Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 201

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч: Д.Б өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Б-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905007820238 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Б-, 1989 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй.... тоот регистртэй,

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их багана Хонгор” ХХК-ний аж ахуйн хашаан дотор Х.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Х.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 станцын баруун талд Ганаа гэх найзындаа очсон. ...Би өмнө архи уугаагүй байсан. Ганаагийнд очоод 2 шил архи уусан. Би согтуу юу болсоныг санахгүй байгаа. Нэг мэдэхэд 103 ирээд намайг авч яваад гэмтэл дээр ирээд оёдол тавиулсан. ...Миний зүүн хөмсөгний урд хэсгээс доош урагдсан оёдол тавиулсан. Үүдэн нэг шүд хөдөлсөн байсан. Б надад энэ гэмтлийг учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,

Гэрч М.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд өглөө 10 цагийн үед би унтаж байсан чинь зодоон болоод хүн орилоод байхаар нь босоод гадаа гарсан чинь Б, Бийг зодоод байсан. Цээж хэсэг рүү нь өшиглөөд байх шиг байсан. Тэгээд би очоод салгасан. Тэгээд буцаад гэр рүү нь орсон. Тэгээд үлдсэн архи байхаар нь уух гээд суусан. Г-, Даавка 2 архинд явчихаад ирсэн. Тэгэхэд Б бас удам угсаагаар нь доромжилсон юм шиг байна лээ. Б удам угсаагаар нь доромжилсон юм чинь алсан ч яадын гээд нүүр лүү нь өшиглөсөн чинь нүүрнээс нь цус гараад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/,

Шинжээчийн 2298 тоот дүгнэлтэд: “...Х.Б-ийн биед хамрын нурууны дээд хэсэгт шарх, дух, хамрын угалз, зүүн сарвуунд зулгаралт, зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-н 33/,

Яллагдагчаар Д.Бы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би унтаж байхад Б дахин ирээд бос гээд цохьсон. Би уурлаад Бийг гэрээс авч гараад гадаа зодолдсон. Б араас гарч ирээд салгасан. ..Бид хоёр нэг нэгнээ заамдаж аваад Би Бийн шанаа нь тус газар 2-3 удаа цохьсон. Тэр үед Бийн нүүр нь цус болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 51/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2, 13/, Хохирогчийн өргөдөл /хх-н 15/, хохирлын баримтууд /хх-н 26-27/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 36-44, 62/, хохирогчийн хүсэлт /хх-н 59/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их багана Хонгор” ХХК-ний аж ахуйн хашаан дотор Х.Б-тэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Х.Б-ийн: “.... Би согтуу юу болсоныг санахгүй байгаа. Нэг мэдэхэд 103 ирээд намайг авч яваад гэмтэл дээр ирээд оёдол тавиулсан. ...Миний зүүн хөмсөгний урд хэсгээс доош урагдсан оёдол тавиулсан. Үүдэн нэг шүд хөдөлсөн байсан. Б надад энэ гэмтлийн учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/, гэрч М.Б-ын: “...босоод гадаа гарсан чинь Б, Бийг зодоод байсан цээж хэсэг рүү нь өшиглөөд байх шиг байсан. Тэгээд би очоод салгасан. ...Б бас удам угсаагаар нь доромжилсон юм шиг байна лээ Б удам угсаагаар нь доромжилсон юм чинь алсан ч яадын гээд нүүр лүү нь өшиглөсөн чинь нүүрнээс нь цус гараад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/, шинжээчийн 2298 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Бы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ хохирогч Х.Б-тэй хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, хохирол төлбөрт 98.000 төгрөг авсан, гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-н 59/ бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Д.Быг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.ОТГОНБАЯР