Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 431

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч П.Болор, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 12-22 тоотод оршин суух, 1993 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ93041152, Булгадар овогт Дорждэрэмийн Цэнд-Аюушийн нэхэмжлэлтэй,  

         Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 14-01 тоотод оршин суух, 1993 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ93010813, Чандмань овогт Цэдэн-Ишийн Тамжидад холбогдох,

          Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 680.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Цэнд-Аюуш, иргэдийн төлөөлөгч Ж.Долгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Д.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох Улаан уулнаас Бөхийн өргөөний чиглэлийн хатуу хучилттай замаар 41-48 УВЗ улсын дугаартай, Мустанг-5 загварын мотоцикльтой явж байтал 20-25 УВХ улсын дугаартай “Витз” загварын автомашин жолоодож явсан Ц.Тамжид мөргөж Замын хөдөлгөөний дүрмийн 7.12, 9.2-д заасныг тус тус зөрчиж осол гаргаж миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Уг гэмтлийн улмаас эмнэлэгт 10 хоног эмчилгээ хийлгэсэн боловч ахиц гарч сайжрахгүй байсан тул Тариалан сум явж хөлөө бариулахад “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун түгээх станцаас УНС 63-70 маркийн машинд АИ-92 шатахууныг 21 литрийг 1920 төгрөгөөр буюу 40.320 төгрөгийн шатахуун хийж явсан. 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Тэс сумын ламд үзүүлэхээр явахад УНС 63-70 маркийн авто машинд мөн дээрх компаниас зээлээр 80.640 төгрөгийн бензин шатахуун авч, буцааж 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төлсөн. 100.000 төгрөгийг барьц болгон өгч гарыг нь цайлгасан. Мөн гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлэх хугацаанд зуслангаас Улаангом сумын эмнэлэг хоёрын хооронд 8 км зайд эргэж тойрох, хоол цай зөөхөд 57.400 төгрөгийн бензин, эм тариа бусад зүйлд зарцуулсан. Эмнэлгээс гарсны дараа дахин мэдрэлийн эмч Энхсаруулд үзүүлж мэдрэлийн талын эмчилгээ картанд бичиж өгснийг нь “Өгөөмөр амин дэм” эмийн сангаас 245.600 төгрөгийн эм тариа авч өрхийн эмнэлгээр хийлгэсэн. Анх эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад гаднаас 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр зарлагын падаанаар 47.000 төгрөгийн эм тариа авч хийлгэсэн. Тархины бичлэгийн үнэ 90.000 төгрөг тушаасан. Мөн Тариалан сум явж хөлөө бариулахад 20.000 төгрөгийн барьц өгсөн. Нийт надад учирсан хохирол 680.600 төгрөгийн зардал гарсныг Ц.Тамжидаас гаргуулж өгнө үү” гэв.

         Хариуцагч Ц.Тамжид шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д.Цэнд-Аюушийн нэхэмжлэлийн шаардлага болох 680.600 төгрөгийг төлж чадахгүй. Тухайн үед мотоциклийн гэмтсэн эд зүйлийг шинээр авч өгсөн. Шинжээч эмчийн дүгнэлтээр зөөлөн эдийн гэмтэлтэй, гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй гэсэн хариу гарсан. Д.Цэнд-Аюушид 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг төлж өгнө. Сард 50.000 төгрөгөөр төлнө” гэжээ.

         Иргэдийн төлөөлөгч Ж.Долгор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Д.Цэнд-Аюушийн биед учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг Ц.Тамжидаас гаргуулах шаардлагатай гэж үзэж байна” гэв.

           Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Т.Цэнд-Аюуш нь хариуцагч Ц.Тамжидаас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 680.600 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

         Зам тээврийн осол болсон үйл баримтын талаар болон хариуцагчийн гэм буруугийн талаар зохигчид маргаагүй бөгөөд хариуцагч Ц.Тамжид нь “Нэхэмжлэлийн шаардлагаас 200.000 төгрөгийг зөвшөөрч байна, шинжээч эмч зөөлөн эдийн гэмтэлтэй, гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй гэсэн тул 408.600 төгрөгийг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

        Ц.Тамжид нь 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр орой Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, Т.Цэнд-Аюушийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Увс аймгийн Прокурорын газрын 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 477 дугаар тогтоол, 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 29 дүгээр шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 569 дүгээр шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

       Дээрх гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч Т.Цэнд-Аюушийн зүүн хөлийн шагайн хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, баруун өсгийний дээд хэсэгт зулгаралт гэмтэл тус тус үүссэн байна.

       Нэхэмжлэгч Д.Цэнд-Аюушийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь дээрх баримтуудаар нотлогдож байх тул хариуцагч Ц.Тамжидийн “гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

      Иймд Иргэний хуулийн 497, 499 дүгээр зүйлүүдэд зааснаар Т.Цэнд-Аюуш нь дээрх зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг хариуцагч Ц.Тамжидаас нэхэмжлэх эрхтэй гэж үзнэ.

     Нэхэмжлэгч Т.Цэнд-Аюуш нь тухайн үед эмчид үзүүлэн амбулаториор эмчлүүлэгсдийн картад бичигдсэний дагуу 292.500 төгрөгийн эм худалдаж авсан болох нь “Дэлгэрэх” эмийн сангийн 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 42.000 төгрөгийн зарлагын баримт, 2015 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 4.900 төгрөгийн зарлагын баримт, “Өгөөмөр Амин Дэм” эмийн сангийн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 245.600 төгрөгийн зарлагын баримтуудаар тус тус  нотлогдож байх тул эмийн үнийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.

       Мөн нэхэмжлэгч Д.Цэнд-Аюуш нь “Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх 10 хоногийн хугацаанд зуслангаас Улаангом суманд байрлах эмнэлэг хоёрын хооронд 8 км зайтай бөгөөд 57.400 төгрөгийн бензин зарцуулсан” хэмээн нэхэмжилсэн бөгөөд энэ нь “Тэс Петролеум” ХХК-ийн шатахуун түгээх станцын баримтуудаар /хх-ийн 8 дугаар хуудас/ 57.000 төгрөг болох нь нотлогдож байх тул бензиний үнэ 57.000 төгрөгийг хариуцагч Ц.Тамжидаас гаргуулах нь зүйтэй байна.

     Харин нэхэмжлэгч Т.Цэнд-Аюуш нь ламд үзүүлэх болон бариачид бариулахад өгсөн гэх 120.000 /100.000+20.000/ төгрөг, бензиний үнэ 120.960 /40.320+80.640/ төгрөг, нийт 240.960 төгрөгийн зардал нэхэмжилсэн бөгөөд эдгээр зардал нь шашны зан үйлтэй холбоотой бөгөөд гэм хорын хохиролтой хамраалгүй, зайлшгүй гарах зардал биш байх тул эдгээр зардлуудыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй болно.

         Мөн нэхэмжлэгч Т.Цэнд-Аюуш нь тархины бичлэг 90.000 төгрөгөөр хийлгэсэн хэмээн нэхэмжилж, CD-г хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн боловч тархины бичлэг хийлгэхэд 90.000 төгрөг төлсөн талаархи баримт хэрэгт авагдаагүй байх тул энэхүү хохирлыг хариуцагчаас гаргуулах боломжгүй гэж үзэв.

   Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ц.Тамжидаас эмийн үнэ 292.500 төгрөг, бензиний үнэ 57.000 төгрөг, нийт 349.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Цэнд-Аюушид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 259.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т.Цэнд-Аюушийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, харицагч Ц.Тамжидаас нэхэмжлэл хангагдсан хэмжээ буюу 349.500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж  11.135 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Цэнд-Аюушид олгох нь зүйтэй байна.

   Хариуцагч Ц.Тамжид нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ц.Тамжидаас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 349.500 /гурван зуун дөчин есөн мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Цэнд-Аюушид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 259.100 /хоёр зуун тавин есөн мянга нэг зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т.Цэнд-Аюушийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.900 /хорин мянга есөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Тамжидаас 11.135 /арван нэгэн мянга нэг зуун гучин тав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Цэнд-Аюушид олгосугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан  өдрөөс  хойш  14  хоногийн  дотор  Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                       ШҮҮГЧИД                                  П.БОЛОР

                                                                                   Н.ГЭРЭЛТУЯА