Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 204/МА2024/00022

 

 

П.Ж-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 145/ШШ2024/00284 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч П.Ж-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Б-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 350,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Д.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Ж, хариуцагч Д.Б, нарийн бичгийн дарга П.Батцагаан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2024 оны 01 дүгээр сарын 10-ны үед Д.Б нь *** маркийн *** улсын дугаартай машиныг мөргөлдүүлсний улмаас засварын үнэ 350,000 төгрөгөөр тохирч засуулсан боловч одоо болохоор шалтаг зааж хэл амаар доромжилж байна. Уг машины урд гупер хоёр хуваагдсан. Гэрэл, дохио хагарч бутарсан. Кирло цөмөрсөн байсан. Би бүх засварын зардлыг өөрөө гаргаж будаг, грүнт, лак, замаск, тор, газ, будаг шингэлэгч зэргийг гаргаж хийсэн. Ажлын 5 хоног хийж гүйцэтгэсэн. Хүйтэн байсны улмаас лак бага зэрэг урссан. Би учрыг нь гаргаж хэлээд 3-4 хоноод ирээрэй. Өнгөлөгчөөр дараад зүгээр гээд машиныг нь өгсөн. Надад тэтгэвэр буухаар мөнгөө өгөхөөр машинаа аваад явсан. Одоо болохоор хэл амаар доромжлоод өгөхгүй байна. Д.Б өмнө нь надаар машинаа засуулж байсан. Тухайн үед урд талын гупер нь 2 хуваагдсан, өрөөсөн керлан нь чихэгдээд ардиатерийн суурь нь хажуу тийш гулжийсан, урд гэрэл нь бүтэн, арын гэрэл нь хагарсан байдалтай манай засварын газарт ирсэн. Тэгээд чи энэ машиныг янзал, би машинтай мөргөлдчихлөө гэж хэлсэн. Үнэ тохироод 350,000 төгрөгөөр янзална гэсэн чинь 300,000 төгрөгөөр засуулъя гэхээр нь тохирсон. Тэгээд будагны мөнгө дээр дутаад байсан болохоор би өөрөөсөө 54,000 төгрөг гаргаж засуулсан. Харин Д.Б өөрөөсөө 15,000 төгрөг гаргасан. Тэгсэн будаг нь жаахан урсчихсан байсан чинь чанаргүй зүйл хийж өгсөн гээд мөнгийг маань өгөхгүй байна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие Өвөрхангай аймгийн *** сумын *** багт оршин суудаг засварчин П.Ж-д 2024 оны 1 дүгээр сарын 10-нд машин засуулахаар өгсөн. Миний машины урд гупер нь 3/1 хэсэг, карлан засуулах гэж 300,000 төгрөгөөр тохирсон. Тор, газ орсон, будагны 50,000 төгрөгийг надаас одоо нэхээд байна. Будаг нь 100 гр, грунт 50гр ингээд бүх үнэ нь 300,000 төгрөгөөр тохирсон. Одоо болохоор намайг 350,000 төгрөг болгож шүүхэд өргөдөл гаргасан. Надтай хамт портер, прүс 20 бүтэн гуперыг торолж янзлаад бүтэн будаад 150,000 төгрөг авдаг юм билээ. Минийхийг болохоор 1 гупр 200,000 төгрөг гэж тооцоод дутуу будчихаад би маргааш Эрээн явлаа утсаар чинь дуудаад гүйцээж өгнөө гээд явсан боловч 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл чимээгүй болсон. Тэгээд би өөрөө Гандангийн хойд талын засвар дээр 2024 оны 02 дугаар сарын 05-нд 200,000 төгрөгөөр будуулсан. Шүүх хурал дээр өөрийнхөө гэрт байгаа мэтээр авирлаж, надад зөндөө юм хийж өгдөг, зардал авдаггүй өөрөө 10, 20 мянган төгрөг өгдөг юм гэж хэлээд байна. Намайг нутагтаа боохоо нэртэй, зартай хулгайч луйварчин гэж хэлж байсныг шүүх хурлын бүрэлдэхүүн сонсоо байлгүй. Ийм учраас надаас нэхэмжилсэн 200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Б-аас 235,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Д.Б-аас 7,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Ж-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,150 төгрөгийн орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Д.Б-ы давж заалдах гомдлын агуулга: 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр *** дугаар хороонд оршин суугч кузов засварчин П.Ж гэдэг хүнд өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай *** маркийн автомашин засварлуулахаар өгсөн. Тус эвдрэл нь гүперын үзүүр цөмөрсөн, их гэрлийн хоёр ширхэг түгжээ засуулахаар өгсөн боловч хагас дутуу будгийг нь завааруулж орхиод “би маргааш  Эрээн явлаа 7 хоноод ирэх байх. Ирээд угсарсан будгаа ян тан болгоод өгнө” гээд явсан боловч түүнээс хойш 7 хоногийн дараа 1, 2, 3 дахь өдрүүдэд очиход ирээгүй байсан. Миний утасны дугаарыг авсан юм чинь дуудах байх гээд 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хүлээсэн. Цагаан сар тулсан учир 02 дугаар сарын 05-ны өдөр Гандангийн хойд талын засварт 200,000 төгрөгөөр будаг хийлгэсэн. Засварчин н.Г-аас тайлбар авах хэрэгтэй.  П.Ж 02 дугаар сарын 08-ны өдөр та хаачив гээд залгахаар нь бүх үнэн учраа хэлтэл шүүхэд өгнө гээд өгсөн. Нэхэмжлэлдээ ажлын хөлсөө 300,000 төгрөг гэж тохиролцсоноо 350,000 төгрөг болгосон. Хагас өдөрт хийчих ажлыг хойш тавьж дундуур нь 3-4 хүний юм хийж 2 өдөр болгочихоод 5 өдөр хийсэн гэсэн нь худал. Миний машины засварыг  хэн ч харсан 5 хоног хийсэн гэхэд үнэмшихгүй. Шүүх миний машины сэвийг нэг ч хараагүй. Миний хувьд шүүх хуралд оролцож хүлээн зөвшөөрөөгүй тул шүүх хурал хойшилсон. П.Ж нь техникийн н.Ш гэх хүнээр шинжилгээ хийлгэнэ гэсэн. Тэгээд нэг охин залгаад 10 дугаар хорооны засвар дээр хүрээд ир гэхээр нь очоод зөндөө хүлээсэн. П.Ж хийсэн зүйлээ үзүүл гэсэн чинь би задлахгүй гээд яваад өгсөн. Гэтэл Нарийнтээл суманд сонгуулийн сурталчилгааны ажилтай явахад шүүхээс залгахаар нь ажлаа дуусгаад очье гэж хэлсэн. Миний эзгүйд шүүх хуралдааныг хийж шийдвэр гаргасан байсан.  Маргааш хүнээр янзлуулах, дутуу зүйлийг нь хийлгэхээр очсон байсан үед нэг залуу приус-30 маркийн машины гүпер будуулахаар ирж таарсан. Тэр залуу хүүд нь энэ өвөөгийнх шиг будвал хүлээж авахгүй шүү гэж хэлтэл П.Ж-ийн хүү нь энэ өвөө өөрөө налчихсан юм гэж хэлж байсан. Тэгэхээр ямар юм хийсэн нь харагдана. Намайг хулгайч, дээрэмчин гэж доромжилсон талаар нэр төрөө сэргээлгэх болно гэжээ.

5. Нэхэмжлэгч П.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүн машинаа мөргүүлсэн нь үнэн. Тэгэхэд би 2 засварчинтай байсан. Нэг нь манай хүүхэд байгаа юм. Нөгөөх нь манай хажуу айлын тусалдаг хүн юм. Тэгэхэд энэ хүн өөрөө машинтай явж байгаад машины араас мөргөчихлөө гээд, нэг бол муур дайрах гэж байгаад машинаа мөргүүлчихлээ гэж яриад байдаг. Надад тэр нь хамаа байхгүй. Жолооч дүрэм ёсоороо хүний машин мөргөсөн бол цагдаад дуудаад хүнийг хохиролгүй болгох ёстой. Тэгээд гүпер засуулахаар 350,000 төгрөгөөр тохирсон. Г гэдэг засварчнаар засуулсан гэдэг нь худлаа байсан. Би тэр гүперийг нь задалж харуулахад бэлэн байна. Хуваагдсан ирсэн, гэрэл нь хагархай, өрөөсөн карлан нь зурагдсан байсан. Би тэднийг нь янзалсан. Мөнгөө өгөхгүй гэсэн шалтгаантай байх. Өгье гэсэн бол тохирсон хөлсөө өгөх байсан. Шинжээч гэх хүнийг аваад ирсэн. Задлаад үзүүлчих гэхээр гэмтчих байх гэсэн. Энэ хүн худлаа яриад байна гэв.

6. Хариуцагч Д.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гүперийг будуулаад муухай болгосныг нь сүүлд нь янз бүрийн асуудал болбол гэрчтэй байна гээд засварийн газрын хүнийг өнгөлөх гэхээр болиулчихсан. Одоо гүпер хэвээрээ байгаа. Гүпер тасарсан, хойд гэрэл нь хагарсан бүгд худлаа. Өрөөсөн талд нь 3/1 гэж бичсэн байгаа. Тэд нарыг торолсон яасныг шүүхийн өмнө хэлсэн, тэрнээс өмнө ч хэлж байсан. Энэ хүний хөдөлмөрийг үнэлээд 100000 төгрөг өгье, би өөр газар 200000 төгрөгөөр янзлуулсан. Гэтэл 350000 төгрөгөөр авна гээд байгаа. Түрүүвчинд байсан 15000 төгрөгийг бэлэн үлдэгдлийг дансаар шилжүүлсэн. Техникийн шинжээч гэж үздэг хүн байдаг. Нэг охин над руу залгаад өргөдөг газар нь өргүүлчихээд байж байхад энэ хүн байхгүй болчихсон. Техникийн шинжээч дараагийн ажлаа бодмоор байна гээд зогсож байхад Жанцансэнгээ ирсэн. Тэгээд нөгөө охин энэ хүнийг та өөрийнхөө хийсэн ажлыг үзүүлээд өгөөч гэхэд би чадахгүй гээд байсан гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

1. П.Ж нь Д.Б-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-ийн 01/-г Д.Б эс зөвшөөрч хариу тайлбар /хх-ийн 19/ гарган маргажээ.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Б-аас 235,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

4. Хариуцагч Д.Б “... Гандангийн хойд талын засварт 200,000 төгрөгөөр будаг хийлгэсэн. Засварчин н.Г-аас тайлбар авах.., Миний хувьд шүүх хуралд оролцож хүлээн зөвшөөрөөгүй тул шүүх хурал хойшилсон. П.Ж нь техникийн н.Ш гэх хүнээр шинжилгээ хийлгэнэ гэсэн. Тэгээд нэг охин залгаад 10 дугаар хорооны засвар дээр хүрээд ир гэхээр нь очоод зөндөө хүлээсэн. П.Ж хийсэн зүйлээ үзүүл гэсэн чинь би задлахгүй гээд яваад өгсөн.., Нарийнтээл суманд сонгуулийн сурталчилгааны ажилтай явахад шүүхээс залгахаар нь ажлаа дуусгаад очье гэж хэлсэн. Миний эзгүйд шүүх хуралдааныг хийж шийдвэрээ гаргасан ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

5. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 145/ШЗ2024/00692 дугаар захирамжаар П.Ж-ийн гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хангаж, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийг шинжээчээр томилон, шинжээч нь шүүхээс тавьсан асуултад үнэн зөв хариулах үүрэгтэй сануулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. /хх-ийн 22, 23/

Гэтэл шинжээч шүүхээс тавьсан ямар асуултын дагуу дүгнэлт гаргах нь дээрх захирамжийн захирамжлах хэсэгт тусгагдаагүй, үүнийг шийдвэрлээгүй орхигдуулсныг П.Ж-ийн шинжээч томилуулахаар гаргасан хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэл болно.

6. Мөн дээрх захирамж 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гарсан байх бөгөөд гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байхад зохигч нарт захирамжийг танилцуулан гомдол гаргах эрхээр ханаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсгийг зөрчсөн бөгөөд захирамжийн алдааг засах боломжийг хязгаарласан гэж дүгнэхээр байна.

7. 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 145/ШЗ2024/00647 дугаар захирамж /хх-ийн13/-аар шүүх хуралдааныг товлон зохигчид хэргийн материал танилцуулсан /хх-ийн 16/ байгаа боловч 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн.

Үүнээс хойш шинжээчид захирамж хүргүүлэн, шинжээчээс албан бичиж ирж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн, шүүх хуралдааныг товлон зарлах /хх-ийн 22-28/ зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн байгаа боловч эдгээр ажиллагааны баримтыг хариуцагч Д.Б-д танилцуулаагүй /хх-ийн 31/ нь шүүхийн өмнө эрх тэгш байх болон талууд мэтгэлцэх зарчмыг алдагдуулжээ.

Улмаар энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх Д.Б-ы хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болно.  

8. Иймд давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг зөвтгөн залруулж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн үндэслэлээр анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

9. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахад Д.Б-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,700 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргуулан буцаан олгохоор шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрсөн гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул маргааны талаар болон давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 145/ШШ2024/00284 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад Д.Б-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,700 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргуулан буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.