Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 190

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,  

Улсын яллагч: Л.Соёмбо,

Шүүгдэгч: Г.Д-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Д-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905000460093 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Д-, ...., 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Хөнгөн үйлдвэрийн тоног, төхөөрөмжийн засвар, угсралт мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Г.Д-нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бадрал” нэртэй зочид буудлын нэг давхарт иргэн Ө.Н-той үл ялих зүйлээс маргалдаж улмаар цохиж зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай найз охины ажил дээр цагийн ажилтан авна гээд 2 хоног ажиллаж байсан. Н гэх хүн согтуу байж байгаад манай найз охиныг эвгүй хэлэхээр нь би очоод “та согтуу, хөгшин настай хүн байж хэл амаа бодооч” гэж хэлэхэд миний урдаас салаавч гаргаад бид хоёр маргалдаад намайг Н боосон. Бид хоёр салаад би найз охин дээрээ очих гээд явж байхад Н манай найз охинтой хэрэлдээд зогсож байхад би очоод Нийн шанаа руу нь 2 удаа цохиход тек мөргөөд унасан. Н босож ирээд цагдаа дуудна гээд хэлсэн. Тухайн үед Н, манай найз охин, цэвэрлэгч эгч бид хэд байсан. Нтой хамт цагдаа дээр очиж байж байгаад Нийг хүргэж өгөөд явсан. Цагдаагаас 2,3 хоногийн дараа дуудсан. Би түрүүлж цохьсон нь миний буруу...” гэв.

Хохирогч Ө.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Д гэх залуутай би огт маргалдаагүй. Тоглоод шинээр орсон менежер Ариунаагийн өрөөнөөс тог салгуулах гээд хамт ажиллаж байсан М-т хандаж “шинэ менежер ирсэн чинь манай залуучуудын хөл нь хөнгөрчихөж” гэж хэлсэнээс болоод уг залуу уурлаж эхнэр доромжиллоо гээд бид хоёр заамдалцаж аваад салсан. Чи миний эхнэрийг доромжилдог хэн бэ гээд намайг заамдаад би эргүүлж заамдаад бие бие рүүгээ салаавч гаргаад барилцаж авах үед хүмүүс салгасан. Анх бид хоёр баарны засвар хийж байгаа зааланд маргалдсан. Тэнд засвар хийж байсан хүмүүс салгасан харин намайг зодох үедээ буудлын үүдэнд хүлээж байгаад зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 9/,

Гэрч О.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...миний харсанаар Д гэх залуу Нийг зочид буудлын үүдний зааланд барьж аваад хоёр хөл рүү нь хавсарч газар унагаад цээж рүү нь 2 удаа дээрээс нь дэвссэн. Тэр үед лүк гээд эвгүй чимээ гараад Н хавирга, чи миний хавиргыг хугалчихлаа гэж хэлсэн. Тэр үед нь би тэр хоёрын дундуур орж салгасан ба тэгээд Н босож ирээд цагдаа дуудна хавирга өвдөөд байна гээд цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22/,

Шинжээчийн 720 дугаартай дүгнэлтэд: “...Ө.Н-ийн биед баруун 10, 11-р хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 33/,

Шинжээч эмч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ө.Н-ийн биед баруун 10, 11 дүгээр хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал нь хүндэвтэр гэмтэл, хамрын зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ. /хх-н 36/,

Яллагдагчаар Г.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...манай найз охиныг хүмүүст янз бүрээр яриад байсан. Тэгээд би очоод та согтуу байна, дээр нь нас намбатай хүн байж боль гэхэд өөдөөс салаавч гаргаад түүнээс болж маргаан гарсан. Ингээд дараа нь би найз охиноо хүлээгээд үүдэнд зогсож байхад найз охинтой маргалдаж байхаар нь би очоод цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 49/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 2/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хохирлын баримт /хх-н 53-54/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 57-67/, Хохирогчийн хүсэлт /хх-н 70/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Г.Д-нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бадрал” нэртэй зочид буудлын нэг давхарт иргэн Ө.Н-той үл ялих зүйлээс маргалдаж улмаар цохиж зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ө.Н-ийн: “...Д гэх залуутай би огт маргалдаагүй. ...Чи миний эхнэрийг доромжилдог хэн бэ гээд намайг заамдаад би эргүүлж заамдаад бие бие рүүгээ салаавч гаргаад барилцаж авах үед хүмүүс салгасан. Анх бид хоёр баарны засвар хийж байгаа зааланд маргалдсан. Тэнд засвар хийж байсан хүмүүс салгасан харин намайг зодох үедээ буудлын үүдэнд хүлээж байгаад зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 9/, гэрч О.М-ын: “...миний харсанаар Д гэх залуу Нийг зочид буудлын үүдний зааланд барьж аваад хоёр хөл рүү нь хавсарч газар унагаад цээж рүү нь 2 удаа дээрээс нь дэвссэн тэр үед лүк гээд эвгүй чимээ гараад Н хавирга, чи миний хавиргыг хугалчихлаа гэж хэлсэн. Тэр үед нь би тэр хоёрын дундуур орж салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22/, шинжээчийн 720 дугаартай дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Д-нь шүүхийн хэлэлцүүлэгт би эхэлж хохирогчийг цохьсон, миний буруу. Би хавирга руу нь цохиогүй, хавирганы гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж мэдүүлсэн боловч хавтаст хэрэгт хууль сануулж авсан хохирогч, гэрч О.М-ын нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч нь тухайн үед хохирогчид хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Тухайн маргаан болсны дараа шууд цагдаа дуудсан, мөн цагдаагийн байгууллагад очсоны дараа шүүгдэгч нь хохирогчийг гэрт нь хүргэж өгсөн гэж мэдүүлсэн бөгөөд хохирогч өөр байдлаар гэмтэл авсан нь тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Г.Д-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Д-нь хохирогчийг эхнэрийг нь доромжиллоо гэх шалтгаанаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө.Н-ийн биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 200.000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мөн бичгээр хүсэлт /хх-н 70/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.Д-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь Г.Д-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгч Г.Д-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Д-нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Д-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР