Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 215/МА2024/00012

 


“МУ-ын ТАЗ”-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай


 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, Ц.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 133/ШШ2024/00171 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “МУ-ын ТАЗ”-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Б, Я.Э, С.Х, М.Д, Д.Н нарт холбогдох хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 40,762,481 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д (цахимаар) хариуцагч М.Д (цахимаар), түүний өмгөөлөгч Г.Б (цахимаар), хариуцагч Л.Б, Я.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э (цахимаар), хариуцагч С.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 40,762,481 төгрөг гаргуулж, Төрийн банк дахь 100......... тоот дансанд оруулах тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл: “Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал”-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны ... дугаар тогтоолоор тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.М-ийг төрийн албанаас халжээ.

А.М нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0398 дугаар магадлалаар А.М-ийг “Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал”-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлөхөөр шийдвэрлэсэн.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 314 дүгээр шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/00577 дугаар тогтоол, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2021/00342 дугаар шийдвэрээр тус тус ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлөхөөр шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Хөрөнгө хуваарилах тухай А/89 дүгээр тушаалаар А.М-д 5,562,856 төгрөгийг, “Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал”-ын ажлын албанаас 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 15,099,626 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 18,101,788 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 1,998,211 төгрөгийг тус тус А.М-д олгосон.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар тус тус батална гэжээ.

Тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр нь хамтын зарчмын үндсэн дээр гаргасан шийдвэр болно. Иймд хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 40,762,481 төгрөгийг (төлбөр төлөх дансны дугаар Төрийн банк, Төрийн албаны зөвлөл 100.........) буруутай шийдвэр гаргасан тус аймгийн нэр бүхий иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс гаргуулж, өгнө үү гэжээ.

3. Хариуцагч нарын татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 215/МА2022/00020 дугаар магадлалаар хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа болно.
Энэ хэргийн нэхэмжлэгч нь МУ-ын ТАЗ, хариуцагч нь Л.Б, төрд учирсан хохирол буюу А.М-д өгсөн мөнгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай байсан.
А.М нь төрийн жинхэнэ албан хаагч биш, төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, түр орлон гүйцэтгэгч байсан. Өөрөө ажлаасаа халагдах хүсэлт өгсөн.
Нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 133/ШТ2023/00031 дүгээр шүүхийн тогтоолоор Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй Л.Б, Ш.Н, М.З, Я.Э, С.Х, Ж.Г, М.Д, Ж.А, Д.Н, А.П-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Дээрх шүүхийн шийдвэр тус бүр нь хуулийн хүчин төгөлдөр байхад дахин дахин хохирол шаардаж байгааг хууль бус гэж үзэж байна.
“МУ-ын ТАЗ”-ийн хамтын шийдвэр болох хуралдааны шийдвэр, тэмдэглэл алга байна. Д.Б нь дангаараа “МУ-ын ТАЗ”-ийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд. Нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй, нэхэмжлэгч хуулийн этгээдийн оршин байгаа газрыг тусгаагүй.
Тухайн үед “Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал”-ын 11 тэргүүлэгчид хуралдаж, хамтын шийдвэр гаргасан Хурлын тэргүүлэгч санал өгснийхөө төлөө хариуцлага хүлээж, төлбөр төлөх хууль байхгүй.
Санаатай болон илтэд болгоомжгүй үйлдлээрээ бусдад хохирол учруулсан үйлдэл байхгүй. Тэргүүлэгчийн хувьд санал өгсөн нь санаатай үйлдэл гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “МУ-ын ТАЗ”-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, хариуцагч Л.Б, М.Д, Я.Э, С.Х, Д.Н тус бүрээс нь 6,120,619 /зургаан сая нэг зуун хорин мянга зургаан зуун арван ес/ төгрөг 88 /наян найм/ мөнгө буюу нийт 30,603,099 /гучин сая зургаан зуун гурван мянга ерөн ес/ төгрөг 40 /дөч/ мөнгийг гаргуулан Төрийн банк ХК дахь 100........... тоот дансанд оруулж, нэхэмжлэгч “МУ-ын ТАЗ”-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хариуцагч Л.Б, М.Д, Я.Э, С.Х, Д.Н нараас 10,159,381 /арван сая нэг зуун тавин есөн мянга гурван зуун наян нэг/ төгрөг 60 /жар/ мөнгө гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Л.Б, М.Д, Я.Э, С.Х, Д.Н нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Л.Б, М.Д, Я.Э, С.Х, Д.Н тус бүрээс нь улсын тэмдэгтийн хураамжид 62,193 /жаран хоёр мянга нэг зуун ерөн гурав/ төгрөг буюу нийт 310,965 /гурван зуун арван мянга есөн зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж, ..... шийдвэрлэжээ.

6. Хариуцагч Л.Б, Я.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 133/ШШ2024/00171 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Л.Б, Я.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э би дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийг тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “буруутай” албан тушаалтан гэж ганц тоон дээр бичиж хуульчилсан. “Албан тушаалтнууд” гэж олон тоон дээр хуульчилж өгөөгүй.
А.М-ийг ажлаас чөлөөлсөн Говь-Алтаи аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаартэй тогтоолыг тэргүүлэгч Л.Б, Ш.Н, М.З, Я.Э, С.Х, Ж.Г, М.Д, Ж.А, Д.Н, А.П нарын 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр олонхоор шийдсэн хамтын шийдвэр байгаа
Тэргүүлэгч нар бүрэн эрхийн хүрээнд өгсөн саналынхаа төлөө хамтын шийдвэрийн өмнөөс хариуцлага хүлээх, мөнгө төлөх боломжгүй хууль байхгүй.
Анхан шатны шүүх “тэмдэглэлд А.М-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн болон дэмжихээс татгалзсан тэргүүлэгчдийн нэрсийг тусгайлан заагаагүй, хэн нь ямар санал өгсөн болохыг тусгагдаагүй байна” гэсэн дүгнэлтийг ч хийсэн байна.
Мөн анхан шатны шүүх “Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн шүүхийн тогтоолоор ...хариуцагч Л.Б, Я.Э, С.Х, М Д, Д.Н нар нь татгалзсан санал тус тус өгсөн үйл баримт тогтоогдож байна” гэж буруу дүгнэлт хийжээ. Учир нь шүүхийн нэг шийдвэр нь нөгөө шүүхийн шийдвэрийг нотлох баримт болохгүй. Шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болохгүй. Тэгээд ч энэ шүүхийн шийдвэр нь хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр байгаа.

Нэхэмжлэлд дурьдсан үйл баримтыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 215/МА2022/0029 дугаартай магадлалаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Энэ хэргийн нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөл, хариуцагч нь иргэн Л.Б байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт “нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр болсон, хэргийг хэрэгсэхгүй болгосон” шүүхийн шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан байна.
Нэхэмжлэлд дурьдсан үйл баримтыг Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 133/ШТ2023/00031 дугаартай тогтоол гаргаж Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, иргэн Л.Б, Ш.Н, М.З, Я.Э, С.Х, Ж.Г, М.Д, Ж.А, Д.Н, А.П нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар 498.5 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Энэ хуулинд “...этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол...” гэж заасан байхад энэ буруутай үйлдлийг тогтоосонгүй, дүгнэлт хийсэнгүй. Тэргүүлэгч санал өгсөн нь буруутай үйлдэл биш гэж үзнэ.
Иргэний хуулийн 510 дугаар 510.1-д “гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээж” төлнө гэж заасан ба А.М ажилдаа эргэж ороогүй. Ажлын байр нь бэлэн байсан. Анхан шатны шүүх энэ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 133/ШШ2024/00171 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч Л.Б, Я.Э нараас тус бүр улсын тэмдэгтийн хураамжинд 112,880 төгрөг төлсөн болно. Шүүх хуралдаанд биечлэн оролцоно гэжээ. 

7. Хариуцагч М.Д-ийн өмгөөлөгч Г.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 133/ШШ2024/00171 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдлыг гаргаж байна.
Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албанд холбогдуулан шүүхээс дараах шийдвэрийг гаргасан байдаг. Үүнд:
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр 5,562.856 төгрөгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албанаас гаргуулах,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэр 16,359,626 төгрөг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албанаас гаргуулах
Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэр 21,033,805 төгрөг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албанаас гаргуулах

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”, мөн хуулийн 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасны дагуу тухай бүрийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй этгээд болох Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын алба биелүүлээгүй. Хэрэв анхны шийдвэрийг биелүүлээд явсан бол үр дагавар бол нь 42,956,285 төгрөг болтлоо ихэстлээ явахгүй байсан.
Гэтэл Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын алба шийдвэрийг биелүүлээгүй эс үйлдэхгүйгээс болж анх шийдвэр гаргахад санал өгсөн Тэргүүлэгчдээс хохирлыг гаргуулж байгаа нь үндэслэлгүй юм. Шалтгаант холбоо нь Ажлын албаны буруутай үйлдлээс болж үүсэх хохирлыг яагаад Тэргүүлэгч төлөх ёстой гэж. Шийдвэрийг биелүүлээгүй буруутай этгээд болох нь Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын алба юм.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг цаг алдалгүй биелүүлж, захиргааны актын улмаас учирсан хохирол өсөн нэмэгдэхгүй байхад чиглэсэн тодорхой үйлдэл хийсэн /асуудал хэлэлцүүлэхгүйгээр санал гаргасан/ гэх байдлаа нотлоогүй” гэжээ.
Нэгэнт Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр А.М-ийг ажил албан тушаал нь эргүүлэн тогтоож, 5,562,856 төгрөгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албанаас гаргуулах шийдвэрлэсэн. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шууд биелүүлэх асуудал л Ажлын алба дээр яригдана.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “Санал хууль ёсны байх ёстой” гэж дүгнэсэн.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай уулийн 25.1-т “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж зааснаар санал өгч, таслах эрхтэй оролцдог.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд орж ирсэн асуудалд санал өгөх зарчмаар эрхээ хэрэгжүүлдэг юм. Харин санал нь хууль ёсны байна гэсэн ойлголт байхгүй болов уу. Хууль ёсны дагуу шийдвэрлэх эрхтэй асуудалд санал өгөх ойлголт яригдана.
Өөрөөр хэлбэл Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22.1.1, 22.1.2 болон 22.1.3 дах заалт “Тэргүүлэгчид, хороо, түр хороо, төлөөлөгчид бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах ажлыг зохион байгуулалтын удирдлагаар хангах”, мөн хуулийн 22.1.4 дэх заалтаар “эрх бүхий этгээдээс Хуралд, Тэргүүлэгчээр хэлэлцүүлэхээр тавьсан санал хүлээн авах, гаргах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдааныг хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах” үүрэгтэй. Энэ нь хурлын бэлтгэл ажлыг хангах, шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг нь Хурлын даргад хуулиар тусгайлан олгосон байдаг. Хэлэлцэх асуудал нь хууль ёсны байх байдлыг хангах нь Хурлын даргын үүрэг бөгөөд оруулж ирсэн асуудалд Тэргүүлэгчид санал өгдөг дэгтэй юм.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “Санал тэнцсэн боловч ... дэмжсэн санал өгсөн үйл баримтыг төрд санаатай шууд хохирол учруулсан гэж үзэхээр байна” гэжээ.
Гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирол, үйлдэл ба хохирлын хоорондох шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруутай байх гэж үздэг. Тухайлбал:
Хууль бус үйлдэл: Хууль тогтоомжийг зөрчсөн байхаас гадна нийгмийн зан суртахуун, ёс зүйг зөрчсөн байхыг хамаарна.
Санаатай үйлдэл: Өөрийн үйлдлийн үр дагаврыг сайн мэдэж байх төдийгүй уг үр дагаврыг бий болгохыг хүсэж хийсэн байх
Болгоомжгүй үйлдэл: Өөрийн үйлдлийн үр дагаврыг урьдаас мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан эсхүл үүнээс зайлсхийх боломжийг ашиглаагүй, хөнгөмсгөөр хандсанаар бусдын эрхэнд халдсан.
Анхан шатны шүүх М.Д-ийн санаатай үйлдэл гэж дүгнэсэн. М.Д А.М-ийг ажлаас халах саналыг оруулж ирээгүй, Хурлын даргын оруулж ирсэн асуудалд санал өгсөн нь тэнцсэн, өөрөөр хэлбэл ч Тэргүүлэгчдийн санал тэнцэж олонхийн шийдвэр гараагүй тул тогтоол батлагдаагүй.
Харин Хурлын дарга нь нэг асуудалд давхар хоёр дэмжсэн санал өгсөн байдаг. Түүний шууд санаатай үйлдэл бөгөөд чөлөөлөх асуудлыг оруулж ирсэн, санал хураалгасан, санал тэнцчихээд байхад дахин санал өгөх замаар чөлөөлсөн, тогтоолд Тэргүүлэгчдээс санал авч шийдвэрлэхгүйгээр дур мэдэн гаргасан гэх идэвхтэй, санаатай, хүсэж үйлдсэн үйлдэл байдаг. Энэ нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22.1.6-д зааснаар Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх” эрхийг хэрэгжүүлсэн байдаг юм.
Мөн шүүхийн тухай бүрийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй гэж эсрэг, идэвхтэй ямар нэгэн үйлдэл гараагүй юм. Мөн урьдчилан тайлбар авах, санал хүсэлтийг нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулах эрх нь Хурлын даргад байдаг бөгөөд Хурлын даргын гүйцэтгээгүй үүргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрхгүй Тэргүүлэгчид гүйцэтгэх боломжгүй бөгөөд уг үндэслэлээр гэм бурууг үүрүүлж болохгүй юм.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 131.1 дэх хэсэгт ахлах шийдвэр гүйцэтгэгч нь дараах үндэслэлээр захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлд нь эсхүл хэсэгчлэн дуусгавар болгосон тооцож, захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийг хэргийг хаана, уг хэсгийг 131.1.3 дахь заалтад хариуцагч гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн биелүүлсэн, мөн хуулийн 103.3 дахь хэсэгт заасан мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэн гэж тооцно тус тус заажээ.... Шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэх юм” гэжээ.
Гэтэл Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр 5,562,856 төгрөгийг олгох шийдвэрийн ажиллагааг дуусгавар болгосонд тогтоол нь хавтас хэргийн 61 талд байгаа байх боловч үлдсэн төлбөрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж дуусгасан баримт байхгүй байгаа болно. Өөрөөр хэлбэл хэрэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгасан эсэх, төлбөр бүрэн төлөгдсөн эсэх баримт эцэслэн тогтоогдоогүй юм. Мөн Иргэний хуулийн 498.5-т зааснаар өөрт учирсан хохирол түүний хэмжээг тухайн байгууллагын бусдад нөхөн төлсөн төлбөрийн дүнгээр тодорхойлогдоно гэж заасан байдаг.
Анхан шатны шүүх дээрх үндэслэлээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтын М.Д-т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

9. Нэхэмжлэгч Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Л.Б, Я.Э, С.Х, М.Д, Д.Н нарт холбогдуулан Төрийн албан хаагчийг ажлаас халсан хууль бус шийдвэр гаргаж, төрд хохирол учруулсан гэх үндэслэлээр 40,762,481 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

10. Хариуцагч Л.Б, Я.Э, С.Х, М.Д, Д.Н нар нь Төрд хохирол учруулсан санаатай болон илтэд болгоомжгүй үйлдэл гаргаагүй, А.М нь төрийн захиргааны албан хаагч биш байсан, урьд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байхад дахин хохирол нэхэмжилж байгаа нь хууль бус, нэхэмжлэгчийг төлөөлөхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.

11. Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019    оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч А.М-ийг албан тушаалаас нь халжээ. (1 хавтаст хэргийн 20 хуудас)

12. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дүгээр шийдвэрээр Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, А.М-ийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны 89 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 5,562,856 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. (1 хавтаст хэргийн 28-38 хуудас)

13. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0398 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ. (1 хавтаст хэргийн 39-42 хуудас)

14. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2020/00314 дүгээр шийдвэрээр хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн ажлын албанаас 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал хугацааны 245 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 16,359,626 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.М-д олгож, уг олговроос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч А.М-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичил хийхийг даалгажээ. (1 хавтаст хэргийн 125-130 хуудас)

15. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 215/МА2020/00018 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2020/00314 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ. (1 хавтаст хэргийн 131-136 хуудас)

16. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/00577 дугаар тогтоолоор Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2020/00314 дүгээр шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 215/МА2020/00018 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхижээ. (1 хавтаст хэргийн 121-124 хуудас)

17. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2021/00342 дугаар шийдвэрээр Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 21,033,805 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.М-д олгож, уг олговроос зохих суутгалыг хийж, нийгмийн болон даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгажээ. (1 хавтаст хэргийн 51-57 хуудас)

18. Дээрх Говь-Алтай аймаг дахь захиргааны анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол зэрэг нь хуулийн төгөлдөр болсон байх бөгөөд уг шүүхийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй.

19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.

20. Хуулийн дээрх хэсгийн дагуу шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, А.М-ийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 42,956,287 төгрөгийг А.М-д олгохоор шийдвэрлэсэн үйл баримтыг дахин нотлохгүй.

21. Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, А.М-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийт 40,762,481 төгрөгийн мөнгөн хөрөнгийг зарцуулжээ.

22. Анхан шатны шүүх А.М-ийг ажлаас чөлөөлсөн Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, А.М-ийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 42,956,287 төгрөгийг А.М-д олгохоор шийдвэрлэсэн үйл баримтыг дахин нотлохгүй буюу энэхүү шүүх хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт хийх боломжгүй юм. 

23. А.М-ийг ажлаас чөлөөлсөн Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоосон болохоос биш хэн нэгэн албан тушаалтны буюу Л.Б-ын хууль бус үйлдлээс төрд хохирол учирсан гэдэг агуулгаар шүүхийн шийдвэр гараагүй. Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, А.М-ийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосон байгаа. Хариуцагч Л.Б, Я.Э, С.Х, М.Д, Д.Н нарын саналын дагуу А.М-ийг ажлаас чөлөөлсөн. А.М-ийг ажлаас чөлөөлөх тухай саналыг 5 төлөөлөгч  өгсөн гэдэг нь бусад төлөөлөгчийн саналаар хариуцагчийн тайлбараар нотлогдож байна.  

24. Хариуцагч Л.Б, Я.Э, С.Х, М.Д, Д.Н нарын саналын дагуу А.М-ийг ажлаас чөлөөлсөн үйлдэл нь шалтгаант холбоотой бөгөөд төрд учруулсан хохирлыг гаргуулахаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “МУ-ын ТАЗ”-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, хариуцагч Л.Б, М.Д, Я.Э, С.Х, Д.Н тус бүрээс нь 6,120,619 /зургаан сая нэг зуун хорин мянга зургаан зуун арван ес/ төгрөг 88 /наян найм/ мөнгө буюу нийт 30,603,099 /гучин сая зургаан зуун гурван мянга ерөн ес/ төгрөг 40 /дөч/ мөнгийг гаргуулан Төрийн банк ХК дахь 100........ тоот дансанд оруулж, нэхэмжлэгч “МУ-ын ТАЗ”-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хариуцагч Л.Б, М.Д, Я.Э, С.Х, Д.Н нараас 10,159,381 /арван сая нэг зуун тавин есөн мянга гурван зуун наян нэг/ төгрөг 60 /жар/ мөнгө гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй байна. 

25. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Л.Б, Я.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч М.Д-ийн өмгөөлөгч Г.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 133/ШШ2024/00171 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Л.Б, Я.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч М.Д-ийн өмгөөлөгч Г.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Л.Б, Я.Э, М.Д нараас тус бүр давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 112,880 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.Б

  ШҮҮГЧИД                            Ч.Э

                                                            Ц.О