Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 218

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

Улсын яллагч: Б.Бямбадагва,

Шүүгдэгч: Т.Ө-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Ө-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805011020156 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Ө-, ...., 22 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч Т.Өнь 2018 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт найзыгаа өмөөрч Д.Д-ийг пивоны шилээр цохиж биед нь цээж, зүүн чамархайн хуйханд шарх, зүүн чихний урд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Ө-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр найзтайгаа хамт гадуур явж байсан. Манай найз валентины баяр тэмдэглээд 1-2 пиво уугаад харих гээд явж байсан. Тэгээд баар хааж байхтай таарахад нилээн халамцуу орилсон хүмүүс хоорондоо муудалцаж байгаад бид хэд рүү ирээд манай найзыг нэг эмэгтэй цүнхээрээ 2-3 удаа цохьсон. Тэгээд биеэ хамгаалах гээд түлхэхэд унасан. Тэгтэл нөхөр нь гарч ирээд хувцсаа тайлаад дайраад байхаар нь пивоны шилээр цохьсон. Тэр хүмүүс надаас 7-8 насаар ах хүмүүс байсан. Би бацаанууд гэж дуудаагүй...” гэв.

Хохирогч Д.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр эхнэр, 2 найзын хамт Валентины баяр тэмдэглээд хорооллын эцэст буугаад харьж байх замдаа хорооллын эцсийн Цэ баарны урд 4-5 залуучууд явж байгаад эхнэр Н-ыг хажуугаар нь гарах үед түлхээд унагаачихсан. Тэгтэл эхнэр “чи яаж байгаа юм бэ, эмэгтэй хүнийг” гэж хэлсэн. Тэгээд үүнээс болоод уг залуутай маргалдсан. Тэгээд хэрэлдээд “яагаад эмэгтэй хүнийг түлхэж унагаадаг юм бэ” гээд буруу хараад хэрэлдэж байтал гэнэт араас пивотой шилээр толгой руу цохьсон. Тэгээд нэг мэдсэн чинь миний цээжнээс цус гарсан. Ингээд манай эхнэр сандраад цагдаа дуудсан. ...миний биед учирсан гэмтлийг Ө- гартаа барьж байсан пивоны шилээр толгой руу цохиод, цээж зүссэн байсан. Би толгой руугаа цохиулаад нэг хэсэгтээ манарсан. ...миний биед Ө- ганцаараа толгой руу цохиж, цохьсон шилээрээ цээж зүсэж гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/,

Гэрч М.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 04 цагийн үед өөрийн нөхөр болох Д- болон өөр бусад найзуудын хамтаар Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Кровн” нэртэй газар үйлчлүүлээд гараад явж байтал “Цэ” пабын үүдэнд үл таних эрэгтэй хүн хажуугаар гарахдаа намайг мөрлөөд гарсан. Тэгээд би “яаж байгаа юм” гэхэд “муу гичий халтар бацаанууд” энэ тэр гэсэн. Тэр үед манай нөхөр хажууд байсан тул “чи миний эхнэрийг юу гээд байгаа юм бэ” гэж хэлтэл тэр танихгүй залуу шууд намайг түлхсэн. Тэгээд би газар гараараа тулж унасан. Тэр үед манай нөхөр “чи болиоч” гэж хэлээд зогсож байтал намайг түлхсэн хүнтэй хамт явж байсан цагаан цамцтай цагдаад дараа нь баригдсан залуу манай нөхрийг Сэнгүр пивоны шилээр толгой руу нь хүчтэй цохьсон. Тэгээд салах гээд эргээд харахын хооронд бас цээж, толгой хэсгээс нь тэр залуу л дахиад цохьсон байх цус гарч байсан. Тэгээд цагдаа дуудаад нөхрийг минь зодсон залууг барьсан. ...нөхрийг маань цагдаад баригдсан цагаан цамцтай залуу цохиж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 24/,

Шинжээчийн 2625 тоот дүгнэлтэд: “...Д.Д-ийн биед цээж, зүүн чамархайн хуйханд шарх, зүүн чихний урд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 18/,

Яллагдагчаар Т.Ө-ын мөрдөн байцаалтад өгсөн: “..эхлээд манай найз Бадар-Ууганыг зодохоор нь би найзыгаа хамгаалах гэж тэр залуугийн толгой тус газарт нэг удаа цохьсон. Согтуугийн байдлын улмаас ийм байдалд орсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 41/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 44-55/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Т.Өнь 2018 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт найзыгаа өмөөрч Д.Д-ийн толгойн тус газарт пивоны шилээр цохиж биед нь цээж, зүүн чамархайн хуйханд шарх, зүүн чихний урд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Д-ийн: “...Цэ баарны урд 4-5 залуучууд явж байгаад эхнэр Н-ыг хажуугаар нь гарах үед түлхээд унагаачихсан. Тэгтэл эхнэр “чи яаж байгаа юм бэ, эмэгтэй хүнийг” гэж хэлсэн. Тэгээд үүнээс болоод уг залуутай маргалдсан. Тэгээд хэрэлдээд “яагаад эмэгтэй хүнийг түлхэж унагаадаг юм бэ” гээд буруу хараад хэрэлдэж байтал гэнэт араас пивотой шилээр толгой руу цохьсон. Тэгээд нэг мэдсэн чинь миний цээжнээс цус гарсан ингээд манай эхнэр сандраад цагдаа дуудсан. ...миний биед учирсан гэмтлийг Ө- гартаа барьж байсан, пивоны шилээр толгой руу цохиод, цээж зүссэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/, гэрч М.Н-ын: “...Цэ пабын үүдэнд үл таних эрэгтэй хүн хажуугаар гарахдаа намайг мөрлөөд гарсан. Тэгээд би “яаж байгаа юм” гэхэд “муу гичий халтар бацаанууд” энэ тэр гэсэн тэр үед манай нөхөр хажууд байсан тул “чи миний эхнэрийг юу гээд байгаа юм бэ” гэж хэлтэл тэр танихгүй залуу шууд намайг түлхсэн. Тэгээд би газар гараараа тулж унасан. Тэр үед манай нөхөр “чи болиоч” гэж хэлээд зогсож байтал намайг түлхсэн хүнтэй хамт явж байсан цагаан цамцтай цагдаад дараа нь баригдсан залуу манай нөхрийг Сэнгүр пивоны шилээр толгой руу нь хүчтэй цохьсон. Тэгээд салах гээд эргээд харахын хооронд бас цээж, толгой хэсгээс нь тэр залуу л дахиад цохьсон байх цус гарч тэгээд цагдаа дуудаад нөхрийг минь зодсон залууг барьсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 24/, шинжээчийн 2625 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Т.Ө-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Өнь согтуурсан үедээ хохирогч Д.Д-ийг найзыгаа өмөөрөн толгойн тус газар нь пивоны шилээр цохиж, цээж хэсэгт нь зүсэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Д-ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Т.Ө-ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нь маргаагүй болно.

Прокуророос шүүгдэгч Т.Ө-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид....зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон...гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Т.Ө-ын 2018 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө үйлдсэн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 01 жилийн хугацаа өнгөрсөн буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Т.Өнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1, 2, 36.2, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Ө-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй тус тус дурдсугай.

4. Шүүгдэгч Т.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ө-т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР