Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 229

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

Улсын яллагч: Б.Батсайхан,

Шүүгдэгч: О.Н-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Н-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905005150264 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын йиргэн, О.Н-, ....., 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, Нью Тушита ХХК-д инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч О.Н-нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны 2 давхарт иргэн Ж.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Н-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Ж.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгсэн танихгүй хүүхэн хаалга онгойлгоод оруулахгүй гээд хэрүүл хийгээд байсан. Би өөдөөс нь “чи хэн юм” гээд хэрэлдэж байх үед цаанаас нь өөр хүүхэн ирээд бас хэрүүл хийж байсан. Би орох гээд цааш нь түлхээд орох гэтэл цаанаас нэг залуу гарч ирээд ам руу гараараа нэг удаа цохиод би тэр үед хойшоо шууд унасан юм. Тэгсэн чинь нөгөө залуу гарч ирээд миний нүүр рүү 2 удаа өшиглөсөн. Энэ гэмтлийг тэр өдөр намайг цохиж унагаагаад нүүр лүү өшиглөсөн залуу О.Н-учруулсан. Би өөр хүнтэй маргаан зодоон хийсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 6-7/,

Гэрч Э.П-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...00 цагийн үед Б- ирээд хаалга нүдээд байсан....Б- ойролцоогоор 30 орчим минут хаалга нүдсэн. Н-агийн найз охин О-а хаалга онгойлгоод Б-тай маргаад оруулахгүй гээд хэрэлдээд байсан. Н- наанаас нь очоод ...миний эхнэрийг тэгж хэлдэг хэн бэ гээд гараараа нүүр рүү нь цохиход хойшоо болж байгаад унасан чинь Н- дахин хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 20/,

Гэрч Т.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Н- намайг өмөөрөөд нүүр рүү нь нэг удаа цохиод авсан. Тэгсэн чинь хойшоо унасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,

Шинжээчийн 1529 тоот дүгнэлтэд: “...Ж.Б-ы биед духны зүүн дээд хэсэг, духны зүүн дунд, зүүн хөмсөг, дээд уруулын зүүн дээд хэсгүүдэд зулгаралт, дээд уруулын дотор салстын зүүн хэсэгт цус хуралт, 2 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 29/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 32-42/, Хохирогчийн хүсэлт /хх-н 54, 60/ зэрэг болно.

Яллагдагчаар О.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би нэг удаа толгойгоороо мөргөөд унахаар нь хөлөөрөө толгой хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд манай эхнэр болон бусад хүмүүс салгасан надад гэмтсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 51-52/,

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч О.Н-нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны 2 давхарт иргэн Ж.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ж.Б-ы: “...Би орох гээд цааш нь түлхээд орох гэтэл цаанаас нэг залуу гарч ирээд ам руу гараараа нэг удаа цохиод би тэр үед хойшоо шууд унасан юм. Тэгсэн чинь нөгөө залуу гарч ирээд миний нүүр рүү 2 удаа өшиглөсөн. Энэ гэмтлийг тэр өдөр намайг цохиж унагаагаад нүүр лүү өшиглөсөн залуу О.Н-учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 6-7/, гэрч Э.П-гийн: “...Н- наанаас нь очоод ...миний эхнэрийг тэгж хэлдэг хэн бэ гээд гараараа нүүр рүү нь цохиход хойшоо болж байгаад унасан чинь Н- дахин хөлөөрөө дахин нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 20/, гэрч Т.О-ын: “...Н- намайг өмөөрөөд нүүр рүү нь нэг удаа цохиод авсан. Тэгсэн чинь хойшоо унасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/, шинжээчийн 1529 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч О.Н-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Н-нь эхнэрийг нь хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар хохирогч Ж.Б-ыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, хохирол төлбөрт 3.700.000 төгрөг авсан, гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-н 54, 60/ бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч О.Н-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.Н-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.ОТГОНБАЯР