Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 01144

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 21 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01144                                    Орхон аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: 1974 онд төрсөн, 42 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 42 дугаар гудамжны 10б тоотод оршин суух Бэсчүүд овгийн Батчулууны Эрдэнэцэцэгийн /регистрийн дугаар ОМ74120203/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1971 онд төрсөн, 45 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 50 дугаар гудамжны 01 тоотод оршин суух Боржигон овгийн Даарийгийн Одгэрэлд /регистрийн дугаар ФБ71012800/ холбогдох 192 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Орхон аймгийн Хот тохижуулах газрын ажилтан Б.Одгэрэл нь 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 192 000 төгрөгийн үнэ бүхий бэлэн хувцасыг 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөнгийг нь өгнө гэж хэлээд авч яваад одоог хүртэл өгөөгүй байгаа. Олон удаа нэхэмжлээд очихоор удаахгүй өгнө гэсээр өнөөг хүрлээ. Бүтэн 8 сар болоход нэг ч төгрөг өгсөнгүй. Иймээс барааны үнэ болох 192 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Одгэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие бараан зах дээрээс хүүхдийн хувцас авсан нь үнэн боломж бололцоо болохгүй явсаар өдий хүрсэнлээ уучлалт гуйя, гэхдээ би нэхэмжлэгч Эрдэнэцэцэгт уг авсан барааны төлбөр болох 192 000 төгрөгийг 2 хувааж 10 сарын сүүлээр, 11 сарын 20-д гэж төлнө” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэцг нь Д.Одгэрэлд холбогдуулан 192 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Одгэрэл нь нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгийн 192 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сар, 11 дүгээр саруудад хувааж төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6410 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Д.Одгэрэлээс 3205 төгрөг, төрийн сангаас 3205 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй Б.Одгэрэлд холбогдох иргэний хэрэгт хариуцагч Д.Одгэрэл нь нэхэмжлээлийн шаардлага болох 192 000 төгрөгийг 2016 оны 10, 11 дүгээр сард хувааж хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6410 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 3205 төгрөг, төрийн сангаас 3205 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                     Р.ҮҮРИЙНТУЯА