Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 188

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл би, Х.Б*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын ерөнхий Аудиторт холбогдуулан гаргасан “Монгол Улсын ерөнхий аудиторын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/67 тоот “Албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Монгол Улсын ерөнхий Аудиторын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/67 тоот “Албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах хүсэлтийг гаргаж байна. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасан. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заасны дагуу Үндэсний аудитын газраас надад өөр ажил санал болгож, ажиллуулах эрх хэмжээтэй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны явцад хариуцагч талаас 2016 оны 10 дугаар сарын 27-нд Б/164 тоот тушаал гаргаж, Нийслэлийн аудитын газрын менежерийн албан тушаалд томилсон болно. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн эхний шаардлагаасаа татгалзаж байна. Харин бусад шаардлагын талаар шийдвэр гаргаж өгөхгүй байгаа тул уг шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг Х.Б*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б******* гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...”, 66.4-т “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б******* нь Монгол Улсын ерөнхий Аудиторт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа шүүхэд бичгээр гаргаж, нэхэмжлэлээсээ татгалзснаас гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Монгол Улсын ерөнхий Аудиторт холбогдуулан гаргасан “Монгол Улсын ерөнхий Аудиторын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/67 тоот “Албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ Х.Б*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б******* нь татгалзсаныг баталж, түүнтэй холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь энэхүү захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.     

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                    А.САРАНГЭРЭЛ