Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 193

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Сосорбарам,

Улсын яллагч: Д.Пүрэвдагва,

Шүүгдэгч/хохирогч: Б.Г, түүний өмгөөлөгч Д.Алтантуяа,

Шүүгдэгч/хохирогч: Б.Ц, шүүгдэгч М.Э, тэдгээрийн өмгөөлөгч П.Гангантөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.Э, Б.Ц, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Г нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805011161189 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Э, ..., 31 настай, бүрэн дунд боловсролтой, компьютерийн техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .... тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Ц, ...., 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт .... тоот регистртэй,

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Г,  .... 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Ц, М.Э нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 18-ны шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Кореа таун хотхоны гадна иргэн Б.Гтай таксины үйлчилгээний төлбөрийн улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Кореа таун хотхоны гадна иргэн Б.Ц, М.Э нартай такси үйлчилгээний улмаас маргалдан өөрийг нь зодсоны дараа Б.Цыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Эшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

            Шүүгдэгч Б.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй....”гэв.

Шүүгдэгч Б.Гшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.

Хохирогч Б.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гантулгай маргалдаад салахгүй болохоор нь нөхөр бид хоёр цаашаа зугтаагаад явах үед араас ирээд куртикны малгайнаас хойш нь татаж унагаагаад намайг цохиж зодсон. Би тухайн үед ийм асуудал болно гэж бодоогүй тул баримт бүрдүүлээгүй. Толгойгоо бариулсан. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогч Б.Гшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Таксины мөнгөнөөс болж маргалдсан. Намайг эхнэр, нөхөр хоёр нийлж зодож цохьсон. Нөхөр нь нүүр лүү цохиж, эхнэр нь ар, урдаас маажиж, хувцас хунар урсан. Хохиролд нэг ч төгрөг аваагүй. Би одоо хамрын хагалгаанд орно. Нийт 1.983.400 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч Б.Гмөрдөн байцаалтад өгсөн: “...Кореа тауны гадна очиж зогсоод 4.000 төгрөг гарсан байна гэхэд эхнэр нь 3.000 аа гэхээр нь би 4.000 гэтэл эхнэр, нөхөр хоёр чамд мөнгө байгаа гээд маргалдаад байсан. Сүүлдээ дансаар шилжүүлэх болоод би дансаа өгтөл данс чинь болохгүй байна гээд байсан. ...интернэт банк руу мөнгө орж ирээгүй байтал нөгөө 2 машинаас буугаад явах гэхээр нь би машиныхаа цонхыг онгойлгоод мөнгө чинь орж ирэхгүй байна гэтэл “чи юун сүртэй юм” гээд эхнэр нь шууд цонхоор гараа оруулж ирээд миний хамар руу цохьсон. Би чи яаж байна гэтэл нөхөр нь “чи миний эхнэрийг яаж байнаа” гээд миний нүүр рүү дахиад нэг удаа гараараа цохьсон. Би машинаасаа буух гэтэл эхнэр нь хаалга дарчихаад нөхөр нь цонхоор гараа оруулаад миний нүүр рүү 2-3 удаа цохьсон. Цагдаа дуудахад бид 2 явлаа гээд нөхөр нь миний хамар руу мөргөөд, эхнэр нь хойноос хүзүү маажаад ураад байсан. Би явуулахгүй гээд нөхрийг нь барьж авахаар л миний нүүр рүү цохиод байсан. Нөхөр нь нүүр болон цээж дагз руу гараараа цохьсон. Хамрын хугарал болон нүүрэнд учирсан гэмтлийг нөхөр нь учруулсан. Харин хүзүүнд учирсан гэмтлийг эхнэр нь учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 32-33/,

Хохирогч Б.Цын мөрдөн байцаалтад өгсөн: “...бэлэн мөнгө алга 4.500 төгрөгөө л шилжүүлнэ гээд мобайлдах гэтэл таксины жолооч данс байхгүй гээд байсан. Тэгтэл намайг гичий минь гээд элдэв бусаар хараагаад байсан чинь манай нөхөр Энхсоёмбо хажуунаас намайг өмөөрөөд “чи эмэгтэй хүнийг юу гээд байгаа юм” гээд жолоочтой маргалдсан. Тэгтэл тэр жолооч манай нөхрийг цохь, зод гээд машиндаа суугаад байсан чинь манай нөхөр нүүр рүү нь гараараа нэг удаа цохьсон. Тэр 2 нилээд ноцолдоод байхаар нь би салгах гэхэд миний нүүр рүү цохиод байсан. Миний хүрэмний малгайнаас татаж хойш нь унагаагаад дээрээс шанаадан хөл, гар руу өшиглөж цохьсон. Таксины жолооч миний нүүр рүү гараараа нэг удаа цохьсон. Таксины жолооч миний нүүр рүү гараараа цохиж хөхрүүлсэн. Би болиод өгөөч гээд 2 гарыг нь бариад уйлахад камергүй гэдгийг нь мэдэж байгаа юм шиг харанхуй газар цохиж зодоод байсан. Намайг газар түлхэж унагаахад юманд цохьсон уу гэдгийг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-н 36-37/,

Шинжээчийн 2661 тоот дүгнэлтэд: “...Б.Гбиед тархи доргилт, хамар яс, таславчийн хугарал, мурийлт хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хүзүү, хоёр мөр, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт, баруун чамархайн хуйх, духанд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсэх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 41/,

Яллагдагчаар М.Эмөрдөн байцаалтад өгсөн: “...5.000 төгрөг л гардаг газар шүү дээ дансныхаа дугаарыг өгчих шилжүүлчихье гэтэл данс байхгүй мөнгөгүй байсан юм бол үхсэндээ такси барьсан юм гээд надтай маргалдаж байснаа чаддаг юм бол цохьчих гээд намайг шордоод байхаар нь би машинаас буугаад дахиж маргалдаж байгаад цонхоор нь гараа оруулаад нүүр рүү нь нэг удаа цохьчихсон. ...Тэгтэл машинаас бууж ирээд надтай барьцалдаж аваад цохь гээд дайраад байсан. Хүрэмний захаар амьсгал боогоод байхаар нь дахиад нэг удаа нүүр рүү нь цохиод гарыг нь тавиулаад явах гэтэл явуулахгүй гээд зууралдаад байсан. Сүүлдээ тэр залуугаас зугтаад дээшээ 54 дүгээр сургуулийн чиглэлтэй би гүйж байгаад эргээд хартал харанхуй газар Ц-ыг татаж унагаад цохиж байхаар нь буцаад очтол надтай дахиж зууралдсан. Би Г- эрүүл мэндэд учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Хамар болон нүүрэн дэх гэмтлүүдийг нь гараараа нүүр рүү нь цохиж учруулсан. Ц- өөрөө газар унасан зүйл огт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 59-60, 125-126/,

Яллагдагчаар Б.Цын мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад сонгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Г- биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Нөхөртэй зууралдаад салахгүй болохоор нь салгах гэж зууралдаж хүзүү, цээжийг нь урсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 123-124/,

Шинжээч Г.Ханхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Хүзүү болон 2 мөрөнд учирсан зулгаралт гэмтэл нь дангаараа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Боох буюу заамдах үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-н 46/,

Шинжээчийн 2807 тоот дүгнэлтэд: “...Б.Цын биед үзлэгээр дээд уруул, баруун дал, баруун, зүүн бугалга, баруун шуу, 2 өвдөг, шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 48/,

Шинжээч М.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Цын биед учирсан дээд уруул дахь гэмтэл цохих үед үүснэ. Бусад гэмтлүүд нь цохих буюу унах үед алинд ч үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-н 127/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 9, 11/, хохирогч нарын өргөдөл /хх-н 10, 12/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 28/, эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 29/, компьютерт томографийн оношлогоо /хх-н 42/, Эд зүйлийн үнэлгээ /хх-н 53-54/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 66-86, 146-155/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 131-143/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Гөмгөөлөгч Б.Г нь Б.Цын биед хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ...”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй...” гэж тус тус заасан тул Б.Гантулгыг гэм буруугүйд тооцож өгнө үү гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж бэхжүүлэгдсэн бичлэгээр шүүгдэгч Б.Ц, М.Э нар нь хохирогч Б.Гтай маргалдан зодож байгаа бичлэг, Б.Г нь Б.Цыг түлхэж байгаа зэрэг үйл баримт тодорхой тогтоогдсон байна.

Хохирогч Б.Цын “Гантулгаас салаад цаашаа зугтаах үед камергүй газарт араас куртикны малгайнаас татаж унагаан, нүүр лүү цохьсноос гэмтэл учирсан” гэсэн мэдүүлэг нь шүүгдэгч М.Эмэдүүлгээр тогтоогдсон ба гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон.

Камерын бичлэгээр шүүгдэгч Б.Ц, М.Э нар камерын бичлэгээс гарч явах ба араас нь Б.Г явж бичлэгт бичигдэхээ больсон байх буцаад Б.Г түрүүлж, араас нь Б.Ц, М.Э нар ирж байгаа үйл баримт мөн тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.Цын биед хөнгөн хохирол учруулсан нь нотлогдсон гэж шүүх үзлээ.

Хохирогч нь хэрэг болсноос 2 хоногийн дараа буюу 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүх эмнэлэгт үзүүлсэн бөгөөд тухайн хэрэг болсон цаг хугацаанд тухайн гэмтлийг авсан нь нотлогдож байх тул Б.Гантулгыг хохирогч Б.Цын биед гэмтэл учруулаагүй гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн болно. 

Шүүгдэгч Б.Ц, М.Э нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 18-ны шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Кореа таун хотхоны гадна иргэн Б.Гтай таксины үйлчилгээний төлбөрийн улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Кореа таун хотхоны гадна иргэн Б.Ц, М.Э нартай такси үйлчилгээний улмаас маргалдан өөрийг нь зодсоны дараа Б.Цыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан тус тус гэм буруутай болох нь:

Шүүгдэгч М.Э, Б.Ц нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Г-: “...нөгөө 2 машинаас буугаад явах гэхээр нь би машиныхаа цонхыг онгойлгоод мөнгө чинь орж ирэхгүй байна гэтэл “чи юун сүртэй юм” гээд эхнэр нь шууд цонхоор гараа оруулж ирээд миний хамар руу цохьсон. Би чи яаж байна гэтэл нөхөр нь “чи миний эхнэрийг яаж байнаа” гээд миний нүүр рүү дахиад нэг удаа гараараа цохьсон. Би машинаасаа буух гэтэл эхнэр нь хаалга дарчихаад нөхөр нь цонхоор гараа оруулаад миний нүүр рүү 2-3 удаа цохьсон. Цагдаа дууд бид 2 явлаа гээд нөхөр нь миний хамар руу мөргөөд, эхнэр нь хойноос хүзүү маажаад ураад байсан. Би явуулахгүй гээд нөхрийг нь барьж авахаар л миний нүүр рүү цохиод байсан. Нөхөр нь нүүр болон цээж дагз руу гараараа цохьсон. Хамрын хугарал болон нүүрэнд учирсан гэмтлийг нөхөр нь учруулсан. Харин хүзүүнд учирсан гэмтлийг эхнэр нь учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 32-33/, хохирогч Б.Цын: “...Тэр 2 нилээд ноцолдоод байхаар нь би салгах гэхэд миний нүүр рүү цохиод байсан. Миний хүрэмний малгайнаас татаж хойш нь унагаагаад дээрээс шанаадан хөл гар руу өшиглөж цохьсон. Таксины жолооч миний нүүр рүү гараараа нэг удаа цохьсон. ...миний хүрэмний малгайнаас татаж хойш нь унагаад дээрээс шанаадан хөл гар руу өшиглөж цохьсон. Таксины жолооч миний нүүр рүү гараараа цохиж хөхрүүлсэн. Би болиод өгөөч гээд 2 гарыг нь бариад уйлахад камергүй гэдгийг нь мэдэж байгаа юм шиг харанхуй газар цохиж зодоод байсан. Намайг газар түлхэж унагаахад юманд цохьсон уу гэдгийг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-н 36-37/, гэрчээр М.Энхсоёмбын: “...би эхнэрээ гэр лүү нь оруулж өгчихөөд гарч ирээд учраа олъё гэтэл явуулахгүй гээд зууралдаад байсан. Манай эхнэр таксины жолооч бид 2-ыг салгах гээд дундуур ортол эхнэрийг цохиж унагаад газар чирээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 20/, шинжээчийн 2661, 2807 тоот дүгнэлт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.Э, Б.Ц нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн, шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгч нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Э, Б.Ц нь хохирогч Б.Гтай таксины мөнгө өгсөнгүй гэж маргалдан, түүнийг цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.Цыг өөрийг нь нөхөртэйгөө бүлэглэн зодсоны дараа түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан нь өөрсдийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч М.Э, Б.Ц, тэдгээрийн өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Г, Б.Ц нарын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хохирогч Б.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Гантулгыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Харин хавтаст хэрэгт баримтаар авагдсан хохирогч Б.Гкомпьютер томографикт үзүүлсэн 120.000 төгрөг, эмчилгээний зардал, эд зүйлийн үнэлгээ нийт 384.300 төгрөгийг шүүгдэгч М.Э, Б.Ц нараас гаргуулж хохирогч
Б.Гд олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Б.Г нь тухайн гэмт хэргийн улмаас хамрын хагалгаанд 1.600.000 төгрөгөөр орно гэж мэдүүлсэн бөгөөд хохирогч Б.Г нь тухайн хагалгаанд ороогүй байх бөгөөд уг хор уршиг бодитой учраагүй байх тул хохирогчийн энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч М.Э, Б.Ц, Б.Г нарыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч М.Э, Б.Ц нар маргаагүй болно.

Прокуророос шүүгдэгч М.Э, Б.Ц нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Гд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тус тус заасан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид....зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон...гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч М.Э, Б.Ц, Б.Г нарын 2018 оны 02 дугаар сарын 18-ны орой үйлдсэн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 01 жилийн хугацаа өнгөрсөн буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч М.Э, Б.Ц, Б.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

            Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1, 2, 36.2, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Э, Б.Ц “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Б.Г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч М.Э, Б.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э, Б.Ц нараас 383.400 төгрөг гаргуулж хохирогч Б.Гд олгосугай.

5. Хохирогч Б.Г нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч М.Э, Б.Ц, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг флаш дискийг хэрэгт хавсаргасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э, Б.Ц, Б.Г нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР