Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
Хэргийн индекс | 182/2024/00675/И |
Дугаар | 210/МА2024/01624 |
Огноо | 2024-08-16 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2024/01624
2024 08 16 210/МА2024/01624
М.А ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/02752 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.А ийн хариуцагч Д.Э т холбогдуулан гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Найрамдлын ** тоотод байрлах 367.25 м.кв талбайтай, 3 давхар хувийн сууцны зориулалттай зуслангийн хаус, 938 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, хариуцагчийн өмгөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Н-ын Т-д олгосон бүртгэлийн 1572 дугаартай итгэмжлэлээр өөрийн өмчлөл, эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, найрамдлын ** тоотод байрлах, 367,25 м.кв талбайтай, 3 давхар хувийн сууцны зориулалттай зуслангийн хаус, мөн хаягт байрлах, 938 м.кв талбайтай, зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, хөлслөх, зээлийн барьцаанд тавьж зээл авах, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах эрхийг олгосон. Тус итгэмжлэлийн дагуу Н.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Д.Э тэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Найрамдлын 32 тоотод байрлах, 367,25 м.кв талбайтай, 3 давхар хувийн сууцны зориулалттай зуслангийн хаусыг 30,000,000 төгрөгөөр тооцож өмчлөх эрхийг шилжүүлсэн, мөн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Найрамдлын 32 тоотод байрлах, 938 м.кв талбайтай, зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийг 20,000,000 төгрөгөөр тооцон эзэмших эрхийг шилжүүлсэн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улмаар улсын бүртгэлд бүртгүүлжээ. Гэвч дээрх 3334, 3335 бүртгэлийн дугаартай гэрээнүүд нь бодит байдалтай нийцэхгүй төдийгүй, дараах үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэрээнүүд юм. Н.Т нь Д.Э тэй 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Зээлийн гэрээ байгуулахаар тохиролцож 320,000,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцон зээлийн гэрээ байгуулсан. Энэ нь бодит байдалд Худалдах худалдан авах гэрээ байгуулах сонирхолгүй байсан буюу Д.Энхцэцгийн нэр дээр газар, хаусаа шилжүүлчихвэл хугацаа алдахгүй мөнгө чинь гарна гэж хэлсний үүднээс зээл авахын тулд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, дээрх газар болон зуслангийн байшингийн өмчлөх, эзэмших эрхийг Д.Энхцэцгийн нэр дээр шилжүүлсэн. Иймээс талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.3-т заасан заалтыг зөрчсөн буюу зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус гэрээнүүд юм. Өөрөөр хэлбэл Н.Т нь Д.Э т зээлээ бүрэн төлж дууссаныхаа дараа дээрх газар, зуслангийн байшинг буцаан авахаар хэлэлцэн тохиролцож, бодит байдалд нийцэхгүй худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Мөн 2020, 2021, 2022, 2023 онуудад энэ тухай удаа дараа сануулж, тохиролцсон хүүг нэмж төлж, барьцаа хөрөнгүүдээ буцаан шилжүүлж авах тухай ярилцан тохиролцсоор өдийг хүрсэн байна. Н.Т нь Д.Э тэй 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж 320,000,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сарын 5 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээ байгуулж улмаар Д.Э ийн нөхөр Д.Н ын Хаан банкны 5014435328 тоот данснаас 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 215,100,000 төгрөгийг Найрамдал зуслан байрны мөнгө гэх гүйлгээний утгатайгаар Н.Т ын Хаан банкны 5447018594 тоот дансруу шилжүүлж зээл авсан. Үүний дараа Н.Т нь зээлийн хүүгийн төлбөрт 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 16,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 16,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр 14,500,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 32,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 14,500,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 14,500,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 50,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 60,000,000 төгрөг буюу нийт 217,500,000 төгрөгийг төлсөн байна. Иймд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн М.А ийг төлөөлж Н.Т ын Д.Э тэй байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, болон 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн М.А ийг төлөөлж Н.Т ын Д.Э тэй байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.А ийн өмчлөлд байсан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, найрамдлын ** тоотод байрлах, 367.25 м.кв талбайтай, 3 давхар хувийн сууцны зориулалттай зуслангийн хаус, нэхэмжлэгч М.Алтанцэцгийн эзэмшилд байсан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, найрамдлын ** тоотод байрлах, 938 м.кв талбайтай, зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийг тус тус буцаан шилжүүлэхийг хариуцагч Д.Э т даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Д.Н , Д.Э нараас М.А , Н.Т нарт 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 320,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. М.А нь зээлийн барьцаа болгон, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Найрамдалын ** тоотод байрлах 367.25 м.кв талбайтай 3 давхар тоот хувийн сууцны зориулалттай зуслангийн хаус мөн тоотод байрлах 938 м.кв талбай дээр зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийг Д.Э т шилжүүлсэн. Ингээд сард 320,000,000 төгрөгийн 5 хувийн хүү болох 16,000,000 төгрөгийг Н.Т нь шилжүүлж нийт 217,500,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш үндсэн зээл, зээлийн хүү төлөөгүй. Ингээд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр уулзаж ярилцаад үүнээс хойш 2, 3 удаа уулзсан. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Н.Т , М.А нар ковид-19 өвчний нөхцөл байдлын улмаас төлж чадахгүй байна, дахиад зээлээ сунгаж өгөхийг гуйсан. Хэрвээ 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл зээлээ төлөхгүй байвал зээлийнхээ өрөнд тооцоод барьцаа хөрөнгөө өгье гэж тохирсон. Үүний үндсэн дээр зээлийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулж, сунгахад мөнгөө төлөөгүй. Тухайн үед 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл зээл төлөх болон хугацаа олгож өгнө үү гэсэн боловч зээлийг төлөөгүй учраас хоорондоо ярилцаад энэ зээлийн төлбөрт нь газар болон тухайн байшинг тооцоод Д.Н өмчлөлдөө хэвээр үлдээсэн. Тэгэхээр бид үүнийг зээлийнхээ төлбөрт тооцоод авчихсан шүү дээ гэдэг үүднээс албадан гаргах нэхэмжлэлийг гаргасан. Гэтэл хүлээж аваагүй. Тийм учраас энэ гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох, мөн Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар буцаан шилжүүлэх үүрэг байхгүй. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр газар шилжүүлэх эрхийг шилжүүлж өгсөн гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Д.Э т холбогдох 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Найрамдлын ** тоотод байрлах 367.25 м.кв талбайтай, 3 давхар хувийн сууцны зориулалттай зуслангийн хаус, 938 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч М.А ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлүүдэд заасан үүргээ биелүүлж нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар хангалттай нотолсон буюу нэхэмжлэгчийн төлөөлөгч болох Н.Т ын харилцах Хаан банкны дансанд хариуцагч Д.Э ийн нөхөр Д.Н ын Хаан банкны 5014435328 тоот данснаас 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 17:08 цагт 215,100,000 төгрөгийг Найрамдал зуслан байрны мөнгө хэмээх гүйлгээний утгатайгаар зээл хүлээн авсан баримт болон Н.Т ын зээлийн хүү, төлбөрт 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 16,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 16,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 14,500,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 32,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 14,500,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 14,500,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 50,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 60,000,000 төгрөг буюу нийт 217,500,000 төгрөгийг төлсөн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг.
Шүүхийн шийдвэрт талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан талаарх баримт авагдаагүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчийн төлөөлөгч болох Н.Т болон Д.Э нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаа болгон шилжүүлж авсан хэмээн тайлбарладаг бөгөөд талууд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй. Мөн Н.Т ын Хаан банкны данснаас 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Зээлийн гэрээгээр мөнгө хүлээн авснаас хойш 2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр хүртэлх зээл төлөлттэй холбоотой хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөөр байтал шүүхээс тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй. Н.Т болон Д.Э нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ өнөөдрийг хүртэл дуусгавар болоогүй үргэлжилж байгаа юм. Иргэний хуулийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно хэмээн заасан байх бөгөөд хариуцагчийн нөхөр Д.Н нь Н.Т ын дансанд 215,100,000 төгрөг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн хэмжээг 320,000,000 төгрөг хэмээн талууд мэтгэлцэж маргахгүй байгаа шалтгаан нь талуудын өмнөх тооцооны үлдэгдлийг нэмсэн дүн бөгөөд талууд хүлээн зөвшөөрдөг.
4.а. Мөн шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 19-д ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж заасан бөгөөд Н.Т , Д.Э нар нь өөрсдийн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг нотолж шаардаагүй байхад гуравдагч этгээд хүчин төгөлдөр бус энэ хэлцлийн үр дагаврыг арилгахаар шаарджээ. Харин төлөөлөгчийн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр гэдэгт итгэснээрээ хохирол амссан гуравдагч этгээд хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан буруутай этгээдээс хохирлоо нөхөн төлөхийг шаардах эрхтэй болно... гэж тайлбарласан байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо халхавчлагдсан хэлцлийг хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй бөгөөд зөвхөн халхавчилсан буюу Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардаж байгаа болно. Нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч, эзэмшигч байсны хувьд өөрийн хүү болох Н.Т д өгсөн итгэмжлэлээр дээрх халхавчилсан хэлцэл байгуулсан бөгөөд эрх, үүрэг, хариуцлага нь Н.Т д бус нэхэмжлэгч М.А т үүсэх юм. Тиймээс шүүхийн шийдвэрт тайлбарласан нэхэмжлэгчийг гуравдагч этгээд хэмээн үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй байна. Харин Н.Т болон Д.Э ийн хооронд байгуулагдсан халхавчлагдсан хэлцэл болох Зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр буюу талууд маргаагүйг дахин дурдах нь зүйтэй бөгөөд шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 17-д ...хариуцагч Д.Э ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэл шүүх хуралдаанд "М.А , Н.Т нарт 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 320,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Н. Т нь зээлийн хүүгийн төлбөрт нийт 217,500,000 төгрөг төлсөн" гэж мэтгэлцэв... гэж тодорхой тайлбарласан байдаг. Иргэний хуулийн 156.1 дэх хэсэгт Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2 дахь хэсгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана, 156.3 дахь хэсэгт Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна хэмээн тус тус заасан байх бөгөөд зээлийн гэрээний барьцаа болгон шилжүүлсэн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүд нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т тусгасан хууль зөрчсөн хэлцлээс гадна Зээлийн гэрээг халхавчилсан хүчин төгөлдөр бус гэрээнүүд юм.
4.б.Мөн шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 16-д ...Нэхэмжлэгч М.А 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Н.Т д 1572 бүртгэлийн дугаартай итгэмжлэл олгосон байх ба өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бага үнээр зарж борлуулсан гэж үзвэл Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт Энэ хуулийн 63.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар шаардах эрх нь нээлттэй гэж үзнэ... гэж тайлбарласан байдаг. Энэхүү тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь нэхэмжлэгч нь хариуцагч Д.Э ийн шахалт шаардлагаар зээл авахын тулд газар болон хаусаа хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн болохыг тайлбарласан бөгөөд газрыг хорин сая төгрөгөөр, хаусыг гучин сая төгрөгөөр бодит байдал дээр хэзээ ч бусдад худалдан борлуулахгүй, энэ нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд худалдах худалдан авах гэрээ байгуулах ашиг сонирхол байгаагүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг шүүхээс анхаарч үзсэнгүй. Нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл тус газар, хаустаа амьдардаг бөгөөд газар, хаусын өмчлөх, эзэмших эрхийг бусдад хүчин төгөлдөр бус гэрээний дагуу алдаж маш их хохирч байгаа бөгөөд хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн өмчлөл, эзэмшилд буцаан шилжүүлэх нь хууль дээдлэх болоод шударга ёсны зарчимд нийцэх юм. Зохигчид зээл төлбөрийн асуудлаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээ байгуулагдсан талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн нь хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангалттай нотолсон гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1-д Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул... хэмээн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тайлбарлахдаа 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүд нь Иргэний хуулийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл, 56.1.3-т заасан Халхавчилсан хэлцэл учраас хүчин төгөлдөр бус хэмээн мэтгэлцэж, Иргэний хуулийн 56.5, 492.1.1-т зааснаар нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх нь зүйтэй хэмээн тайлбарлан мэтгэлцсэн нь хууль зүйн үндэслэлтэйг дурдах нь зүйтэй юм. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/02752 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч М.А нь эд хөрөнгийн бүрэн эрхийг итгэмжлэлийн дагуу Тулгад шилжүүлсэн. Анхан шатны шүүх итгэмжлэлийн дагуу шилжсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах эрхгүй гэж, мөн М.А хохирсон бол төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэх эрх нь нээлттэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Д.Э т холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Найрамдлын ** тоотод байрлах 367,25 м.кв талбайтай, 3 давхар хувийн сууцны зориулалттай зуслангийн хаус, мөн хаягт байрлах 938 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, мөн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3.а.Нэхэмжлэгч М.А нь 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өөрийн хүү Н.Т д итгэмжлэл олгож, тус итгэмжлэлээр өөрийн өмчлөл, эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Найрамдлын зам ** тоот хаягт байрлах, 367,25 м.кв талбайтай, 3 давхар хувийн сууцны зориулалттай зуслангийн хаус, мөн хаягт байрлах, 938 м.кв талбайтай, зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, хөлслөх, зээлийн барьцаанд тавьж зээл авах, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах эрхийг 6 сарын хугацаатай олгожээ. /хх-185/
3.б.Улмаар Н.Т нь хариуцагч Д.Э тэй 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулан, маргаан бүхий 367,25 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 30,000,000 төгрөгөөр, 938 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг 20,000,000 төгрөгөөр тус тус худалдаж, өмчлөл, эзэмшлийг хариуцагч Д.Э т шилжүүлсэн байна. /хх-10, 183, 187/
3.в.Нэхэмжлэгч М.А нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлээ хүү Н.Т нь Д.Э ээс 320,000,000 төгрөг зээлж, барьцаанд нь хувийн сууц, газраа шилжүүлсэн буюу энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус гэх агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн мөнгөн хөрөнгө болох 320,000,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Н.Т ын дансанд шилжүүлсэн, Н.Т нь зээлийн барьцаа болгож, хувийн сууц, газрыг шилжүүлсэн боловч зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй, ингээд талууд газар болон хувийн сууцыг шилжүүлэхээр тохиролцсон гэж тайлбарлажээ.
3.г.Хэргийн баримт болон талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч М.А ийн хүү Н.Т нь хариуцагч Д.Э тэй 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 320,000,000 төгрөгийг зээлсэн үйл баримт тогтоогдож байна. Зээлийн гэрээ байгуулагдсан цаг хугацаа болон гэрээний үнийн дүн зэргийг талуудын хэн аль нь зөвшөөрсөн тайлбар гаргасан, мөн зээлийн эргэн төлөлттэй холбоотой мөнгөн шилжүүлгийн баримтууд хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх зээлийн гэрээ байгуулсан талаарх баримтгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тодруулбал, зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг хуулиар тогтоогоогүй. /хх-27-31/
Талуудын хэн аль нь маргаан бүхий газар болон хувийн сууцыг зээлийн барьцаа болгон шилжүүлсэн талаар тайлбарласан боловч талууд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулаагүй байна.
3.д.Түүнчлэн, талууд зээлийн гэрээ байгуулсан өдрөө буюу 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулжээ. Иймд зээлдэгч зээлийн гэрээний үүргийн зөрчил гаргасантай холбоотойгоор зээлийн үүрэгт хувийн сууц болон газрыг шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй.
3.е.Дээрх тохиолдолд талуудын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар барьцааны гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, талууд бодит байдалд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр зөвхөн барьцааны хэлцлийг халхавчлах зорилгоор хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлсэн гэж үзэхээр байна.
4.Иймд талуудын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, мөн зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий хувийн сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч М.А т шилжүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт, мөн газрын эзэмших эрхийг шилжүүлэхийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/02752 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т , хариуцагч Д.Э нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч М.А ийг /ХП5807****/ Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Найрамдлын ** тоотод байрлах 367.25 м.кв талбайтай, 3 давхар хувийн сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220102**** дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт, мөн хаягт байрлах 938 м.кв талбайтай, нэгж талбарын 55/**** дугаар бүхий газрын эзэмших эрхийг М.А ийн / ХП5807****/ эзэмшилд бүртгэхийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус даалгасугай. гэж,
2 дахь заалтын ... үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч Д.Э ээс 407,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.А т олгосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.А ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ