Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Эрхэс,

Улсын яллагч: Л.Соёмбо,

Хохирогч: С.С-,

           Шүүгдэгч: Д.Б-, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805021801135 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Б-, ...., 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Д.Б- нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэмүүлэл” хотхоны 105 дугаар байранд хамтран амьдрагч С.С-ийг зодож зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Хорго хотхоны 2/4-00 тоотод хамтран амьдрагч С.С-ийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч Д.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч С.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр би Тэмүүлэл хотхонд ажиллаж байсан. Тухайн үед цалингаа аваад бид хоёр архи уусан. Би тухайн үед архи бага уусан байсан. Б- согтуу байх үедээ над руу сандал авч шидээд би гараараа хаахад гар хугарсан. Б- архи уухаараа агсам байдаг. Намайг байнга зоддоггүй, архи уухаар зоддог. Харин 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Хорго хотхонд ажиллаж байхад бас архи уусан үедээ бухимдаад намайг цохьсон. Б- гарч явах гээд байхаар нь би явуулахгүй гэхэд намайг цохих гэхээр нь нүүрээ хаасан учир гар гэмтсэн. Би гэртээ 3 хоног халуурсан СӨХ-ны дарга асуухад гараа гэмтээснээ би хэлээгүй нуусан. Дараа нь өөрт нь хэлэхэд надад ямар хамаатай юм гэсэн. Би шүүх эмнэлэгт үзүүллээ гэхэд, чи өөрөө мэд гээд тоогоогүй. 3 дахь удаа гар гэмтээсэн учир ажил хийж чадаагүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Хохирогч С.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 дугаар сард Баянгол дүүрэг Тэмүүлэл хотхоны жижүүрээр ажиллаж байхдаа намайг зодож зүүн гарын шуу хугалсан. Хугарал нь 2 газар байсан. Энэ талаар Баянгол дүүргийн цагдаад өгөөд гомдолгүй гээд хаалгасан. Дараа нь 2018 оны 02 дугаар сард дахиад сандлаар миний зүүн гарыг цохиж гэмтээгээд энэ хэрэг шийдэгдээгүй Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр шалгагдаж байгаа. Тэгээд 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр мөн миний зүүн гарын сарвууг гэмтээсэн. Миний нүүр рүү цохих гэхээр нь гараараа хаатал сарвуу хүчтэй цохигдоод тэр дариудаа хавдаад шөнө нь халуурсан. Тэгээд цохьчихоод Б- яваад ирэхгүй байсан. Түүнээс хойш 10 гаран хоногийн дараа утсаар ярьсан. Энэ асуудлаас болоод би 16 дугаар хороо, Хорго хотхонд ажиллаж байсан ажлаасаа гараад 10 дугаар хороололд хуучин ажиллаж байсан газраа ажилд орсон. Үүнээс хойш бид хоёр нийлээд хамт амьдарч байтал 20 хоногийн өмнө хуучин эхнэр, хүүхэд дээрээ очлоо гэж яваад ирэхгүй байна. Би одоо үйлчлэгчээ хийгээд дээр нь Б-ын харуулын ажлыг давхар хийж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 71/,

Шинжээчийн 186 тоот дүгнэлтэд: “...С.С-ийн биед учирсан зүүн богтос ясны далд хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-н 121-122/,

Шинжээчийн 11741 тоот дүгнэлтэд: “...С.С-ийн биед зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хуагцаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 77/,

Яллагдагчаар Д.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би болъё явлаа гээд хувцсаа аваад гарах гэтэл араас зууралдаад явуулахгүй, чи мессеж бичсэн хүн дээрээ очих гээд яараад байгаа юм уу гэсэн. Би гарах гээд хаалгаа нээгээд савсан тэр үед гарыг нь гэмтээчихсэн байх тэгээд гараад явсан. Зууралдаж байх явцдаа гарыг нь гэмтээсэн байж болох юм. Би цохиогүй урд нь гарыг нь хугалж байсан учир дахиад гэмтээх бодол байгаагүй....2-3 хоногийн дараа О ажил дээр ирэхэд зүүн гар нь хавдсан байсан....Чи миний гарыг гэмтээсэн, би шүүх эмнэлэгт үзүүлж чамайг цагдаад өгнө гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 88/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 5/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 21, 28, 35-36, 42-45, 89-90/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 64-65/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Д.Б- нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэмүүлэл” хотхоны 105 дугаар байранд хамтран амьдрагч С.С-ийг зодож зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Хорго хотхоны 2/4-00 тоотод хамтран амьдрагч С.С-ийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан учруулсан болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С.С-ийн: “...2018 оны 02 дугаар сард дахиад сандлаар миний зүүн гарыг цохиж гэмтээгээд ...2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр мөн миний зүүн гарын сарвууг гэмтээсэн. Миний нүүр рүү цохих гэхээр нь гараараа хаатал сарвуу хүчтэй цохигдоод тэр дариудаа хавдаад шөнө нь халуурсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 71/, шинжээчийн 186, 11741 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Шүүгдэгч Д.Б- нь хамтран амьдрагч С.С-ийг 2018 оны 02 дугаар сард, мөн 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тус тус цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б- нь хохирогч С.С-тэй маргалдан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.С-ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч С.С- нь шүүхийн хэлэлцүүлэгт 600.000 төгрөг нэхэмжилсэн үүнээс 300.000 төгрөгийг шүүгдэгчээс авсан, үлдэгдэл мөнгөө нэхэмжилж байна гэж мэдүүлсэн. Шүүгдэгч нь үлдэгдэл 300.000 төгрөгийг төлөхөө илэрхүүлсэн тул шүүгдэгч Д.Б-аас 300.000 төгрөг гаргуулж хохирогч С.С-т олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь хохирогчид 300.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Д.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх, шүүгдэгчийн өмгөөлөгч торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн ялын санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Д.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй, түүний хувийн байдал урьд нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б- нь 01 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 700 цаг нийтэд тустай ажил хийлгэж ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баяржараглын урд цагдан хоригдсон 01 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд оруулан тооцож, үлдэх 692 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б- нь шүүхээс оногдуулсан 692 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 01 хоног цагдан хоригдсон, хохирогчид 300.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-аас 300.000 төгрөг гаргуулж хохирогч С.С-т олгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР