Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2018/0436

 

 

“С х ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Шүүгч Д.Мөнхтуяа

Шүүгчид:       Б.Мөнхтуяа

П.Соёл-Эрдэнэ

Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Ц.Ундрал    

Нэхэмжлэлийн шаардлага: “Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Б-У” ХХК-д 300 га газар шилжүүлэн эзэмшүүлсэн захирамжийг хууль бусад тооцон хүчингүй болгон өмнөх захирамжийг сэргээх”

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0498 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч “С х ч” ХХК-ийн захирал С.Б,

Гуравдагч  этгээдийн өмгөөлөгч Л.Доржпүрэв нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С х ч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн А/07 дугаар захирамжийн “С х ч” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0498 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол     

3. “С х ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одбаяр миний бие Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0498 дугаартай магадлалыг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч доорхи гомдлыг тус шүүхэд гаргаж байна.

4. Магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

5. Учир нь: Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 16 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байхад түүнийг үндэслэлгүйгээр хүчингүй болгосонд гомдолтой байна. Анхан шатны шүүх нь хэрэгт шаардлагатай нотлох баримтуудыг хангалттай цуглуулж, бүрдүүлж түүнд хууль зүйн үндэслэлтэй зөв дүгнэлт хийж шийдвэрээ гаргасан.

6. “С х ч” ХХК-ийн захирал С.Баяраа нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад хандаж: “С х ч” ХХК-ийн эзэмшлийн газар ямар баримт бичгийн үндсэн дээр бусдын эзэмшилд шилжсэн болохыг тодруулж, холбогдох баримтуудыг хуулбарлан өгнө үү гэсэн агуулга бүхий албан тоотыг өгсөн байдаг.

7. Алтанбулаг сумын Засаг дарга тухайн үед албан тоотод нь хариу өгөхгүй явсаар нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 189 дугаартай албан тоотоор хариуг өгсөн байдаг. Энэ хариуг авахаас өмнө захирал С.Баяраа нь сумын Засаг даргыг Цагдаагийн газар, Авилгатай тэмцэх газарт тус тус гомдлоо гаргаж шалгуулаад 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Прокурорын газрын тогтоолыг хүлээн авч уг тогтоолоос Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 тоот захирамж гарч газар эзэмших эрх нь хууль бусаар бусдад шилжсэн гэдгийг мэдсэн байдаг. Ингэж дээрх захирамжаар компанийн эрх ашиг хөндөгдсөн гэдгийг мэдэж хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байхад давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

8. Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс хуулийн этгээдийн бүртгэлийн газраас ирсэн тоотод компанийн захирлаар С.Б нь бүртгэлтэй байна гэж тодорхойлсон, 2006 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс гүйцэтгэх захирлаар С.Б-г томилсон компанийн дүрэм, хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа ба энэ баримтаар гэрч Д.Г-ийн мэдүүлэг няцаагдаж байхад түрээсийн гэрээ хийх үед “С х ч” ХХК-ийн захирлаар Д.Г-ийг томилсон байсан эсэхийг шалгах шаардлагагүй юм. Д.Г-д хувьцааны 50%-ийг ззэмшигчийнх нь хувьд газрын 50%-ийг бусдад түрээслүүлэх эрх олгосоор байхад бүх эзэмшлийн газрыг ганцаар дур мэдэн бусдад түрээслүүлсэн гэх нэрийн дор хүчин төгөлдөр бус гэрээгээр халхавчлан компанийн газар эзэмших эрхийг хуурамч баримт бичиг үйлдэн бусдад шилжүүлсэн нь илт тодорхой байхад Д.Г-ийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж түүнийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах шаардлага, үндэслэл байхгүй болно. Энэ мэтчилэн үндэслэлгүй дүгнэлтүүдийг хийж давж заалдах шатны шүүх магадлал гаргажээ.

9. Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай нөхцөл байдлыг бүрэн дүүрэн зөв тодорхойлж, хэргийг шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй байгаа учраас магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримт хангалтай биш байхад хэргийг хянан шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т нийцсэн байна.

11. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/07 дугаар захирамжийн 2 дахь заалтаар “С х ч” ХХК-ийн эзэмшлийн Мойлт гуунд байрлах газар тариалангийн 162/495.8 га, 161/19.48 га талбайн 300 га газрыг тус сумын 1-р багийн харъяа ...“Б-У” ХХК-д газар тариалангийн зориулалтаар 20 жилийн хугацаатай Монгол улсын Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг үндэслэн шилжүүлэн эзэмшүүлжээ.

12. Нэхэмжлэгчээс “...манай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гараагүй, зарим хувьцаа эзэмшигчдэд огт мэдэгдэлгүй, компанийн тамгыг техник ашиглан хуурамч бичиг баримт үйлдэн, компанийн өмч хөрөнгийг Компанийн тухай хууль, Газрын тухай хууль, Бүртгэлийн тухай хуулиудыг ноцтойгоор зөрчин бусдад хуйвалдааны шинжтэйгээр 300 га газрыг 2015.01.16-ны өдөр Алтанбулаг сумын Засаг дарга захирамж гарган шилжүүлсэн...” гэж, хариуцагчаас “... "С х ч” ХХК-ийн захирал Д.Г, “Б-У” ХХК-ийн захирал Ё.С нар нь Монгол улсын Иргэний хуулийн 327 дугаар зүйлийн дагуу харилцан тохиролцож ХАА-н эдэлбэр газрыг газар тариалангийн зориулалтаар ашиглах 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Түрээсийн гэрээ, “С х ч" ХХК нь 2 гишүүнтэй ба нөгөө гишүүн нь болох С.Б-ийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Алтанбулаг сумын ЗДТГазарт ирүүлсэн...Д.Г нь өөрийн эзэмшлийн талбайд бусдаар тариа тариулахад зөвшөөрч байна, татгалзах зүйлгүй” гэсэн нотариатаар баталгаажуулсан албан хүсэлт, тодорхойлолт зэргийг үндэслэн Алтанбулаг сумын Засаг дарга А/07 дугаартай захирамжийг гаргасан” гэж тус тус маргасан байна. 

13. Анхан шатны шүүхээс маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд шаардлагатай эрх зүйн дүгнэлтүүдийг бүрэн хийгээгүй, өөрөөр хэлбэл Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх эрх зүйн харилцааг тухайлан зохицуулсан Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлага хангагдсан эсэх, хариуцагчаас эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч мөн зүйлд заасан тодруулгыг хэрхэн гүйцэтгэсэн эсэхийг баримтаар нотолж хууль зүйн дүгнэлт хийх учиртай атал хүсэлтэд хавсарган өгсөн түрээсийн гэрээнд дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

14. Давж заалдах шатны шүүхийн “гуравдагч этгээд “Б-У” ХХК-д маргаан бүхий газрыг түрээслүүлэх гэрээг нэхэмжлэгч “С х ч” ХХК-ийг төлөөлж захирал Д.Г байгуулсан бөгөөд уг гэрээг байгуулах үед тэрээр гүйцэтгэх захирлаар томилогдсон байсан эсэх, түүний эрх зүйн байдлыг тодруулах, маргаан бүхий актыг хэдийд мэдсэн, уг шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн эсэхэд дүгнэлт хийх” зэрэг хэрэгт хамааралтай нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, хэрэгт авагдсан баримтад үндэслэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэсэн дүгнэлтийг үйл баримт дурдах замаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор үгүйсгэх боломжгүй юм.

15. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.        

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0498 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.МӨНХТУЯА

 

                        ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН