| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00338/И |
| Дугаар | 429 |
| Огноо | 2015-06-30 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 429
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт оршин суух, 1996 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОМ96050209, Шалбаг овогт Ерболатын Бахатын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Наранбулаг сумын Соёлын төвд холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Е.Бахат, хариуцагч Наранбулаг сумын Соёлын төвийн эрхлэгч Р.Өлзийбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Е.Бахат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын Соёлын төвийн эрхлэгч Р.Өлзийбаярын 01 дүгээр тушаалын дагуу Увс аймгийн Наранбулаг сумын Соёлын төвийн бүжгийн багшийн ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ сайн биелүүлж байсан бөгөөд ямар нэгэн алдаа зөрчил гаргаж сахилгын шийтгэл авч байгаагүй болно. 2016 оны 3 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд манайх гэртээ Наурызын баяр тэмдэглэх гэж байсан тул аав маань Соёлын төвийн эрхлэгч Р.Өлзийбаяртай түүний өрөөнд очиж уулзаад 3 хоногийн чөлөө гуйхад “болно, тэг тэг” гэж зөвшөөрсний дагуу чөлөө олгосон гэж үзээд ажилдаа очоогүй болно. Гэтэл Увс аймгийн Наранбулаг сумын Соёлын төвийн эрхлэгч Р.Өлзийбаяр нь 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар тушаалаар Е.Бахат намайг 3 хоног ажил тасалсан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалж, Соёлын төвийн бүжгийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Наранбулаг сумын Соёлын төвийн бүжгийн багшийн ажилд дахин авч ажиллуулсан болно. Гэтэл Наранбулаг сумын Соёлын төвийн эрхлэгч Р.Өлзийбаярын 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар тушаалаар дахин үүрэгт ажлаас чөлөөлсөн. Е.Бахат намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримталсан бөгөөд би ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж, шийтгүүлж байгаагүй мөн хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан ночтой зөрчил гаргаагүй тул дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Увс аймгийн Наранбулаг сумын Соёлын төвийн эрхлэгч Р.Өлзийбаярын 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар тушаалыг хүчингүй болгож, Е.Бахат намайг Наранбулаг сумын Соёлын төвийн бүжгийн багшийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэв.
Хариуцагч Наранбулаг сумын Соёлын төвийн эрхлэгч Р.Өлзийбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Е.Бахат нь удаа дараа байгууллагын дотоод журмыг зөрчсөн. Ажиллах хугацаандаа ажлаа удаа дараа санаатай хүндэтгэн үзэх шалтгаангүй тасалсан. Туршилтын хугацаанд өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн. Е.Бахатыг дэмжиж ажилласан дэмжлэг аваагүй, зөвшөөрөлгүйгээр багш Ч.Хосбаярын удирдлагад ажиллаж 5 хоногийн ажил тасалсан. Улаангом суманд тоглолт хийхдээ дугуйлангийн сурагчдыг зөвшөөрөлгүй авч авсан, Соёлын төвийн үүдэл санааг задруулсан, авьяас уралдаанд оролцохдоо мөн зөвшөөрөлгүй хүүхдүүдийг авч авсан. Хамгийн гол нь Е.Бахат багш садар самууны асуудалд 3 удаа холбогдсон дугуйлангийн сурачдыг ялгаварласан нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Соёлын төвийн байгууллагыг зөвхөн ашиг хонжооны зорилгоор ашигласан. Ажилласан хугацаандаа хамт олонтой хүндэтгэлгүй ханддаг байсан. Өөрийгөө удирдах чадвар суугаагүй. Цаашид аливаа гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх үүднээс өөрийн гэсэн байр орон байхгүй учир ойр ойрхон тоглолтоор явж алга болдог байсан тул хамтран ажиллах боломжгүй болсон. Аймгийн авьяас уралдаанд оролцох хүртэл хангалтгүй ажиллаж байсан тул төсвийн бүрэн эрхийн хүрээнд байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах үйл ажиллагааны үр дүнг нь сайжруулах, дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүднээс өөрт нь сарын өмнө мэдэгдээд чөлөөлсөн. Ч.Жаргал багшид тэтгэмж ирсний дараа хамтран ажиллаж болно гэдгээ Е.Бахатад хэлсэн. Мөн аймгийн Хөгжимт жүжгийн театраас чөлөөлөгдөнө гэдгээ мэдээд манай байгууллагад ирж ажилласан байсан. Аймгийн Хөгжимт жүжгийн театрын даргын чөлөөлсөн тушаалыг шүүхэд өгөөгүй мөртлөө манай байгууллагын тушаалыг шүүхэд өгч байгаа нь хөндлөнгийн оролцоотой хэрэг юм. Цаашид соёлын бакалавр зэрэгтэй бүжгийн багшийг сонгон шалгаруулах журмаар авах тул одоо байгаа мэргэжлээ дээшлүүлэх шаардлагатай байгаа юм. Мөн тогтвор суурьшилтай ажиллахын тулд шилжин ирэх ёстой гэсэн шаардлага тавигдаж байгаа. Мэргэжил арга зүйгээ дээшлүүлснийхээ дараа манайд хандаж болно гэдгийг өөрт нь хэлсэн. Өөрөө ч цаашид сурах гэж байгаа тул түр ажиллуулж өгнө үү гэж хүссэн. Шаардлагатай үед түр гэрээгээр ажиллах боломж нь нээлттэй юм. Нэхэмжлэлийг хүний даалгавраар шүүхэд гаргасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Е.Бахат нь хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Соёлын төвд холбогдуулан тус төвийн бүжгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж шийтгүүлж байгаагүй, хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан ноцтой зөрчил гаргаагүй тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй“ гэж тодорхойлжээ.
Хариуцагч “Е.Бахат нь удаа дараа байгууллагын дотоод журмыг зөрчсөн. Ажиллах хугацаандаа ажлаа удаа дараа санаатайгаар хүндэтгэн үзэх шалтгаангүй тасалсан. Туршилтын хугацаанд өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Е.Бахатыг Увс аймгийн Наранбулаг сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар “Гэрээг цуцалж ажлаас чөлөөлөх тухай“ тушаалаар бүжгийн багшийн ажлаас нь чөлөөлжээ.
Тус тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 38 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.1.4, Хамт олны дотоод журмын 5.3, 5.5, 6 дугаар зүйл, 14.3, 14.6, 14.7, 14.10, 14.11, 14.21, 17.2 дахь заалтуудыг үндэслэжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд гэрээний хугацааг 2016 оны 1 дүгээр сарын 08-наас 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг дуустал гэж тогтоосон байна.
2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Е.Бахатад ажлаас чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлжээ.
Хариуцагч ажлаас чөлөөлөх тухай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан“ бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан заалтыг баримталсан бөгөөд нэхэмжлэгч Е.Бахатыг ажлын байр зөвшөөрөлгүй орхиж ажил тасалсан, Улаангом суманд тоглолт хийхдээ дугуйлангийн сурагчдыг зөвшөөрөлгүй авч явсан, соёлын төвийн үүдэл санааг задруулсан, дугуйлангийн сурагчдыг ялгаварлан гадуурхсан, садар самууны асуудалд 3 удаа холбогдсон, соёлын төвийн байгууллагыг зөвхөн ашиг хонжооны зорилгоор ашигласан, хамт олонтойгоо хүндэтгэлгүй ханддаг зэрэг хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчлүүдийг гаргасан гэж үзжээ.
Наранбулаг сумын Соёлын төвийн хамт олны дотоод журмыг 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хэлэлцэж батлан, ажилтнуудад танилцуулан гарын үсэг зуруулсан, тус төвийн эрхлэгчийн 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тушаалаар дотоод журмыг 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мөрдүүлэн ажиллахаар шийдвэрлэжээ.
Харин дээрх зөрчлүүдийг нэхэмжлэгч Е.Бахат гаргасан талаархи баримт хэрэгт авагдаж, тогтоогдоогүй байна.
Хариуцагчаас 2016 оны 1 дүгээр сараас 2016 оны 5 дугаар сарыг дуусталх хугацаа дахь Наранбулаг сумын Соёлын төвийн ажилтан албан хаагчдын цагийн бүртгэлийг шүүхэд гаргаж ирүүлсэн боловч бүртгэлийг баталгаажуулж дарсан тэмдгээс үзвэл уг баримтууд хуулбарласан хувь байх ба хуулбар хувь дээр шинээр нөхөн бичилт хийгдсэн, нотлох баримтын шаардлага хангахгүй байгаагийн зэрэгцээ, Наранбулаг сумын Соёлын төвийн эрхлэгч Р.Өлзийнбаярын баталж, гарын үсэг зурж, тэмдэг дарсан 2016 оны 2, 3, 4 дүгээр сарын ажлын цагийн балансад нэхэмжлэгч Е.Бахатыг бүрэн ажилласнаар тэмдэглэгджээ.
Түүнчлэн маргаан бүхий 13 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг буюу “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө“ гэх заалтыг баримталсан нь ойлгомжгүй болжээ.
Иймд Увс аймгийн Наранбулаг сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар “Гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай“ тушаал нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Е.Бахатыг Увс аймгийн Наранбулаг сумын Соёлын төвийн бүжгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Соёлын төвөөс ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод орууллах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Е.Бахатыг Увс аймгийн Наранбулаг сумын Соёлын төвийн бүжгийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Соёлын төвөөс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ