Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 423

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголонгийн 10 дугаар гудамжны 404 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ62012017, Тугтан овогт Шартолгойгийн Сүхээгийн,

          Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Сүхээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

      Нэхэмжлэгч Ш.Сүхээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1962 төрсөн, 54 настай. Би 1984 оноос эхлэн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн яамны харьяа Улаангом дахь  Дулааны станцад зуухны машинистаар ажиллаж эхэлсэн. Дараа нь 1995 оноос Дулааны станцад зуухны засварчнаар ажиллах болсон. Улаангом хотын Дулааны станц нь 2003 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж “Дулааны станц” ХХК болоход миний бие мөн л засварчнаар ажиллаж байсан. “Дулааны станц” ХХК-д засварчнаар 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаад дараа нь Увс аймгийн Нисэх буудалд засварчнаар ажиллах болсон. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт нь дутуу, ажилд орсон гарсан тушаал олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1984 оны 10 дугаар сарын 01-нээс 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн яамны харьяа Улаангом дахь Дулааны станц, Улаангом хотын Дулааны станц болон “Дулааны станц” ХХК-д зуухны машинист, засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Надтай ажиллаж байсан  З.Бадамсэд, С.Уртнасан нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Ш.Сүхээ нь 1984 оны 10 дугаар сарын 01-нээс 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн яамны харьяа Улаангом дахь  Дулааны станц, Улаангом хотын Дулааны станц болон “Дулааны станц” ХХК-д зуухны машинист, засварчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Шартолгойгийн Сүхээгийн 1984 оны 10 дугаар сараас 1994 оныг дуустал Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн яамны харьяа Улаангом дахь Дулааны станцад машинистаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

      Увс аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн захиргаанаас 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ш.Сүхээд олгосон 152111 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1984 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Дулааны станцад зуухны машинистаар ажиллуулав” гэжээ.

          Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1995 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Ш.Сүхээд олгосон 282240 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт: “Түүний 1995 оноос 2004 оныг дуустал хугацаанд сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн нийгмийн даатгалын шимтгэл бичигджээ”.

          Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2005 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Ш.Сүхээд олгосон 627579 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт: “Түүний 2005 оноос 2008 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн нийгмийн даатгалын шимтгэл бичигджээ”.

         Түлш эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн яамны харьяа Улаангом дахь Дулааны станцын ашиглалтын өмнөх захиргааны даргын 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар “Ажилчид авч суралцуулах тухай” тушаалд: “Энэ тушаалын 1 дүгээр хавсралтад байгаа ажилчдыг 10 дугаар сарын 01-нээс эхлэн тус тусын хуваарилсан мэргэжлээр дагалдан сурагчаар авч ажиллуулсугай. Хавсралтын 2-т зуухны машинист Ш.Сүхээ” гэжээ.

      Увс аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1984 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 120 дугаар “Үйлдвэрлэлийн дадлага хийлгэх тухай” тушаалд: “Зуухны машинист, түлш дамжуулахын засварчин зэрэг бүгд 25 хүнийг 1984 оны 12 дугаар сарын 16-наас эхлэн 45 хоногийн хугацаагаар Завхан аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт дадлага хийлгэх ажлыг зохион байгуулж чанар сайтай гүйцэтгэхийг Дулааны станцын ашиглалтын өмнөх захиргааны дарга Д.Өлзийсайханд даалгасугай. Хавсралтын 2-т машинист Ш.Сүхээ” гэжээ.

        Улаангом хотын Дулааны станцын даргын 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр “Ажилд томилох, цалин тогтоох эрх олгох тухай” тушаалд: “Дулааны станцад ажиллагсадыг 1 дүгээр хавсралтад дурдсан албан тушаалд 1996 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн томилсугай. Хавсралтын 54-т Ш.Сүхээ-засварчин” гэжээ.

      Увс аймгийн “Дулааны станц” ХХК-ийн захирлын 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 24 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “”Дулааны станц” ХХК-ийн засварчин Шартолгой овогтой Сүхээ нь өөрийн хүсэлтээр ажлаас гарах болсон тул 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас чөлөөлсүгэй” гэжээ.

     Иргэний нисэхийн Ерөнхий газрын Увс аймгийн нисэх буудлын даргын 2007 9 дүгээр сарын 02-ны өдрийн 36 дугаар “Ажилд томилох тухай” тушаалд: “Шартолгой овогтой Сүхээг 2007 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс уурын зуухны машинистаар томилон ажиллуулсугай” гэжээ.

     Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 229 дугаар архивын лавлагаанд: “Ш.Сүхээгийн 1995 оноос 2008 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом сумын Дулааны станц, Нисэх буудалд шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, төлсөн шимтгэлийг түүвэрлэн ирүүлжээ”.

     Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч З.Бадамсэд, С.Уртнасан нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч З.Бадамсэдийн “Миний бие нь 1984 оноос 1991 он хүртэл Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн яамны харьяа Улаангом дахь  Дулааны станцад химийн ус бэлтгэлийн лаборант, хими тоноглолын засварчин, няраваар ажиллаж байсан. 1984 онд Ш.Сүхээ бид хоёр Дулааны станцад хамт ажилд орж байсан. Ш.Сүхээ нь эхлээд машинистаар ажиллаж байсан ба дараа нь засварчнаар ажиллах болсон. Дулааны станц нь 3 зуухтай байсан ба машинистууд нь 4 ээлжээр ажиллаж, уг зуухыг галладаг байсан. Дулааны станцын засварчин нь эвдэрсэн зуух болон тоног төхөөрөмж бүгдийг нь засварладаг байсан ба өдрийн 8 цагаар ажилладаг байсан. Намайг 2006 онд ажлаасаа чөлөөлөгдөхөд Ш.Сүхээ нь Дулааны станцад засварчнаар ажиллаад үлдсэн. Тухайн үед Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн яамны харьяа Улаангом дахь Дулааны станцын даргаар Мижиджав, Самдандорж, Цэрэннадмид, Цэцээ гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч С.Уртнасангийн ”Миний бие нь Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн яамны харьяа Улаангом дахь  Дулааны станцад 1984 оноос 2010 оныг хүртэл засварчнаар ажиллаж байсан. Намайг ажилд орсны дараа  буюу 1984 оны намар Ш.Сүхээ нь тус Дулааны станцад машинистаар ажиллаж эхэлсэн. Дараа нь Ш.Сүхээ тус станцад засварчнаар ажиллаж байсан. Дулааны станцын засварчин нь эвдэрсэн зуух болон тоног төхөөрөмж бүгдийг нь засварладаг байсан ба өдрийн 8 цагаар ажилладаг байсан. Ш.Сүхээ нь 2007 он хүртэл Дулааны станцад машинист, засварчнаар ажиллаад Увс аймаг дахь Нисэх буудлын уурын зууханд машинистаар шилжин ажиллах болсон. Миний бие нь Дулааны станцад засварчнаар ажиллаад үлдсэн” гэж мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

       Нэхэмжлэгч Ш.Сүхээ нь 1984 оны 10 дугаар сарын 01-нээс 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн яамны харьяа Улаангом дахь  Дулааны станц болон “Дулааны станц” ХХК-д зуухны машинист, засварчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн захиргаанаас 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 152111 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1995 оны 3 дугаар сарын 08-ны өдөр олгосон 282240 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2005 оны 7 дугаар сарын 05-ны өдөр олгосон 627579 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Түлш эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн яамны харьяа Улаангом дахь  Дулааны станцын ашиглалтын өмнөх захиргааны даргын 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар “Ажилчид авч суралцуулах тухай” тушаал, Увс аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1984 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 120 дугаар “Үйлдвэрлэлийн дадлага хийлгэх тухай” тушаал, Улаангом хотын Дулааны станцын даргын 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр “Ажилд томилох, цалин тогтоох эрх олгох тухай” тушаал, Увс аймгийн “Дулааны станц” ХХК-ийн захирлын 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 24 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч З.Бадамсэд, С.Уртнасан нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

     Иймд нэхэмжлэгч Ш.Сүхээгийн хүсэлтийг хангаж, түүний Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн яамны харьяа Улаангом дахь  Дулааны станцад 1984 оны 10 дугаар сарын 01-нээс 1994 оныг дуустал зуухны машинистаар 10 жил 3 сар, 1995 оноос 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зуухны засварчнаар 1 жил 9 сар, 1996 оны 10 дугаар сарын 01-нээс 2003 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Улаангом хотын Дулааны станцад зуухны засварчнаар 6 жил 10 сар 9 хоног, 2003 оны 8 дугаар сарын 10-наас 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “Дулааны станц” ХХК-д зуухны засварчнаар 4 жил 21 хоног, нийт 22 жил 11 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

        Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.                  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тугтан овогт Шартолгойгийн Сүхээгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн яамны харьяа Улаангом дахь  Дулааны станцад 1984 оны 10 дугаар сарын 01-нээс 1994 оныг дуустал зуухны машинистаар 10 /арав/ жил 3 /гурав/ сар, 1995 оноос 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зуухны засварчнаар 1 /нэг/ жил 9 /ес/ сар, 1996 оны 10 дугаар сарын 01-нээс 2003 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Улаангом хотын Дулааны станцад зуухны засварчнаар 6 /зургаа/ жил 10 /арав/ сар 9 /ес/ хоног, 2003 оны 8 дугаар сарын 10-наас 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “Дулаан станц” ХХК-д зуухны засварчнаар 4 /дөрөв/ жил 21 /хорин нэг/ хоног, нийт 22 /хорин хоёр/ жил 11 /арван нэг/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.      

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Ш.Сүхээгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ