Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1547

 

А.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2016/00260 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Жаргалсайханд холбогдох

           

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 

 

Хариуцагч Б.Жаргалсайханы гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.Эрдэнэтуяа

Хариуцагч Б.Жаргалсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Б.Жаргалсайхантай 2009 оны 6 дугаар сарын 29-нд гэр бүл болж, бидний дундаас 2009 оны 10 дугаар сарын 31-нд хүү Тэмүүжин төрсөн. Тухайн үед би оюутан байсан ч мөнгө төгрөгийн боломжгүйгээс 2 удаа жилийн чөлөө авч хүүгээ асарсан. Энэ хугацаанд нөхөр бид 2 таарамжгүй харилцаатай болж надтай хамтран амьдарч байхдаа Б.Жаргалсайхан нь Номин гэх эмэгтэйтэй дотно харилцаатай болж тэднийдээ ирэн очин байх болсон. Түүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрч тэр эмэгтэйтэй сууна, харин хэл амгүй салцгаая, чи хүүгээ ав гэсэн тул би хүүгээ аваад 2014 оны 01 дүгээр сард аав, ээжтэйгээ Дарханд цуг амьдрах болсон. Түүнээс өмнө бид байнга хэрүүлтэй байсан ба удаа дараа намайг зодож байсан. Ингэхдээ чи арчаагүй болохоор ингэж байгаа юм гэж доромжилдог байсан тул цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Гэтэл бид хоёрыг Дарханд байхад Жаргалсайхан хүүхдээ авч хэд хоног хамт байгаад ирье гэж гуйж авч хот руу явснаас хойш л хүүхдээ өгөхгүй надтай уулзуулдаггүй байсан. Гэвч одоо хүү Ж.Тэмүүжин надтай хамт байгаа. Хүү маань 6 настай одоо 1 дүгээр ангид суралцаж байгаа бөгөөд ээжтэйгээ байх дуртай, намайг маш их санасан цаашид надтай байх хүсэлтэй. Бидэнд дундын өмчлөлийн эд хөрөнгө байхгүй. Тиймээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Б.Жаргалсайхан шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Эрдэнэтуяатай 2009 оны 6 дугаар сарын 29-нд гэр бүл болсон бөгөөд 2009 оны 10 дугаар сарын 31-нд хүү Ж.Тэмүүжин төрсөн. А.Эрдэнэтуяа нь анх миний хүүг 8 сартай байхад бид хоёрыг хаяж байсан бөгөөд түүнээс хойш, хэдэн сараар яваад ирэхэд нь амьдралаа бүрэн бүтэн авч үлдэх гэж хичээдэг байсан ч энэ байдал нь зогсолгүй хүссэн үедээ хүү бид хоёрыг хаяж явдаг байсан. Ийм байдлаар 2014 оны 01 дүгээр сар хүртэл явсаар эцэстээ А.Эрдэнэтуяа бид 2 ярилцан салахаар шийдсэн бөгөөд хүү Ж.Тэмүүжинг би цаашид асрамжидаа авч үлдэхээр тохиролцсон. Удалгүй 3 сарын дараа А.Эрдэнэтуяа өөр хүнтэй нэг гэрт амьдарч байгаа тул яаралтай гэрлэлтээ албан ёсоор цуцлуулах санал тавьсан ч миний бие албан ажлаар томилолтоор явсан байсан. 2015 оны 6 дугаар сард А.Эрдэнэтуяа яаравчлахыг шаардан өргөдөлд өөрийн биеэр гарын үсэг зурсан. Миний бие хүү Ж.Тэмүүжинг төрсөн цагаас нь өдийг хүртэл өөрийн асрамжид байлган хайрлан өсгөсөн тул цаашид ч асрамжидаа үлдээж, А.Эрдэнэтуяагаас гэрлэлтээ албан ёсоор цуцлуулах хүсэлтэй байна гэжээ. 

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Шарбүргэд овогт Адилбишийн Эрдэнэтуяа, хариуцагч Тайж овогт Батболдын Жаргалсайхан нарын гэрлэлтийг цуцалж,

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2009 оны 10 дугаар сарын 31-нд төрсөн хүү Ж.Тэмүүжинг эх А.Эрдэнэтуяагийн асрамжид үлдээж,

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалж, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу 2009 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Ж.Тэмүүжинг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Жаргалсайханаар сар бүр тэжээн тэтгүүлж,

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Эрдэнэтуяад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31 003 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Жаргалсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. 1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг үндэслэн шийдвэрлэсэн нь алдаатай дүгнэлт байна. Миний бие А.Эрдэнэтуяатай 2009 оны 6 дугаар сард гэр бүл болж, 2009 оны 10 дугаар сард хүү Ж.Тэмүүжин төрж энэ бүх хугацаанд гэр бүлийнхээ төлөө бүхнийг зориулан хөдөлмөрлөж ирсэн. Харин А.Эрдэнэтуяа нь өөрөө тэсэлгүй анх хүүгээ 8 сартай буюу хөхөөр хооллож байх үед орхин явж, 14 хоногийн дараа юу ч болоогүй мэт гэртээ ирэхэд нь нэг яваад ирээ л биз гэж бодоод хүүгээ бодон уучилж хамтран амьдарч байхад үе үе 2-6 сараар явдаг болж, явахдаа өөр хүнтэй хамтран амьдарч, удаа дараа жирэмсэн болох зэргээр тусдаа амьдралтай хүмүүс шиг болсон байсан. Биднийг орхиж явснаа А.Эрдэнэтуяа өөрөө ч хүлээн зөвшөөрсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Энэ бүх хугацаанд буюу 2009 оноос эхлэн хүү Ж.Тэмүүжин нь миний асрамжид, эрүүл энх өсөн бойжиж байсан. Цаашид ч хүүгээ сайн хүн болгон өсгөж хүмүүжүүлэх бүрэн бололцоотой. ...Миний хүү 6 настай, төрснөөсөө эхлээд аавтайгаа хамт амьдарч, өвөө, эмээ, эгч нартайгаа хамт байж дассан, ахуй нөхцлийн хувьд өөрийн гэсэн тохижуулсан өрөөтэй, 7 хоногт 2-3 удаа бассейнд явах зэргээр хүүгийнхээ хөгжилд маш их анхаардаг. Ёс суртахууны хувьд ч төрүүлсэн хүүхдээ 8 сартай, хөхөөр хооллож байх үеэс эхлэн олон хоногоор шалтгаангүй орхиж явдаг, үүнийгээ ч шүүхийн өмнө хүлээн зөвшөөрч буй эх хүнд хүүхдийг даатган үлдээж байгааг гайхаж байна. Ахуй нөхцлийн хувьд А.Эрдэнэтуяа нь ажилгүй, орлогогүй бөгөөд надаас "нэгжний мөнгө явуулчих, цээж зураг авахуулах мөнгө өгчих" гэдэг хүн яаж хүүхдээ өсгөхийг шүүх хэрхэн дүгнэсэн нь ойлгомжгүй. Шүүхийн шийдвэрт "Б.Жаргалсайхан нэхэмжлэгч А.Эрдэнэтуяагийн биед халдаж, түүний хөл, гуя хэсэг рүү өшиглөж байсан болохоо зөвшөөрч буй нь түүнийг ёс суртахууны хувьд зөв төлөвшилтэй гэж үзэхэд бэрхшээлтэй байдлыг үүсгэж байна" гэж дүгнэсэн нь алдаатай бөгөөд миний хувьд өшиглөж зодсон зүйл огт хэлээгүй. Харин ч гэр бүлээ бусниулж, шалтгаангүйгээр хөхүүл хүүхдээ өөрөө орхиж явдаг байснаа хүлээн зөвшөөрч буй эхийг "ёс зүйн хувьд зөв төлөвшилтэй" мэтээр дүгнэж буй нь хууль зөрчиж байна. Хамгийн гол нь миний хүүхдийн эрхийг зөрчиж, ахуй нөхцөлийн хувьд дордуулсан байдалд асрамжлуулахаар үлдээж байгаа нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтуудад нийцэхгүй байна. Би ШШГЕГазарт ажил эрхэлж байгаад удирдлагын буруу шийдвэрийн улмаас ажлаас чөлөөлөгдсөн байсныг 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд намайг ажилд эгүүлэн тогтоосон. Энэ нөхцөл байдлыг шүүх хуралдаан дээр тайлбарласан боловч хүлээж аваагүй. Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг нэн тэргүүнд харгалзан үзэж, хамгаалах ёстой.

2. Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримт буюу Улаанбаатар төмөр замын хүүхдийн секторын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 22/16 дугаар албан тоот, БСШУЯамны харъяа, үндэсний лаборатори “Ган зам" 20 дугаар сургуулийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн сургалтын менежер Х.Наранцэцэгийн тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, "Мэнд-Арвижих" өрхийн эрүүл мэндийн төвийн 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн тодорхойлолт, Эрүүл мэндийн төвийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн тодорхойлолтууд, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн албан бичиг зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөөр байтал шүүх үнэлээгүй талаараа ямар нэг тайлбар гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтуудыг ноцтой зөрчсөн. Шүүх хуралдааны явцад надад хандаж, "Чи эмэгтэй хүнд арай л хатуу хандаад байна" гэх зэргээр тайлбарлаж байгаагаас үзэхэд хүнийг хүйсийн талаас нь харж, "Эрх зүйн ухамсрыг удирдлага болгон" хэрэг шийдвэрлэх зарчмыг алдагдуулсан. Энэ талаар шүүх хуралдааны бичлэгт ч тусгагдсан.

Ийнхүү Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, нотлох баримтыг буруу, дутуу үнэлэн гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үнэлэлт өгч шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч А.Эрдэнэтуяа нь хариуцагч Б.Жаргалсайханд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүү Ж.Тэмүүжинг өөрийн асрамжид үлдээн, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь “хүүхдээ өөрийн асрамжид авна” гэж маргажээ.

 

Гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлт цуцалсан талаар маргаагүй. Гэрлэлт цуцлах үедээ гэрлэгчид нь хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа тохиролцоогүй бол шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хүүхдийг эцэг, эхийн хэний асрамжид үлдээх эсэх асуудлыг шийдвэрлэдэг журамтай.

 

Анхан шатны шүүх тус хэрэгт 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШЗ2016/14867 дугаар шүүгчийн захирамжаар “Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв”-ийг /хх-73-75/ шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.8-д заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн бөгөөд шинжээч Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвөөс 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шинжээчийн дүгнэлтээ ирүүлжээ /хх-83-85/.

 

Гэрлэгчдийн хүүхдэд тавих анхаарал халамж, хүүхдийн нас, гэрлэгчдийн зан суртахууны байдал, шинжээчийн дүгнэлтэд дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүх хүү Ж.Тэмүүжинг эх А.Эрдэнэтуяагийн асрамжид үлдээн, улмаар сар бүр тэжээн тэтгэх үүргийг хариуцагч Б.Жаргалсайханд даалган шийдвэрлэсэн байна.

 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу шүүхээс тогтоосон шинжилгээний хугацаа дууссан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилсан байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь хэсэгт зааснаар уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчжээ.

 

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах эрхгүй тул уг ажиллагааг сэргээлгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нь буруу болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц, шүүх уг ажиллагааг сэргээх тухай захирамж гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх нь талуудын мэтгэлцэх зарчим, мөн нотлох баримтыг хууль ёсны дагуу бүрдүүлэхэд ач холбогдолтой.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2016/00260 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатын шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Жаргалсайханаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                            Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                  Д.БАЙГАЛМАА