд мэтгэлцэн, нотлох баримтыг бүрдүүлэх, өөрсдөө шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөндлөнгийн байж, хүсэлт гаргасан, хуульд тодорхой заасан үндэслэл бүрдсэнээс бусад тохиолдолд өөрийн санаачилгаар баримт шаардан авах ажиллагаа хийгдэхгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үнэн зөв болохыг нотолсон баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
12. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргааны үйл баримтад холбогдох Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг зөв тайлбарлаж, хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнээд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
13. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарах тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, давж заалдах журмаар гаргасан гомдолдоо улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 153/ШШ2023/00191 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ