| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00382/И |
| Дугаар | 412 |
| Огноо | 2016-06-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 412
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Алтан өлгийн 14-183 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, регистрийн дугаар БЮ61051700, Бүлчин овогт Самдангийн Туяагийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1985 онд МУИС-ийн монгол хэлний ангийг төгсөөд өөрийн төрсөн нутаг Увс аймгийн Түргэн суманд 1985 оны 7 дугаар сарын 15-наас 1986 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл монгол хэлний багшаар ажилласан. Дараа нь Баян-Өлгий аймгийн 2 дугаар 10 жилд 1986 оны 12 дугаар сарын 10-наас эхлэн өдөр өнжүүлэхийн багш, 1987 оны 7 дугаар сарын 20-ноос тус сургуульд мэргэжлээрээ монгол хэлний багшаар ажиллаж байгаад 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ардын боловсролын хэлтсийн даргын тушаалаар Монгол-Турк сургуульд багшаар ажиллах болсон. Дараа нь Увс аймгийн Улаангом хотын 4 дүгээр 10 жилд 1995 оны 10 дугаар сарын 01-нээс 1997 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан. 2001 оноос Улаанбаатарт суурьшин Баянзүрх дүүргийн 92 дугаар сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар одоог хүртэл ажиллаж байна. Миний Увс аймгийн Түргэн сумын дунд сургуульд ажиллаж байсан 1985 онд ажилд томилсон тушаал байгаа боловч уг тушаалын хавсралт байхгүй, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн 1986 оны бичилт 1996 он шиг харагдаж байгаа тул тодруулах шаардлагатай гэсний дагуу Увс аймгийн архивт хандсан боловч тушаалын хавсралт нь байхгүй, олдохгүй байна. Бүрдэл дутуугийн улмаас өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүй байгаа тул 1985-1986 оны хооронд Түргэн сумаын дунд сургуульд монгол хэлний багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан О.Ишбал, Г.Янжмаа нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Туяа нь 1985 оны 7 дугаар сарын 15-наас 1986 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Увс аймгийн Түргэн сумын 8 жилийн дунд сургуульд монгол хэлний багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
МУИС-ийн боловсон хүчний хэлтсээс 1984 оны 10 дугаар сарын 20-ны өдөр С.Туяад олгосон 102185 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр МУИС-ийн хэл бичгийн факультетийн 1 дүгээр ангид оюутнаар элсүүлэв, 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдөр МУИС-ийн монгол хэлний анги төгссөн учир Ардын боловсролын яамны мэдэлд шилжүүлэв, 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Түргэн сумын 8 жилийн дунд сургуульд монгол хэлний багшаар ажиллуулав, 1986 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Түргэн сумын 8 жилийн дунд сургуульд монгол хэлний багшийн ажлаас чөлөөлөв, 1986 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өлгий хотын 10 жилийн 2 дугаар сургуульд өдөр өнжүүлэх бүлгийн багшаар томилон ажиллуулав, 1987 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Өлгий хотын 10 жилийн 2 дугаар сургуулийн өдөр өнжүүлэх бүлгийн багшаас чөлөөлж, 10 жилийн 1 дүгээр сургуульд үйлчлэх хөдөлмөрийн багшаар ажиллуулав, 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Өлгий хотын 10 жилийн 1 дүгээр сургуулийн үйлчлэх хөдөлмөрийн багшаас чөлөөлж, 2 дугаар 10 жилд монгол хэлний багшаар томилон ажиллуулав, 1994 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Өлгий хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн үүрэгт ажлаас чөлөөлөв, 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Өлгий хотын Монгол-Туркийн хамтарсан гүнзгийрүүлсэн дунд сургуульд монгол хэлний багшаар томилон ажиллуулав, 1995 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Өлгий хотын Монгол-Туркийн хамтарсан гүнзгийрүүлсэн дунд сургуулийн монгол хэлний багшийн үүрэгт ажлаас чөлөөлөв, 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 4 дүгээр дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар авч ажиллуулав” гэжээ.
Увс аймгийн Ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1985 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 82 дугаар “Багш нарыг ажилд томилох тухай” тушаалд: “Шинээр дурдсан багш нарын хуваарийг хавсралтад дурдсанаар баталсугай. Эдгээр багш нарыг 1985 оны 7 дугаар сарын 15-наас эхлэн зааврын дагуу цалинжуулахыг захирал, нягтлан бодогч нарт даалгасугай” гэжээ.
Увс аймгийн Түргэн сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 17 дугаар “Багш нарт ажил хариуцуулж, комисс томилох тухай” тушаалд: “Сургууль дээр ажиллах зөвлөл, комиссыг хавсралт 1-ээр баталсугай. 1 дүгээр хавсралтын в-д монгол хэлний олимпиад болон сургуулийн монгол хэлний сургалт сайжруулах комиссын орлогч дарга С.Туяа” гэжээ.
Увс аймгийн Түргэн сумын 8 жилийн дунд сургуулийг 1978 оноос 1986 онд төгсөгчид болон багш нарын гэрэл зургийн цомог хэрэгт авагджээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч О.Ишбал, Г.Янжмаа нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч О.Ишбалын “Миний бие нь 1985 оноос 2015 оны хооронд Увс аймгийн Түргэн сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан. С.Туяа бид хоёр 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс тус сумын 8 жилийн дунд сургуульд хамт ажилд орж, С.Туяа монгол хэлний багшаар, миний бие нь бага ангийн багшаар ажиллах болсон. С.Туяа нь 1986 оныг дуустал тус сургуульд багшаар ажиллаж байгаад хүнтэй гэрлэсэн. Улмаар нөхөр нь Баян-Өлгий аймгийн цэргийн ангийн даргаар томилогдон С.Туяа нөхрийн хамт Баян-Өлгий аймаг руу шилжин ажиллах болсон. Тухайн үед Түргэн сумын 8 жилийн дунд сургуулийн захирлаар Чимэдцэрэн, Дашдаваа, Отгон, Галпүрэв, Батсүх гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Янжмаагийн ” Миний бие нь 1984 оноос 1988 оны хооронд Увс аймгийн Түргэн сумын 8 жилийн дунд сургуульд хими, биологийн багшаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад С.Туяа нь МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангийг 1985 онд төгсөж ирээд 1985 оны 7 дугаар сараас Түргэн сумын 8 жилийн дунд сургуульд монгол хэлний багшаар ажиллах болсон. С.Туяа нь 1986 он хүртэл тус сургуульд багшаар ажиллаж байгаад хүнтэй гэрлэж нөхрийн хамт Баян-Өлгий аймаг руу шилжин ажиллах болсон” гэж мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч С.Туяаг ажилд томилсон гэх Увс аймгийн Ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1985 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 82 дугаар “Багш нарыг ажилд томилох тухай” тушаалд багш нарыг хавсралтад зааснаар томилсон байгаа боловч уг тушаалын хавсралт нь хэрэгт авагдаагүй байх тул уг тушаалыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Харин нэхэмжлэгч С.Туяа нь 1985 оны 7 дугаар сарын 15-наас 1986 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Увс аймгийн Түргэн сумын 8 жилийн дунд сургуульд монгол хэлний багшаар ажиллаж байсан болох нь МУИС-ийн боловсон хүчний хэлтсээс 1984 оны 10 дугаар сарын 20-ны өдөр олгосон 102185 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Түргэн сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 17 дугаар “Багш нарт ажил хариуцуулж, комисс томилох тухай” тушаал, Увс аймгийн Түргэн сумын 8 жилийн дунд сургуулийг 1978 оноос 1986 онд төгсөгчид болон багш нарын гэрэл зургийн цомог, гэрч О.Ишбал, Г.Янжмаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч С.Туяагийн хүсэлтийг хангаж, түүний 1985 оны 7 дугаар сарын 15-наас 1986 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Увс аймгийн Түргэн сумын 8 жилийн дунд сургуульд монгол хэлний багшаар 1 жил 4 сар 24 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бүлчин овогт Самдангийн Туяагийн 1985 оны 7 дугаар сарын 15-наас 1986 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Увс аймгийн Түргэн сумын 8 жилийн дунд сургуульд монгол хэлний багшаар 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сар 24 /хорин дөрөв/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч С.Туяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ