Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 204

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Н.Уранбайгаль,

           Шүүгдэгч: П.Г-, түүний өмгөөлөгч С.Санжаажамц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт П.Г-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803010030051 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, П.Г-, ....., 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, “Элемент” ХХК-д оператор ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт ......  тоот регистртэй,

Шүүгдэгч П.Г- нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны оройн 23 цаг 45 минутын орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “Оргил” худалдааны төвийн урд замд Е.Т-гийн эзэмшлийн Toyota Corrollo Fielder маркийн 31-13 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч /44 настай, эмэгтэй/ Г.Х-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна” гэв.

Хохирогч Г.Х-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчим ажлаа тараад 3, 4 дүгээр хорооллын эцэст байх Шонхор нэртэй караоке бааранд найз Э-гийн төрсөн өдөрт очсон. Тэндээ 30-40 орчим минут болоод гэртээ харих гээд Шонхор караоке баарны хойд талын замын явган хүний гарцаар зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарч байтал марк, дугаарыг нь мэдэхгүй цайвар өнгийн автомашин намайг ирж мөргөж унагаасан. Зорчих хэсгийн 2, 3 дугаар эгнээнд байсан автомашинууд зогсож явган зорчигчийг гаргаж байхад нэгдүгээр эгнээгээр намайг мөргөсөн машин гэнэт гарч ирээд мөргөсөн. Миний биед учирсан хохирлын эмчилгээний зардлыг жолооч бүрэн барагдуулсан. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/,

Гэрч С.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр миний төрсөн өдөр болоод урьд нь цуг ажиллаж байсан найз Х-г төрсөн өдөртөө ирэхийг урьсан. Х- эгч орой 23 цагийн орчим ажлаа тараад 3, 4 дүгээр хорооллын эцэст байдаг Шонхор нэртэй караоке бааранд миний төрсөн өдөрт ирсэн. Х- эгчийг ирсэнээс хойш 40-50 минут болоод сууж байсан баарнаасаа гараад гэр лүүгээ явах болсон. Тэгээд Х- эгч замын хойд талаас унаанд суух гээд ганцаараа явган хүний гарцаар зам хөндлөн гарсан. Бид хэд замын урд талд үлдээд араас нь зам хөндлөн гарахыг нь хараад байж байтал цаашаа замаа гүйцэт гарахгүй алга болчихоор нь араас нь очоод хартал машинд мөргүүлээд машины жолооч нь замын хажууд түшээд сууж байсан. Явган хүний гарцан дээр 2 машин зогсож байгаа харагдсан. Тэр 2 машины урдуур гараад цаашаа явж байгаад харагдахаа больчихсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 32-33/,

Шинжээчийн 14349 тоот дүгнэлтэд: “...Г.Х-гийн биед тархи доргилт, баруун шилбэний шаантын ил хугарал, баруун шилбэний шарх, баруун хацар, баруун тохой, зүүн гарын 1-р хурууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай хүнд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 42/,

Техникийн шинжээчийн 12 тоот дүгнэлтэд: “...Toyota Corolla Fielder маркийн 31-13 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Пүрэвсүрэн овогтой Г- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9. дахь заалт “гэрэл дохио нь дараахь утгатай байна.”, г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно. Гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч 44 настай эмэгтэй Гомбо овогтой Х- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Уг зам тээврийн осол нь жолоочид хамаарах замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчигдсөнөөс зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /хх-н 57-58/,

Яллагдагчаар П.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...миний хувьд сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байгаад 20 цагийн орчим ах Т-гийн утсаар ярьж машинаа өгчих 3, 4 дүгээр хороолол орж хүнтэй уулзчихаад оройхон авчираад өгье гэж хэлсэн. Тэгээд 21 цагийн орчим Т- ахын машиныг гэрээс нь очиж аваад Халайстад найз Билгүүнийд очтол манай найз Д-, Д-, М-, Б- 4 цуг байж байсан. Бид хэд уулзаад байж байтал тэд 3, 4 дүгээр хороолол орно гэхээр нь би хүргээд өгье гээд 3, 4 дүгээр хорооллын эцсийн Оргил худалдааны төвийн урд талын гэрлэн дохиотой явган хүний гарцан дээр гэнэт нэг эмэгтэй хүн машины урдуур орж ирэн мөргүүлж унасан. Би эмнэлэгт үзүүлсэн бүх зардлыг даасан. Нийтдээ 2.420.000 төгрөг хохирогчид өгсөн. Миний зүгээс бусад учруулсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 65-67/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 6-9, 13-15/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 69-77/, хохирогчийн өвчний түүх /хх-н 91-97/, хохирлын баримтууд /хх-н  99-100/, хохирогчийн хүсэлт /хх-н 103/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч П.Г- нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны оройн 23 цаг 45 минутын орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “Оргил” худалдааны төвийн урд замд Е.Т-гийн эзэмшлийн Toyota Corrollo Fielder маркийн 31-13 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч /44 настай, эмэгтэй/ Г.Х-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Х-гийн: “...Шонхор караоке баарны хойд талын замын явган хүний гарцаар зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарч байтал марк дугаарыг нь мэдэхгүй цайвар өнгийн автомашин намайг ирж мөргөж унагаасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/, гэрч С.Э-гийн: “...Х- эгч замын хойд талаас унаанд суух гээд ганцаараа явган хүний гарцаар зам хөндлөн гарсан. Бид хэд замын урд талд үлдээд араас нь зам хөндлөн гарахыг нь хараад байж байтал цаашаа замаа гүйцэт гарахгүй алга болчихоор нь араас нь очоод хартал машинд мөргүүлээд машины жолооч нь замын хажууд түшээд сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 32-33/, шинжээчийн 14349 тоот, техникийн шинжээчийн 12 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч П.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч П.Г-ын хохирогч Г.Х-г мөргөж хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Х-гийн биед хүнд хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирлыг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч П.Г-ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, 01 жил хорих  ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо бүрэн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд тус тус зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч П.Г-ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

  Иймд шүүхээс шүүгдэгч П.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасч, ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч П.Г-т ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах , хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч П.Г-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ял болон тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч П.Г-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч П.Г-ын 1094130 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч П.Г-ыг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч П.Г-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах , хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шүүгдэгч П.Г-ын 1094130 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч П.Г-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Г-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР