Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2019/0563

 

2019 оны 10 сарын 31 өдөр           Дугаар 221/МА2019/0563                          Улаанбаатар хот

 “Н л” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, Д.Л нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0542 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Н л” ХХК-ийн гомдолтой, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0542 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Н л” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч Ш.Г-ийн үйлдсэн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0129027 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Н л” ХХК-ийн Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Л.Б-д гаргасан гомдлыг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 13/1 тоотоор хүлээн авах боломжгүй гэж хариу өгсөн талаар прокуророос мэдэгдсэн учир, үзлэг хийх 01 тоот зөвшөөрлийг 2018 оны 12 дугар сарын 28-ны өдөр хяналтын прокуророос авч 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тус компани дээр (Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу, “Ө” ХХК-ийн байр 2004 тоотод байрлах байр) үзлэг хийхээр очсон.

Үзлэг хийхээр очиход тус компанийн гүйцэтгэх захирал Д.А нь Бүгд Найрамдах Солонгос Улсад байгаа, 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс нааш ирэхгүй талаар мэдэгдсэн ба тухайн үед тус компанийн үйл ажиллагааг үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Ц, дотоод хяналт шалгалт хариуцсан захирал Д.Т, харилцагчийн менежер Б.Н нар нь хариуцаж байсан.

“Н л” ХХК-ийн үйл ажиллагаанд Хорооны эрх бүхий албан тушаалтнууд прокурорын зөвшөөрлийн дагуу үзлэг хийх гэсэн боловч дээрх хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтнууд болох үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Ц, дотоод хяналт шалгалт хариуцсан захирал Д.Т, харилцагчийн менежер Б.Н нар нь “Н л” ХХК-д үзлэг хийлгэхээс татгалзаж, саад учруулсан тул Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-т “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүнийг ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл ногдуулна” гэж заасны дагуу хуулийн этгээд болох “Н л” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д “төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй”, 1.3-т “төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор хийсэн үйл ажиллагаанд нь саад учруулсан, эсхүл хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасны дагуу “Н л” ХХК-д хялбаршуулсан журмаар 0129027 дугаартай шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсан.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хуулийн этгээдээр торгосон нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн түүнчлэн, үзлэг хийлгэхээс татгалзаж саад учруулсан тул ямар нэгэн эд зүйлсийг хураан авч битүүмжлээгүй. Зөрчил үйлдсэн эсэхийг нотлох баримтыг гаргуулах шаардлага байсан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлд “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалган тогтоох зорилгоор зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого, эд зүйл, зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, уналга, эсхүл зөрчил шалгах ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл, баримт бичгийг хураан авна” гэж заасны дагуу дээр дурдсан зөрчлийн хэрэгт ач холбогдол бүхий баримт материалыг хураан авч болох талаар мэдэгдсэн болохоос аливаа баримт материалыг хураан авах шаардлага тавиагүй болно. Мөн хураан авах ажиллагаа хийгдээгүй.

Гэтэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “... үзлэг хийх зөвшөөрөл олгосон байхад хураан авах шаардлага тавьсан нь үндэслэлгүй ...” гэсэн нь үндэслэлгүй байна. Дээр дурдсанчлан тус компани дээр үзлэг хийхээр очиход үзлэг хийлгэхээс татгалзаж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд саад учруулсан нь илт тодорхой байсан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан журмыг баримтлан шийтгэл оногдуулсан.

Д.А нь Бүгд Найрамдах Солонгос Улсад явж байгаа, бусдад ямар нэгэн эрх мэдэл, чиг үүрэг өгөөгүй нь үндэслэл бүхий нөхцөл байдлын улмаас гэдэг үндэслэл болохгүй. Үзлэг хийх зөвшөөрлийн дагуу үзлэг хийх нөхцөлийг хангаагүй, үзлэг хийгдээгүй, үзлэг хийхэд саад учруулсан нь хангалттай нотлох баримт гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0542 дугаар шийдвэрийг хүчингүй болгож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-т “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” гэж заасан шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0129027 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсгийг үндэслэн шийтгэл оногдуулсныг “Н л” ХХК-аас хүчингүй болгуулахаар маргажээ.

Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д “тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан”, 1.3-д “хийсэн үйл ажиллагаанд нь саад учруулсан, эсхүл хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасныг үндэслэн “... мэдүүлэг өгөхөөс татгалзаж, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхгүй зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд саад учруулсан”, “... үзлэг хийхэд саад учруулсан” гэсэн хоёр тусдаа зөрчил гаргасан гэж үзэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон хэмээн хариуцагч давж заалдах гомдолдоо маргажээ.

1. Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна. Учир уг үндэслэлийг шалгахад “Н л” ХХК-д холбогдуулан үүсгэсэн зөрчлийн хэргийг нотлох баримтаар авах шаардлагатай байна.

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-т “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүх “ “Н л” ХХК-ийн ажилтнууд ... гаргасан зөрчилд ... зөрчлийг хуулийн этгээд гаргасан гэж үзэж хуулийн этгээдэд шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, уг зөрчлийн санкц нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай байхад 1,000,000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан үндэслэлийг гүйцэд шалгаж тогтоогоогүй байна.

2. Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан зөрчлийн тухайд:

“Н л” ХХК-ийн “зөрчлийг нээсэн асуудал нь маргаантай, эцсийн байдлаар шийдвэрлэгдэж дуусаагүй талаар мэдэгдэж, үзлэг хийлгэхээс татгалзсан” гэх гомдлын үндэслэл буюу зөрчлийн хэрэг нээсэн шийдвэрт гомдол гаргасан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх буюу уг хэргийг шалган шийдвэрлэхэд шаардлагатай Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг хийхгүй байх, зогсоох үндэслэл болох эсэхэд дүгнэлт өгөлгүйгээр “... зөрчлийн хэрэг нээх тухай ... тогтоол хүчин төгөлдөр болоогүй ... эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад нэхэмжлэгч компанид үзлэг хийх шаардлага тавьсан” гэж дүгнэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, “Н л” ХХК-аас “... холбогдогчийн зүгээс хуулиар олгогдсон эрхийн дагуу “зөрчлийн хэрэг нээсэн” шийдвэрт гомдол гаргаж, хянан шийдвэрлэж байх хугацаанд ... үзлэг хийхээр ирсэн. Бидний зүгээс дээрх байдлаар гомдол гаргаснаа тайлбарлаж, зөрчлийг нээсэн асуудал нь маргаантай, эцсийн байдлаар шийдвэрлэгдэж дуусаагүй талаар мэдэгдэж, үзлэг хийлгэхээс татгалзсан”, “... эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа асуудлаар шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан нь “үзлэг хийхэд саад учруулсан” гэх үндэслэл биш” гэж маргасан байхад анхан шатны шүүх “Н л” ХХК-ийн маргаж буй дээрх үндэслэлийг шалгаж, зөрчлийн хэрэг нээсэн шийдвэрт гомдол гаргасан гэх шалтгаанаар үзлэг хийлгэхээс татгалзсан нь зөрчилд тооцогдох эсэх талаар дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг шалган тогтоож, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0542 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                               Ц.ЦОГТ