Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 19

 

                                                  Ч.Э холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан,  С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Содончимэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 971 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 958 дугаар магадлалтай, Ч.Э холбогдох эрүүгийн 2006000002820 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ч.Содончимэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1961 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Хавтаг ус” харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар ажиллаж байсан, урьд Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 50,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан У овогт Ч-ын Э.

Ч.Э нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 18 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 10.“Мамба дацан” нийтийн байрны 1б-ын 55 тоотод Д.Б-тай маргалдаж улмаар түүнийг зодож биед нь олон тооны шарх, гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр алсан,

мөн Д.Быг өмөөрлөө гэж Г.Б-ийг цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 971 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Эыг онц харгис хэрцгийгээр хүнийг алах, мөн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Ч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 13 жилийн хорих, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 13 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцэж 958 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай”,

тогтоох хэсгийн 7 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ч.Эаас 14,588,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-д олгосугай” гэсэн өөрчлөлт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулсан хэсгийг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн өмгөөлөгч Л.Бурмаагийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ч.Содончимэг нар хамтран, өмгөөлөгч Ч.Содончимэг дангаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ч.Содончимэг нар хамтран гаргасан гомдолдоо:“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн ...гэх үндэслэлээр хяналтын шатны шүүхэд хянуулахаар гомдол гаргаж байгаа болно. Анхан шатны шүүх дүгнэхдээ Ч.Эыг онц хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Ч.Эын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 18 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Мамба дацан” нийтийн байрны 1б-н 55 тоотод хамт архи уусан Д.Б-тай маргалдаж улмаар толгой болон биед нь олон тооны шарх, цус хуралтууд учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “онц харгис хэрцгийгээр” хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. Шүүгдэгч Ч.Э нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ амь хохирогчийн биед олон тооны шарх, гэмтэл үүсгэн онц харгис, хэрцгийгээр зодохдоо хохирогчийн амь насыг хохироохыг хүсээгүй боловч өөрийн үйлдлээр үхэлд хүргэсэн байна. Иймд шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэргийг шууд бус санаатай үйлдсэн гэж үзэхээр байна хэмээн дүгнэсэн байдаг.

Ч.Эыг амь хохирогчийг онц харгис, хэрцгийгээр зодох үед гэрт нь хохирогч гэх Г.Б, гэрч Л.Ц, Х.Ч нар хамт байсан. Дээрх хүмүүс амь хохирогчийг ганцааранг нь үлдээгээд явсан байсан. Анхан шатны шүүхээс бусдыг онц харгис, хэрцгийгээр алж байхад хамт байсан хүнээ орхиод яасан эдгээр хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх байтал эдгээр хүмүүсийг шүүх хуралд ч оруулаагүй байдаг. Өмгөөлөгч нар удаа дараа бүгдийг оруулах хүсэлт тавьсан. Г.Б, Л.Ц, Х.Ч нар нь Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл хийсэн байтал мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаахгүй байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүх нь шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2346 дугаар дүгнэлтийн задлан шинжилгээний оношоор “...зүрх судасны хурц дутагдал...” хэмээн хэргийг эцэслэн нэг мөр шийдэхэд эргэлзээтэй онош гарсан байтал энэ байдлыг анхаараагүй орхисон байдаг.

Давж заалдах шатны шүүхээс мөн энэ тогтоолыг хэвээр баталсан байдаг юм. Иймд өмгөөлөгч нарын зүгээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү хэмээн гомдол гаргаж байгаа болно” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Содончимэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шийтгэх тогтоол, магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэлээр хяналтын шатны шүүхээр хэргийг хянуулахаар гомдол гаргасан.

Анхан шатны шүүх дүгнэхдээ Ч.Эыг онц хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Талийгаач Д.Б-тай маргалдаж улмаар толгой болон биед нь олон тооны шарх, цус хуралтууд учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “онц харгис хэрцгийгээр” хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Хохирогчийн амь насыг хохироохыг хүсээгүй боловч өөрийн үйлдлээр үхэлд хүргэсэн байна гэж дүгнэсэн. Тухайн үед гэрт хохирогч гэх Г.Б, гэрч Л.Ц, Х.Ч нар хамт байсан. Дээрх хүмүүс амь хохирогчийг ганцааранг нь үлдээгээд явсан байдаг. Эдгээр хүмүүсийг шүүх хуралд оролцуулахыг өмгөөлөгч нарын зүгээс удаа дараа хүсэлт тавьж байхад шүүх хуралд оролцуулаагүй. Г.Б, Л.Ц, Х.Ч нар бол Эрүүгийн хуулийн 15.2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл хийсэн байтал мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаахгүй байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж байна гэж өмгөөлөгч нарын зүгээс үзэж байгаа. Гэрт байсан гурван хүн эмнэлгийн тусламж дуудаагүй орхиж явснаар хохирогч амь хохироход хүрсэн байх магадлалтай. Хүний амь насыг аварч  өнөөдрийн нөхцөлд амьд байх боломж байсан гэж өмгөөлөгч нарын зүгээс үздэг.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн задлан шинжилгээний оношоор зүрх, судасны хурц дутагдал гэж эргэлзээтэй оношийг гаргаж тавьсан байдаг. Энэ оношоор хүний амь насанд хүрэх онош учраас шинжээчийг хуралд оролцуулан эргэлзээг тайлах зорилгоор оролцуулья гэхэд энэ хүсэлт хангагдаагүй. Өмгөөлөгч нарын зүгээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгөхийг хүсэж байна гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Ч.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна. Хэргийн хохирогч болох Д.Б, гэрч Л.Ц, Х.Ч нар нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, болж байгаа үйл явцын талаар бүрэн ойлгоогүй ухамсарлах чадвар сул байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Иймд гэрч, хохирогч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлд заасан аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Мөн шинжээчийн дүгнэлтэд гавал тархины гэмтлийн улмаас хохирогч нас барсан гэдгийг тодорхой дүгнэсэн. Энэ хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцсэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж бичиг техникийн алдаа гаргасан байна. Үүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж зөвтгөх нь зүйтэй. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийн зорилтыг “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх... “ гэж тодорхойлон заажээ.

Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж  хуульчлан тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтанд тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.

Гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх бас нэг үндсэн нөхцөл билээ.

Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар, гадны өөр ямар нэг нөлөөгүйгээр тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай.

Тухайлбал, гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас, чухамхүү түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж бөгөөд тухайн хор уршиг нь бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгддэг болно.

Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой билээ.

Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт нэгэнт тогтсон дээр дурдсан ойлголтуудын хүрээнд хоёр шатны шүүх одоогийн байдлаар хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан шүүгдэгч Ч.Эыг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 18 цагийн орчим согтуугаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Мамбадацан” нийтийн байрны 1Б-ийн 55 тоотод хохирогч Д.Б-ыг цохих, өшиглөх дэвсэх зэргээр зодож олон тооны шарх, гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр алсан, мөн үед дээрх хохирогчийг өмөөрсөн Г.Б-ийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж, түүнийхээ үндэслэлийг шийтгэх тогтоол, магадлалд тодорхой заасан байна.

Тухайлбал, шүүгдэгч Ч.Э нь хохирогч нарт хэрхэн, яаж хүч хэрэглэн халдсан талаарх хохирогч Г.Б гэрч С.М, Л.Ц, Х.Ч нарын мэдүүлэгт үндэслэн хоёр шатны шүүх гэмт хэрэг гарсан байдал болон уг хэргийг хэн үйлдсэнийг сэргээн тогтоож, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Түүнчлэн хоёр хохирогчийн бие махбодид учирсан гэмтлийн шинж чанар, хэр хэмжээ, зэрэг болон амь хохирогч Д.Б-ын үхлийн шалтгааныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт, мэдүүлэгт тулгуурлан хоёр шатны шүүх нь гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд учирсан хохирол болон энэхүү үр дагавар нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг үндэслэлтэй тогтоосон байна.

Тусгай мэдлэг бүхий, энэ хэргийг шийдвэрлэхэд хувийн сонирхолгүй хууль сануулагдсан шинжээчийн гаргасан дээрх дүгнэлтийг тодорхойгүй, бүрэн биш, эргэлзээтэй гэж дүгнэх нөхцөл байдал одоогийн байдлаар хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянаж хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдоогүй тул нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй бөгөөд хэрэв шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал илэрвэл үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр бүлэгт заасан журмаар шийдвэрлэх боломжтой тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагддаг тул эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдаагүй, прокурор буруутгаж яллах дүгнэлт үйлдээгүй этгээдүүдийн хувьд шүүх ямар нэгэн дүгнэлт хийж, шийдэл гаргах эрхгүй тул “Г.Б, Л.Ц, Х.Ч нарыг эрүүгийн хариуцлагад татуулах” талаар шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, нөхөн төлүүлэх эдийн хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ял эдлүүлэх дэглэмийн талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн этгээдэд ямар журмаар өршөөл үзүүлэхийг тодорхой зохицуулсан бөгөөд анхан шатны шүүх нь уг журмыг хэрэглэн шүүгдэгчид оногдуулсан зарим ялыг Өршөөлд хамааруулан зөв шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх нь дээрх хуулийн өөр заалтыг баримтлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хуулийг оновчгүй хэрэглэснийг зөвтгөх нь зүйтэй байна.

Түүнчлэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгчийг бусдын эрүүл мэндэд “хүнд” хохирол учруулсан мэтээр алдаатай тусгасныг залруулахаар тогтлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 971 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан хэсгийг хүчингүй болгосон болон 3 дахь заалтыг бүхэлд нь өөрчилсөн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 958 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтын холбогдох хэсгүүдийг хүчингүй болгосугай.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хүнд хохирол...” гэснийг “...хөнгөн хохирол...” гэж өөрчилж, уг тогтоол болон магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

3.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ч.Содончимэг нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН