Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 335

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, Д.Б ын нэхэмжлэлтэй, Сангийн сайдад холбогдох захиргааны хэргийг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Д.Нарангэрэл  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Монгол Улсын Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны ...- ..-.. тоотод оршин суугч иргэн Х овогтой Д гийн Б миний бие 197. оны 0. дугаар сарын 0.-ны өдөр Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн.

Д.Б миний бие нь 1993 - 1996 онд хуучин нэрээр Техникийн Их Сургууль, 1999-2003 онд Монгол Бизнес Дээд Сургуулийг төгсөж эдийн засагч мэргэжил эзэмшсэн бөгөөд 1997-1999 онд хувийн хэвшилд ажиллаж байгаад улмаар 2003 - 2005 онд Дорноговь аймгийн Татварын хэлтэст Татварын улсын байцаагч, 2006 - 2008 онд “М Т” ХХК-д татварын зөвлөх, санхүүгийн шинжээч, 2008-2012 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албанд реферэнт, зөвлөх, 2012 - 2014 онд Замын-Үүд дэх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч, 2014-2015 онд Боомтын нэгдсэн захиргааны дэд даргаар ажиллаж байгаад 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Засгийн газрын 142 тоот тогтоолоор Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилогдон ажиллаж байсан болно.

Иргэн Д.Б миний бие хуучин нэрээр Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан үүргийг 2015-2016 онд гүйцэтгэж байгаад Монгол Улсын Их Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Засгийн газрын агентлагын талаар авах зарим арга хэмжээний тухай” 501 дүгээр тогтоол зэргийг үндэслэн Сангийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр тушаалын дагуу шинэчлэгдэн байгуулагдсан Гааль, татварын ерөнхий газрын дэд даргын албан тушаалд шилжин ажиллаж байсан билээ.

Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 07 дугаар сард батлагдсан Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хууль, Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч, Засгийн газрын 2016 оны “Засгийн газрын агентлагын талаар авах зарим арга хэмжээний тухай” 4 дүгээр тогтоол зэргийг үндэслэн Сангийн сайд Б.Ч нь 2016 оны 09 дүгээр сарын 9-ний өдөр 315 дугаар тушаал гаргаж, Д.Б намайг Гааль, татварын ерөнхий газрын дэд даргын албан тушаалаас чөлөөлсөн боловч холбогдох хууль тогтоомжийн дагуу өөр ажилд шилжүүлэн томилолгүй ажлаас халсан байна.

Түүнчлэн миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 2016 оны ээлжийн амралтыг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн биеэр эдлэхээр Гааль, татварын ерөнхий газрын даргад хүсэлт гарган, зөвшөөрөл авсан байсан боловч Сангийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 275 дугаар тушаалын дагуу Гааль, татварын ерөнхий газрыг татан буулгах ажлын хэсэгт шинэчлэгдэн байгуулан ажиллаж эхэлсэн тул “Өмч хамгаалах байнгын зөвлөл”-ийн даргын хувьд Гаалийн ерөнхий газрын дэд даргыг томилогдох хүртэл хугацаанд амралтаа биеэр эдлээгүй ажилласан болно.

Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Гаалийн ерөнхий газрын дэд дарга томилогдож, миний бие эрхэлж байсан ажлаа хүлээлгэн өгч Гаалийн ерөнхий газрын дарга Б.А тай ээлжийн амралтаа 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс биеэр эдлэх талаар ярилцаж ээлжийн амралтаа эдэлж байсан.

Иргэн Д.Б миний бие улсад нийт 14 жил, хувийн хэвшилд 4 жил ажилласан бөгөөд үүнээс улсад 10 жил, төрийн тусгай албанд 2 жил ажилласан байна. Энэ хугацаанд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Сангийн Яамнаас “Санхүү банкны тэргүүний ажилтан” “Гаалийн албаны тэргүүний ажилтан”, Хил хамгаалах ерөнхий газраас “Онц хилчин”, Гаалийн ерөнхий газраас “Гаалийн итгэмжит зөвлөх” цол тэмдэгээр шагнагдаж байсан.

Иймд дараах үндэслэлээр Сангийн сайд Б.Ч гийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 315 дугаар тушаалыг хууль бус захиргааны актад тооцож, төрийн тусгай албан хаагч миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. Үүнд:

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийг зөрчсөн талаар:

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "... Агентлагийн орлогч даргыг төрийн албаны төв байгууллагын дүгнэлтийг харгалзан Монгол Улсын сайд томилж, чөлөөлнө.” гэж заасныг үл харгалзан Төрийн албаны төв байгууллагын дүгнэлтийг аваагүй.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана” гэж заасныг баримтлалгүй хууль бус тушаал гаргасан.

Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн талаар:

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.5 дахь заалтад “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчмыг хангана гэж заасан байх бөгөөд тус хуулийн 5.1.3, 8.1, 8.1.6-ийн дагуу Гааль, татварын ерөнхий газрын дэд даргын албан тушаал нь төрийн тусгай албан тушаал буюу төрийн жинхэнэ албан тушаал юм.

Гааль, татварын ерөнхий газрыг татан буулгаж, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрыг тус тусад нь байгуулсан боловч Гааль, Татварын ерөнхий газарт гаалийн асуудал хариуцсан дэд даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод хэвээр үлдсэн гэж үзэж байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтад “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ны орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасныг үл хэрэгжүүлсэн.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө.” гэж, 17 дугаар зүйлийн 17.4-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина” гэж тус тус заасныг үл харгалзан, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэж заасны дагуу нөөцөд байгаа иргэдээс сонгон шалгаруулаагүй, Гаалийн ерөнхий газрын дэд даргыг шууд томилсон байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд төрийн албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх талаар тусгайлан зааж өгсөн бөгөөд тус зүйлд заасан үндэслэлийг баримтлаагүй.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2.4 дэх заалтад төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасан байдгийг дашрамд дурдах нь зүйтэй байна.

Гаалийн тухай хуулийг зөрчсөн талаар:

Гаалийн тухай хуулийн 267 дугаар зүйлийн 2671.4-р зүйлд “Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг, дэд даргыг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газар томилно” гэж заасан. 

Сангийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 315 тоот тушаал нь “Гааль татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 7.3-р зүйлд “Гааль, татварын ерөнхий газрын даргыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар, дэд даргыг Гааль, татварын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус томилж, чөлөөлнө.” гэсэн хүчингүйд тооцогдсон хуулийн заалт баримталсан.

Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн талаар:

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт ээлжийн амралттай байх хугацаанд ажил, албан тушаалыг хэвээр хадгална гэж заасныг үл харгалзан, ажлаас халсан, хэрэв ийнхүү ажлаас халсан нь хуулийн дагуу, үндэслэл бүхий байна гэж үзсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй.” гэж заасныг хэрэгжүүлээгүй.

Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн талаар:

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасны дагуу Сангийн сайдын тушаал нь захиргааны актад тооцогдох бөгөөд тус хуулийн дагуу захиргааны акт гаргах явцыг нарийвчлан зааж өгсөн байдаг. Тухайлбал:

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалтад “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг үл харгалзан оролцоог хангаагүй.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж, 43 дугаар зүйлийн 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж тус тус заасныг баримтлан захиргааны акт гаргаагүй.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “ 40.2.5. Захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэснийг, 40 дүгээр зүйлийн 40.4-д “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.  

Иймд орон тоо хэвээр хадгалагдаж байгаа тул дүйцэх албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын төлбөрийн нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж, төрийн албан хаагчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сангийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тушаалд гомдол гаргаж шүүхэд хандсан байгаа. Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны акт гэж үзэж байгаа бөгөөд, актыг эрх ашиг нь хөндөгдөж байгаа талуудад урьдчилж мэдэгдэх ёстой ажил хийгдээгүй. Мөн тухайн үед ээлжийн амралттай байсан. Тэр үед Гааль татварын ерөнхий газар нэгдээд, Өмч хамгаалах комиссийн бүрэлдэхүүний даргын хувьд өмч хөрөнгийг шилжүүлэх ажиллагааны ажлын хэсэгт ажиллаж байсан учраас шинэ дарга томилогдоод, 09 дүгээр сарын 01-ний өдрөөс амралтаа аваад явсан байсан. Энэ хооронд тус тушаал гарсан нь Хөдөлмөрийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн Төрийн албаны тухай хуулийн дагуу Гаалийн ерөнхий газрын даргыг сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилсон байдаг. Тэгээд миний хувьд Засгийн газрын шийдвэрийг хүндэтгэж ажлаа хүлээлгэж өгсөн байгаа. Төрийн албаны тухай хуульд заасан чөлөөлөх үндэслэлийн дагуу халаагүй гэж үзэж байгаа. Учир нь бүтцийн өөрчлөлтийн дагуу хоёр байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдаж, түүний дагуу Засгийн газрын тогтоол гарсан байдаг. Үүний дагуу орон тоо хэвээр хадгалагдаж байгаа учраас надад үргэлжлүүлэн ажиллах санал болсон боловч энэ ажиллагаа хийгдээгүй. Мөн Сонгон шалгаруулалт явуулах ёстой байтал явуулаагүй, сэлгэн ажиллуулах боломжтой байсан атал үүнийг хийгээгүй гэж үзэж байгаа. 

Сангийн сайдын хууль бус тушаалын дагуу төрийн албан хаагчийн эрхээ хязгаарлуулж, улмаар олон сар ажилгүй явж байна. 

Ийм учраас төрийн албанд, дүйцэхүйц ажилд томилуулах арга хэмжээг авах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан байгаа. 

Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолыг ярьж байна. Тодруулж хэлбэл хууль батлагдаад Засгийн газрын тогтоол гарсан байгаа. Тус тогтоолын 4 дүгээр заалтад татан буугдаж байгаа агентлагуудын холбогдох ажилтан, албан хаагчдын орон тоо, цалингийн сан, эд хөрөнгө, чиг үүрэг нь шилжиж, Засгийн газрын агентлаг байгуулах, шилжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайдад даалгасан байдаг. Тэр үед би ажлаа хэвийн гүйцэтгээд явж байсан учраас, татан буугдаж байгаа байгууллагын ажилтан гэж өөрийгөө үзэж байна.  

Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Гаалийн асуудал хамаардаг нь үнэн юм. Гааль, татварын ерөнхий газрын хууль хүчингүй болоод Гаалийн ерөнхий газрын хууль эргээд сэргэсэн. Тэгэхээр Сангийн сайдын тушаал гаргах эрх нь Засгийн газарт очиж байгаа юм. Гэтэл хууль ингэж буцаж үйлчилж болдог юм уу? 

Тайлбарт 100-аас цөөн ажилтантай бол дэд болон орлогч даргагүй байх чиглэл баримтлан ажиллаж байна гэдэг. Гэтэл одоо 2 дэд даргатай ажиллаж байгаа. Тэгэхээр Сангийн яам Засгийн газрын тогтоолыг зөрчөөд байгаа юм.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: 

Сангийн сайдад холбогдох орон тоо хэвээр хадгалагдаж байгаа тул дүйцэх албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын төлбөрийг нөхөн  төлүүлэх Д.Б ын нэхэмжлэлийг шаардлагад дараах хариу тайлбар тайлбарыг өгч байна. 

Монгол Улсын Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн шинээр байгуулагдсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолын 3-т “ ... Засгийн газрын хэрэгжүүлэгч агетнлаг-Гааль, татварын ерөнхий газар, ... татан буулгасугай” гэж заасны дагуу татан буугдсан байгууллага байна. 

Засгийн газрын тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлаг нэгээс илүүгүй орлогч даргатай байна. Агентлагийн орлогч даргыг төрийн албаны төв байгууллагын дүгнэлтийг харгалзан Монгол Улсын сайд томилж, чөлөөлнө гэж заасан байдаг. Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд Засгийн газрын бүрэлдэхүүнийг хуульчилсан ба Сангийн сайд нь Засгийн газрын гишүүн бөгөөд Монгол Улсын сайд байдаг хуулийн зохицуулалтын дагуу Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Гаалийн бодлого хамаардаг тул Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д 4/хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө гэж заасны дагуу Сангийн сайд 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тушаалаар Гааль, татварын ерөнхий газрын боомт, нийтлэг үйлчилгээний асуудал хариуцсан дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлсөн байдаг. Иймд нэхэмжлэгч нь дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч байсан нь ажлаас чөлөөлсөн дээрх Сангийн сайдын тушаал нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас буруу халаагүй байна. 

Засгийн газрын 2016 оны 04 дүгээр тогтоолын 6.2-т “ ... 100-гаас цөөн ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байх чиглэл баримтлах” үүргийн чиглэл болгож ажиллаж байна. Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаарыг баталж Гаалийн ерөнхий газар 94 ажилтантай байхаар батлагдсан нь дэд буюу орлогч даргагүй бүтэц зохион байгуулалтад оруулсан байна. Иймд орон тоо хэвээр хадгалагдаж байгаа тул дүйцэх албан тушаалд томилуулах гэсэн нэхэмжлэгчийн шаардлага хууль зүйн хүчин чадалгүй, үндэслэлгүй юм. 

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар төрийн албан хаагч нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө цалин хөлс, авдаг бөгөөд нэхэмжлэгчийн тухайд Сангийн сайдын тушаал гарах үед үүрэгт ажлаа гүйцэтгээгүй, ээлжийн амралттай байсан тул ажиллаж байсан гэж үзэн нөхөн олговрыг олгох боломжгүй гэж үзэж байна. 

Иймд татан буугдсан байгууллагын хувьд ажилтан нэг бүрийг ажлын байраар хангах үүргийг хүлээхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн шинээр байгуулагдсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гааль, татварын ерөнхий газрыг татан буулгах тухай тогтоол гарсан. Үүнд заасны дагуу Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 181.3 дахь заалтад “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлаг 1-ээс илүүгүй орлогч даргатай байна. Агентлагийн орлогч даргыг төрийн албаны төв байгууллагын дүгнэлтийг харгалзан Монгол Улсын сайд томилж, чөлөөлнө” гэж заасан байдаг. Сангийн сайд нь Засгийн газрын гишүүн бөгөөд сайд байхыг хуулийн зохицуулалтын дагуу Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд гаалийн бодлого хамаардаг тул Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтад “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын дүрмийг баталж, дарга эрхлэгч захирлыг томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Сангийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тушаалаар Гааль, татварын ерөнхий газрын боомт, нийтлэг үйлчилгээний асуудал хариуцсан дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг. 

Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолын 6.2 дахь заалтад 100-100 ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байх чиглэлийг баримтлах үүргийг чиглэл болгон ажиллана гэсэн тогтоол байдаг. Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаарыг баталсан байдаг. 

Гаалийн ерөнхий газрыг 94 ажилтантай байхаар батлагдсан. Өөрөөр хэлбэл дэд буюу орлогч даргагүй байхаар бүтэц орон тооны зохион байгуулалтай байхаар тусгасан байдаг. Иймд орон тоог хэвээр үлдээж дүйцүүлэх албан тушаалд томилуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Б ын “Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тушаалыг хууль бус захиргааны актад тооцуулж, орон тоо хэвээр хадгалагдаж байгаа тул дүйцэх албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын төлбөрийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлээр Монгол Улсын Сангийн сайдад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ /хх 34-36/. 

Маргааны үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч Д.Б нь анх Засгийн газрын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 142 дугаар тогтоол /хх 56/-оор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилогджээ. 

Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр батлагдсантай холбогдуулан   Засгийн газрын 2015 оны 501 дүгээр тогтоолоор Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газрыг нэгтгэн өөрчилж, улмаар  Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/01 дүгээр тушаал /хх 135/-ын дагуу Гааль, татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталж, дэд даргын албан тушаалд 3 орон тоотой байхаар тогтоожээ. 

Гааль, татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсантай холбогдуулан Сангийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр тушаал /хх 53, 118/-аар нэхэмжлэгч Д.Б ыг Гааль, татварын ерөнхий газрын Боомт, нийтлэг үйлчилгээний асуудал хариуцсан дэд даргаар томилсон байна. 

Үүний дараагаар Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 302 дугаар тушаалын дагуу Гааль, татварын ерөнхий газар татан буугдаж, Гаалийн ерөнхий газар нь 94 орон тоотой болж өөрчлөгджээ. Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/39 дүгээр тушаал /хх 59-64/-аар Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, дэд даргын албан тушаалд 2 орон тоотой байхаар заажээ. 

Сангийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 302 дугаар тушаал /хх 52/-аар Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг баталж, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрчээ. Энэ тушаалыг Сангийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаар тушаал /хх 177-201/-аар хүчингүй болгож, шинэчлэн батлагдсан тушаалаар Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг баталж, тус газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралтаар баталжээ. 

Улмаар Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаар тогтоол /хх 174, 175/-оор Ё.Б-Э ийг, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 74 дүгээр тогтоол /114, 172, 173/-оор Б.Б ийг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилсон байна. 

Засгийн газрын 4 дүгээр тогтоолоор төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч шинэчлэн батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 315 дугаар тушаал /хх 117/-аар нэхэмжлэгч Д.Б ыг Гааль, татварын ерөнхий газрын Боомт, нийтлэг үйлчилгээний асуудал эрхэлсэн дэд даргын албан тушаалаас чөлөөлжээ. 

Нэхэмжлэгч Д.Б нь Сангийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 315 дугаар тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасны дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1057 дугаар албан бичиг /хх 12/-ээр шүүхэд хандахыг зөвлөжээ.  

Үүний дагуу нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байна. 

Нэхэмжлэгч Д.Б ыг ажлаас чөлөөлөхдөө болон одоо байгаа Гаалийн ерөнхий газрын дэд даргыг томилохдоо Төрийн албаны зөвлөлөөс дүгнэлт авч байгаагүй бөгөөд 2016 оны 09 дүгээр сараас хойш Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах талаар хүсэлт ирүүлж байгаагүй гэдгийг Төрийн албаны зөвлөл 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 299 тоот албан бичгээр мэдэгдсэн. /хх 102, 104/

Хууль зүйн үндэслэлийн талаар:

Нэхэмжлэгч Д.Б нь Сангийн сайдын түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалыг “төрийн албаны төв байгууллагын дүгнэлтийг аваагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадлагдсан байхад үргэжлүүлэн ажилуулаагүй, сул орон тоо гарсан байхад сонгон шалгаруулалт явуулаагүй, цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах үндэслэлтэй, актыг гаргахдаа хүчингүй болсон хуулийн заалтыг баримталсан, Хөдөлмөрийн хуулийн дагуу ээлжийн амралттай байхад албан тушаалыг хэвээр хадгалах, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсны дагуу адил чанарын өөр ажил, албан тушаалд томилуулах үүргээ зөрчсөн, актыг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй” зэрэг үндэслэлээр хууль бус гэж маргасан харин урьд эрхэлж байсан албан тушаалд томилоогүй, уг албан тушаалд өөр этгээдийг томилсон Засгийн газрын  шийдвэртэй маргаагүй байна. 

Маргаан бүхий акт болох Сангийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 315 дугаар тушаалын Нэг дэх хэсгээр төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч шинэчлэн батлагдсантай холбогдуулан тодруулбал, Гааль, татварын ерөнхий газар татан буугдаж, Гаалийн ерөнхий газрын бүтэц шинээр батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлжээ. 

Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль /2015/-ийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Гааль, татварын ерөнхий газрын дэд даргыг Гааль, татварын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө” гэжээ. Уг заалтын дагуу нэхэмжлэгч Д.Б ыг Сангийн сайдын тушаалаар Гааль, татварын ерөнхий газрын дэд даргаар томилсон гэдэг нь тогтоогдсон. Улсын Их Хурлаас 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар  Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцсон.

Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурлаас 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталж, уг хуулийн 2671 дүгээр зүйлийн 2671.4-д Гаалийн ерөнхий газрын дэд даргыг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын саналыг үндэслэн Засгийн газар томилохоор заажээ. Уг хуулийн заалтыг үндэслэн Засгийн газраас одоо ажиллаж байгаа Гаалийн ерөнхий газрын дэд нарыг томилжээ. 

Маргааны үйл баримтаас дүгнэхэд маргаан бүхий акт 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр /хх 119/ гарсан харин шинэ бүтцийн дагуу Гаалийн ерөнхий газрын 2 дэд даргыг томилсон Засгийн газрын 62 дугаар тогтоол нь 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр /хх 202/,  Засгийн газрын 74 дүгээр тогтоол нь 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр /хх 174-175/ тус тус гарсан гэдэг нь тогтоогдож байна. Тодруулбал, шинэ бүтцийн дагуу Гаалийн ерөнхий газрын дэд дарга нарыг Засгийн газар томилсоны дараа нэхэмжлэгч Д.Б ыг Гааль, татварын ерөнхий газрын дэд даргын албан тушаалаас чөлөөлсөн маргаан бүхий актыг хариуцагч Сангийн сайдаас гаргажээ. 

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ.” гэжээ.

Эндээс дүгнэхэд Засгийн газрын тогтоол гарсан өдрөөс эхэлж шинэ бүтцийн дагуу томилогдсон дэд дарга нар нь тухайн дэд даргын албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлж, цалин хөлс авч байгаа төрийн албан хаагч этгээд болно. Харин энэ үеэс буюу шинэ дэд дарга нар томилогдсон үеэс нэхэмжлэгч Д.Б нь албан тушаалаа эрхлэх, бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж, улмаар цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангадахгүй бөгөөд ажлаас чөлөөлөгдсөн эрх зүйн үр дагавар бий болсон гэж үзэхээр байна. 

Түүнчлэн хууль хэрэглээний эрэмбийн хувьд Гаалийн ерөнхий газрын дэд даргыг томилох, чөлөөлөх эрхтэй этгээдийг тодорхойлох эрх зүйн хэм хэмжээ нь нарийвчилсан зохицуулалтыг агуулж, хамгийн сүүлд батлагдан гарсан Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулийн дагуу нэмэлт байдлаар орсон 2671 дүгээр зүйлийн 2671.4-дэх заалт юм. Өөрөөр хэлбэл, энэ заалтаар Гаалийн ерөнхий газрын дэд даргыг томилсоноор өмнөх дэд даргын бүрэн эрх дуусгавар болох зохицуулалт юм. Харин маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг Гаалийн ерөнхий газрын дэд даргыг томилох, чөлөөлөхөд хэрэглэх үндэслэлгүй байна. 

Үүний учир хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа хуулийг буруу хэрэглэж, өөрийн эрх хэмжээнд хамааралгүй асуудлаар шийдвэр гаргаж, Гаалийн ерөнхий газрын даргыг томилох эрх хэмжээг тодорхойлсон хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. 

Энэхүү хуульд нийцээгүй маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн төрийн албан тушаалд үргэжлэн ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна. 

Сангийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тушаалын нэхэмжлэгч Д.Б ад холбогдох хэсэг нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгч Д.Б ын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, ... авах, 27.1.2-т заасан албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хариуцагч зөрчсөн гэдэг нь тогтоогдож байна. 

Үүний учир нэхэмжлэгч Д.Б ын төрийн тусгай албан хаагч төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, ... авах, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах эрх, хууль ёсны сонирхлыг шүүхээс сэргээн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгчийг урьд ажиллаж байсан ажилд нь дүйцэх албан тушаалд тогтоохоор шийдвэрлэж байгаа учир Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаа буюу маргаан бүхий акт гарсан 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроор тооцон олгож, нийгмийн даатгалын төлбөрийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.

Түүнчлэн нэхэмжлэгчээс “шинэ бүтцийн дагуу Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томилоогүй, өөр этгээдийг томилсон Засгийн газрын шийдвэр, үйл ажиллагаатай маргаагүй, Засгийн газрын шийдвэрийг хүндэтгэж байгаа, Сангийн сайдтай дүйцэхүйц буюу цалин хөлс бууруулахгүйгээр, ижил төстэй ажилд шилжүүлэн томилуулах талаар удаа дараа ярилцаж байгаа /хх 129, 213, 226-227/” гэж тайлбарлаж, хариуцагчаас мөн асуудлаар маргаагүй. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасны дагуу шүүхээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа маргаагүй, мөн хариуцагч маргаагүй учир Засгийн газрыг хамтран хариуцагчаар татаагүй, Засгийн газрын Гаалийн ерөнхий газрын дэд дарга нарыг томилсон шийдвэрүүд, нэхэмжлэгчийг уг албан тушаалд үргэжлүүлэн томилоогүй Засгийн газрын үйл ажиллагаа болон түүнтэй холбоотой Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасан үндэслэлийн талаар шүүх дүгнэлт өгөх үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.  

Мөн хариуцагч Сангийн сайдаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг ижил төстэй албан тушаалд томилох, эвлэрэн хэлэлцэх талаар тайлбар гаргаж, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтүүд /хх 129, 172, 211, 213/-ийг гаргаж, нэхэмжлэгчийн “дүйцэхүйц албан тушаалд томилуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх талаар удаа дараа нэхэмжлэгчтэй ярилцаж, санал гаргаж байсан нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5-ийн 6-д гааль, хилийн боомтын асуудлыг Сангийн сайд эрхлэхээр заасныг үндэслэн энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байгааг дурдах нь зүйтэй.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.6, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 6, Гаалийн тухай хуулийн 2671 дүгээр зүйлийн 2671.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б ын “Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тушаалыг хууль бус захиргааны актад тооцуулж, орон тоо хэвээр хадгалагдаж байгаа тул дүйцэх албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын төлбөрийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай. 

2.Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тушаалын Д.Б ад холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

3.Нэхэмжлэгч Д.Б ыг дүйцэх албан тушаал буюу нэхэмжлэгчийн мэргэжлийн дагуу, өмнө эрхэлж байсан гааль, боомтын асуудалтай холбоотой ижил төстэй бөгөөд цалин хөлс бууруулахгүй төрийн албан тушаалд томилж, ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг Сангийн сайдын төсвийн багцаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын төлбөрийг нөхөн төлөхийг Сангийн сайдад даалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

ШҮҮГЧ                            А.САРАНГЭРЭЛ