Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
Хэргийн индекс | 101/2014/08915/и |
Дугаар | 1566 |
Огноо | 2016-09-12 |
Маргааны төрөл | Төрийн албаны тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 1566
В.Лувсанпүрэвийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/04345 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч В.Лувсанпүрэвийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Батлан хамгаалах яам,
Хариуцагч “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох
Ажиллаж байсан хугацааны цалин 28 557 036 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг
Хариуцагч “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр
Хариуцагч “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгч В.Лувсанпүрэв шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Багахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Лувсанпүрэв нь Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 272 дугаар тушаалаар "Монгол цэрэг жуулчин" ТӨААТҮГ-ын харьяа хамтарсан хөрөнгө оруулалттай "Круизе интернэшнл" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллахдаа 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх цалингаа авсан. Харин үүнээс хойшхи хугацаанд цалингүй ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гарган Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/129 дүгээр тушаалаар 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс цэргийн тэтгэвэр тогтоолгосон. Энэ хугацаанд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/133 дугаар тушаалаар 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан хугацааны цалинг зохих журмын дагуу нөхөн олгохыг "Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл" ТӨААТҮГазарт үүрэг болгосон боловч одоо хүртэл олгоогүй. В.Лувсанпүрэвийг ажиллаж байсан хугацааны тухайд хариуцагч нар маргадаггүй. Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл нь “Монгол цэрэг жуулчин” ТӨААТҮГ-ын эрх, үүргийг шилжүүлж аваагүй, эрх залгамжлаагүй гэж маргадаг. Батлан хамгаалах яамны сайдын 2014 оны А\58 дугаар тушаал, Засгийн газрын мөн оны 63 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар “Монгол цэрэг констракшн” ТӨААТҮГ, “Батпромимпекс” ТӨААТҮГ, “Транс сэргэлт” ТӨААТҮГазрыг “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГ-т нэгтгэсэн. “Круизе интернэшнл” ХХК-ийн 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ТУЗ-ийн хурлаар баталсан журмын 8.3-т заасны дагуу гүйцэтгэх захиралтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулна гээд байгуулаагүй. "Монгол цэрэг констракшн" ТӨААТҮГ-ын харьяа цэргийн амралтын газрыг "Хаан тайж" ХХК нэртэй болгохоор тохирсон ч уг нэрээр Улсын бүртгэлд бүртгэгдээгүй атлаа амралтын газар нь одоо хүртэл "Хаан тайж" нэртэй хэвээр байгаа. Иймд хариуцагч нараас 2012 оны 7 дугаар сарын 01-нээс 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан хугацааны 2 жил 4 сарын цалин /сард 1 053 093 төгрөг/ нийт 28 557 036 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Батлан хамгаалах яам шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Лувсанпүрэвийг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 272 дугаар тушаалаар “Круизе интернэшнл” ХХК-ийн захирлаар томилж, түүнийг TT-13-5 дугаар шатлалаар цалинжуулахаар баталсан. “Монгол цэрэг жуулчин” ТӨААТҮГазар нь 2013 онд “Монгол цэрэг констракшн” ТӨҮГазар болж өөрчлөгдсөн. Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 63 дугаар тогтоолоор Батлан хамгаалах яамны “Батпромимпекс” ТӨҮГ, “Монгол цэрэг констракшн” ТӨААТҮГ, “Транс сэргэлт” ТӨААТҮГазруудыг нэгтгэн "Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГ болгон өөрчлөн байгуулсан. В.Лувсанпүрэв ажил хүлээж байх хугацаандаа яамны Төрийн нарийн бичгийн даргад хандан цалин болон ажилд томилуулах талаар хүсэлтээ удаа дараа тавьж байсан. Манайх Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/133 тушаалаар "Монгол цэрэг жуулчин" ТӨААТҮГ-ын харьяа хамтарсан хөрөнгө оруулалттай "Круизе интернэшнл" ТӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хурандаа В.Лувсанпүрэвийн ажил, хүлээж байсан цалинг зохих журмын дагуу нөхөн олгохыг Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэлд зөвшөөрсөн. Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл нь уг тушаалыг биелүүлэх ёстой боловч биелүүлээгүй. Засгийн газрын тогтоолоор хурандаа В.Лувсанпүрэвийн ажиллаж байсан газруудыг “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл”-д нэгтгэсэн тул тус нэгдэл түүний ажиллаж байсан хугацааны цалинг хариуцах үүрэгтэй. Батлан хамгаалахын сайдын 2015 оны А/88 дугаар тушаалаар “Монгол цэрэг констракшн” ТӨААТҮГ-ын өр авлага, ажилчдын цалин хөлс, үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгийг бүртгэлээр хүлээж авах асуудал зэргийг “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГ-т шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Би В.Лувсанпүрэвтэй түүнийг ажиллуулж байсан байгууллага нь ямар гэрээ байгуулсаныг мэдэхгүй байна. Батлан хамгаалах яамны “Монгол цэрэг жуулчин” ТӨААТҮГ нь “Круизе интернэшнл” ХХК-ийн хувьцааны 50 хувийг эзэмшдэг байсан бөгөөд уг хувьцаагаа 2013 оны 7 дугаар сард 405 сая төгрөгөөр зарсан ба үүний 160 сая гаруй төгрөгийг тус үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан байсан М.Жаргалын хувийн дансанд шилжүүлсэн асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа гэжээ.
Хариуцагч “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГазар шүүхэд гаргасан тайлбартаа: "Круизе интернэшнл" ХХК нь Компанийн тухай хуулийн дагуу ТУЗ-тай байгуулсан гэрээний үндсэн дээр ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж, түүнээсээ өөрийгөө цалинжуулах үүрэгтэй байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар Батлан хамгаалах яамны харьяа "Монгол цэрэг жуулчин" ТӨААТҮГ нь ТӨААТҮГазар байсан бөгөөд тус газар нь төсвөөс татаас авахгүйгээр өөрийн үйл ажиллагааны орлогоос санхүүжин цалинждаг. Тус ТӨҮГ-ын 50 хувийн оролцоотой "Круизе интернэшнл" ХХК нь компаний дүрэмд зааснаар Компанийн тухай хуулиар зохицуулагдаж байсан ба түүний гүйцэтгэх захирал В.Лувсанпүрэв уг хуулийн дагуу "эрх бүхий албан тушаалтан" мөн бөгөөд тус компанийн дүрмийн 7.2-т “гүйцэтгэх удирдлага нь үүсгэн байгуулагчтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна" гэж заасны дагуу компанийн төлөөлөн удирдах зөвлөлтэй гэрээ байгуулан ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж, түүгээрээ өөрсдийгөө санхүүжүүлэн цалинжих үүрэгтэй байсан. Батлан хамгаалах яам нь "Круизе интернэшнл" ХХК-ийн эзэмшлийн 50 хувийн хувьцаагаа зарах шийдвэрийг 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гарган худалдаж, түүний орлогоос гүйцэтгэх захирал В.Лувсанпүрэвийн олгогдоогүй цалинг өгөхөөр тохирсон ч "Монгол цэрэг констракшн" ТӨААТҮГ-ын захирал, хошууч генерал Л.Жаргал уг цалин олгогдох болон бусад хувьцааны үнэ болох 161 150 000 төгрөгийг тус байгууллагын нярав Ч.Ганчимэгийн Хаан банк дахь 6040064710 тоот хувийн дансаар авч байгууллагын дансанд оруулаагүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдах гэж байна. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/133 дугаар тушаалын үндэслэл буруу, утга нь хууль тогтоомжийг зөрчсөн тул уг тушаалыг хэрэгжүүлэх боломжгүй. Уг тушаал нь Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, "Яамны эрх зүйн байдлын тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.8, 9.6.9, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.3, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д тус тус заасныг үндэслэн гаргасан нь Компанийн тухай хуулиар зохицуулагдсан компанийн гүйцэтгэх захирлын цалинг ТӨААТҮГазар болох Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлээс нөхөн олгуулах шийдвэрийн үндэслэл болохгүй тул хууль зөрчиж гарсан тушаал гэж үзэн биелүүлэх боломжгүй. Энэ хэрэгт хариуцагчаар оролцох хууль зүйн үндэслэлгүй байна. Засгийн газрын 2014 оны 63 дугаар тогтоолоор "Монгол цэрэг констракшн" ТӨААТҮГ болон бусад ТӨҮГ-тай хамт нийлүүлэх замаар татан буулгах шийдвэр гаргасан хэдий ч Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 12 дугаар зүйлд “Үндэсний байдлыг хангах, хамгаа батлан хамгаалах зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлага, эд хөрөнгийн талаархи бүрэн эрхийг уг асуудлыг эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу Батлан хамгаалах яам нь "Монгол цэрэг констракшн" ТӨААТҮГ-ын удирдлагатай холбоотой маргааныг тусад нь шийдвэрлэх, шинээр үүсэн бий болж байгаа ТӨҮГ-ын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор Батлан хамгаалахын сайдын 2014 оны А/58 дугаар тушаалаар "Монгол цэрэг констракшн" ТӨААТҮГ-ын эрх, үүргийг Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл" ТӨААТҮГ-т эрх залгамжлалгүйгээр татан буулгахаар шийдвэрлэсэн тул "Монгол цэрэг констракшн" ТӨААТҮГ-ын эд хөрөнгөөс манай газар ямар ч эд хөрөнгө хүлээн аваагүй. Мөн Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд нь тус шүүхээс эрх залгамжлалгүйгээр татан буугдаж байгаа "Монгол цэрэг констракшн" ТӨААТҮГ-ын хариуцлагад “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГ-ыг хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлгүй юм гэжээ.
Шүүх: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас цалин хөлс болох 18 955 674 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Боржигон овогт Ванчингийн Лувсанпүрэвт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 601 362 төгрөгийг болон хариуцагч Батлан хамгаалах яаманд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч В.Лувсанпүрэвийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-т үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГазраас улсын тэмдэгтийн хураамжид 252 728 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагч “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 272 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хууль, Компанийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн заалтууд, "Круизе интернэшнл" ХХК-ийн дүрмийг ноцтой зөрчсөн илт хууль бус захиргааны эрх зүйн акт. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т "тухайн захиргааний байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан" бол илт хууль бус захиргааны акт байна, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт "Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна" гэж заасан. Компаний тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3 дахь хэсэгт "Компаний гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох" нь Компаний эрх барих дээд байгууллага Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрх. Тус хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3.1 дэх хэсэгт "...хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон нутгийн захиргааны байгууллага, цэрэг, цагдаа, шүүх, прокурорын байгууллагад удирдах албан тушаал хашдаг этгээдийг компаний эрх бүхий албан тушаалд ажиллахыг хориглоно" гэж заасан заалтуудыг зөрчсөн. Иймд 272 дугаар тушаал Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг зөрчиж гарсан илт хууль бус хууль зүйн үндэслэлгүй эрх зүйн акт юм. “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГазраас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх шатандаа явагдаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар В.Лувсанпүрэвт холбогдох хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтооосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч В.Лувсанпүрэв нь хариуцагч Батлан хамгаалах яам болон “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГазарт холбогдуулан ажиллаж байсан хугацааны цалин 28 557 036 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГазар эс зөвшөөрч “уг хэргийн хариуцагч биш, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/133 дугаар тушаал нь хууль зөрчсөн илт хууль бус, хууль зүйн үндэслэлгүй эрхийн акт тул хэрэгжүүлэх боломжгүй” гэж маргажээ.
Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Гүйцэтгэх захирал томилох тухай” 272 дугаар тушаалаар нэхэмжлэгч В.Лувсанпүрэвийг хамтарсан хөрөнгө оруулалттай “Круизе интэрнэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж /хх-2/, мөн түүнийг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/129 дүгээр тушаалаар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр чөлөөлсөн байна /хх-3/.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч В.Лувсанпүрэвийг 2011 оны 11 дүгээр сараас 2013 оныг дуусталх хугацаанд ажиллаж байсан, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, ажил олгогчоос ажилтныг ажлаас чөлөөлсөн талаар баримт байхгүй талаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэн үзэж, 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оныг дуусталх 18 сарын хугацааны цалин хөлс нийт 18 955 674 төгрөгийг хариуцагч “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГазраас гаргуулахаар шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох тухай” Б/133 дугаар тушаалаар /хх-6/ “Монгол жуулчин” ТӨҮГ-ын харьяа хамтарсан хөрөнгө оруулалттай “Круизе интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан В.Лувсанпүрэвт 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олгогдоогүй цалин хөлсийг нөхөн олгох талаар заасныг хэргийн нөгөө тал болох Батлан хамгаалах яамны эрх бүхий этгээдийн гаргасан баримт гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч В.Лувсанпүрэвийн “Круизе интернэшнл” ХХК-д ажиллаж байсан гэдэг нь нотлогдсон гэж үзэх учраас анхан шатны шүүх энэ баримтад үндэслэн олгогдоогүй цалин хөлс гаргуулан, хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
Энэ асуудлаар Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаал хууль ёсны эсэх, үндэслэл бүхий эсэх гэдэг талаар эрүүгийн болон захиргааны өөр хэрэг шийдвэрлэгдэж байгаа талаар давж заалдах гомдолд дурдсан ч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул өөр хэрэг маргааныг шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэн, хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар түдгэлзүүлэх үндэслэл болохгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбатын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/04345 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбатын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГазар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
Д.БАЙГАЛМАА