| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00265/И |
| Дугаар | 408 |
| Огноо | 2016-06-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 408
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч П.Болор, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1-р 64 айлын 21 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ81060370, Тайжууд овогт Төвжаргалын Бум-Эрдэнийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 7-14 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОД80010118, Шангас овогт Ядамын Болдбаатарт холбогдох,
Тээврийн хэрэгсэлд учруулсан гэм хорын хохирол 900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Бум-Эрдэнэ, хариуцагч Я.Болдбаатар, иргэдийн төлөөлөгч Д.Цэцэгмаа, гэрч А.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Бум-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ажлаа тараад гэрийн гадна өөрийн гражийн үүдэнд Мерседес бенз маркийн 05-07 УБН улсын дугаартай автомашинаа байрлуулаад гэртээ орсон. Гэтэл 08-77 УВА улсын дугаартай Пажеро маркийн автомашин ухрах үйлдэл хийхдээ миний автомашиныг мөргөж, улмаар хэргийн газраас зугтсан. Ослын талаар цагдаад дуудлага өгч шалгуулсан боловч тэр өдөр осол гаргасан этгээд олдоогүй. Замын цагдаагийн байцаагч нь уг хэргийг шалгаад иргэн Я.Болдбаатарыг буруутайг тогтоосон ба энэ тухай Захиргааны зөрчлийн 251 дүгээр хавтаст хэргээс үзэж болно. Ингээд Увс финанс Аудит ХХК-д гэмтлийн үнэлгээ хийлгэхэд 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг гэж гарсан. Уг үнэлгээг би дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Мерседес бенз маркийн автомашины кузовын зарим эд анги хөнгөн цагаан материалаар хийгдсэн байдаг. Багаж, копут, урд кирло зэрэг эд ангийг засварлахад өндөр үнэтэй, орон нутагт засвар хийх боломжгүй хийсэн ч шаардлага хангахгүй болно. Я.Болдбаатар нь багажийн тайлж аваад Улаанбаатар хотод засуулах боломжтой гэж тайлбар гаргасан байсан. Багажийн тайлаад Улаанбаатар хотод засуулбал будагны өнгө нь зөрнө мөн цаашид машины үнэ өртөг унах учраас машиныг бүхэлд нь авч явж засуулсан. Иймд автомашины гэмтлийг засуулахад холбогдон гарсан засварын хөлс 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, автомашин ачуулсны хөлс 500.000 төгрөг /таван зуун мянга/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 26.150 төгрөг, нийт 926.150 /есөн зуун хорин зургаан мянга нэг зуун тавь/ төгрөгийг хариуцагч Я.Болдбаатараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Я.Болдбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 3 дугаар сарын 11-нд цэцэрлэгийн гадна зогсоод хүүхдээ авсан. Тухайн үед цэцэрлэгийн үүднээс хөдлөхөд хойно машин харагдаагүй, шүргэснээ ч мэдээгүй. Манай эхнэр Н.Нандинцэцэг ажил дээрээ байхад Т.Бум-Эрдэнэ цагдаа дагуулж ирээд машин шүргээд явсан тухай хэлээд машины гэмтлийг үзүүлсэн байсан. Тэгэхэд эхнэр намайг гэртээ байгаа байх өөртэй нь очиж уулзаарай, үнэхээр хохирол учруулсан бол гарсан гэмтлийг нь арилгаж өгнө гэдгийн хэлээд явуулсан гэсэн. Орой эхнэр гэртээ ирж надад энэ тухай хэлэхэд нь машинаа үзэхэд арын запас дугуйнд будаг наалдсан байсан. Газар дээрээс нь зугатсан үйлдэл гаргаагүй, би тухайн үед мэдээгүй гэртээ ирсэн ба манай гэрт намайг цагдаа хайж ирээд байшингийн хаалга татаж үзээд байхгүй байна гээд явсан байсан. Манайх тухайн үед байшингийн хажууд гэртээ байсныг мэдэлгүй явсан байсан. 3 дугаар сарын 12-ны өдрийн 9 цагт цагдаагийн газраас дуудаад очиж уулзахад 05-07 УБН улсын дугаартай Мерседес-бенз маркийн машиныг ухрах үйлдэл хийхдээ арын дугуйгаар шүргэсэн тухай хэлсэн. Мөн тэр өдөр машины эзэн болох Т.Бум-Эрдэнэтэй уулзахад машины багаж хэсгээр бага зэрэг хонхойсон байсан. Уг машины зургийг хот руу явуулж засварын газруудаар засуулахад 200.000 төгрөгөөр засуулах боломжтой гэж хэлсэн. Багажийг тайлаад хотод оруулаад засуулаад ирье гэхэд зөвшөөрөөгүй. Гарсан гэмтлийг Т.Бум-Эрдэнийн нэхэмжлэлтэй хавсаргасан гурван хувь зурагнаас тодорхой харж болно. Энэ машины эзэн нь Алтангэрэлийн Мөнхзул хотод амьдардаг, нэхэмжлэгч Т.Бум-Эрдэнэ түр унаж байгаад хот руу явуулах гэж байсан, мөн хүнд зарсан машин гэдгээ хэлж байсан. Дараа нь машиныг хот руу явуулахад ачуулсан зардал 500.000 төгрөг нэхэж ярьсан. Тухайн үед ачааны машинууд Увсаас Улаанбаатар хот руу ачаа олдохгүй хоосон явж байсан учир 100.000 төгрөгөөр тохирч явуулах боломжтой байгаа тухай хэлэхэд юм хэлэхгүй ачуулсан байсан. Гэвч хот руу явуулах шаардлагагүй багаж хэсэгтээ бага зэрэг гэмтэлтэй тул тайлаад явуулах боломжтой гэдгээ хэлсэн. Үнэлгээний газар болох Увс Финанс Аудит ХХК-аар хохирлын үнэлгээг тогтоолгож, 250.000 төгрөгийн хохирол гаргасан. Иймд автомашины гэмтлийг засуулахад гарах зардлыг үнэлгээний шийдвэрээр гарсан 250.000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө. Иймд засварын зардлын зөрүү 150.000 төгрөг болон Улаанбаатар хот руу ачуулсан зардал болох 500.000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна гэв.
Иргэдийн төлөөлөгч Д.Цэцэгмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Я.Болдбаатар нь Т.Бум-Эрдэнийн автомашинд гэмтэл учруулсан гэм буруутай байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Бум-Эрдэнэ нь хариуцагч Я.Болдбаатараас тээврийн хэрэгсэлд учруулсан гэм хорын хохирол 900.000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Зам тээврийн осол болсон талаар болон хариуцагчийн гэм буруугийн талаар зохигчид маргаагүй бөгөөд хариуцагч Я.Болдбаатар нь Үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн хохирол 250.000 төгрөгийг зөвшөөрч байна. Засварын зардлын зөрүү 150.000 төгрөг болон хот руу машин ачуулсан зардал болох 500.000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Я.Болдбаатар нь 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Пажеро маркийн 08-77 УВА улсын дугаартай автомашинаа жолоодон ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасныг зөрчиж Т.Бум-Эрдэнийн Мерседес бенз маркийн 05-07 УБН улсын дугаартай автомашиныг мөргөж осол гаргаж, ослын газраас зугтсан болох нь Увс аймгийн Замын цагдаагийн тасгийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн захиргааны зөрчлийг хянан шалгах тухай тэмдэглэл, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, илтгэх хуудсууд, Т.Бум-Эрдэнэ, Я.Болдбаатар, Т.Алтангэрэл нарын тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Зөрчил гарагч Я.Болдбаатарт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг зөрчсөн үйлдэлд нь 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 0536920 дугаар шийтгэврээр 96.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.
Хэдийгээр Увс финанс аудит ХХК-ийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 77 дугаар үнэлгээний тайлангаар нэхэмжлэгч Т.Бум-Эрдэний Мерседес бенз маркийн 05-07 УБН улсын дугаартай автомашины багаж хонхойж, будаг нь арилсныг засварлуулахад Увс аймгийн Улаангом суманд үйл ажиллагаа явуулж буй Ган авто болон Бадаа засварын газруудад 250.000 төгрөгөөр засварлах боломжтой гэсэн дүгнэлт гаргажээ.
Гэвч нэхэмжлэгч нь уг засварын газруудын үйлчилгээг шаардлага хангахгүй гэж үзээд Улаанбаатар хотод байрлах Дөрвөн мод шүтээн ХХК-ийн засварын газарт 400.000 төгрөгөөр засварлуулсан болох нь тус компанийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн зарлагын болон орлогын баримтуудаар тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгч Т.Бум-Эрдэнэ уг автомашиныг Увс аймгаас Улаанбаатар хот руу 500.000 төгрөгөөр ачуулсан байх бөгөөд гэрч Т.Сайнбуянгийн Миний бие нь 27-70 УНО улсын дугаартай, Норд бенз маркийн автомашиныг 3 жилийн өмнө худалдаж авсан бөгөөд Увс аймаг, Улаанбаатар хот хоёрын хооронд тээвэр хийдэг. 2016 оны 3 дугаар сард байх, өдрийг нь сайн санахгүй байна, цэргийн баярын үеэр Т.Бум-Эрдэнэ Нэгдсэн эмнэлгийн доод талын НИК ХХК-ийн шатахуун түгээх төвийн гадна надтай тааралдаад Бенз маркийн саарал өнгийн 05-07 УБН улсын дугаартай автомашиныг Пажеро маркийн автомашин мөргөчихлөө, машинаа Улаанбаатар хот руу ачуулж засуулмаар байна гэсний дагуу уг автомашиныг 500.000 төгрөгөөр Улаанбаатар хот руу ачихаар тохиролцсон. Ер нь Улаанбаатар хот руу жижиг машин ачихад 400.000-500.000 төгрөгийн ханштай байдаг. Тухайн үед Т.Бум-Эрдэний машиныг ачаагүй, хоосон тэвшин дээр ачсан учраас 500.000 төгрөгөөр тээвэрлэсэн. Хэрвээ би өөрөө жаахан ачаа олчихсон байсан бол 400.000 төгрөгөөр тээвэрлэх боломжтой байсан гэх мэдүүлгээр нотлогдож байна.
Түүнчлэн зам тээврийн осол гарах үед Мерседес бенз маркийн автомашины эзэмшигч нь А.Мөнхзул байсан болох нь Увс аймгийн Авто тээврийн үндэсний төвийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаар лавлагаагаар тогтоогдож байгаа ба тухайн үед уг автомашиныг Т.Бум-Эрдэнэ эзэмшиж, ашиглаж байсан болох нь гэрч А.Мөнхзулын Мерседес бенз маркийн 05-07 УБН улсын дугаартай автомашиныг 2015 оны 12 дугаар сарын сүүлээр худалдаж авсан ба тэр үед миний нэр дээр шилжсэн. Уг автомашин нь миний нэр дээр бүртгэлтэй байсан хэдий ч захиран зарцуулах эрх нь Т.Бум-Эрдэнэд байдаг гэх мэдүүлгээр нотлогдож байх тул нэхэмжлэгч Т.Бум-Эрдэнэ нь тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг Иргэний хуулийн 497, 499, 510 дугаар зүйлүүдэд зааснаархариуцагчаас шаардах эрхтэй байна.
Хариуцагч Я.Болдбаатарын гэм буруутай үйлдлийн улмаас Т.Бум-Эрдэнийн эзэмшлийн автомашинд гэмтэл учирсан нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй болно.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Я.Болдбаатараас тээврийн хэрэгсэлд учруулсан гэм хорын хохирол 900.000 төгрөггаргуулан нэхэмжлэгч Т.Бум-Эрдэнэд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т.Бум-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Болдбаатараас 26.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Бум-Эрдэнэд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Я.Болдбаатараас тээврийн хэрэгсэлд учруулсан гэм хорын хохирол 900.000 /есөн зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Бум-Эрдэнэд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т.Бум-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Болдбаатараас 26.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Бум-Эрдэнэд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД П.БОЛОР
Н.ГЭРЭЛТУЯА