Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 430

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар багт оршин суух, 1956 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОТ56081277, Булгадар овогт Надмидын Булгаагийн,

          Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Н.Булгаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”Миний бие нь Увс аймгийн Тэс суманд 1956 онд төрсөн, ам бүл 3, эхнэр хүүгийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багт мал аж ахуй эрхлэн амьдарч байна. Би сумын бага сургуульд бага анги төгссөн бөгөөд аав, ээжийн хамт мал малладаг байсан. 16 нас хүрээд ээжийн хамт албан ёсны малчин болж Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1972-1975 онуудад малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдан явсан. Цэргээс халагдаж ирээд мал маллаж байгаад 1981 оны 2 дугаар сард бороожуулагч машины операторчны курст суралцаад 1981 оны 4 дүгээр сараас эхлэн 1992 оны 2 дугаар сар хүртэл Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйд бороожуулагч машины операторчнаар ажилласан. 1992 онд тэжээлийн аж ахуй “Хархираа” компани болж өөрчлөгдөхөд тус компанид үргэлжлүүлэн бороожуулагч машины операторчнаар 1994 он дуустал ажилласан. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт гарах болсон бөгөөд Лениний зам нэгдэлд ажиллаж байсан талаар хөдөлмөрийн дэвтэр хөтлөгдөөгүй, Хархираагийн тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан талаарх зарим тушаалууд дутуу байгаа тул дээрх ажиллаж байсан хугацаагаа шүүхээр тогтооолгох шаардлагатай боллоо. Иймд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1972-1975 онуудад малчнаар ажиллаж байсан хугацаа болон 1981 оны 4 дүгээр сараас 1992 оны 2 дугаар сар хүртэл Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйд бороожуулагч машины операторчнаар, “Хархираа” ХК-д 1992 оны 2 дугаар сараас 1994 оныг дуустал бороожуулагч машины операторчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Н.Булгаа нь 1972 оны 9 дүгээр сараас 1975 оны 7 дугаар сар хүртэл  Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар, 1981 оны 4 дүгээр сараас 1992 оны 3 дугаар сар хүртэл Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйд бороожуулагч машины операторчнаар, 1992 оны 3 дугаар сараас 1994 оныг дуустал “Хархираа“ ХК-д бороожуулагч машины операторчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

        Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Надмидын Булгаагийн 1972 оны 9 дүгээр сараас 1975 оны 7 дугаар сар хүртэл Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

      Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн захиргаанаас Н.Булгаад олгосон олгосон 041728 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1981 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 37 дугаар тушаалаар мэргэжил эзэмшсэн учир бороожуулагч машины операторчнаар томилж ажиллуулав, Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1992 оны 3 сарын 17-ны өдрийн 16 дугаар тушаалаар Хархираагийн тэжээлийн аж ахуй өөрчлөгдөж компани болж байгаа тул операторчны ажлаас чөлөөлөв, Хархираа компанийн захирлын 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаар тушаалаар бороожуулагч машины операторчнаар ажиллуулав, Хархираа компанийн захирлын 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 89 дүгээр тушаалаар усжуулагчийн ажлаас чөлөөлөв“ гэсэн бичилт хийгджээ.

        Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1981 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 49 дүгээр “Усалгааны ажлыг зохион байгуулах тухай” тушаалд: “Туршлагатай операторчдод доорх хуваарийн дагуу шинэ операторчдыг дагалдуулан ажиллуулсугай. 1-т Нямгүнтэв-Булгаа “гэжээ.

       Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: ”Хархираагийн тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан хавсралтад нэр заасан ажиллагсдыг 1992 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж тус бүрийн компаниудын мэдэлд шилжүүлсүгэй. Хавсралтад 1-р салаа Надмидын Булгаа-усжуулагч” гэжээ.

        Увс аймгийн Хархираа сумын “Хархираа“ ХК-ийн захирлын 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаар “Ажилд томилох тухай” тушаалд: “Шилжиж ирсэн албан хаагчдын нэрсийн жагсаалтыг хавсралт 1-ээр баталсугай. Шилжиж ирсэн ажилчин албан хаагчдыг урьд эрхэлж байсан тус тусын ажилд нь 1992 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулахыг зөвшөөрсүгэй. Хавсралтын 71-д Надмидын Булгаа-усжуулагч” гэжээ.

         Увс аймгийн Хархираа сумын “Хархираа“ ХК-ийн захирлын 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 89 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “Хархираа компанид ажиллаж байсан ажилчдыг 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон тус тусын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй. Ажиллагсдын нэрсийг 1-р хавсралтаар баталсугай. Хавсралтын 72-д Надмидын Булгаа /усжуулагч/” гэж бичигджээ.

    Монголын хувьсгалт залуучуудийн эвлэлийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэлээс 1985 оны 2 дугаар сарын 18-ны өдөр олгосон жуулчлах бичигт: “1984 оны бүх ард түмний социалист уралдаанд авсан үүргээ амжилттай биелүүлсэн Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн операторчин ажилтай Надмидын Булгаа танд Монголын хувьсгалт залуучуудийн эвлэлийн Төв хорооны зардлаар Зөвлөлт Холбоот Улсад жуулчлах бичиг олгов“ гэжээ.

         Хархираа сумын Намын үүр, Тэжээлийн аж ахуйн захиргаанаас 1987 оны 3 дугаар сарын 25-ны өдөр олгосон гэрчилгээнд: “Хүндэт Н.Булгаа нь VII 5 жилд 150 га талбай хариуцан хоёр бороожуулагч машин ажиллуулж, усалгаатай газар тариалангийн нэг га-аас авах ургацын хэмжээг тогтвортой нэмэгдүүлж, жил бүрийн төлөвлөгөөг 131-162 хувиар биелүүлж бахдам сайхан амжилт гаргасныг сайшаан хүндэт дэвтэрт бичиж гэрчилгээ олгов“ гэжээ.

       Хархираа сумын Тэжээлийн аж ахуйн захиргаанаас 1988 оны 7 дугаар сарын 14-ний өдөр олгосон сайшаалын үнэмлэхэд: “Н.Булгаа таныг усжуулагчдын дунд зарласан уралдааны болзлыг ханган биелүүлж арвин их ургац хураан авах нөхцлийг бүрдүүлсэн амжилтыг тань сайшааж сайшаалын үнэмлэх, мөнгөн шагналаар шагнав“ гэжээ.

       Хархираа сумын Тэжээлийн аж ахуйн захиргаанаас 1990 оны 2 дугаар сарын 24-ний өдөр олгосон дипломд: “Хүндэт Н.Булгаа танд 1989 оны социалист уралдаанд  хамт олноо хошуучлан ажилласан учир сумын аваргаар шалгаруулж, диплом мөнгөн шагналаар шагнав” гэжээ.

         Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас 1993 оны 2 дугаар сарын 12-ны өдөр олгосон дипломд: “Хүндэт нөхөр Н.Булгааг 1992 оны газар тариалангийн үйлдвэрлэлд амжилт гаргаж, хүн амын хүнсний хангамжийг сайжруулахад оруулсан хувь нэмрийг үнэлж Улсын ургацын аварга цол, диплом, тууз, тэмдгээр шагнав“ гэжээ.

        Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч С.Жүгнээгээс мэдүүлэг авсан бөгөөд С.Жүгнээгийн “Миний бие нь 1967 оноос 1991 оны хооронд буюу нэгдэл тарах хүртэл Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд хоньчноор ажиллаж байсан. Н.Булгаа нь Лениний зам нэгдэлд үхэрчнээр 1972 оноос 1975 он хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд татагдан явсан. Н.Булгаа цэргийн алба хааж ирээд 1981 он хүртэл Лениний зам нэгдлийн үхэрчнээр ажиллаж байгаад бороожуулагч машины операторчны курст суралцаж төгсөөд Увс аймгийн Хархираа сумын тэжээлийн аж ахуйд бороожуулагч машины операторчнаар ажиллах болсон. Миний бие нь Н.Булгаатай Тэс суманд хамт ажиллаж байсан тул түүний Лениний зам нэгдэлд ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна“ гэж мэдүүлсэн ба түүний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагджээ.

       Нэхэмжлэгч Н.Булгаа нь 1972 оны 9 дүгээр сараас 1975 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар, 1981 оны 4 дүгээр сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуй болон “Хархираа” ХК-д бороожуулагч машины операторчин буюу усжуулагчаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн захиргаанаас олгосон 041728 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1981 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 49 дүгээр “Усалгааны ажлыг зохион байгуулах тухай” тушаал, Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн Хархираа сумын “Хархираа“ ХК-ийн захирлын 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Хархираа сумын “Хархираа“ ХК-ийн захирлын 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 89 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Монголын хувьсгалт залуучуудийн эвлэлийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэлээс 1985 оны 2 дугаар сарын 18-ны өдөр олгосон жуулчлах бичиг, Хархираа сумын Намын үүр, Тэжээлийн аж ахуйн захиргаанаас 1987 оны 3 дугаар сарын 25-ны өдөр олгосон гэрчилгээ, Хархираа сумын Тэжээлийн аж ахуйн захиргаанаас 1988 оны 7 дугаар сарын 14-ний өдөр олгосон сайшаалын үнэмлэх, Хархираа сумын Тэжээлийн аж ахуйн захиргаанаас 1990 оны 2 дугаар сарын 24-ний өдөр олгосон диплом, Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас 1993 оны 2 дугаар сарын 12-ны өдөр олгосон диплом, гэрч С.Жүгнээгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

         Иймд нэхэмжлэгч Н.Булгаагийн хүсэлтийг хангаж, түүний 1972 оны 9 дүгээр сараас 1975 оны 7 дугаар сар хүртэл Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар 2 жил 10 сар, 1981 оны 4 дүгээр сараас 1992 оны 3 дугаар сар хүртэл Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд бороожуулагч машины операторчин буюу усжуулагчаар 10 жил 11 сар, 1992 оны 3 дугаар сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Хархираа сумын “Хархираа“ ХК-д бороожуулагч машины операторчин буюу усжуулагчаар 2 жил 10 сар, нийт 16 /арван зургаа/ жил 7 / долоо/ сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

        Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.                  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Булгадар овогт Надмидын Булгаагийн 1972 оны 9 дүгээр сараас 1975 оны 7 дугаар сар хүртэл Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар 2 жил 10 сар, 1981 оны 4 дүгээр сараас 1992 оны 3 дугаар сар хүртэл Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд бороожуулагч машины операторчин буюу усжуулагчаар 10 жил 11 сар, 1992 оны 3 дугаар сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Хархираа сумын “Хархираа“ ХК-д бороожуулагч машины операторчин буюу усжуулагчаар 2 жил 10 сар, нийт 16 /арван зургаа/ жил 7 / долоо/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Н.Булгаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ